Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 150/ШШ2021/00013

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг, Сайхан сумын засаг даргын /РД:9055185/ хүсэлттэй Б.Эрхэмбаярыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Болортуяа нар оролцов.

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Болортуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд сум хөгжүүлэх сангаас Баастын Эрхэмбаяр нь гурилын цех үйлдвэрлэл ажиллуулах зорилгоор зээл авсан байгаа. 2021 он хүртэл огт төлөлт хийгээгүй явсан. Овоотын 05А-07 тоотод оршин суудаг гэсэн багийн засаг даргын тодорхойлолт байгаа боловч хаяг дээрээ байхгүй гэсэн шалтгаанаар эрэн сурвалжлуулах ажиллагаа явуулахаар хүсэлт өгсөн байгаа. Үл хөдлөх хөрөнгийн барьцаа тавьсан Отгонтуяагийн ээж болох Отгожий гэдэг хүнтэй 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр холбогдсон. Тухайн үед холбогдоход би гарын үсэг зураагүй. Би үл хөдлөхийн талаар мэдэхгүй байна. Би хамтран зээлдэгч болоогүй гэсэн тайлбарыг өгсөн байгаа. Мөн тендерт явдаг жолооч нараас сураг тавихад Эрхэмбаярын эгч болох Мэндээгийн охины дугаарыг олж авсан. Тэгээд Баастын Эрхэмбаярын утасны дугаарыг аваад холбогдсон боловч завгүй байна гэдэг шалтгаан хэлсэн. Тэгээд буцаад холбогдоход утсаа аваагүй байгаа гэв.   

Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Сэлэнгэ аймаг, Сайхан сумын засаг дарга хариуцагч Б.Эрхэмбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

            Хүсэлт гаргагч Сэлэнгэ аймаг, Сайхан сумын засаг дарга нь хариуцагчаар оролцвол зохих этгээд  нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Овоот хорооллын 5а-7 тоотод оршин суугч Боржигон овогт Баастын Эрхэмбаяр /ТГ71052304/ нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Гурилын цех” байгуулах төсөл хэрэгжүүлэхээр 2.000.000 төгрөгийг 2017 оны 12-р сарын 25-ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгөөр авсан. Иргэн Б.Эрхэмбаяр нь зээлээ хугацаанд нь төлөөгүй, зээлийн үлдэгдэл 2.000.000 төгрөг, зээлийн хүү 180000 төгрөг, алданги 0 төгрөг нийт 2.180.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа боловч Б.Эрхэмбаяр нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2-р багийн 7-р байрны 12 тоот хаягтай оршин суудаггүй, түүний оршин суух газар тодорхойгүй, мэдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байна.  Б.Эрхэмбаяр нь Улаанбаатар хотод жолооч ажилтай гэх бөгөөд 95990577 дугаарын утастай,эгч Мэндээгийн охин 85757565 дугаарын утастай, төрсөн ах Б.Дүүрэнбаяр нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1-р баг 39,40-р байранд амьдардаг волейболын багш ажилтай, найз Отгонтуяа /РД:МФ01301010/-ийн ээж Н.Отгожий /РД:МЙ68100406/-нь 95610139 дугаарын утастай зэрэг мэдээллүүдийг дурдах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Овоот 2-р баг, Овоотын 5а-7 тоот хаяг оршин суух хаягтай, Боржигон овогт Баастын Эрхэмбаяр /РД:ТГ71052304/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Овоот 2-р баг, Овоотын 5а-7 тоот хаяг оршин хаягтай Боржигон овогт Баастын Эрхэмбаяр /РД:ТГ71052304/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

2.Хариуцагчаар оролцвол зохих Б.Эрхэмбаяр нь 95990577 дугаарын утастай, төрсөн ах Б.Дүүрэнбаяр нь Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 1-р баг, 39-40-р байранд оршин суудаг, волейболын багш ажилтай, эгч Мэндээгийн охин 85757565 дугаарын утастай, найз Отгонтуяа /РД:МФ01301010/-ийн ээж Н.Отгожий /РД:МЙ68100406/-нь 95610139 дугаарын утастай зэргийг  дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэх ба шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       А.НАРАНТУЯА