Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 01591

 

          Ц.У-гийн нэхэмжлэлтэй,

             иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01901 дүгээр шийдвэртэй, Ц.У-гийн нэхэмжлэлтэй, И Олон Улсын их сургуульд холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 959 030 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 03102 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ц.У-г И Олон Улсын их сургуулийн Санхүү эдийн засгийн сургуулийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, 4 670 120 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,  ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон. Ц.У намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг шүүхээс тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч буюу Их засаг Олон улсын их сургуулиас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй. Миний сарын үндсэн цалин 826 400 төгрөг байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гарсан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажлын нийт 4 сар 18 хоног буюу 107 хоногоос нийтээр амрах өдрүүдийг хасч нийт ажлын 103 хоногийн цалин 3 959 030 төгрөгийг ажилгүй байсан хугацааны олговорт Их засаг Олон улсын их сургуулиас гаргуулах нь зүйтэй. Миний бие И Олон улсын их сургуулиас энэхүү ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөн олгож өгөх талаар хүсэлт гаргасан боловч одоог хүртэл байна. Иймд И Олон улсын их сургуулиас ажилгүй байсан хугацааны олговорт 3 959 030 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.У-г ажилд нь эргүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрийг бид Улсын дээд шүүхэд гомдол гаргах боломжтой байсан боловч залуу хүнийг нэг алдсан дээр нь бүрмөсөн түлхээд яахав гэж зөвлөлдөөд Санхүү, Эдийн засгийн сургуульд багшийн орон тоо байхгүй байсныг үл харгалзан ажилд нь буцаан авсан. Гэтэл ажилд ороод хэдхэн хонохдоо бидэнд мэдэгдэлгүйгээр хүсэлт гаргалгүй дахин ажил олгогчоос мөнгө нэхэмжилж шүүхэд хандсан нь манай сургуулийн бизнесийн нэр хүндэд ноцтой халдсан хэрэг боллоо. Тэрээр нэхэмжлэлдээ ...ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөж олгох талаар хүсэлт гаргасан боловч амаар өгөхгүй гэдгээ илэрхийлсэн” гэж шүүхэд худал мэдүүлснийг үндэслэн шүүх иргэний хэрэг үүсгэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т зааснаар нэхэмжлэгч хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй ч тэрээр худал мэдээлэл шүүхэд гаргасан. ”И” сургуулийн өргөдөл, гомдол, хүсэлттэй холбоотой асуудлыг би  хариуцдаг ба мөнгө хүссэн хүсэлтийг бичгээр гаргаж надад хандах ёстой, би хэрэв үндэслэлтэй гэж үзвэл санхүүд цохолт хийж гаргадаг журам үйлчилдэг. Гэтэл Ц.У хэнтэй уулзсан нь мэдэгдэхгүй, бичгээр хүсэлт гаргаагүй атлаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ худал бичсэн нь багшаар ажиллах ёс зүйгүй нь харагдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т  ...шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Магадгүй Ц.У-г бичгээр хүсэлтээ бичгээр гаргасан бол хүсэлтийг нь хангах эсэх талаар ярих боломжтой байсан. Би нэхэмжлэлийн талаар 2018 оны 04 дүгээр сарын 09-нд шүүхээс мэдсэн. Хэрэв Ц.У цаашид И Олон улсын Их сургуульд ажиллах хүсэлтэй байгаа бол уучлал гуйгаад бичгээр хүсэлтээ гаргаад ирвэл дээрх мөнгийг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн нь илтэд байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.       

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч И Олон улсын их сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 959 030 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.У-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И Олон улсын их сургуулиас 78 300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.У-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагуй учир гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүхийн 03102 дугаар шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн 15 дугаартай магадлал хүчин төгөлдөр болсон талаар хариуцагч тал маргаагүй гэж анхан шатны шүүх дүгнэжээ. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч миний бие дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дээрх шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргасныг хүсэлтдээ дурдсаар байтал дээрх байдлаар дүгнэснийг гайхаж байна. Анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 28-нд миний бие тус шүүхэд нотлох баримт гаргуулахтай холбоотой шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан байхад уг хүсэлтэд дурдсан нөхцөл байдлын талаар дурдаагүй нь байна.

Нэхэмжлэгч Ц.У нь их дээд сургуульд багшлах эрхийн гэрчилгээгүй, багш биш атлаа хууль бус нэхэмжлэл гарган байгууллагаас дахин дахин мөнгө нэхэмжилж байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа талаар дурдаж энэ талын зарим баримтуудыг хавсаргаж хүргүүлсэн. Ц.У нь их дээд сургуульд багшлах эрхийн гэрчилгээгүй бөгөөд энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс лавлагаа авахуулах шаардлагатай, лавлагаа иртэл шүүх хуралдааныг түр хойшлуулах, шүүх хуралд биечлэн оролцох талаар бичсээр байхад зориуд эзгүйчлэн хийж мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчиж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа.

2. И Олон Улсын Их сургуулийн дэргэд Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдсан бөгөөд Ц.У сургуулийн захиргаанд болон уг комисст хандаж бичгээр хүсэлт, гомдол ирүүлээгүй шууд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "...амаар мөнгө өгөхгүй гэдгээ илэрхийлсэн учир" гэж тайлбарласныг анхан шатны шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь анхнаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Манай сургуулийн хэн гэдэг албан тушаалтантай уулзаж хүсэлт гаргасан талаар дурдаагүй. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг илтэд зөрчиж шүүхийг хуурсан атал нэхэмжлэлийг шууд хүлээн авч шийдвэрлэж байгаа нь анхнаасаа шүүх нэг талд үйлчлэх гэсэн санаархал тодорхой харагдаж байна. Зүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэрэв нэхэмжлэгчийн дээрх худал үгэнд итгээд хүлээн авсан ч мөн хуулийн 117 дугаар зүйлд зааснаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас шалгагдаж байгаа, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өмнөх хууль бус шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж байхад зориуд хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Ц.У хариуцагч И Олон Улсын Их сургуульд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 959 030 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03102 дугаар магадлалаар нэхэмжлэгч Ц.У-г И Олон Улсын Их сургуулийн Санхүү, эдийн засгийн сургуулийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 670 120 төгрөгийг олгож,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шийтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч И Олон Улсын Их сургуульд даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх 4-8/

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Ц.У-г ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэдэг нь тогтоогдсон, уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй болно.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажил олгогч дээрх шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.

Ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацаа гэдэгт өмнөх шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ажил олгогч уг шийдвэрийг биелүүлж, ажилтныг ажилд авах хүртэл хугацаа хамаарна.

Иймээс анхан шатны шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид цалин олговор олгохоор тогтоосон хугацаанаас хойш буюу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх, ажилгүй байсан хугацааг 4 сар 18 хоногоор тооцож, урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 3 959 030 төгрөгийг хариуцагч И Олон Улсын их сургуулиас гаргуулж нэхэмжлэгч Ц.У-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан нотлох баримт гаргуулахтай холбоотой шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж давж заалдах гомдол гаргасан бөгөөд шүүх 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-т 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн, хариуцагч нь шүүх хуралдааны товыг хүлээж аваад хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул гомдлыг хангахгүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг нэхэмжлэгч зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01901 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

                                                       ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                   Д.БАЙГАЛМАА