Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/08

 

-

 

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч Д.Түмэнжаргал,

шүүгдэгч Д.Я, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Я-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ********** дугаар хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр *********** аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, ******** хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо ****** гудамж ** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Н овогт Д-ийн Я РД:(*************)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Я нь 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, *** гудамж, ** тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Г-той үл ялих зүйлээр шалтаглан маргаж улмаар түүний нүүрэн тус газарт хутга шидэж баруун хацарт шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1267 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

- Шүүгдэгч Д.Я-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй. Согтууруулах ундаа их хэрэглээгүй. Цаашид гэмт хэрэгт холбогдохгүй явж чадна. Гэмшиж байна. Гэм буруу дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Хохирогч Э.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр гудамж, ** тоот манай гэрийн ойролцоо байдаг зүс таних танилцсан залуугийн гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байтал миний таньдаг Я гэх эмэгтэй ирээд бид хэд цуг сууж байгаад Я “манайд очоод гэр барилцаад өгөөч” гэхээр нь “би хөлс мөнгийг нь өгөөрэй” гэхэд “яасан үнэтэй амьсгаа вэ” гээд байсан. Бид хоёр Я-ын гэр лүү хоёулаа цуг явсан. ...Я надад хандаж “чи усанд яваад ир” гэхэд нь би “ямар танай гэрийн боол уу” гэж хэлсэн чинь л Я миний баруун талын шанаа хэсэг рүү нэг юм аваад шидсэн чинь баруун талын шанаанаас цус гараад эхлэхэд Я миний цусыг дараад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

- Гэрч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...13 цагийн үед миний хүү Г над руу залгаад “Я гэх эмэгтэй хутга шидчихлээ, би үхлээ” гээд утсаар ярихаар нь би сандраад гэрийнхээ гадаа алхаад ирэхэд гэрийн гадаа Г-ийн баруун нүдний доор хамарны хажуу талд арьс ярагдчихсан, цус болсон, шинэ том шархтай байсан. ...Я гэх хүний гэр лүү очиход архи уучихсан, согтуу Монгол гэрийнх нь баруун урд талд газар цус болчихсон байсан. Тэр цусаа хүрзээр цэвэрлээд байж байсан. ...Г-ийг аваад эмнэлэг рүү яваад баруун нүдний доод талд нь 6 оёдол тавиулаад маргааш өдөр болох 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан. Би Г-той хамгийн сүүлд 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ хамт байсан. Гтой цуг байх үед биед нь ямар ч шарх, сорви, гэмтэл байгаагүй. Тухайн өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

- Гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр манай нөхөр Т нь - болон Я гэх хүмүүстэй архи хувааж уугаад сууж байсан. Би “та нар одоо айлд архи ууж болохгүй ш дээ” гэхэд Я надаас “уучлаарай” гэж хэлээд архи өгсөн. ...Г өврөөсөө 1 шил архи гаргаад ирсэн. ...Г, Я хоёр уг архийг аваад цуг манай гэрээс гараад явсан. ...Манай гэрт архи ууж байхад ...Гийн биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал)

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12573 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Э.Г-ийн биед баруун хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 37-39 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.Я нь 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, *** гудамж, ** тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Г-той үл ялих зүйлээр шалтаглан маргаж улмаар түүний нүүрэн тус газарт хутга шидэж баруун хацарт шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Э.Г-, гэрч Д.Н-, Д.С- нарын мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн 12573 дугаар дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Шүүгдэгч Д.Я нь хохирогч Э.Г-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Д.Я-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд гомдол саналгүй болохоо илэрхийлсэн /хавтаст хэргийн 14 дэх тал/ байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Я нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Д.Я-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж торгох ял оногдуулах”,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “450 нэгж торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн тус тус санал гаргасан.

Шүүгдэгч Д.Я-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 3 хүүхдийн хамт амьдардаг), бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч гомдол саналгүй гэсэн), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Д.Я-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

           

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Я нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.Я-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н овогт Д-ийн Я-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Шүүгдэгч Д.Я-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я-д оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Я нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.Я-д сануулсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Я-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР