Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/137

 

  

 

 

 

 

 

 

        

      2024         01            29                                      2024/ШЦТ/137

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Б.Сарантуяа

улсын яллагч: Г.Янжиндулам   

шүүгдэгч: Б.Знарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.З холбогдох эрүүгийн 2308031322205 тоот хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ****-ний өдөр ****** аймгийн ***** суманд төрсөн, ***** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, одоо ******* эмнэлэгт хагалгааны сувилагч ажилтай, Сонгинохайрхан дүүргийн ****** хороо, ****** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ***** хороо,******тоотод оршин сууж байгаа гэх, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй /РД:********/ Б овогт Б.З нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч Б.З нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ***** хороо, ***** тоот байрлах гэртээ эхнэр М.Ө зодож цохисны улмаас түүний бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

- Гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

           - Хохирогч М.Ө “...Миний бие 2023 оны 10 сарын 06-ны шөнө 23 цаг өнгөрч байхад гэртээ орж ирэн унтахаар болсон. Тэгээд унтаж байхад цонх хагарах чимээ гарсан ба манай нөхөр Б.З цонх хагалсан байсан. Тэгээд би босож хаалга онгойлгож өгөхөд манай шууд орж ирээд шууд намайг зодож эхэлсэн. Тэгээд би хүн аллаа, туслаарай, авраарай гэж хашхирсан. Тэгээд намайг зодоод байсан болохоор нь би дэрэн доороос өөрийн гар утсаа авч гэрээс гүйж гараад өөрийн охин болох Ц.Б утас руу залгаж болсон асуудлын талаар хэлчхээд цагдаа дуудсан. Манай нөхөр болох Б.З миний үсийг ороож байгаад толгой хэсэг рүү гараараа маш олон удаа цохисон. Сөхөрч суулгаж байгаад нуруу руу олон удаа өшиглөсөн. Мөн нүүр болон хэвлий хэсэг рүү олон удаа цохиж өшиглөсөн. Ойролцоогоор 10 минут орчим зодуулсан болохоор мөн унтаж байгаад сэрсэн болохоор биеийн аль хэсэгт, хэдэн удаа, юугаар цохисон болохыг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-8-11/,

        - Шүүх-эмнэлгийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12813 дугаартай “ Хэсэг газрын үзлэгт: дээд уруулын зүүн хэсэгт 1.3х0.3см, эрүүний баруун буланд 3х0.2см, 1х0.2см, хүзүүний урд доод хэсэгт 1.8х0.2см, баруун эгэмд 3х1 см улаан ягаан өнгийн зулгаралттай. Зүүн бугалгын гадна дунд хэсэгт 2х2см, 1х1см, дотор дээд хэсэгт 3х1 см, ар дунд хэсэгт 4х3 см, баруун гуяны урд дунд хэсэгт 3х3 см, 3.5х 3 см, баруун шилбэний урд дээд, дунд хэсгийг хамарсан 15х9 см, зүүн гуяны дотор дунд хэсэгт 4х3 см, 3.5х3 см, зүүн шилбэний урд дээд, дунд хэсгийг хамарсан 17х10 см хөхөлбөр өнгийн цус хуралттай, хоёр шилбээр овойж хавдсан. Бүсэлхий нуруугаар тэмтрэлээр эмзэглэлтэй. Дүгнэлт: М.Ө биед зүүн бугалга, хоёр гуя, шилбэнд цус хуралт, дээд уруул, эрүү, хүзүү, баруун эгэмд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-16-17/,    

        - Яллагдагч Б.З: ”Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-26/  зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Б.З хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Зул-Очир, хохирогч М.Ө нар нь 1999 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн хууль ёсны гэр бүл болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-29/, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар Б.З, М.Ө нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд тооцно.

Шүүгдэгч Б.З нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 06-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо, ******* тоотод байрлах гэртээ “хаалга үүдээ удаан тайллаа” гэх үл ялиг зүйлээр шалтаглан эхнэр М.Ө хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж үсдэж чирэх, толгой руу нь удаа дараа цохих, нуруу хөл рүү нь өшигчих, бүсэлхий нуруу нь удаа дараа удаа дараа цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дуудлага хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн 12813 дугаартай дүгнэлт, аюулгүй зэргийн “бага“ гэх үнэлгээ, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, мөн шүүгдэгч Б.З гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.З нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах , хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Б.З нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр  М.Ө эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь баримтаар нотлогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.З хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч М.Ө эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч М.Ө нь ” Сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хх-11/, мөн хохирогч прокурорт хандаж гаргасан хүсэлтдээ  “Надад ямар нэгэн сэтгэцийн хор уршиг тогтоолгох шаардалдалгүй, шүүх хуралд суухгүй, хэргийг хялбаршуулсан замаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргаж,  иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Иймд шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал шийдвэрлэсэнгүй, хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч М.Ө нь шаардлагатай гэж үзвэл эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, Б.Зул-Очироос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Шүүгдэгч Б.З нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгүүлж, 2021 оны 9 сарын 23-нд өршөөлд хамрагдаж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-27/ тогтоогдож байна. Шүүгдэгч Б.З нь ялын тооцоогүй болсон байх тул урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

           Шүүгдэгч Б.З үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон хохирогч, яллагдагч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөг торгох ялыг 4 сарын хугацаагаар хувааж төлөх” тохиролцоог хангаж, тухайн байдлаар ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б.З хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Б.З 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/  төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.З оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.З 120000 /нэг зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч “гомдол саналгүй” гэсэн, иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Б.З мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              С.СЭРЖМЯДАГ