Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар  2024/ШЦТ/129

 

 

 

 

 

 

     2024          01          25                                         2024/ШЦТ/129

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга:Б.Сарантуяа

улсын яллагч:Ж.Отгончимэг  

шүүгдэгч: Л.Э нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л.Э холбогдох эрүүгийн 2308000002260 тоот хэргийг 2024.01.18-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***** аймгийн ***** суманд 1990.09.26-нд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны зам хариуцсан тохижилт үйлчилгээний компанид ажилтай, ам бүл- 6, ах, эгч, ахын хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ****** хороо ***** тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:*******/ Ч овогт Л.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч Л.Энь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ****** хороо ****** тоотод оршин суух хамтран амьдрагч асан Э.Э маргалдан нүүр хэсэгт нь гар утсаар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

- Гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,

           - Хохирогч Э.Э: ”... орой 16 цагийн үед хүүхдээ ганц харья гэж хэлэхэд би Энхболдтой хамт цэцэрлэг орж охин Бөртгөлжинг цуг цэцэрлэгээс нь аваад Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Мон-Лаа 4 дүгээр гудамж 10 а тоотод 18 цагийн үед бид гурав ирсэн. Тэгээд намайг хардаад бид хоёр маргалдаад миний гар утсыг аваад миний нүүр лүү 1 удаа цохисон. Тэгээд бид хоёр муудалцаад ноцолдож байж байгаад Л.Эгараад явчихсан байсан тэгээд би маргааш өдөр нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан. Л.Э миний гар утсан дээр ирсэн дуудлагын хараад намайг хардаад надтай маргалдаад миний гар утсаар миний нүүр лүү нэг удаа цохисон тэгээд миний дээд талын үүдэн шүд 1 ширхэг шүдний тал нь хугарсан.  өөр гэмтэл шарх болоогүй ийм л асуудал болсон” гэх мэдүүлэг /хх-7-8, 10/,

        - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №14521 дугаартай шинжилгээнд: Э.Э биед баруун дээд үүдэн 1-р шүдний хугарал, буйл баруун гарын дунд хурууны хумсан доор цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-16-17/,

        - Аюулын зэрэг “бага” гэх үнэлгээ /хх-20-21/,

        - Яллагдагч Л.Э : ”Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Эрдэнэцэцэгийн гар утсанд дуудлага, мэссэж ирэхээр нь харсан чинь “хайртай, дуртай, хүсжийн” гээд мэссэж ирэхээр нь би эхнэрээ хардаад “энэ ямар учиртай мэссэж вэ” гэж асуусан чинь Эрдэнэцэцэг “энэ манай дүү” гэж хэлсэн.... тэгээд бид хоёр маргалдаад ноцолдож байгаад Эрдэнэцэцэгийн нүүрнийх нь шүд хэсэг руу гар утсаараа санамсаргүй цохисон. Тэгээд би уг гэрээс гараад явсан” гэх мэдүүлэг /хх-53-54/  зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Л.Э хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Мон-лаа 4 дүгээр гудамж 10а тоотод оршин суух хамтран амьдрагч асан Э.Э маргалдан нүүр хэсэгт нь гар утсаар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дуудлагын хуудас,  хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн 14521 дугаартай дүгнэлт, мөн шүүгдэгч Л.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах , хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Л.Э нь хардалтын улмаас хамтран амьдрагч асан Э.Эрдэнэцэцэгийн эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь баримтаар нотлогдож байх тул Л.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.        

Шүүгдэгч Л.Э хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Э.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Э.Э “ Миний биед дээд талын үүдэн 1 ширхэг шүд хугарсан гэмтэлтэй байсан. Л.Э эмчилгээний зардал мөнгийг гаргаж янзлуулсан. Сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хх-10/, мөн хохирогч прокурорт хандаж гаргасан хүсэлтдээ  “Л.Э нь миний шүдийг янзлуулж өгсөн надаас уучлалт гуйсан. Одоо бид хоёр эвлэрсэн тул уг хэргийг хялбаршуулсан замаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргаж,  иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Иймд шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал шийдвэрлэсэнгүй, хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч Э.Э нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, Л.Э жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч Л.Э нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1 жил 1 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар хувь, шүүгчийн захирамжийн хуулбар хувь, хорих ангийн тодорхойлолт /хх-61-67/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

           Шүүгдэгч Л.Э нь хүнд гэмт хэрэгт хорих ялаар шийтгүүлэн, шүүхээс хугацааны өмнө тэнсэн сулласан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй, ялгүй  болсон байх тул түүний урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

           Шүүгдэгч Л.Э үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон хохирогч, яллагдагч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөг торгох ялыг 4 сарын хугацаагаар хувааж төлөх” тохиролцоог хангаж, тухайн байдлаар ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овогт Л.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч овогт Л.Э 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Э оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш  4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Л.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч “гомдол саналгүй” гэсэн, иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Э.Э шаардлагатай гэж үзвэл сэтгэл санааны хохиролтой холбоотой болон эмчилгээтэй холбоогдон гарсан эмчилгээ зардалыг нотлох баримтаа бүрдүүлэн өөрийн болон Л.Э оршин суугаа иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Л.Э мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              С.СЭРЖМЯДАГ