| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2020/01058/И |
| Дугаар | 132/ШШ2021/00023 |
| Огноо | 2020-12-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 132/ШШ2021/00023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1980 онд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн ... од оршин суух, Ш овогт Г.Д -д холбогдох,
Цэвэр, бохир ус, халаалтын төлбөр, алданги нийт 564.026 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/01058/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1996 онд Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн ...од оршин суух, Б” ХХК-д орлогын байцаагч ажилтай, М овогт Э.Х , хариуцагч Г.Д , нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б” ХХК нь 11 дүгээр байрны 16 тоотод оршин суугч Г.Д -тэй ус, дулаанаар хангах гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Гэрээнд хэрэглэсэн дулааны төлбөрийг дараа сарын 05-ны дотор төлж барагдуулах бөгөөд төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж тусгасан. Ийнхүү 11 дүгээр байрны 16 тоотод оршин суугч Г.Д нь 2019 оны 10-12 дугаар сар, 2020 оны 1-10 сарын хугацаанд 376017 /гурван зуун далан зургаан мянга арван долоон/ төгрөгийн ус, халаалтын үнийг төлөөгүй байна. Түүний алданги 188009 төгрөг, нийт 564026 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь 11 дүгээр байрны 16 тоотод оршин суугч Г.Д -тэй ус, дулаанаар хангах гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Гэрээнд хэрэглэсэн дулааны төлбөрийг дараа сарын 05-ны дотор төлж барагдуулах бөгөөд төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж тусгасан. Оршин суугч Г.Д нь 2019 оны 10-12 дугаар сар, 2020 оны 1-10 сарын хугацаанд 376017 /гурван зуун далан зургаан мянга арван долоон/ төгрөгийн ус, халаалтын үнийг төлөөгүй. Төлбөрөө төлөх талаар 2020 оны 6 дугаар сар, 2020 оны 10 дугаар саруудад мэдэгдэж мэдэгдэл хүргүүлж байсан. Энэ хугацаанд төлбөрөөсөө төлөөгүй тул 376017 төгрөг, алданги 188009 төгрөг, нийт 564026 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Г.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээс алдангийн төлбөрийг барагдуулах боломжгүй байна. Төлбөр төлөгдөөгүй саруудад манай паарнаас маш их ус алдаж байсан. Энэ талаар бид Б ХХК-д удаа дараа хэлж байсан. Иймд алдангиас чөлөөлж өгнө үү. Үндсэн төлбөрийг 2021 оны 2, 3, 4, сард хуваан төлөх хүсэлтэй байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК нь Г.Д гээс дулаан, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах гэрээний үүргийн гүйцэтгэл болох 564.026 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч дулааны шугамнаас ус алдаж хохирсон тул алдангийг төлөхгүй, халаалт, цэвэр, бохир усны төлбөрийг төлнө гэж маргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан “дулаанаар хангах” гэрээнээс үзэхэд иргэн Г.Д нь “Б” ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр харилцан тохиролцож “дулаан, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах” гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээний 2.2-т “хангагч нь Монгол улсын стандартад нийцсэн дулааны эрчим хүч, цэвэр усаар хангаж бохир усыг татан зайлуулна” гэж, 4.2-т “хэрэглэгч нь эрх бүхий байгууллагаас баталсан үнэ тарифын дагуу хэрэглэсэн дулааны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлнө” гэж тус тус зааснаар талууд харилцан үүрэг хүлээжээ.
Г.Д нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчиж 2019 оны 10-12 сар, 2020 оны 1-10 дугаар сар хүртэл хугацааны халаалт, цэвэр бохир усны хэрэглээний төлбөрөө төлөөгүй болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдсон байна.
Хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа 2019 оны 10 дугаар сард өөрийн өмчлөлийн орон сууцны дулааны шугам гэмтэж ус алдсан, энэ талаар “Б” ХХК-д мэдэгдэж байсан, алдангийг төлөхгүй гэж тайлбарлаж байх боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотолж чадаагүй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.3-т “орон сууцны дулааны эрчим хүч, цэвэр бохир ус болон бусад төлбөрийг сарын 25-ны өдрийн дотор төлөх, хэрэв хугацаанд нь төлөөгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги тооцно” гэж заажээ.
Нэхэмжлэгч алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасныг зөрчөөгүй байна.
Иймд хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл 376017 төгрөг, алданги 188009 төгрөг бүгд 564.026 төгрөгийг гаргуулж, “Б” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан Г.Д-ээс цэвэр, бохир ус, халаалтын төлбөр, алданги нийт 564.026 /таван зуун жаран дөрвөн мянга хорин зургаа/ төгрөгийг гаргуулж “Б” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 17571 /арван долоон мянга таван зуун далан нэгэн/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 17571 /арван долоон мянга таван зуун далан нэгэн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН