Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 132/ШШ2021/00029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг ... од оршин суух, Ш овогт Г.Ц- ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, ...од оршин суух, С овогт Д.Н ,

Хариуцагч: Булган аймаг, ...од оршин суух, М овогт  Б.О   нарт холбогдох 12.559.880 /арван хоёр сая таван зуун тавин есөн мянга найман зуун ная/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00910/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ц, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, гэрч Х.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ц  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н , Б.О  нар нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Капитал банкинд барьцаалагдсан хашаа, байшин маань шүүхэд хураагдах гээд байгаа тул капитал банкны Д.Н гийн нэр дээрх 4.495.000 төгрөг, Б.О ийн нэр дээрх 10.106.000 төгрөг нийт 14.601.000 /арван дөрвөн сая зургаан зуун нэг мянга/ төгрөгийн зээлийг хаалгаж, хоёр өдрийн дотор цалингийн зээлээ аваад буцааж төлнө гээд өдрийн хоёр хувийн хүүтэй гэрээ хийсэн. Хоёр өдрийн дараа хариуцагч Д.Н  5.445.000 төгрөг шилжүүлсэн. Ярьсан ёсоороо 400.000 төгрөгийг хүүнд авч 14.601.000 төгрөгөөс үлдсэн мөнгийг хасч 9.740.000 төгрөг үлдсэнийг О ийн цалингийн зээл гарахаар өгнө гэсэн. Хариуцагч О ийн цалингийн зээл гарахгүй 1 сар болсон учраас нэг сарын дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр  найман хувийн хүүтэй зээлийн гэрээг нөхөж байгуулсан. Хариуцагч нар нийтдээ 14.785.000 /арван дөрвөн сая долоон зуун наян таван мянга/ төгрөгийн хүү төлсөн.  

Эдгээр хүмүүсийн үгэнд хууртаж 1 жил явлаа. Эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдүүлэх гэсэн боловч татгалзсан тул миний үндсэн мөнгө 12.559.880 /арван хоёр сая таван зуун тавин есөн мянга найман зуун ная/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч Д.Н , Б.О  бид эхнэр нөхөр билээ. Анх бид Г.Ц гаас 14.601.000 төгрөг авч зээл хаалгасан нь үнэн. Би зээл хаалгасанаас хойш 2 хоногийн дараа 5.445.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн. Харин эхнэр О ийн зээл гараагүй удсан учраас  үлдсэн мөнгийг нь цувуулж өгсөн.

Нэхэмжлэгч Г.Ц д үндсэн мөнгөө бүрэн төлсөн. Хүүнд ч мөнгө өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл төлж барагдуулсангүй гэжээ. Б.О ийн Төрийн банкны ************ тоот дансаар 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Г.Ц гийн Хаан банкны ************ тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр 9.340.000 төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 5.450.000 төгрөг нийт 14.790.000 төгрөг төлж барагдуулсан байгаа.

... Г.Ц  бид нарын хооронд зээлийн гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгчээс авсан мөнгөө бүгдийг төлж дууссан.

Иймд Г.Ц гийн нэхэмжлэлтэй, Д.Н , Б.О  нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ц  нь хариуцагч Д.Н , Б.О  нарт холбогдуулан 12.559.880 /арван хоёр сая таван зуун тавин есөн мянга найман зуун ная/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч,  нэхэмжлэгчээс авсан мөнгөө бүгдийг төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргажээ. 

Нэхэмжлэгч Г.Ц  нь хариуцагч Д.Н , Б.О  нарт 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 14.601.000 /арван дөрвөн сая зургаан зуун нэг мянга/ төгрөгийг зээлүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэргийн 5 дугаар хуудсанд  авагдсан капитрон банкны орлогын мэдүүлэгийн хуулбараар тогтоогдож байна. 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэсэн байх тул зохигчийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна. 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, өдрийн хоёр хувийн хүүтэй зээлийн гэрээ бичгээр байгуулсан гэдэг.  Гэвч нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан, хоёр хувийн хүүтэй зээлийн гэрээг хэрэгт нотлох баримтаар өгөөгүй байх тул нэхэмжлэгч хариуцагч нараас хүү нэхэмжлэх эрхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож, хүү тогтоож болно гэж заасан боловч 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт ... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

Иймээс зохигчийн хооронд байгуулсан хоёр хувийн хүүтэй 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, хоёр хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан гэдгээ нэхэмжлэгч нотлоогүй учир нэхэмжлэгч Г.Ц  нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч нарт зээлүүлсэн 14.601.000 /арван дөрвөн сая зургаан зуун нэг мянга/ төгрөгт хүү авах эрхээ алдсан байна. 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нараас нийт 14.785.000 /арван дөрвөн сая долоон зуун наян таван мянга/ төгрөгийг авсан гэдэг бөгөөд 14.785.000 /арван дөрвөн сая долоон зуун наян таван мянга/ төгрөгийг хариуцагч нар нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь хэргийн 93-96, 98-100-р хуудсанд авагдсан Д.Н , Б.О  нарын Депозит дансны харилцагчийн монгол хуулганы хуулбар, Б.О ийн хаан банкны  Депозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбар, ХААН банкны шилжүүлэгийн хуулбаруудаар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч Г.Ц  нь хариуцагч нартай зээл өгсөн хугацаанаас хойш 1 сарын дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр найман хувийн хүүтэй зээлийн гэрээг нөхөж байгуулсан. Энэхүү зээлийн гэрээнийхээ дагуу үндсэн мөнгө  12.559.880 /арван хоёр сая таван зуун тавин есөн мянга найман зуун ная/ төгрөг нэхэмжилж байна гэдэг. Хэрэгт усанд норсон гэх 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэсэн он, сар, өдөртэй зээлийн гэрээг өгсөн. Энэхүү гэрээг шүүх нотлох баримтаар үнэлэхгүй. Учир нь: Дээрх гэрээг нэхэмжлэгч  14.601.000 төгрөгийг хариуцагч нарт зээлүүлсэн өдрөө байгуулаагүй болох нь нэхэмжлэгчийн зээл өгсөнөөс хойш 1 сарын дараа зээлийн гэрээ нөхөж хийсэн гэх тайлбар, гэрчийн мэдүүлэгээр тогтоогдож байна. Зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар тухай зээлийн зүйлийг шилжүүлсэнээр байгуулагдах ёстой тул зохигчийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 14.601.000 төгрөгийн зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байх тул нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар өгсөн усанд норсон гэх гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхгүй.

Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд зээлдэгч нар зээлдүүлэгчээс авсан 14.601.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 215.908 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Н , Б.О  нараас 12.559.880 /арван хоёр сая таван зуун тавин есөн мянга найман зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Ц гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 215.908 /хоёр зуун арван таван мянга есөн зуун найм/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ХИШИГДЭЛГЭР