Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 150/ШШ2021/00011

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шүүгч Г.Сарантуяа, А.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1 дүгээр баг, 1 дүгээр байр, 8 тоотод оршин суух, Бичигт овогт - И-н/РД:ДЕ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, 24 дүгээр байр, 14  тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт М-н У-д РД:/МФ000000/-д холбогдох, 

Эд хөрөнгөд учирсан хохирол 6,990,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.И--н /онлайн/, хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү, иргэдийн төлөөлөгч Ч.Түмэнбаяр, нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.И--н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг анх 2020 оны 06 сарын 21-ний өдөр гарсан. Хэрэг гардаг өдөр Улсболд надаас машинаа өгч байгаач гээд гуйгаад аваад явсан. 11 цагийн үед над руу яриад машиныг чинь онхолдуулчихлаа гэж хэлсэн. Түүнээс хойш Улсболдтой тохиролцож тохиролцоонд хүрч чадаагүй. Хэрэг гарснаас хойш бараг хагас жилийн хугацаанд унаа тэрэггүй, ажил төрлөө амжуулж чадахгүй асуудал маш их гарч байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэрэг шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэж байна. Одоо би тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 6,990,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагчийн зүгээс өмнөх шүүх хуралдаан дээр ярьсан зүйлээ л ярьж байна. Үнэлгээний байгууллагаас гаргасан энэ үнэлгээ нь бодитой үнэлгээ тул энэ үнэлгээнээс буулгах боломжгүй. Улсболд өөрөө хүний эд хөрөнгийг устгаж үгүй хийчхээд ямар нэгэн байдлаар санаа зовж эргээд холбогдох зүйл байгаагүй. Өмнө нь би уг нь 6,990,000 төгрөгийг багасгах боломжтой гэж байсан. Одоо бол энэ үнийн дүнг гаргуулна гэсэн шийдвэртээ бат зогсож үнэлгээг бууруулах хүсэлтийг хүлээж авч чадахгүй...” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Ч.Түмэнбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.И--н өөрийн эзэмшлийн машинаа М.Улсболдод бичиг баримт үйлдэлгүй шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад нэхэмжлэгч Б.И--н машинаа сэлбэгэнд  зарж борлуулсан. Хариуцагч М.Улсболд эд хөрөнгөд учруулсан хохирлоо төлж барагдуулах нь зүйтэй...” гэв.

 

         Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.И--н хариуцагч М.У-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 6,990,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн дагуу 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, эрх, үүрэгтэйгээ танилцсанаас хойш нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбарыг шүүхэд гаргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Мөн зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг хянан шийдвэрлэхээр заасан.

Хариуцагч М.У-д нь 2020 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 11 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сант сумын 2 дугаар багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймаг орох чиглэлийн хатуу хучилттай автозамын 77-78 дахь километрт Тоёота Приус-20 маркийн 12-49 УБП улсын дугаартай, нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолооч дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргасан нь зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 4 тоот шинжээчийн дүгнэлт, 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0020189 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба хэргийн үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.  /хх-5,7,86/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч М.Улсболд гэм хорыг арилгах үүрэгтэй.

Нэхэмжлэгч Б.И--н автомашинд учирсан хохирол 6,480,000 төгрөг, үнэлгээний төлбөр 304,000 төгрөг, замын зардал 200,000 төгрөг нэхэмжилсэн ба нийлбэр дүн 6,984,000 төгрөг болж байна.

Иргэн Б. Баянзул болон “Тайгын булаг Авто” ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота Приус-20 маркийн 12-49 УБП улсын дугаартай автомашиныг “Тайгын булаг Авто” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр фидуцийн гэрээ байгуулжээ. /хх-48/

Тоёота Приус-20 маркийн 12-49 УБП улсын дугаартай автомашины өмчлөгч нь нэхэмжлэгч Б.И--н мөн болох нь иргэн Б.Баянзулын шүүхэд гаргасан тодорхойлолт, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай фидуцийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч Б.И--н өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг шаардах эрхтэй байна. /хх-45,49/

Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК хийсэн ба үнэлгээгээр тогтоогдсон дүн 6,486,000 төгрөг байна. /хх-9/

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан байна.

Үнэлгээний байгууллага автомашиныг зах зээлийн жишиг үнийн болон өртгийн хандлагын аргыг ашиглан, солигдсон сэлбэгийг тухайн өдрийн ханшаар үнэлсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хохирлын үнэлгээ хэт өндөр тогтоогдсон гэх тайлбар үндэслэлгүй байх ба үүнтэй холбоотой нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар нэхэмжлэгч учирсан хохирлын эрсдэлээ өөрөө хариуцна гэж тайлбарлаж байгаа боловч хуулийн энэхүү зохицуулалт нь бусдад учирсан гэм хорыг тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч хариуцахаар заалт байна.

Нэхэмжлэгч Б.И--н үнэлгээний төлбөрт 304,000 төгрөг төлсөн болох нь 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна. /хх-27/

Нэхэмжлэлийн шаардлагаас замын зардалд 200,000 төгрөг зарцуулсан нь бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгийн болон илүү нэхэмжилсэн 6,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд хариуцагч М.У-с гэм хорын хохиролд 6,784,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.И-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 206,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн “...хариуцагчаас хохирол төлбөрийг гаргуулах нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг мөн харгалзан үзсэнийг дурдах нь зүйтэй.  

Хариуцагч Улсболдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй, өөрийн эзгүйд хэргийн хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. /хх-84/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,790 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 123,494 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.У-с гэм хорын хохиролд 6,784,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.И-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 206,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 123,494 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛГИРМАА

                              ШҮҮГЧ                                Г.САРАНТУЯА

                                                                          А.НАРАНТУЯА