| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2020/01054/И |
| Дугаар | 132/ШШ2021/00022 |
| Огноо | 2020-12-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 132/ШШ2021/00022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1989 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, Булган аймгийн ... гэх газарт оршин суух, Б овогт Б.Э -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн ... од байрлах “Б” ТӨХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/01054/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э , хариуцагчийн төлөөлөгч 1987 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “Б” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, Булган аймгийн ...од оршин суух, Д овогт Э.П , гэрч Д.Б , нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Б” ТӨХК-д нарийн бичгийн даргаар ажилд орсон. 9 дүгээр сарын 27-ны өдөр захирал солигдож Э.П захирал болсон. Захирал болснынхоо 2 хоногийн дараа өрөөндөө дуудаад ажлаа өг, чи залуу байна, хаана ч ажилд орно гэж хэлсэн. Мөн намайг хүний өргөдөл нуун дарагдууллаа гэж ажлаас халсан. 09 дүгээр сарын 7-ны өдөр өгсөн өргөдлийг 10 дугаар сарын 2-ны өдөр захиралд танилцуулсан. Иргэний өргөдлийг 30 хоногийн дотор шийдвэрлэх боломжтой. Би өргөдлийг хугацаа алдаагүй танилцуулсан. Жирэмсний амралттай байсан Ц ажилд орох өргөдөл өгснөөр намайг ажлаас халсан гэж хариуцагч тайлбар гаргасан байсан. Намайг 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн. Намайг ажлаас чөлөөлчихөөд Н гэж хүнийг бичиг хэргийн ажилтнаар авсан. Ц г ажилд нь авсан бол би гомдохгүй байсан. Гэтэл Ц нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажилдаа орсон байсан. Намайг ажлаас халсны дараа Ц ажилд орох өргөдлөө өгсөн байхад яагаад намайг ажлаас чөлөөлж Н гэдэг хүнийг миний оронд авч байгааг ойлгохгүй байна. Намайг ур чадваргүй гэж хэлж байгаагүй. Хэрэв бичиг баримт боловсруулахдаа алдаа гаргасан бол сануулах арга хэмжээ авч болох байсан. Иймд ажил эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Би сард 860.000 төгрөгийн цалин авч байсан гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Э.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Б” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Томилогдсоны дараа Э ийг өрөөндөө дуудаж уулзаад “жирэмсэний амралттай байгаа Ц гийн оронд түр ажиллаж байгаа юм байна, Ц ажилдаа орох хүсэлтээ ерөнхий нягтланд гаргасан байна, чамайг өөр байгууллагад мэргэжлийн дагуу ажилд оруулж өгч болно, Ц г ажилдаа орвол ажлаа өгөх байх гэж хэлж байсан. Харин өдөр бүр ажлаа өг, ажлаасаа гар гэж Э т хэлж байгаагүй. Ц нь манай байгууллагад эдийн засагчаар ажиллаж байгаад 2019 оны 7 дугаар сард хүний нөөц, архив бичиг хэргийн ажилтнаар томилогдож байсан. Уг албан тушаалд ажиллаж байгаад 2020 оны 1 сард жирэмсний амралтаа авсан. Түүнээс хойш бичиг хэргийн ажилтнаар Т , Б , Э гэх хүмүүсийг түр томилон ажиллуулж байсан. Намайг ажил авахад манай байгууллагын бичиг баримт шаардлага хангахгүй байсан. Би Э т ажил үүргийн хувьд тэнцэхгүй байна. алдаа дутагдлаа зас гэж үүрэг өгч байсан. Би ажилд томилогдсон цагаас хойш Э ийн бичиж оруулж ирсэн албан бичгийн алдааг өөрөө засдаг байсан. Албан томилолт бичиж чадахгүй байсан. Би түүнийг залуу хүн байна, сайн суралцаарай гэж хэлж байсан. Ц байгууллагын дотоод журманд дурьдагдснаар хүүхдийн тэтгэмж авна, ажилдаа орно гэж амаар хүсэлтээ хэлсэн. Би бичгээр хүсэлтээ өгөөрэй, бичгээр өргөдлөө өгсний дараа шийднэ” гэж Ц д хэлж байсан. Дараа нь бичгээр өргөдлөө өгч ажилдаа орсон. Мөн Э тэй ёс зүйгүй, бүдүүлэг харьцсан асуудал байхгүй. Харин ажлын явцад зэмлэж, загнасан асуудал байгаа. Өдөр бүр Э ийн бичсэн албан бичгийн алдааг хянаад байх цаг зав бидэнд байхгүй. Байгууллагын албан бичиг үг, үсгийн алдаатай гарвал байгууллагын дарга буруутан болдог. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ө гэх хүн жолоочоор ажилд орох гээд өргөдөл өгсөн байсан. Тус өргөдлийг Э надад танилцуулаагүй байсан. Гэтэл Ө нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрөө ирээд өргөдлийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлт тавьсан. Э өргөдлийг авсан боловч танилцуулаагүй дарсан байсан. Түүнчлэн манай байгууллагад санхүүгийн байдлаас шалтгаалаад цалин хугацаандаа олгогдохгүй асуудал гардаг. Э ажлын бус цагаар цалин өг гэж утсаар ярьж, мессеж бичиж байсан. Энэ асуудлыг шалгуулж байгаа. Э ийг ажилд түр томилсон гэж ойлгож байгаа. Ц г эдийн засагчийн ажлаас өөрчилж, архив бичиг хэргийн ажилтнаар томилсон тушаал хэрэгт байгаа. Энэ нь Э ийг ажилд түр томилсон гэдгийг нотолно. Манай байгууллага нэг нарийн бичгийн даргын орон тоотой. Уг орон тоонд Ц ажилладаг. Э ийг архив-бичиг хэргийн ажилтны орон тоонд авах боломжгүй. Э ийг ажлаас чөлөөлсний дараа Нарантуяа гэж хүнийг түр томилж бичиг баримтаа цэгцлүүлсэн. Э ажиллаж байх үедээ байгууллагын бичиг баримтыг зааварын дагуу эмхэлж цэгцлээгүй байсан. Б.Э нь жирэмсний амралттай хүний оронд түр ажиллаж байсан ба мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй байсан тул ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрхгүй гэв.
Шүүх хуралдаанд гэрч Д.Б мэдүүлэхдээ: Э.П нь 2020 оны 09 сард захирлаар томилогдож ирсэн. Бид нар замын будаг хийх ажилд амралтын өдрөөр явдаг. Илүү цагаар ажилласан мөнгийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 1,5 дахин нэмэгдүүлж цалинг олгодог. Б.Э нь 2 хоног ажилласан бөгөөд 2020 оны 10 сарын цалин дээр илүү цагийн мөнгийг нэмж олгосон. Ц нь 2020 оны 02 дугаар сард жирэмсний амралтаа авч 2020 оны 12 дугаар сард ажилдаа орсон байгаа. Миний бодлоор Ц нь үндсэн ажилтан, Б.Э нь түр тушаалаар ажиллаж байсан гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “Б” ТӨХК-д холбогдуулан, архив-бичиг хэргийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Б.Э нь жирэмсний амралттай хүний оронд түр ажиллаж байсан, ажил мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй байсан тул ажлаас нь чөлөөлсөн гэж маргажээ.
Хэрэгт хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар ирүүлээгүй ч ажил олгогч, ажилтныг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр архив-бичиг хэргийн үүрэгт ажилд томилж, ажилтан сар бүр цалин авч ажиллаж байсан нь ажилд авсан тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 3-5/ Дээрх байдлаас үзвэл талуудын хооронд хөдөлмөрлөх харилцаа үүссэн, нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаардах эрхтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс “Б” ТӨХК-д архив-бичиг хэргийн үүрэгт ажилд томилогдон ажиллаж байсан ба тус компанийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн Б/67 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан архив-бичиг хэргийн ажилд мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 6/
Хариуцагч Б.Э ийг жирэмсний амралттай хүний оронд түр ажиллаж байсан нь ажлаас чөлөөлсөн үндэслэлийн нэг гэж тайлбарлаж байгаа боловч мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэх үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болохыг тухайн байгууллагын ур чадварын түвшинг тогтоох комисс, атестатчилалын болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэрийг үндэслэсэн байхыг шаарддаг. Гэтэл ажил олгогч ажилтан Б.Э ийг архив-бичиг хэргийн ажилд мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болохыг тогтоолгүй ажлаас чөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл ажилтан Б.Э ийн мэргэжил ур чадварын түвшинг тогтоосон комиссын дүгнэлт шийдвэргүйгээр мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзэж ажлаас чөлөөлсөн байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна.
Мөн Ажил олгогч ажилтныг дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөх бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу энэ талаар ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байхад энэ үүргээ ажил олгогч биелүүлээгүй байна.
Түүнчлэн Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 16 дугаар зүйлийн 16.4 болон Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “ажил олгогч нь иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй” гэж заасан байх ба ажил олгогч ажилтныг ажилд тэнцэхгүй гэж үзснээ нотлоогүй байгаа нь түүний хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.
Иймд ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас үндэслэлгүйгээр халсан байх тул нэхэмжлэгч Б.Э ийг “Б” ТӨХК-ийн архив-бичиг хэргийн үүрэгт ажилд эгүүлэн томилох нь зүйтэй гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажилтны ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно” гэж заасан.
Ажилтны дундаж цалин хөлсийг түүний сүүлд авч байсан 2 сарын буюу 2020 оны 9-10 сарын цалингийн нийлбэрээс /9 дүгээр сард 633.333 төгрөг, 10 дугаар сард 1.087.862 төгрөг/ 1.721.195:2=860.597 төгрөгийн дундаж цалингийн тооцоо гарч байх тул ажилгүй байсан 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд олговрыг тооцвол ажлын нэг өдөрт ногдох цалин хөлсний дундаж нь 860.597:21.2=40594 төгрөг байх бөгөөд үүнийг ажилтны ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 11 дүгээр сард ажлын 21 хоног, 2020 оны 12 дугаар сард ажлын 22 хоног, бүгд 43 хоногт үржүүлж 40594х43=1.745.542 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тооцов.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Б.Э ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгох нь зүйтэй.
Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах бөгөөд нэхэмжлэгч Б.Э нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 42878 төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулах нь зүйтэй байна.
Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Э ийг “Б” ТӨХК архив-бичиг хэргийн үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1.745.542 /нэг сая долоон зуун дөчин таван мянга таван зуун дөчин хоёр/ төгрөгийг “Б” ТӨХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Б.Э ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч “Б” ТӨХК-д үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 42878 /дөчин хоёр мянга найман зуун далан найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс “зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН