Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 150/ШШ2021/00007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

          Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

   Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 1 дүгээр баг, Хөтөл 00-00 тоотод оршин суух Алаг чулуу овогт *******гийн хүсэлттэй,

 Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.  

 

   Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Боржигон овогт *******тай 2011-2017 оны хооронд 6 жил хамт амьдарсан. Ариунжаргал нь архи дарс ууж агсам согтуу тавьдаг, догшин ширүүн ааш авиртай. Үүнээс болж хэсэх хугацаанд тусдаа амьдарсан. Бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй. Бага хүүхэд Баатарван 2017 оны 09 сард төрсөн. Үүнээс сарын дараа бид хоёр тусдаа амьдрах болсон. Нялх биетэй байхад том хүүгээ хичээл хийлгэнэ гээд хүүхэд рүүгээ ус буцалгагч шидсэн. Тэгээд цаашдаа хамт амьдрах боломжгүй гэж үзсэн. Ариунжаргалын ээж гэр бүлийнхэн нь энэ талаар мэдэж байгаа. Би гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамждаа авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлах хэсэгт өргөдөл гаргасан боловч дуудахад ирээгүй, хаяг дээрээ байхгүй, утас нь холбогдохгүй байсан. Ээж эгч нараас нь асуухаар мэдэхгүй гээд байгаа.  Нуун дарагдуулаад байгаа юм болов уу сайн мэдэхгүй байна. Ийм учраас эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байгаа...” гэв.

 

   Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

     ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

      ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь Боржигон овогт *******, Алаг чулуу овогт ******* нарын 0076744 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

   ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Хөтөл 1 дүгээр баг, 12 дугаар байр 22 тоотод албан ёсны бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1 дүгээр багийн Засаг даргын 1529 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь одоо хаана оршин суугаа болох нь тодорхойгүй байх тул  түүнийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох нь зүйтэй байна.

 

     Мөн ******* нь ЖМ87072571 дугаарын регистртэй, Улаанбаатар хот, Налайх дүүргийн Тайж 1-24 тоот хаягт түр оршин сууж байсан, Утас-88240725, ээж А.Эрдэнэчимэг Утас-88155126, эгч ******* Утас-80822020 гар утасны дугаартай бөгөөд түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий өөр мэдээлэл байхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

     Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт ******* *******-ыг эрэн сурвалжилсугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

             3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч байгууллага эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛГИРМАА