Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 150/ШШ2021/00002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, 3 дугаар багийн төвд оршин суух хаягтай, эрэгтэй  Боржигон овогт  Сэрээтэрийн Чагдарын  /Р:РД:МВ49080516/ нэхэмжлэлтэй,

            Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүх хуралдаанд: прокурор Т.Дэлгэрсайхан, нарийн бичгийн дарга  Н.Наранцай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Чагдар  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Сэрээтэрийн Чагдар нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэнгийн гол 1949 онд төрсөн. Миний аав Сэрээтэр нь намайг 4 сартай байхад өөрийн дүү Должинсүрэнгээс өргөж авсан гэж ярьдаг.

 Аав маань лам хүн байсан. Би Сэрээтэрийн өргөмөл ганц хүү нь юм. Би 1949 оноос одоог хүртэл Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд амьдарч байна. миний аав Сэрээтэрийг 1938 онд баривчлан 10 жилийн хорих ялаар шийтгэсэн. Улсын дээд шүүхээс миний аав Сэрээтэрийг 1993 онд цагаатгасан. Миний аавын төрсөн дүү Должинсүрэн Цагаатгалын хуулийн дагуу нэг удаа 1,000,000 төгрөгийн нөхөх олговор авсан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2 дахь заалт, Монгол улсын засгийн газрын 1998 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №21 дүгээр тогтоолын 3 дугаар хэсгийн дагуу нөхөх олговорын нэхэмжлэлээ бүрдүүлсэн тул тогтоолуудыг үндэслэн 40,000,000 төгрөгийг цагаатгалын хуулийн дагуу олгох шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү.

“Зууны мэдээ” сонины 2020.10.23-ны өдрийн №205 дугаарын 4-р хуудасны “Нөхөх олговорын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн жагсаалтын 44 дугаарт хэлмэгдэгч Сандагдоржийн Сэрээтэр гэж бүртгэж нийтэд мэдээлэлсэн болно. нөхөх олговорын 40 сая төгрөгийг надаас өөр авах хүн байхгүй. Би айлын ганц хүү, миний бие эмнэлэгийн хяналтад, төрсөн дүү Цэцэгмаагийн асрамжид байдаг гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Дэлгэрсайхан  шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрсайхан би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.10, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу иргэн С.Чагдарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт төрийг төлөөлөн гуравдагч этгээдээр оролцож байна.

Иргэн С.Чагдараас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөн олговор 40.000.000 төгрөгийг гаргуулах талаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлтэй танилцахад С.Чагдарын өргөж авсан эцэг Сэрээтэр нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар тогтоолоор, шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлд заасны дагуу 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. Уг ялыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүхийн цэргийн колиггийн 1993 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 96 дугаар тогтоолоор Байцаан шийтгэх хуулийн 72.3-ыг баримтлан хэрэгт холбогдолгүй болгон цагаатгасан бөгөөд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт зааснаар,  Монгол улсын Засгийн газрын 1998 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 3 дахь хавсралтад заасны дагуу Монгол улсад цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос Сэрээтэрийн хүүхэд болох Чагдарт 40.000.000 төгрөгийн нөхөн олговор олгох талаар шийдвэрлэж Зууны мэдээ сонины 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 205 дугаарт хэвлэж олон нийтэд мэдээлсэн байна. Иргэний хэрэгт цугларсан тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 08/3808 дугаартай албан бичиг, Үндэсний төв архивын лавлагаа, 205 дугаартай зууны мэдээ сонин зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж үзээд дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйл, Монгол улсын Засгийн газрын 1998 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 3 дахь хавсралтад заасны дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдэн цагаатгагдсан Сэрээтэрийн хүү болох С.Чагдарт нөхөн олговор олгож 40.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч С.Чагдар нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговорт 40.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд дор дурдсан хүмүүс хамаарна:

            5.1.1 дэх хэсгийн б-д 1926 оны “Шүүх цаазын бичиг”/1929 онд нэмэн найруулсан/-ийн 7 дугаар бүлгийн 42-49  дүгээр зүйл, 8 дугаар бүлгийн 50-52 дугаар зүйл” гэж зааснаар Сандагийн Сэрээтэр нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05-р сарын 28-ны өдрийн 20-р  хурлын  тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47-р зүйлээр 10 жил хорих ялаар шийтгүүлсэн нь Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 04-р сарын 24-ны өдрийн 96 дугаар  магадлалаар тогтоогдож байна. Иймд С.Сэрээтэр нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд  хамаарна гэж үзлээ./х.х-ийн 8-рт/

             Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-д “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчлэн авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг нөхөх олговор олгохоор заасан байна.

            Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Сандагдоржийн Сэрээтэр /РД:УЯ 000712114/ нь 1985 оны 01-р сарын 19-нд нас барсан болох нь Улсын бүртгэлийн төв архивын 2020 оны 09-р сарын 11-ны өдрийн 357/011892 тоот нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 23-рт/

            1933 оны хүн амын тооллогод Моожианы Сандагдорж-өрхийн тэргүүн, Сандагийн Сэрээтэр-хүү, Цэрэндоржийн Сосормаа-эхнэр, Сандагийн Сономдулам-охин, Сандагдоржийн Должинсүрэн-охин  гэж,

            1956 оны хүн амын тооллогод  Сандагдоржийн Сэрээтэр- өрхийн тэргүүн, Дондогийн Сандагдорж- эцэг, Сандагдоржийн Должинсүрэн-дүү, Должинсүрэнгийн Чагдар-дүү, Должинсүрэнгийн Янжинцэрэн-дүү гэж  тоологдож байсан нь Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2020 оны 09-р сарын 11-ны өдрийн №03-9/4333, №03-9/4334 тоот лавлагаагаар тогтоогдож байна. /х.х-ийн 3, 4-рт/

            Хэлмэгдэгч Сандагдоржийн Сэрээтэр нь өөрийн төрсөн дүү Сандагдоржийн Должинсүрэнгээс түүний хүү Чагдарыг өргөж авсан гэж  нэхэмжлэгч тайлбарлаж байгаа ба түүний  МВ49080516 регистрийн дугаартай иргэний үнэмлэхэд  Боржигон овогт Сэрээтэрийн Чагдар  гэж бичигдсэн нь тохирч байна. Энэ  байдлыг үгүйсгэсэн нотлох  баримт  шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй болно.

            Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “ Үрчлэгдсэн хүүхэд нь төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заажээ.

            Иймд нас барсан хэлмэгдэгч Сандагдоржийн  Сэрээтэрт олгох 40.000.000 төгрөгийг түүний  төрсөн хүүхэд болох  нэхэмжлэгч Сэрээтэрийн Чагдар нэхэмжлэх эрхтэй байна гэж шүүх үзлээ.    

            “Зууны мэдээ” сонины 2020 оны 10-р сарын 23-ны өдрийн №205 дугаарын 4-р хуудасны “Нөхөх олговорын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн жагсаалт”-ын 44  дугаарт нэхэмжлэгчийн үндсэн захиргаа Сэлэнгэ, хэлмэгдэгчийн овог нэр- Сэрээтэр Сандагдоржийн, хэлмэгдэгчийн үндсэн захиргаа-Булган аймаг, хэлмэгдэгчийн хүүхэд- Сэрээтэрийн Чагдар, нөхөх олговрын хэмжээ 40 сая төгрөг гэж зарласан үеэс одоог хүртэл  энэ талаар ямар нэг маргаан болон давхар нэхэмжлэгч гараагүй байна.

            1998 онд батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу хэлмэгдэгчийн төрсөн дүү С. Должинсүрэн цагаатгалын хуулийн дагуу нэг удаа 1,000,000 төгрөгийн нөхөх олговор авсан нь зохигчийн тайлбараар тогтоогдож  энэ талаар маргаангүй байна.

            Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Сандагдоржийн Сэрээтэрийн  нөхөх олговор 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулан Боржигон овогт Сэрээтэрийн Чагдарт /РД:МВ49080516/ олгохоор шийдвэрлэлээ.

            Шүүх хуралд оролцсон прокурорын санал хуулийн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Нэхэмжлэгч өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болно

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Сандагдоржийн Сэрээтэрийн  нөхөх олговор 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулан Боржигон овогт Сэрээтэрийн Чагдарт  /РД:МВ49080516/  олгосугай.

             2.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн  16 дугаар зүйлийн 16.2 дах  хэсэгт зааснаар нөхөх олговор авах эрх бүхий хүн нөхөх олговор олгож өгөхийг хүссэн өргөдлөө байнга оршин суугаа сум дүүргийн санхүүгийн хэлтэс, тасагт гаргахыг  дурдсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.САРАНТУЯА