Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/136

 

 

 

 

 

 

 

 

        2024           01        29                                    2024/ШЦТ/136

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Б.Сарантуяа,

улсын яллагч: Б.Ундрах, 

хохирогч: Б.Жавзандулам,

хохирогчийн өмгөөлөгч: Д.Нармандах

шүүгдэгч: Д.М, Н.Ш нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М, Н.Шнарт холбогдох эрүүгийн 2308013861912 тоот хэргийг 2023.12.19-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***** аймгийн **** хотод ******-нд төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа автомашины засвар эрхэлдэг гэх, Хан-Уул дүүргийн ******  оршин суух бүртгэлтэй, одоо ам бүл 7, ах, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ****** хороо, ****** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй /РД: ********/ З овогт Д.М,

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***** аймгийн *** суманд *****-нд төрсөн, **** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүний нөөц мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ам бүл-5, хамтран амьдрагч,  хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ***** хороо, ****** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй /РД:****/ Х овогт Н.Ш нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Прокурорын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1374 дугаартай яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Д.М, Н.Ш нар нь бүлэглэж, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Саппорогийн орчим Б.Ж “айл гэр үймүүллээ” гэх шалтгаанаар гараараа цохиж, зодон биед нь “баруун нүдний дээд зовхи, баруун бугалга, шуу, гуя, шилбэ, зүүн хацар, шуу, шилбэ, гуя, цээжинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи духанд зөөлөн зөөлөн эдийн няцралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул тус зүйл хэсгээр хэргийг зүйлчлэх нь зүйтэй байна” гэжээ. /хх131-133/

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Шнь тухайн гэмт хэргийг “ганцаараа үйлдсэн. Д.М бол Б.Ж зодоогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж, шүүгдэгч Д.М нь “Би зодоогүй” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэх байр сууриа илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан баримтууд, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

            Шүүх хуралдаанаар дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          - Шуурхай дуудлагын лавлагааны “ДМ ирсэн: 23:39, очсон 23:50, буцсан 00:15” хуудас, “Б.Ж хүнд зодуулсан” гэх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-3, 4/,

            - Дуудлага мэдээлэл шалгасан “Б.Ж нь эрэгтэй найзтайгаа архи, согтууруулах ундаа хэрэглээд байж байтал хамтран амьдрагч нь юм уу эхнэр нь юм уу мэдэхгүй хүн хэсэг залуучуудтай хамт ирээд зодчихоод явсан гэв. Уг иргэн нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн тул тайлбар аваагүй болно” гэх илтгэх хуудас /хх-5/,

        - Гэрч Н.Т /эргүүлийн офицер/: .Дээрх дуудлагыг би шалгасан бөгөөд тухайн хэргийн газарт очиход зодуулсан гэх эмэгтэй Өгөөмөр алтай зочид буудлын урд зогсож байсан бөгөөд өөр бусад хүмүүс байгаагүй юм. Тэгээд миний бие материалжуулан шалгасан. Хамт байсан эрэгтэйн эхнэр нь ирээд зодчихлоо гэж байсан. Гэхдээ бас өөр хүмүүс хамт ирсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (х.х-78),

        - Хохирогч Б.Ж “...Тухайн үед Б нь тоёота Альфард маркийн машины хойд талын голын суудал дээр бид хоёр пиво уугаад сууж байсан  бөгөөд гэнэт машиных нь хаалга онгойлгоод нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүмүүс машины хаалга онгойлгосон учир зүггүй эрэгтэй нь “чи гэр бүл үймүүлээд муу янхан минь” гээд хараагаад тухайн эрэгтэй миний нүүр рүү нэг удаа цохисон бөгөөд миний бие шууд хоёр гараараа нүүрээ хаасан ба мөн хамт хаалга онгойлгосон эмэгтэй нь бас “саппорогийн янхан минь чи юу хийж явна” гэж хараагаад намайг тэр эмэгтэй эрэгтэй хоёр миний бие гараараа хаасан байсан дээрээс тэр хоёр хоёулаа цохиод байсан. Тэр эрэгтэй, эмэгтэй хүмүүс машинаас буухаар нь дээшээ өндийгөөд хартал Б машиныхаа хамар дээр нүүрээ дараад зогсож байсан. Тэгээд би машинаас нь гараад өөрийнхөө утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тухайн эрэгтэй, эмэгтэй хоёр хүмүүс хоёулаа миний дээрээс гараараа олон удаа цохисон. Сүүлд ойлгоход тухайн эмэгтэй Б найз эмэгтэй болохыг ойлгосон юм. Намайг ер нь бол Б хардаж миний биед халдсан юм...Эхлээд найз охинтойгоо ирсэн байсан шар залуу миний толгой руу цохисон, тэгээд намайг нүүрээ хамгаалаад тонгойтол нөгөө талын хаалгаар Ш нь орж ирээд тэр 2 миний 2 талаас зэрэг нийлээд толгой руу цохисон” гэх мэдүүлэг (х.х-40-41, 125-126),

- Хохирогчоос шүүх хуралдаанд гаргасан: 2023 оны 04 сарын 17-ны өдөр гэртээ байж байхад манай хуучин ажлын хүүхэн утасдаж уулзсан. Тэгээд анх Батпүрэв гэдэг хүнтэй танилцсан. 18-ны өдөр яагаад Батпүрэв гэдэг хүнтэй уулзсан бэ гэхээр машинд нь цув болон машины түлхүүрээ мартсан байсан тул авах гэж очсон. Тэгээд бид 2 өчигдөр уулзсан найз хүүхнээ хүлээх зуур пиво хувааж уусан. Пиво уугаад сууж байхад машины хаалгыг онгойлгоод эмэгтэй, эрэгтэй хоёр хүн “чи муу саппорогийн янхан, айл гэр үймүүллээ” гээд учиргүй зодож эхэлсэн. Эрэгтэй нь баруун гараараа миний зүүн талын нүд рүү цохисон. Тэгээд би толгойгоо гараараа дараад суусан, дээрээс балбаад байсан” гэх мэдүүлэг,

     - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 5268 дугаартай “ Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд зовхи болон зүүн хацарт 3х2 см, баруун бугалгын урд дунд хэсэгт 5х2 см, баруун шилбэний урд дээд хэсэгт 9х9 см, зүүн шилбэний урд дунд хэсэгт 2,5х2см, зүүн гуяны дотор дунд хэсэгт 3х2 см, баруун гуяны дотор дунд хэсэгт 4х2 см, цээжний баруун талд 6х5 см, зүүн талд 1.5х1.5 см 3 ширхэг, баруун шууны урд доод хэсэгт 1.5х1 см, зүүн шууны ар доод хэсэгт 1.5х1 см 2 ширхэг хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралтуудтай. Баруун хацрын дээд хэсэгт 1х0.2 см хэмжээтэй цайвар ягаан өнгийн зулгаралттай. Баруун нүдний дээд зовхи болон духны голд 3х2 см талбайд хавдаж овойсон, тэмтрэхэд өвчин эмзэглэлтэй байв. Дүгнэлт: Б.Ж биед баруун нүдний дээд зовхи, баруун бугалга, шуу, гуя, шилбэ, зүүн хацар, шуу, шилбэ, гуя, цээжинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, духанд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (х.х-11-12),

      -Гэрч Л.М:  “Ш эгч бол манай найз залуу Мя ах Батпүрэвийн эхнэр юм. Тухайн өдөр эгч Ш, найз залуу М бид 3 явж байгаад байрнууд дунд хар өнгийн альфард машинтай байж байхаар нь хартал ахын машин мөн байхаар нь бид 3 дөхөөд очтол цонхнууд нь хагас онгорхой байхаар нь цонхоор нь хартал нэг эмэгтэй хүн шалдан арын суудал дээр суучихсан,  ах харин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай унтаж байсан. Тэгээд эгч Ш уурлаад...Б ах машинаасаа буугаад машин дотор байсан эмэгтэйг “хувцсаа өмс” гэтэл өмсөхгүй, эгч Ш “чи арчаагүй хүүхэн би нөхөртэй чинь бэлгийн харьцаанд орсон” гээд орилоод байтал Шү эгч уурлаад үснээс нь зулгаагаад баруун талын нүд рүү нь гараараа 2-3 удаа цохисон. М бид хоёр тэр эмэгтэй, эгч Ш 2-ыг салгах гэж дундуур нь орсон гэхдээ цохиж зодож гэмтэл учруулаагүй ” гэх мэдүүлэг (х.х-71-72),

- гэрч Б.А “...Саппоро хавиар хайгаад явж байтал ахын машин харагдахаар нь дөхөөд очтол цонх нь хагас онгорхой нэг шалдан хүүхэнтэй хамт унтаж байсан. Тэгээд цонхыг нь нүдтэл ах сэрээд машинаасаа буугаад гараад явчихсан. Тэгээд Шүрээ эгч зөрж ороод тэнд байсан хүүхнийх нь нүүр рүү нь хэд хэдэг удаа цохисон. Нөгөө эмэгтэй нь мөн урдаас нь жийсэн, ноцолдсон. Тэгээд тэр хоёрыг Мягмардорж бид хоёр салгаад тэнд байсан эмэгтэйг машинаас буулгах гэтэл буухгүй үг хэлээр доромжлоод байхаар нь М араас нь түлхээд буулгасан” гэх мэдүүлэг /хх-85/ зэрэг баримтууд хамаарч байна.

            Эдгээр баримтаар 2023 оны 4 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнийн 23 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппорогийн автобусны буудлын хойд талд байрлах дэлгүүрийн гадна талд байрласан Тоёота альфард маркийн машин дотор иргэн Б.Ж нь Н.Ш, Д.М нарт зодуулсны улмаас бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан үйл явдал болсон нь тогтоогдож байна.

            Хэргээс үзэхэд хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны үед 3 удаа мэдүүлэг авсан байх бөгөөд хохирогч 2023.05.22-нд “гэнэт машины хаалга онгойлгоод нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүмүүс машины хаалга онгойлгосон учир зүггүй эрэгтэй нь “чи гэр бүл үймүүллээ, муу янхан минь” гэж хараагаад тухайн эрэгтэй нь миний нүүр рүү нэг удаа цохисон...Баагийтай пиво уугаад сууж байтал гэнэт машины хаалга онгойлгоод эрэгтэй намайг түрүүлж нэг удаа миний нүүр рүү цохисон бөгөөд шууд би нүүрээ хоёр гараараа хаасан юм тэгтэл тухайн эрэгтэй эмэгтэй хоёр хүмүүс хоёулаа миний дээрээс гараараа олон удаа цохисон....тухайн эмэгтэй нь намайг нэг удаа алгадаагүй, харин хамт явсан эрэгтэй нь намайг эхлээд нүүр рүү нэг удаа цохихоор нь шууд нүүрээ хоёр гараараа хаахад тэр эрэгтэй эмэгтэй хоёр хоёулаа нэлээд дээрээс хэд хэдэн удаа цохисон юм” гэж /хх-40-41/, мөн хохирогч 2023.10.09-нд “Би Б машинд сууж байтал машины хаалга онгойгоод нэг эрэгтэй хүн орж ирээд миний баруун нүд рүү баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд би цохиод эхлэхээр нь хоёр гараараа толгойгоо хамгаалаад өргөөд хаатал Б эхнэр нь гэх эмэгтэй тэр эмэгтэйн дүү нь гэх залуу 2 миний хоёр талаас нийлээд нүдээд байсан” гэж /хх-80/, мөн хохирогч 2023.11.14-нд “Эхлээд найз охинтойгоо хамт ирсэн байсан нэг шар залуу эхлээд миний толгой руу цохисон тэгээд намайг нүүрээ хамгаалаад тонгойтол нөгөө талын хаалгаар Ш гэх хүүхэн нь орж ирээд тэр хоёр миний хоёр талаас зэрэг нийлээд толгой нүүр рүү цохисон. Машины хаалгаар эхлээд эрэгтэй дүү нь орж ирж цохисон дараа нь Ш гэх хүүхэн намайг цохиод эхэлсэн эрэгтэй дүү нь намайг “гэр бүл үймүүллээ, хүмүүсийн амьдрал баллалаа саппорогийн янхан” гэж хараагаад шууд нүд рүү цохиод авсан” гэж /хх-125/, шүүх хуралдаанд “пиво уугаад сууж байхад машины хаалгыг онгойлгоод эмэгтэй, эрэгтэй хоёр хүн “чи муу саппорогийн янхан, айл гэр үймүүллээ” гээд учиргүй зодож эхэлсэн. Эрэгтэй нь баруун гараараа миний зүүн талын нүд рүү цохисон. Тэгээд би толгойгоо гараараа дараад суусан, дээрээс балбаад байсан” гэж тус тус мэдүүлжээ.

Хохирогч Б.Жудаа дараагийн мэдүүлэгтээ “Д.М нь түрүүлж түүний баруун нүд рүү нь цохиж зодооныг эхлүүлсэн” талаар болон  Н.Ш, Д.М нар хэрхэн, яаж, ямар дарааллаар хамтран зодсон  талаар мэдүүлсэн, түүний мэдүүлгээр шүүгдэгч Н.Ш, Д.М нар нь хувийн сэдлээр, иргэн Б.Жавзандуламын эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, хамтран зодсон болох нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Ш, Д.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Ж шүүх хуралдаанд “ Би гомдолтой байна. Хамгийн гол нь хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй, хохирол төлбөр төлөөгүй. Батпүрэв гэдэг хүнийг эхнэртэй гэдгийг нь мэдэхгүй. Хэрэг болохын өмнөх өдөр л танилцсан. Сэтгэл санааны хохирлыг би тогтоолгохоос татгалзсан. Эмнэлэгт хэвтсэн 450000 төгрөгийн зардал, фото зураг угаалгахад 8000 төгрөг болсон.. Мөн тухайн үед эмийн сангаас 10000 төгрөгөөр эм авсан. Эм Би Жи Мед эмнэлэгт  хагалгаанд орохоор болсон. Энэ хагалгааны мөнгийг авмаар байна. Миний дух дээр овойсон зүйл арилаагүй байгаа. Мөн хамрын баруун талын таславч гэмтсэн. Зураг дээр далий гарч байгаа. Шүүгдэгч нараас эрүүл мэндэд учирсан хохиролд 3358000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5 сая төгрөг нэхэмжилж байна” гэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Н.Ш, Д.М нар нь өөрсдийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар нөхөн төлж арилгах үүрэгтэй, хохирогч Б.Ж нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөхийг шүүхээс гэм буруутайд тооцсон этгээдээс шаардах эрхтэй байна.

Хохирогч Б.Ж шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 5268 дугаартай дүгнэлтийг “миний хамрын туславч S хэлбэрийн мурийлттай гэх гэмтлийг тусгаагүй байх тул нэмэлт шинжээч томилж өгнө үү” гэх хүсэлт /хх-14/ гаргасныг хангаж нэмэлт шинжилгээ хийлгэхэд “иргэн Б.Ж биед хамрын таславчийн мурийлт тогтоогдлоо. Уг мурийлтын үүссэн цаг хугацаа болон шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй” гэж дүгнэлт гарсан /хх26-27/ ба шинжээч Б.Баярхүүгээс мэдүүлэг авахад “нэмэлт шинжилгээгээр тогтоогдсон хамрын хуучин мурийлт гэмтэл нь анх гаргасан 5268 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй. Анх гаргасан 5268 дугаартай дүгнэлтийн үзлэг хэсэгт Мед травма эмнэлгийн КТГ /толгойн/-д хамрын таславч S хэлбэрийн мурийлттай, хамрын зөөлөн эдэд ямар нэгэн өөрчлөлтгүй байсан тул энэ гэмтлийг шинэ гэмтэл гэж үзэхгүй тул дүгнэлтэд тусгаагүй. КТГ-н хариуг дахин уншуулахад хамрын таславчийн S хэлбэрийн бага зэрэг мурий хуучин болох нь тогтоогдсон. 2020 оны 12-р сарын 22-ны Сорт чоно ХХК-ийн КТГ-н хариунд хамрын ясны зүүн хажуу хананд бага зэрэг хуучин хугаралтай хамрын таславч доод 3/1 хэсгээр баруун тийш хуучин мурийлттай гэсэн нь 2023 оны 4-р сарын 21-ний МЕД травма эмнэлгийн болон манай дүрс оношилгооны эмчийн дүгнэлтээр батлагдаагүй. Хамрын таславчийн мурийлт нь 5268 дугаартай дүгнэлтэд нөлөөлөхгүй. Уг гэмтлийн цаг хугацаа болон ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн гэдгийг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь хуучин болох нь тогтоогдсон тул хэрэг гарсан гэх өдрөөс өмнө учирсан гэмтэл байна” хэмээн мэдүүлсэн /хх-88-89/ болох нь тогтоогдож байна.

Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 5268 дугаартай дүгнэлт, нэмэлт шинжилгээний 2023 оны 5-р сарын 15-ны өдрийн 494 дугаартай дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, Сорт Чоно ХХК “Натур эмнэлгийн 2020 оны 12-р сарын 22-ны өдрийн КТГ-ийн оношилгооны хариу, Мед травма эмнэлгийн 2023 оны 4-ор сарын 21-ний өдрийн КТГ-ийн оношилгооны хариу зэрэг баримтуудаар хохирогч Б.Ж биед тодорхойлогдсон “хамрын таславчийн мурийлт” нь 2023 оны 4 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнийн 23 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппорогийн автобусны буудлын хойд талд байрлах дэлгүүрийн гадна талд байрласан Тоёота альфард маркийн машин дотор иргэн Б.Жнь Н.Ш, Д.М нарт зодуулахаас өмнө учирсан хуучин гэмтэл болох нь тогтоогдож байна.

Иймд хуульд зааснаар шүүгдэгч Н.Ш, Д.М нар нь өөрсдийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоогүй гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой зардлыг хариуцах үндэслэлгүй тул хохирогчоос шаардсан “хамрын хагалгаанд шаардлагатай” гэх 2500000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг, мөн хохирогч өмгөөлөгч хөлсөлсөн гэх 250000 төгрөг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй  тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. Хохирогч сэтгэл санааны хохиролд 5 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл нь баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Харин хохирогч Б.Ж гаргасан бодит зардал болох Мед травма эмнэлэгт КТГ хийлгэсэн 140000 төгрөг, Жинст эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 450000 төгрөг, эм худалдан авсан 10000 төгрөг, гэрэл зураг угаалгасан 8000 төгрөг, нийт 608000 төгрөгийг Н.Ш, Д.М нар хувь тэнцүүлэн хариуцах үүрэгтэй байна.

Шүүхээс энэ талаар шийдвэрийг танилцуулахад шүүгдэгч нар нь хохирлыг нөхөн төлөхөөр завсарлага хүссэнийг хангаж 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд тухайн төлбөрийг Н.Шийн данснаас 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн баримт гаргаж өгсөн тул шүүгдэгч Н.Ш, Д.М нар нь өнөөдрийн байдлаар бусдад төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч Н.Ш, Д.М нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага шалгах хуудсаар /хх-63, 111/ тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо баримтаар нотлогдсон хэмжээнд төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Тэдний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал, шүүгдэгч Н.Ш, Д.М нарын хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, ялын хугацааг 240 цагаар тогтоож, ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Д.М, Х овогт Н.Ш нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.М, Н.Ш нарт тус бүр өдөрт наймаас дээшгүй цагаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.М, Н.Ш нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

           4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Б.Ж хагалгаа  хийлгэхэд шаардлагатай гэх 2.500.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс гэх 250000 нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохиролд 5 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  хохирогч Б.Ж нь сэтгэл санааны хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн өөрийн болон Д.М, Н.Ш нарын оршин суугаа иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

           5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 6. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М, Н.Шнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, хорих ялаар солино гэдгийг Д.М, Н.Ш нарт мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                              С.СЭРЖМЯДАГ