Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 150/ШШ2021/00014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Сарантуяа  даргалж,  шүүгч А.Нарантуяа, шүүгч Г.Алгирмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 9-18 тоотод оршин суух Боржигон овогт Алтангэрэлийн Ариунтуяагийн /РД:МЮ84010161/  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 9-24 тоотод оршин суух Булдаа овогт Дистийн Бадамсэрээжидэд  /РД:ТГ61122612/ холбогдох

Гэм хорын хохиролд 1.661.500 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Ариунтуяа, хариуцагч Д.Бадамсэрээжид, иргэдийн төлөөлөгч Б.Отгонтуяа  нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч  А.Ариунтуяа нэхэмжлэлдээ:

 Миний бие А.Ариунтуяа Сэлэнгэ Сайхан сумын 1-р багийн 9.18 тоотод оршин суугч 2020 оны 07.18-нд өглөө 639-д дээд айлаас ус алдсан болно. Ус алдалтын дуудлагыг миний бие өөрийн 91117467 дугаараас өгсөн. Гавшгай Ус ХХК-с засварчин Д.Баатар, Мөнхсайхан нар ирж доор подвалд хэрэглээний уснуудыг хаасан. Дээд давхар болох 9.21, 9.24 тоот айлууд эзэнгүй байсан. Үдээс хойш 4-н давхар, 3-н давхрын айлууд ирж 4-н давхар 9.24 тоот айлын 00 өрөөнд шугам цоорсон байсан. Гавшгай Ус ХХК-нд уг айл нь 2020.07.14-нд манайхаас ус алдаад байна гэсэн дуудлага Бадамсэрээжид гэдэг хүний эхнэр болох Сараа нь 99776386 дугаараас дуудлага өгөөд наадмын амралт таарсан учир 7.16-нд шугам янзална гэж Гавшгай-Ус ХХК нь рапортдоо бичсэн байсан. Мэдсээр байж уг айл янзлаагүйн улмаас 9.18 тоот болох манай гэрт 7.18-нд ус алдаж хохирол учруулсан. Би өөрийн байрандаа 6.24-нээс эхлэн засвар хийж 7 сарын 9-нд засварыг бүрэн дууссан байсан. Ингээд ус алдаж 7.19-нд буюу ням гаригт Дархан-Уул аймгаас “Ашид Билгүүн” ХХК дуудан үнэлгээ хийлгэж гаргуулсан болно.

Хохирлын хэмжээ 1,346,500

Дуудлагын хөлс 40,000

Үнэлгээний төлбөр 95,000

Коридор, жижиг өрөөний обойг дахин хуулж сольсон ширхгийн үнэ 45,000, обой 4ш, 180,000 төгрөгийн обой авч дахин засвар хийсэн. Иймд миний хохирол болох 1.661.500 төгрөгийг иргэн Бадамсэрээжид 9-24 тоотоос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Ариунтуяа  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ айл манай дээрээс ус алдсан. Би Ус суваг руу дуудлага өгч энэ айлд ороход эднийх эзгүй байсан. Тэгээд өдөр 12 өнгөрч байхад гэрт нь орж бүр байраар нь усыг нь хаасан. Манайх 14-нд дуудлага өгсөн байсан. 7 сарын 16-нд манай дээрээс ус алдсан байгаа. Ус алдсанаас хойш манай хүүхдүүд усанд орохоос айж байна. Ванны өрөөний шийд ямар ч тоггүй болсон. Ил утас татаж гэрэл тавьсан. Гэтэл тэр нь цахилгааны газардуулагч болсон юм шиг байгаа юм. Тэр нь масслаад тог цохиод байгаа. Одоо тэр цахилгааныг яаж янзалдаг юм байгаа юм мэдэхгүй байна. Таньдаг цахилгаанчин хүмүүсээ дуудаад янзлуулах гэхээр учир нь олдож өгөхгүй байгаа. Одоо би нэхэмжилсэн дүнгээрээ гаргуулна. Энэ нь Дарханы үнэлгээний компани дуудаж гаргуулсан үнэлгээ юм. Уг нь үнэлгээ нь 1,346,500 төгрөг гэж гарсан. Түүн дээр шүүхийн тэмдэгтийн хураамж 41,350 төгрөгийг бас нэмсэн. Мөн дахиж обой авч наасан зэрэг зардлуудаа нэмсэн байгаа. Манай бүх өрөө рүү ус орсон. Ус ороогүй өрөө байхгүй.Нэхэмжилсэн  дүнгээсээ улсын тэмдэгтийн хураамжийн дүнгээ хасахаар 1,661,500 төгрөг болж байгаа  гэв.

 

Хариуцагч  Д.Бадамсэрээжид  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн хэлж байгаа нь манай гэрээс биш дундын шугамаас ус алдсан юм. Энэ нь таван айлын дундаа эзэмшиж байгаа шугам юм. Миний эзэмшлийн шугамаас ус алдсан бол би төлөх нь зөв юм. Бас 14-нд дуудлага өгсөн гээд байна. Тэр өдөр би байгаагүй. Манай хүн хотоос ирсэн байж байсан. Тэгээд намайг явсны дараа дуудлага өгсөн юм байна лээ. Тэр шугамыг нь би дараа нь пиавр цагаан шугамаар янзалж өгсөн. Өнгөрсөн жил бас дээвэр дээрээс ус алдахад СӨХ-ийн байцаагч ирэхээр нь би байраа янзлуулна гэж хэлсэн юм. Тэгсэн чинь Ус сувгаас очиж үнэлгээ тогтоолгож ир гэдэг юм байна лээ. Энэ хүүхэд манай хоёр давхрын айл байгаа. Гурван давхрын айл мөнгө нэхээгүй байхад энэ хүүхэд намайг танаас болоод ийм юм болчихлоо гээд нэхээд байгаа юм. Эднийх засвар хийсэн гээд байгаа хийсэн ч юм уу үгүй ч юм уу мэдэхгүй байна. Уг нь би өдөр болгон л орж гарч байдаг хүн. Завсар хийж байгаа айл бол үүдэндээ хог цагаан шохой цуваад хогны машин дуудаж хог ачуулаад л андашгүй байдаг. Хэрвээ би гэртээ ариун цэврийн өрөөнөөс ч юм уу гал тогооноос ч юм уу ус алдсан бол хүлээн зөвшөөрөх байсан. Манай гэрээс ус алдаагүй. Дундын шугамаас ус алдсан. Тиймээс би хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Иргэдийн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Д.Бадамсэрээжид гэм буруутай байна гэв.

Шүүх хуралдаанд: 2020 оны 07-р сарын 18-ны өдрийн Гавшгай-Ус ХХК-ийн диспетчерийн тодорхойлолт, Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 07-р сарын 21-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, СӨХ болон засаг даргын тодорхойлолт,  Гавшгай ус ХХК-ийн тодорхойлолт, эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүд, зарлагын баримтууд, хариуцагчийн гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүд, айл өрхийн цэвэр бохир усны дуудлагын журнал, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт зэрэг нотлох баримтыг  талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ариунтуяа нь  4 давхрын айлаас ус алдаж түүний өмчлөлийн орон сууцанд гэм хор учруулсанд сууц өмчлөгч Д.Бадамсэрээжидийг буруутган түүнээс 1,661,500   төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.Бадамсэрээжид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн  зөвшөөрөхгүй, Сууц өмчлөгчийн холбоо хариуцна гэж маргаж байна.

Зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах байдал тогтоогдлоо.

2020 оны 07-р сарын 18-ны өглөө 6,39 цагаас эхлэн 9-24 тоот байрнаас ус алдаж 9-18 тоот байр луу нэвтэрч орсноор  тус байрны өмчлөгч А.Ариунтуяа Гавшгай ус ХХК-д дуудлага өгсний  дагуу засварчин ирж орон сууцны доод подвалд хэрэглээний усыг хааж ус алдалтыг зогсоосон нь  2020 оны 07-р сарын 18-ны өдрийн Гавшгай-Ус ХХК-ийн диспетчерийн тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл-Өргөө Сууц өмчлөгчдийн холбооны 2020 оны 07-р сарын 22-ны өдрийн 33 тоот албан бичиг,  нэхэмжлэгчийн гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтаар, /х.х-ийн 6, 8, 9-рт/

4 давхрын айл болох Д.Бадамсэрээжидийнхээс ус алдаж нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд 1.346.500  төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгө даатгалын хохирол үнэлгээний  Ашид билгүүн ХХК-ийн  тайлангаар  /х.х-ийн 11-15-рт/ тус тус нотлогдож байна.

А.Ариунтуяа нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 9-18 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь зохигчийн тайлбар, Ү-1310000192  дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 10-рт/

Дээрх үйл баримтын талаар талууд маргахгүй байгаа болно.

Үйл баримтад хийсэн эрх зүйн дүгнэлт:

Хариуцагч Д.Бадамсэрээжидийн 9-24 тоот орон сууцны  00 өрөөн дэх цоорч ус алдсан шугам  нь хариуцагчийн дангаар өмчлөх сууцны талбайд хамаарахгүй, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах  шугам болох нь  2020 оны 11-р сарын 17-ны өдрийн 109 тоот шинжээчийн  “... Сайхан сумын 1-р багийн 9-24 тоот айлын сантехникийн шугам сүлжээг очиж үзэхэд хэрэгцээний халуун усны босоо давхар хоорондын шугамд гэмтэл гарч ус алдсан шугам нь  Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1 дугаар зүйлийн 15.1.1-д заасан орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах шугам болох дүгнэлтийг гаргаж байна” гэсэн  дүгнэлтээр нотлогдож байна.  /х.х-ийн 54-рт/    

 Шинжээчийн дүгнэлтийг танилцуулахад талууд хүсэлт шүүхэд гаргаагүй болно.                                                                                                                                                                                                                                                                                                          

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д Сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 болон энэ хуульд заасан үүрэгтэй гэж заасан байна.

 Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.7-д  “ энэ хуулийн 148.2.4, 148.2.5-д заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан гэм хорыг арилгах” гэж  заажээ.  

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.4-д “дангаар өмчлөх хэсэгт байгаа дундын өмчлөлийн зүйлийн хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх зорилгоор нэвтрэн орохыг зөвшөөрөх,

Мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.5-д “холбоо хангамжийн шугам холбоог байрлуулахтай холбогдсон зайлшгүй харга хэмжээг хүлээн зөвшөөрөх” гэж тус тус заажээ.

Үүнээс үзэхэд сууц өмчлөгч  Д.Бадамсэрээжид нь дээрх хуульд заасан  үүргээ биелүүлээгүйгээс иргэн А.Ариунтуяагийн өмчлөлийн орон сууцанд гэм хорын хохирол учирсан гэх байдал тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд Б.Бадамсэрээжидийн дангаар өмчлөх орон сууцны талбайд хамаарахгүй, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах шугам цоорч  ус алдсанаас бусдад учирсан гэм хорын хохирлыг Б.Бадамсэрээжид хариуцах үндэслэлгүй гэж үзэж  А.Ариунтуяагийн  1,661,500   төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Иргэдийн төлөөлөгчийн хариуцагч Д.Бадамсэрээжидийг гэм буруутай гэх дүгнэлт хуулийн үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д  зааснаар нэхэмжлэгч А.Ариунтуяагийн   улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41.534  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1,  Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.7,   497 дугаар зүйлийн 1,  510 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлгүй тул   А.Ариунтуяагийн  Д.Бадамсэрээжидээс гэм хорын хохиролд 1,661,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д  зааснаар нэхэмжлэгч А.Ариунтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41.534  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц   хүчинтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г. САРАНТУЯА                            

                                       ШҮҮГЧИД                          А.НАРАНТУЯА                                                     

                                                         Г.АЛГИРМАА