Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/33

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн /онлайнаар/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Туул,

шүүгдэгч Ү.Мөнхсоёл, Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ү.Мөнхсоёлд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2115001450305 дугаартай, 163/2023/0064/Э индекстэй хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Манхилэн овогт Үржингийн Мөнхсоёл, Булган аймгийн Хангал суманд 1981 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Хялганат тосгоны Моносын задгай 2-2 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 43 настай, эмэгтэй, РД: ФЖ81021209.

Монгол Улсын иргэн, Хөвдүүд овогт Цэдэвийн Уранчимэг, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт 1974 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Хялганат тосгоны Үйлдвэрийн 405 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, уран хатгамалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 50 настай, эмэгтэй, РД: ХЙ74013101.

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Нарангэрэлийн Даваасүрэн, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт 1973 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны ** дүгээр байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, оёдлын технологич мэргэжилтэй, Улаанбаатар хотод “**” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 50 настай, эмэгтэй, РД: Х373040207.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Ү.Мөнхсоёл нь Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Галсан хайлантай”, “Их хайлантай” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр Байгалийн ургамлын тухай хуулиар ховор ургамлын жагсаалтад багтсан Майлзтан овгийн Жиргэрүү төрөлд багтах “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлын үндэс 43.200 килограммыг /хуурай цэвэр жин/ түүж бэлтгэн Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Нарсны задгай 2-2 тоотод байрлах өөрийн байшинд хадгалсны улмаас байгаль экологид 9.378.720 төгрөгийн шууд хохирол учруулсан, 46.893.600 төгрөгийн шууд бус хохирол учруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч Ц.Уранчимэг нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Н.Даваасүрэнтэй урьдчилан үгсэн тохиролцож гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн ховор ургамлын төрөл Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс худалдан авах зорилгоор Ү.Мөнхсоёлыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж бэлтгэх, хадгалах гэмт хэрэгт татан оруулж, хөлсөлж 6.500.000 төгрөг шилжүүлэн өгсний улмаас Ү.Мөнхсоёл нь 2021 оны 07 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Галсан хайлантай”, “Их хайлантай” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр Байгалийн ургамлын тухай хуулиар ховор ургамлын жагсаалтад багтсан Майлзтан овгийн Жиргэрүү төрөлд багтах “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлын үндэс 43.200 килограммыг /хуурай цэвэр жин/ түүж бэлтгэн Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Нарсны задгай 2-2 тоотод байрлах өөрийн байшинд хадгалсан гэмт хэргийн улмаас байгаль экологид 9.378.720 төгрөгийн шууд хохирол учруулсан, 46.893.600 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч Н.Даваасүрэн нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ц.Уранчимэгтэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн ховор ургамлын төрөл Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс худалдан авах зорилгоор Ү.Мөнхсоёлыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж бэлтгэх, хадгалах, худалдан авах гэмт хэрэгт татан оруулж, хөлсөлж 6.500.000 төгрөг шилжүүлэн өгсний улмаас Ү.Мөнхсоёл нь 2021 оны 07 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Галсан хайлантай”, “Их хайлантай” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр Байгалийн ургамлын тухай хуулиар ховор ургамлын жагсаалтад багтсан Майлзтан овгийн Жиргэрүү төрөлд багтах “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлын үндэс 43.200 килограммыг /хуурай цэвэр жин/ түүж бэлтгэн Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Нарсны задгай 2-2 тоотод байрлах өөрийн байшинд хадгалж байгаль экологид 9.378.720 төгрөгийн шууд хохирол учруулсан, 46.893.600 төгрөгийн шууд бус хохирол учруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2115001450305 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ү.Мөнхсоёл нь Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Галсан хайлантай”, “Их хайлантай” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүү буюу saposhnikovia divaricate ургамлын үндэс 43.2 /хуурай цэвэр жин/ килограммыг түүж бэлтгэн Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Нарсны задгай 2-2 тоотод байрлах өөрийн амбаарт хадгалсан,

Ц.Уранчимэг нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Н.Даваасүрэнтэй урьдчилан үгсэн тохиролцож гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн ховор ургамлын төрөл Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс худалдан авах зорилгоор Ү.Мөнхсоёлыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж бэлтгэх, хадгалах гэмт хэрэгт татан оруулж, хөлсөлж 6.500.000 төгрөг шилжүүлэн өгсний улмаас Ү.Мөнхсоёл нь 2021 оны 07 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Галсан хайлантай”, “Их хайлантай” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүү буюу saposhnikovia divaricate ургамлын үндэс 43.2 /хуурай цэвэр жин/ килограммыг түүж, бэлтгэн Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Нарсны задгай 2-2 тоотод байрлах өөрийн амбаарт хадгалсан,

Н.Даваасүрэн нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ц.Уранчимэгтэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн ховор ургамлын төрөл Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс худалдан авах зорилгоор Ү.Мөнхсоёлыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж бэлтгэх, хадгалах, худалдан авах гэмт хэрэгт татан оруулж, хөлсөлж 6.500.000 төгрөг шилжүүлэн өгсний улмаас Ү.Мөнхсоёл нь 2021 оны 07 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Галсан хайлантай”, “Их хайлантай” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүү буюу saposhnikovia divaricate ургамлын үндэс 43.2 /хуурай цэвэр жин/ килограммыг түүж бэлтгэн Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Нарсны задгай 2-2 тоотод байрлах өөрийн амбаарт хадгалж байгаль экологид 9.378.720 төгрөгийн шууд, 46.893.600 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримтууд, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Мөнхсоёлын өгсөн: 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ц.Уранчимэгийн гэр манай гэртэй ойрхон байдаг болохоор орсон. Тэгээд бид хоёр ойр зуурын юм ярьж сууж байхад Уранчимэг нь үндэс олох хэрэгтэй байна, найз Давкад 200-300 кг ургамлын үндэс хэрэгтэй болсон гэнэ, олоод өгөөч гэсэн. 200-300 кг ургамлын үндсийг олоод өгөх юм бол кг тутам 2000 төгрөг нэмж худалдаж авна гэж байна, чи олох боломжтой юу гэж хэлсэн. Тэгээд надруу маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр сүү, махны мөнгө гэж 2 удаа тус бүр 1.000.000, 1.000.000 төгрөгийг Уранчимэг шилжүүлсэн. Тэгээд би тухайн ургамлын үндсийг түүхээр болж, эхлээд Галсан хайлантай цаашаагаа Их хайлантай гэх газраар явж ургамлыг түүсэн гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Уранчимэгийн өгсөн: Ү.Мөнхсоёлын ярьсан зүйлийг сонслоо. Би гайхаж бас шоконд орлоо. Гэхдээ би тухайн үед болсон үйл явдлыг яръя. 2021.07.28-ны орой 18 цагийн алдад миний утас дуугараад цагдаагаас яриад Мөнхсоёл гэдэг хүн бид нарт баригдсан, та яаралтай ирж мэдүүлэг өг гэсэн. Тэр үед гэрт маань олон жоохон хүүхэд, жирэмсэн дүү маань байсан ба би хувцас хунараа угааж байсан. Тэгээд би за маргааш очъё доо гэж бодоод юмаа хийгээд байж байтал зогсоо зайгүй залгаад та яг одоо ирэх шаардлагатай гэж дуудаад байхаар нь 19 цаг өнгөрөөд цагдаагийн кабон дээр очсон. Тэгээд яваад ортол тэр байцаагчийн өрөөн дотор дүүрэн шуудайтай, их айхтар ихүүн муухай үнэртэй юмнууд байсан. Тэгэхэд Доржсүрэн гэх байцаагч байсан бөгөөд Мөнхсоёл гэх хүн баригдлаа, та нарын бүлэг хэргийг бид илрүүллээ гэж хэлсэн. Тэгэхэд нь би их гайхаж цочирдсон. Надад эрх, үүрэг тайлбарлаад өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөх үү гэж асуухад нь би өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхгүй, гарын үсэг зур гэхээр нь зурахгүй гэж хэлсэн. Би тухайн үед барьц алдсан. Намайг тэр байцаагч их айлгаж ичээж байсан. Би тэр шуудайтай зүйлийн үнэрээс болж дотор муухайраад гарч агаар амьсгалаад эргэж орж ирээд мэдүүлэг өгч байсан. Тэр үед Мөнхсоёл манайд орж ирээд найз нь машинтай болох гэсэн юм, мөнгө олоод өгөөч гэж гуйж байсан. Тэгэхэд нь би надад мөнгө байхгүй, миний найз Даваасүрэнд мөнгө байж магадгүй, би асуугаад өгье гэж хэлж байсан. Түүнээс биш би Мөнхсоёлын гэр рүү ойр ойрхон ороод мөнгө зээлүүлье, мөнгө олоод өгье гэж хэлээгүй. Мөнгө хэрэгтэй хүн нь Мөнхсоёл байсан. Мөнхсоёл манайх руу байн байн орж ирээд мөнгө олоод өгөөч гуйдаг байсан. Би мах, сүү, халиар зэрэг ахуйд хэрэглэдэг ойр зуурын хүнсээ Мөнхсоёлоор олуулж авдаг байсан. 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Мөнхсоёл руу мөнгө хийхдээ гүйлгээний утгаа юу гэж хийх үү гэж асуухад мах, сүүний мөнгө гэж хийгээрэй гэж Мөнхсоёл өөрөө хэлсэн болохоор нь би тэгж бичээд гүйлгээ хийсэн юм. Дараа нь Даваасүрэнгээс орж ирсэн мөнгийг Давкагийн мөнгө, зээл гэж бичээд гүйлгээ хийсэн юм. 2021.07.28-ны өдрийн өглөө Мөнхсоёл над руу зогсоо зайгүй залгаад мөнгө олоод өгөөч гээд байсан. Тэгээд би Даваасүрэн рүү яриад Мөнхсоёл надаас зогсоо зайгүй мөнгө гуйгаад байна, чи мөнгө хийгээд өгчихөөч гэж хэлэхэд 2021.07.28-ны өглөө 2.000.000 төгрөгийг хийсэн байсан. Гэрчээр Ү.Мөнхсоёлын нөхөр Найдангаас мэдүүлэг авсан мөртлөө яагаад манайд байсан жирэмсэн дүүгээс маань мэдүүлэг аваагүй юм болоо гэж би одоо болтол гайхдаг. Хэрвээ мэдүүлэг авсан бол үйл явдлын талаар мэдэж байсан хүн юм. Эд мөрийн баримтад дахин үзлэг болоход би хүмүүстэй цуг орсон. Тэгэхэд би 22 шуудайтай ургамал орж ирэх болов уу гэхэд 6 шуудайтай юм орж ирсэн. Гайхаад Мөнхсоёлоос энэ танайхаас хураагдсан зүйл мөн юмуу гэж асуухад Мөнхсоёл ч бас мэдэхгүй байсан. Анхны шинжээчийн дүгнэлтэд уг ургамлыг ялзарч муудсан гэсэн байсан тул тийм ургамал гарч ирэх болов уу гэтэл сайтар хатаагдсан нэг нэг ширхгээрээ салангад үндэс мэт зүйл гарч ирсэн. Муудсан дагтаршсан зүйл огт байгаагүй их гайхаж байна. Энэ Ү.Мөнхсоёлын гэрээс хурааж авсан ургамал мөн үү гэдэгт би их эргэлзэж байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Даваасүрэнгийн өгсөн: 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр найз Ц.Уранчимэг маань надад мөнгө зээлээч гэхээр нь найздаа итгэсний үүднээс 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 14 минутад сүүний мөнгө гэсэн утгатай 1.0 сая төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 40 минутад сүү 1.0 сая төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 19 минутад мах гээд 2.5 сая төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өглөө 08 цаг 03 минутад үхрийн мах гээд 2.0 сая төгрөг, нийт 6.5 сая төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед найз Уранчимэг маань 6.0-7.0 сая төгрөг байвал зээлээч гэж хэлсэн. Би Ц.Уранчимэгт яагаад мөнгө зээлсэн бэ гэхээр миний найз чинь Монгол Улсын уран хатгамалч хүн бөгөөд цор ганцад тооцогдох бүтээл хийдэг. Би Уранчимэгээс ямар ч үед юу ч захиалж хийлгээд зээлүүлсэн мөнгөндөө тааруулаад авах боломжтой. Мөнгө зээлээч гэхээр нь юм оёх бараа материалаа авна гэж бодсон. Цаашаагаа өөр хүнд мөнгө өгнө гэж ерөөсөө бодоогүй. Ц.Уранчимэг нь надаас мөнгө зээлэхээрээ 2-3 сарын дотор эргүүлээд боломжоороо өгчихдөг. Болохгүй бол би хийсэн бүтээлийг нь аваад хүнд зараад мөнгө болгочихдог. Тийм учраас Уранчимэгийг найдвартай хүн учраас мөнгө зээлүүлэхийг боддог. Мөнгөний шилжүүлгийн утгыг яагаад сүү, мах гэж хийсэн бэ? гэхээр банкнаас зээл авахын тулд үйл ажиллагаа эрхэлж орлого олдог юм шиг харагдахын тулд тэгж хийсэн юм. Ү.Мөнхсоёл анхны мэдүүлгээсээ авахуулаад 6.5 сая төгрөг бол ургамал захиалсан мөнгө гэж хэлээд байна. Тэгвэл би 200-300 кг ургамал авлаа гэж бодоход Мөнхсоёлын тооцоолсноор уг ургамлын зах зээлийн ханш нь 1 кг 10.000 төгрөг гэж үзвэл, дээр нь 1000-2000 төгрөг нэмж авлаа гэж бодоход дээд тал нь 2.5-3.3 сая төгрөг өгөх байсан байна. Гэтэл 6.5 сая төгрөгийг би өөрөө ч мэдэлгүй өгсөн гэж үзээд байгаа нь үндэслэлгүй байна. Ямар нотлох баримтаар намайг ингэж буруутгаад байгаа нь тодорхойгүй, тогтоогдохгүй байна. Би хэзээ ч танихгүй хүн рүү мөнгө шилжүүлэхгүй. Нэг хүн 3 өдрийн дотор 177.9 кг ургамлыг хэзээ ч түүхгүй. Би өөрөө хүртэл уг ургамлыг түүсэн гэх газарт очиж ургамал авахаар ухаж үзсэн боловч маш хэцүү байсан. Яагаад гэхээр нь намайг ийм хэрэгт буруутгаад байгаа учир өөрөө очиж туршилт хийж үзсэн. Маш их цаг хугацаа ордог юм билээ. Уг 177.9 кг ургамал нь үнэхээр байгалийнх мөн юм уу?, биш юм уу?, эсхүл таримал юм уу? гэдгийг тодруулах гэхэд авч хэлэлцээгүй өдий хүрлээ. Ургамалд дахин үзлэг хийх ажиллагаанд би оролцоогүй ба Уранчимэг, Мөнхсоёл хоёр оролцсон. Дараа нь манай гэрээс хураагдсан зүйлээс арай өөр байна, өөрчлөгдсөн байна гэж Мөнхсоёл хэлсэн гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд:

1. ...Булган аймгийн Сэлэнгэ сумын 3-р баг Галсан хайлантай гэх газар байх бөгөөд Ү.Мөнхсоёлын гэрээс 3.7 км замд ертөнцийн зүгээр баруун хойд зүгт байв. Уг газар нь битүү өвс, ургамлаар бүрхэгдсэн газар байх бөгөөд ... гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 дүгээр хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

2. 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Ү.Мөнхсоёлын орон байранд нэгжлэг хийсэн: ...Уг байшингийн гол хэсэгт 22 ширхэг шуудайтай болон гялгар уутанд савлагаатай ховор ургамлууд байх ба уг 22 ширхэг савалгаатай ургамлуудыг жин хэмжигчээр хэмжиж үзэхэд нийт 177.9 кг байсныг Самсунг маркийн гар утсаар зураг дуу, дүрсний бичлэг болгон бэхжүүлэв гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 25-29 дэх тал/,

3. Иргэний нэхэмжлэгч Б.Бямбаагийн өгсөн: Би Сэлэнгэ сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай. Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс Үржин овогтой Мөнхсоёл нь ховор ургамлын жагсаалтад орсон “Дэрэвгэр жиргэрүүгийн үндэс” бэлтгэн хадгалж байсан. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Байгаль экологид учирсан хохирлоо нэхэмжилнэ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

4. Гэрч Л.Найдангийн өгсөн: ...Манай эхнэр Ү.Мөнхсоёл нь ажил хийдэггүй. Ү.Мөнхсоёл хавар халиар, зун намар жимс ногоо түүж худалдан борлуулж мөнгө олдог юм. ...Ганцаараа түүсэн гэсэн. Даваасүрэн, Уранчимэг нарт түүж өгөх гэж байсан гэж ярьж байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

5. Гэрч Г.Хандсүрэнгийн өгсөн: Би Сэлэнгэ сумын 3, 4-р багийг хариуцсан байгаль хамгаалагчийн ажил хийдэг. Энэ ажлаа 9 дэх жилдээ хийж байна... Булган аймгийн Сэлэнгэ сумын Галсан хайлантай, Их хайлантай гэх газруудад Дэрэвгэр жиргэрүү төрлийн ургамал ургадаг... элбэг ургадаг. Тухайн ургамлыг иргэд бусад ургамлаас ялгаж таних боломжтой нэг харсан мэддэг болсон хүн бол бусад ургамлаас ялгаж танихад хялбар. Өдөрт нэг хүн түүхэд хүн хүнээсээ шалтгаалдаг. Багаар бодоход 30, 40 кг түүх боломжтой гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 172-173 дахь тал/,

6. Гэрч А.Одсүрэнгийн өгсөн: Би хэзээ гэдгээ санахгүй байна. Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Хялганат тосгоны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Бат-Эрдэнийн хамт Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутгаас хүмүүс дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж байж магадгүй гээд эргүүл хийж байсан. Тухайн ургамал нь манай багийн нутгаар элбэг ургадаг юм гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 83 дахь тал/,

7. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ургамалд дахин үзлэг хийсэн: Нэг шуудайг сонгож жинлэхэд 130 гр болов. Уг шуудайд 1 дугаартай ургамлыг шилжүүлэн хийж жинлэхэд 6.160 кг байв. 2 дахь шуудайтай ургамлыг шуудайд зөөж жинлэхэд 3.605 кг, 3 дахь шуудайтай ургамлыг шуудайд зөөж жинлэхэд 4.780 кг, 4 дэх шуудайтай ургамлыг шуудайд зөөж жинлэхэд 14.125 кг, 6 дахь шуудайтай ургамлыг шуудайд зөөж жинлэхэд 6.025 кг, 5 дахь шуудайтай ургамлыг шуудайд зөөж жинлэхэд 3.815 кг, 7 дахь шуудайтай ургамлыг шуудайд зөөж жинлэхэд 5.600 кг байв.... 1 дэх шуудайнаас гаргаж авсан 1 дугаартай хог хаягдлыг гялгар уутны хамт жинлэхэд 810 гр, 2 дахь шуудайнаас гаргасан 2 дугаартай хог хаягдлыг гялгар уутны хамт жинлэхэд 425 гр, 3 дахь шуудайны хог хаягдлыг гялгар уутны хамт үзэхэд 595 гр, 4 дэх шуудайны хог хаягдлыг гялгар уутны хамт үзэхэд 755 гр, 5 дахь шуудайны хог хаягдлыг гялгар уутны хамт үзэхэд 420 гр, 6 дахь шуудайны хог хаягдлыг гялгар уутны хамт үзэхэд 505 гр болж байв гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 73-76 дахь тал/,

8. Үзлэгийн тэмдэглэлийн дагуу ургамлын жинг тогтоосон: Цэвэр жин бүгд 43.200 кг, хог шорооны жин нэмж тооцсон бүгд 3.510 кг гэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 77 дахь тал/,

9. Хаан банкин дахь Ү.Мөнхсоёлын эзэмшлийн 5092092624, Ц.Уранчимэгийн эзэмшлийн 5092137676, Н.Даваасүрэнгийн эзэмшлийн 5032233443 тоот харилцах дансны хуулганууд /2 дугаар хавтаст хэргийн 18, 41-43, 67, 3 дугаар хавтаст хэргийн 27-35, 4 дүгээр хавтаст хэргийн 9-13, 22, 31 дэх тал/,

10. Ховор ургамал “Дэрэвгэр жиргэрүү”-д үзлэг хийж, жигнэсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 31-38 тал/,

11. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /3 дугаар хавтаст хэргийн 175-177 дахь тал/,

12. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 08-ны  өдрийн 3903 дугаартай шинжээчийн: Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь Umbelliferae Juss-Шүхэртэн овог, Saposhnikovia Schisch.-Жиргэрүү төрлийн, Saposhnikovia divaricata (Turcz) Schischk, 1951-Дэрэвгэр жиргэрүү зүйлийн үндэс байна. Дэрэвгэр жиргэрүү нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Шинжилгээнд ирүүлсэн ургамлын үндэс нь 4%-6%-ийн чийгтэй байх тул хуурай ангилалд багтана. Шинжилгээнд ирүүлсэн ургамлын үндэсний цэвэр жинг үзэхэд 1 дугаартай нь 12.30 кг, 2 дугаартай нь 3.60 кг, 3 дугаартай нь 5.55 кг, 4 дугаартай нь 3.3 кг, 5 дугаартай нь 3.20 кг, 6 дугаартай нь 4.25 кг, 7 дугаартай нь 5.40 кг, 8 дугаартай нь 5.20 кг нийт цэвэр жин 42.8 кг байна. Нийт 8 шуудайнд байгаа ургамлын үндэс нь бүгд нэг төрөл, зүйлийн буюу Saposhnikovia divaricata (Turcz) Schischk, 1951-Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтаар “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ”-г шинэчлэн баталсан. Шүүгчийн захирамжид дурдсаны дагуу 2021 оны 07 дугаар сарын байдлаар тогтоох гэсний дагуу Байгаль орчны аялал, жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг хуурай Дэрвэгэр жиргэрүү ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 217,100 төгрөг байна. Шинжилгээнд ирүүлсэн 42.8кг ургамлын үндэсний экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 217,100 төгрөг х 42.8кг= 9,291,880 төгрөг байна. Шинжлэгдсэн ургамлын үндэсний чийгийн хэмжээг тодорхойлж үзэхэд 4%-6%- ийн маш бага хэмжээний чийгтэй байх тул уг шуудайтай ургамлын үндсүүд нь хүндийн жингээ алдаж хөнгөрөх магадлалтай. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон Saposhnikovia divaricata (Turcz) Schischk, 1951-Дэрэвгэр жиргэрүү устах аюулд орохоос урьдчилан сэргийлж, биологийн нөөцийг хамгаалах, газрын эвдрэл доройтлыг бууруулах зорилгоор судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар түр хориглосон болно. Шинжилгээнд ирүүлсэн нийт 8 шуудай тус бүрээс дээж авч хөндлөн зүсэлт хийж үзэхэд төв хэсэгтээ дамжуулах багцны үндсэн элемент болох модпог долонгийн хэсгүүд цацраг байдлаар байрлаж, модлог долонгийн завсраар цацрагийн паренхимийн эсүүдтэй байх тул ургамлын үндэс байна. 8 дугаартай шуудайнд үндсийг хэрчсэн, тайрч тасалсан жижиглэсэн 5.20 кг байна. Шинжилгээнд ирүүлсэн нийт 8 шуудай ургамлын үндсийг нэг бүрчлэн тоолох боломжгүй байна. Учир нь 4%-6%-ийн чийгтэй болтол хатсан үндэс амархан хугарч, үүрдэг тул ачих тээвэрлэх, зөөвөрлөх явцад дахин хэд ч хугарч, үйрмэг болох боломжтой. Иймд нэг ширхэг үндэсний жинг тогтоох шаардлагагүй. Шинжилгээнд ирүүлсэн 8 шуудайтай зүйл нь “Saposhnikovia divaricata (Turcz) Schischk, 1951-Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндэс байна. Шинжилгээнд ирүүлсэн ургамлын үндсийг түүсэн хугацааг тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн ургамлын үндэс нь Монгол улсын стандарт /МNS6746:2019/-д дурдагдсан тохирч байна. Хөгц үүссэн эсэхийг микологи судлалын шинжилгээгээр тогтооно. Шинжилгээнд ирүүлсэн 8 шуудайтай зүйл нь Saposhnikovia divaricata (Turcz) Schischk, 1951-Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндэс мөн байна. Зарим үндэст сахал /үсэнцэр/ ажиглагдахгүй байгаа нь нарийхан, эмзэг тул хялбархан тасарч унадагтай холбоотой. 2021.07.24-ний өдөр түүж бэлтгэсэн нь ургамлын үндэсний шинж чанарт нөлөөлөхгүй харин энэ хугацаанд түүж бэлтгэсэн нь уг ургамал нь байгальд нөхөн сэргэхгүй устах аюултай. Шинжилгээнд ирүүлсэн Saposhnikovia divaricata (Turcz) Schischk, 1951- Дэрэвгэр жиргэрүүг байгалийн зэрлэг болон таримал эсэхийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн ургамлын хатсан үндсийг салаалсан, салаалаагүй шулуун, тийм гэх хэлбэргүй гэсэн төрлөөр ангилах боломжгүй. Saposhnikovia divaricata (Turcz) Schischk, 1951-Дэрэвгэр жиргэрүү нь голлосон үндэсний системтэй байдаг. Ургамлын үндэс нь ямар хугацаанд чийгээ хэдэн хувь алдахыг тогтоох боломжгүй. МNS 6746:2019 Saposhnikovia divaricata (Turcz) Schischk, 1951-Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг түүх, хатаах, савлах, хадгалах, тээвэрлэх. Техникийн ерөнхий шаардлага стандартын дагуу хадгална. Хөгц үүссэн эсэхийг микологи судлалын шинжилгээгээр тогтооно. Иймд 22, 23 дугаар асуултад хариулах шаардлагагүй. Saposhnikovia divaricata (Turcz) Schischk, 1951-Дэрэвгэр жиргэрүү зориулсан сонгомол үйлчилгээтэй бодис одоогоор Монгол улсад байхгүй. Пестицид гэдэг нь ургамал хамгаалах химийн бодис хэлнэ. Энэ дотор гербицид, инсектицид бүгд ордог /ХАА салбарт/ химийн бодис юм. Аливаа пестицид тухайн ургамал болон хөрсөнд 45-60 хоног хадгалагдах боломжтой. Иймээс заавал пестицид байгаа эсэхийг тогтоох шаардлагагүй юм. Шинжилгээнд ирүүлсэн ургамлын үндэс нь шинжилгээнд тэнцэнэ. Хөгц үүссэн эсэхийг микологи судлалын шинжилгээгээр тогтооно. Хайрцаг, шуудайнд хийж тээвэрлэж ирүүлсэн нь журмын дагуу байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтаст хэргийн 178-192 дахь тал/,

13. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаартай, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 195 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлүүд, / 4 дүгээр хавтаст хэргийн 147-173 дахь тал, 5 дугаар хавтаст хэргийн 19-45 дахь тал/,

14. Шүүгдэгч Ү.Мөнхсоёлын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: Надад бол манай Хялганат тосгоны иргэн Уранчимэг нь түүж бэлтгээд өгөөч гэж захиалга өгсөн. Тухайн ургамлыг Улаанбаатар хотоос манай найз Давка гэж дууддаг эмэгтэй найз маань ирж авах гэж байгаа юм гэж хэлж байсан. ...Би хүмүүс түүж болдоггүй ургамал гэдгийг мэдэж байсан. ...Уранчимэг “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамал олоод өгчихөөч гэж хэлээд миний данс руу мөнгө шилжүүлсэн нь үнэн, Уранчимэг надад хэлэхдээ дээрх ургамлыг Даваасүрэн надад захиад байгаа юмаа мөнгөөр нь худалдаж авна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 125-126, 223 дахь тал/,

Мөн түүний 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар өгсөн: ...Уранчимэгийн 5092137678 данснаас 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг, мөн өдөр 1.000.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг тус тус миний дансанд орсон ба энэ мөнгийг Уранчимэг нь надад Дэрэвгэр, жиргэрүү ургамал олж өгөөч манай найз Даваасүрэн над руу мөнгө явуулахаар нь би чамруу шилжүүлнэ гэж хэлээд шилжүүлсэн мөнгөнүүд байгаа юм гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

15. Шүүгдэгч Н.Даваасүрэнгийн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: Би Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд оршин суух найз Уранчимэгт 2021 оны 06, 07 дугаар сарын үеэр санаж байна. Хувиасаа 3 сая төгрөгийг дансаар шилжүүлж зээлсэн юм. Би тухайн ургамлыг огт мэдэхгүй байна. Би тэр ургамлыг түүсэн, хадгалсан захиалсан зүйл огт байхгүй. Уранчимэг бол манай арван жилийн ангийн хүүхэд байгаа юм. Би Мөнхсоёлыг огт танихгүй. Би тухайн үед найз Уранчимэгт мөнгө зээлсэн. Харин найз Уранчимэг надад мах олж өгнө гэж хэлсэн. Түүнээс өөр нарийн зүйлийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 113 дахь тал/,

16. Шүүгдэгч Ц.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: 2021 оны 07 дугаар сард наадмын дараахан Мөнхсоёл машин авах гэсэн юм мөнгө зээлээч гэсэн юм. Тэгэхээр нь би найз Даваасүрэнгээс мөнгө асуугаад Мөнхсоёлд 6.500.000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлсэн. Би тухайн ургамлыг харж байгаагүй, мэдэхгүй юм байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 119-120 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 43.2 кг дэрэвгэр жиргэрүү ургамал, 3.510 кг гялгар уутанд савласан хог, шороо, 1.10 метрийн урттай төмөр нэг ширхэг, орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, нэгжлэг хийх үеийн бичлэг бүхий CD нэг ширхэг, ургамалд дахин үзлэг хийх үеийн бичлэг бүхий CD нэг ширхэг зэргийг таниулж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Шүүх Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/199 тоот албан бичгийн хавсралт шинжээчийн тодорхойлолт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2710 дугаартай дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй, тодруулбал, дүгнэлтийг гаргасан шинжээч нар нь нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан эсэх нь эргэлзээтэй, мөн шинжээч нарт мөрдөгчөөс эрх, үүргийг тайлбарлан өгсөн эсэх нь эргэлзээтэй буюу шинжээч гарын үсгийг нөхөн зурсан байх тул шинжээчийн дүгнэлтүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй, хууль зөрчиж, цуглуулж бэхжүүлэгдсэн үндэслэлээр прокурорт даалгавар хүргүүлж, нэмэлт шинжилгээ, шүүхээс дахин шинжилгээ хийлгэсэн байх тул дээрх 2 шинжээчийн дүгнэлт, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн тодорхойлолттой холбогдуулан шинжээч Ж.Аззаяагаас авсан мэдүүлгүүдийг тус тус нотлох баримтаар тооцох боломжгүй гэж үзсэн болно.

Мөн иргэний гаргасан гомдол мэдээллийн дагуу Ү.Мөнхсоёлыг ховор ургамал бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнээр шалгах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсон байхад мөрдөгч 2021 оны 07 дугаар сарын 28ы өдөр Ү.Мөнхсоёлоос үйлдсэн гэмт хэргийнх нь талаар түүнд хууль сануулж, гэрчийн мэдүүлэг авсан нь /1-р хавтаст хэргийн 47-51 дэх тал/, мөн гэрчээр Ц.Уранчимэг /1-р хавтаст хэргийн 52-55 дахь тал/, Н.Даваасүрэн /1-р хавтаст хэргийн 60-61 дэх тал/ нараас мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлд заасан сэжигтнээс мэдүүлэг авах журмыг зөрчсөн байх тул шүүх тухайн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Ү.Мөнхсоёл нь Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг түүж бэлтгэн хадгалсны улмаас байгаль экологид хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нарыг урьдчилан үгсэн тохиролцож гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн, ховор ургамлыг худалдан авах зорилгоор Ш.Мөнхсоёлыг байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, хадгалах гэмт хэрэгт татан оруулж, хөлсөлж байгаль экологид хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах гэх байр сууринаас,

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ү.Мөнхсоёл түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон бол шүүгдэгч Ц.Уранчимэг, түүний өмгөөлөгч Б.Баднайсүрэн нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж, гэмт хэрэг үйлдээгүй тул шүүгдэгчийг цагаатгах, шүүгдэгч Н.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Э.Туул нар нь хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтаар шүүгдэгчийг яллахад эргэлзээтэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох байр сууринаас тус тус санал, дүгнэлтээ илэрхийлж оролцсон болно.

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ү.Мөнхсоёл, Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нарын гэм бурууг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, учирсан хохирлын хэмжээ, шинж чанар, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүмүүсийн үйлдэл, оролцооны талаар дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.Бямбаа, гэрч Л.Найдан, Г.Хандсүрэн, А.Одсүрэн, П.Батмөнх, Л.Чулуунбаатар, яллагдагч Ү.Мөнхсоёл, Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн, нарын өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3903 дугаартай шинжээчийн дүгнэлт, орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ургамалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ургамлын жинг тогтоосон тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хаан банкны диспозит дансны хуулгууд, шүүх хуралдааны тэмдэглэлүүд, эд мөрийн баримтаар хураагдсан ургамлын үндэс, төмөр багаж зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Ү.Мөнхсоёл нь Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нартай бүлэглэн, гэмт хэргийн гүйцэтгэгчээр 2021 оны 07 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Галсан хайлантай”, “Их хайлантай” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр Байгалийн ургамлын тухай хуулиар ховор ургамлын жагсаалтад багтсан Майлзтан овгийн Жиргэрүү төрөлд багтах “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлын үндсийг түүж бэлтгэн Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Нарсны задгай 2-2 тоотод байрлах өөрийн амбаарт хадгалсны улмаас байгаль экологид 9.378.720 төгрөгийн шууд, 46.893.600 төгрөгийн шууд бус хохирол учруулсан,

Ц.Уранчимэг нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Н.Даваасүрэнтэй урьдчилан үгсэн тохиролцож гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн ховор ургамлын төрөл Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс худалдан авах зорилгоор Ү.Мөнхсоёлыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж бэлтгэх, хадгалах гэмт хэрэгт татан оруулж, хөлсөлж 6.500.000 төгрөг шилжүүлэн өгсний улмаас Ү.Мөнхсоёл нь 2021 оны 07 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Галсан хайлантай”, “Их хайлантай” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр Байгалийн ургамлын тухай хуулиар ховор ургамлын жагсаалтад багтсан Майлзтан овгийн Жиргэрүү төрөлд багтах “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлын үндэс түүж бэлтгэн Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Нарсны задгай 2-2 тоотод байрлах өөрийн амбаарт хадгалсан гэмт хэргийн улмаас байгаль экологид хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,

Н.Даваасүрэн нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ц.Уранчимэгтэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн ховор ургамлын төрөл Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс худалдан авах зорилгоор Ү.Мөнхсоёлыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж бэлтгэх, хадгалах, худалдан авах гэмт хэрэгт татан оруулж, хөлсөлж 6.500.000 төгрөг шилжүүлэн өгсний улмаас Ү.Мөнхсоёл нь 2021 оны 07 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Галсан хайлантай”, “Их хайлантай” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр Байгалийн ургамлын тухай хуулиар ховор ургамлын жагсаалтад багтсан Майлзтан овгийн Жиргэрүү төрөлд багтах “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлын үндэс түүж бэлтгэн Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Нарсны задгай 2-2 тоотод байрлах өөрийн амбаарт хадгалж байгаль экологид хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тус тус нотлогдож тогтоогдлоо.

Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэдэгт зохих зөвшөөрөлгүйгээр хулгайн аргаар түүж бэлтгэсэн буюу ургамлын үндсийг уг ёзоороор нь тасалж, дахин ургаж сэргэхгүй болгосон үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн ховор ургамлын төрөл Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс худалдан авах зорилгоор Ү.Мөнхсоёлыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж бэлтгэх, хадгалах, худалдан авах гэмт хэрэгт татан оруулж, хөлсөлж 6.500.000 төгрөгийг шилжүүлж, Ү.Мөнхсоёл нь Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нартай бүлэглэн гэмт хэргийн гүйцэтгэгчээр хуульд зааснаас өөр зорилгоор Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүү буюу saposhnikovia divaricate ургамлын үндсийг түүж бэлтгэн, өөрийн гэртээ хадгалсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 

Шүүгдэгч Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нар нь урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн ховор ургамлын төрөл Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс худалдан авах зорилгоор Ү.Мөнхсоёлыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж бэлтгэх, хадгалах, худалдан авах гэмт хэрэгт татан оруулж, хөлсөлж 6.500.000 төгрөгийг шилжүүлж, Ү.Мөнхсоёл нь Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нартай бүлэглэн, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хуульд зааснаас өөр зорилгоор Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүү буюу saposhnikovia divaricate ургамлын үндсийг түүж бэлтгэж, хадгалж буй өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, Байгалийн ховор ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэгт шүүгдэгч Н.Даваасүрэн нь ховор ургамлын жагсаалтад багтсан дэрвэгэр жиргэрүү ургамлыг Ц.Уранчимэгийг олж өгч чадах уу гэж санал болгож, Ц.Уранчимэгийн дансанд 6.500.000 төгрөгийг шилжүүлсэн үйлдлээрээ, Ц.Уранчимэг нь Ү.Мөнхсоёлыг дэрвэгэр жиргэрүү ургамлыг олж өгвөл манай найз илүү үнээр худалдан авна гэсэн санал тавьж, Н.Даваасүрэнгээс шилжүүлсэн 6.500.000 төгрөгийг Ү.Мөнхсоёлын дансанд тус тус шилжүүлсэн үйлдлээрээ, шүүгдэгч Ү.Мөнхсоёл нь Даваасүрэн, Уранчимэг нарын саналыг хүлээн авч, ховор ургамал болох дэрвэгэр, жиргэрүү ургамлыг түүж бэлтгэн, өөрийн хашаанд байх амбаартаа хадгалсан үйлдлээрээ тус тус нэгдэн тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон буюу гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ү.Мөнхсоёлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэж, гэмт хэргийн гүйцэтгэгчээр зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг түүж бэлтгэн хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж бусдыг ховор ургамлыг түүж бэлтгэх, хадгалах, худалдан авах санаатай гэмт хэрэгт татан оруулж, хөлслөн 6.500.000 төгрөгийг шилжүүлэн өгч, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж байгалийн ховор ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн, тэдний өмгөөлөгч Б.Баднайсүрэн, Э.Туул нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж, дээрх гэмт хэргийг үйлдээгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт тус тус мэтгэлцсэн бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүйгэж хуульчилсан ба шүүгдэгч Ү.Мөнхсоёлын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар өгсөн ...2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шиг санагдаж байна. Манай нутгийн эмэгтэй болох Уранчимэг нь надад хандан Улаанбаатар хотод оршин суудаг манай найз Давка нь дэргэвэр жиргэрүү ургамал авах талаар ярьсан. Чи тухайн ургамлыг түүж бэлтгэж, чадах уу гэхээр нь би чадна гэж хэлсэн. Улмаар Уранчимэг нь миний Хаан банкны данс руу эхлээд 1.0 сая төгрөг, хоёр гурван хоногийн дараа дахин 1.0 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би эхний 1.0 сая төгрөг орж ирсний маргааш өглөөнөөс нь эхлэн Булган аймгийн Сэлэнгэ сумын Хайлантай гэх газарт очиж дэрвэгэр, жиргэрүү гэх ургамлыг түүж бэлтгэж эхэлсэн. Тэгээд түүсэн ургамлаа Хялганат тосгонд байрлах хашааны баруун хойд талд байх амбаарт шуудайлж, хадгалдаг байсан... гэх, 

2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн ... Уг гэмт хэргийг бүлэглэж буюу Уранчимэг, Даваасүрэн нар надад захиалга өгсний дагуу би энэ хэргийг үйлдсэн. ...надад тэр хоёр хүн мөнгө зээлэхээр хүмүүс биш эргээд надаас мөнгөө авах ямар ч баталгаа байхгүй, иймд тэр хоёр хүн худлаа хэлээд байна. Уранчимэг дэрвэгэр жиргэрүү гэх ургамал олоод өгөөч гэж хэлээд миний данс руу мөнгө шилжүүлсэн нь үнэн. Уранчимэг надад хэлэхдээ дээрх ургамлыг Даваасүрэн надад захиад байгаа юмаа мөнгөөр нь худалдаж авна гэж хэлж байсан гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг орон байранд нэгжлэг хийх зөвшөөрлийн дагуу хийгдсэн ажиллагааны тэмдэглэл, Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багт байрлах “Галсан Хайлантай”, “Их Хайлантай” гэх газарт дэргэвэр жиргэрүү гэх ургамал нь элбэг ургадаг гэх гэрч Г.Хандсүрэнгийн өгсөн ...Булган аймгийн Сэлэнгэ сумын Галсан хайлантай, Их хайлантай гэх газарт дэрэвгэр, жиргэрүү ургамал элбэг ургадаг. ...Өдөрт 1 хүн түүхэд хүн хүнээсээ шалтгаална, багаар бодоход 1 хүн өдөрт 30-40 кг түүх боломжтой... гэх мэдүүлэг, гэрч П.Бат-Эрдэнийн өгсөн ... Хялганат тосгоны төвөөс Сэлэнгэ сумын 3-р баг Галсан хайлантай, Их хайлантай гэдэг газрууд ойролцоогоор 2-3 км зайтай байдаг, ...дээрх газруудад дэргэвэр, жиргэрүү ургамал элбэг ургадаг... гэх мэдүүлэг, гэрч О.Одсүрэнгийн өгсөн ... тухайн дэрвэгэр жиргэрүү ургамал манай багийн нутгаар элбэг ургадаг... гэх мэдүүлэг, гэрч Л.Найдангийн “...Ганцаараа түүсэн гэсэн. Даваасүрэн, Уранчимэг нарт түүж өгөх гэж байсан гэж ярьж байсан. ...”  гэх мэдүүлгүүд болон хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан ургамал, түүний үндэс, ургамалд дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчдийн дүгнэлт, шүүгдэгч нарын Хаан банкны депозит дансны хуулга, тус шүүхийн шүүх хуралдааны 97, 195 дугаартай тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нь хангалттай нотолсон, дээрх нотлох баримтууд нь хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд гэж шүүх үзэв.

Мөн шүүгдэгч Н.Даваасүрэнгийн өмгөөлөгч Э.Туулын зүгээс Л.Оюунчимэгт холбогдох хэргийг шүүгдэгч нарт холбогдох хэргээс тусгаарлаагүй, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу гэмт хэргийн хохирол төлбөр төлөгдөх учир иргэний нэхэмжлэгчийг буруу тогтоосон, иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгчийг тогтоохдоо Булган аймгийн Сэлэнгэ сумын засаг дарга Б.Ууганбаяр нь Иргэний хэрэг хянан шүүхэд шийдвэрлэх тухай хуулийг баримталсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ургамлын үндэс нь таримал, эсвэл байгалийн зэрлэг ургамал эсэх нь эргэлзээтэй учир нь “Галсан Хайлантай” “Их хайлантай” гэх газрууд нь бусдын өмчлөлийн буюу иргэдийн тариалангийн талбай ч байх боломжтой, эд мөрийн баримт хураагаад хаана ямар байдлаар хадгалсан нь тодорхойгүй, тиймээс хэрэгт хураагдсан эд мөрийн баримтыг шүүгдэгч Ү.Мөнхсоёлын гэрээс хураасан эд мөрийн баримт гэж үзэх боломжгүй гэж тус тус мэтгэлцсэн нь дараах хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

1 дүгээр хавтаст хэргийн 143-144 дэх талд прокурорын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2115000000321 дугаартай зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тогтоол авагдаж, уг тогтоолоор Л.Оюунчимэгт холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас бусдын амь бие, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, хувийн өмчид нь халдаагүй, харин байгаль орчинд хохирол учирсан байх бөгөөд уг учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавих эрхтэй этгээд болох Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Бямбааг томилсон Засаг даргын захирамжийг үндэслэн мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргах бөгөөд хэрэгт авагдаагүй тухайн Галсан хайлантай, Их хайлантай гэх газар нутаг нь иргэдийн эзэмшлийн тариан талбай, гэмт хэрэг гарах цаг хугацаанд мөн 5 хүнд холбогдох энэ төрлийн ургамал хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг Булган аймгийн Цагдаагийн газраас илрүүлсэн нь Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллийн санд тэмдэглэгдсэн, тэдгээр хүмүүсийн үйлдсэн хэргийн эд мөрийн баримттай энд хураагдсан эд мөрийн баримт солигдсон байх боломжтой гэх өмгөөлөгчийн таамаглалыг шүүх хүлээн авч шүүх хуралдаанд дээрх нөхцөл байдлыг шалгаж, хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгээс гэрч Л.Найдангийн мэдүүлэг эх сурвалжаа зааж чадаагүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэх тайлбарыг гаргасан ба энэ нь тухайн гэрчээс авсан мэдүүлгийн тэмдэглэлд авагдсан “Мөнхсоёл хэн хэний хамт ургамал түүсэн бэ?” гэх мөрдөгчийн асуултад “ганцаараа түүсэн, Даваасүрэн, Уранчимэг нарт түүж өгөх гэж байсан гэсэн” гэх Мөнхсоёлын хэлснийг өөрийн мэдэх хэмжээнд хариулсан гэрчийн мэдүүлэг байх тул хууль зөрчсөн, нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч Э.Туулын санал дүгнэлтэд дурдагдсан тодорхой төрлийн алдаа зөрчлүүдийг прокурор, мөрдөгч нараас гаргасан байгаа хэдий ч тухайн зөрчлүүдийг шүүхээс зөвтгүүлэхээр мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэх нь хэргийн бодит байдалд нөлөөлөхгүй, шүүгдэгч нарын байгалийн ховор ургамлыг хууль бусаар бэлтгэсэн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж шүүх дүгнэсэн.

Мөн ургамлын үндэсний физик, химийн шинж чанар, хураагдсан ургамлын үндэсний тоо ширхгийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой, энэ талаар шинжээч дүгнэлт гаргаагүй нь уг ургамлыг Байгалийн ургамлын тухай хуулиар ховор ургамлын жагсаалтад багтсан Майлзтан овгийн Жиргэрүү төрөлд багтах “Дэрэвгэр жиргэрүү” гэх байгалийн зэрлэг ургамлын үндэс биш гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нар нь гэмт хэрэг үйлдээгүй, Ү.Мөнхсоёл нь өөрийн нутгийн гэх хүмүүсийг хамгаалж, харин тухайн нутгийн уугуул биш Уранчимэгийг гэмт хэрэгт холбогдуулан нэрлэсэн, ...Ү.Мөнхсоёлыг огт танихгүй..., ...Ү.Мөнхсоёлыг Уранчимэгийн нутгийн хүн гэдгээр нь танина..., Ү.Мөнхсоёлд машин авах мөнгө хэрэгтэй гэсэн болохоор мөнгө зээлсэн, банкнаас зээл авахад “зээл” гэж бичсэн орлого, зарлагыг анхаарч судалдаг тул зээлсэн мөнгөний утгаа “мах, сүү” гэж үйл ажиллагаа явуулж буй мэт харагдах гэж шилжүүлсэн..., найздаа аль болохоор мөнгө асуух болгонд л зээлэхийг боддог, зээлсэн мөнгийг нь юунд зарцуулах гэж байгааг асуулгүйгээр зээлдэг..., өвлийн идэшний мах, сүү авахаар найздаа мөнгө шилжүүлсэн..., ...3.0 сая..., ...7.0 сая..., ....2.0 сая төгрөг зээлсэн.., Мөнхсоёлд дамжуулж мөнгө зээлүүлж байгааг мэдээгүй..., ...Мөнхсоёл мөнгө нэхээд байна яаралтай шилжүүлээрэй гэж Уранчимэг хэлсний дагуу тэр даруй өглөө эрт шилжүүлсэн... гэж яллагдагчаар болон 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр, мөн оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд нь тус тус зөрүүтэй байх бөгөөд тэдний мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй тул шүүх шүүгдэгч Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “гэмт хэрэг үйлдээгүй” гэх мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр үнэлээгүй болно.

Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас яллагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдаж тус бүр өмгөөлөгчтэй оролцсон бөгөөд шүүгдэгч Н.Даваасүрэн нь шүүгдэгч Ц.Уранчимэгт түүний хэлсэн үед хэдэн төгрөг ч байсан эргэн төлөх тодорхой хугацаагүйгээр мөнгө зээлдэг, зээлсээр ирсэн гэх мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нараас энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд ямар нэгэн хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Ү.Мөнхсоёл нь тээврийн хэрэгсэл худалдан авахаар шүүгдэгч Ц.Уранчимэгээс 6.500.000 төгрөгийг зээлсэн гэх Ц.Уранчимэгийн мэдүүлэг нь гэрч Л.Найдангийн дахин өгсөн ... бэлэн мөнгөөр авсан. Би өөрийн төрсөн ах Чулуунбатаас 1.000.000 төгрөг зээлж, Хутаг-Өндөр сумын Хантай багаас хүргэн Батмөнхийнд тавьсан үхэрнээсээ 1 үхэр 1.500.000 төгрөгөөр худалдан борлуулж, 04-84 БУН улсын дугаартай засвар орох тээврийн хэрэгслийг хямдхан худалдан авсан... гэх, гэрч Л.Чулуунбатын өгсөн ... 2021 оны 08 дугаар сарын эхээр санагдаж байна, Найдан надтай уулзаад ахаа би машин авах гэсэн мөнгө дутаад байна 1.000.000 төгрөг зээлээч гэснийг би зөвшөөрч бэлнээр 1.000.000 төгрөг тоолоод өгсөн гэх, гэрч О.Мөнхбатын өгсөн ...Найдан , Мөнхсоёл нар надаас 2021 оны 8 дугаар сард машин авах гэсэн юм 1 тооны сувиа үнээ 1.500.000 төгрөгөөр бодоод өгчих дараа нь мөнгийг нь өгнө гэж хэлээд авсан... гэх мэдүүлгүүдээр тус тус үгүйсэгдэж байх тул шүүгдэгчийн мэдүүлэг үндэслэлгүй гэж үзсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ү.Мөнхсоёлын гэрээс 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хураан авч, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр эд мөрийн баримтаар хураагдсан 22 ширхэг шуудай болон ууттай ургамлын үндэс нь 177.9 кг байсан ба ургамалд дахин үзлэг хийхэд ургамлын үндэс нь хатсан, шороо мэт зүйлээс цэвэрлэн жигнэхэд цэвэр жин нь 43.2 кг, шороо мэт зүйл нь 3.510 кг болсон байгаа нь тогтоогдсон. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3903 дугаартай дүгнэлтээр шинжилгээний объект болох 8 шуудай ургамлын үндэсний цэвэр жинг 42.8 кг гэж тогтоосон хэдий ч тухайн ургамлууд нь 4-6%-ийн маш бага хэмжээний чийгтэй байх тул хүндийн жингээ алдаж хөнгөрөх магадлалтай болох нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байх тул яллах дүгнэлт үйлдсэн үеийн жин болох 43.2 кг-аар тооцох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 3903 дугаартай дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн ургамлын үндэс нь 4%-6%-ийн чийгтэй байх тул хуурай ангилалд багтана гэх тул Байгаль орчны аялал, жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг хуурай Дэрвэгэр жиргэрүү ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 217,100 төгрөг байна.

Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоон төлүүлэх үндэслэлтэй байна.

Иймд Ү.Мөнхсоёл, Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль экологид буюу ургамлын аймагт 43.2кг*217.100=9.378.720 төгрөгийн шууд, 9.378.720х5=46.893.600 төгрөгийн шууд бус хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн 15.631.200 төгрөгийг гаргуулан, Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд оруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Даваасүрэн түүний өмгөөлөгч Э.Туул нар хохирол төлбөр төлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар 5 хоногийн завсарлагаа авч хувьд ногдох байгаль экологид учирсан 15.631.200 төгрөгийн хохирлыг 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны дансаар Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд төлж барагдуулсан.

Шүүгдэгч Ү.Мөнхсоёл өөрт ногдох хохирлоос 1.000.000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хаан банкны дансаар Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд төлж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлжээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ү.Мөнхсоёлоос 14.631.200 төгрөг, шүүгдэгч  Ц.Уранчимэгээс 15,631,200 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгож, шүүгдэгч Н.Даваасүрэн нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ү.Мөнхсоёлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан байгалийн ховор ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ү.Мөнхсоёл, Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Ү.Мөнхсоёлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Ц.Уранчимэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Даваасүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх саналыг шүүхэд гаргаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 43.2 кг бүхий дэрэвгэр жиргэрүү ургамал, 1 м 10 см-ын урттай төмөр багаж зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, мөн хэрэгт бичлэг бүхий хоёр ширхэг CD-ыг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалах, шүүгдэгч Ү.Мөнхсоёлоос гэмт хэрэг үйлдэж олсон 6.500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах саналыг,

харин шүүгдэгч Ү.Мөнхсоёл, Ц.Уранчимэг, тэдний өмгөөлөгч Э.Цэнгүүн, Б.Баднайсүрэн нар нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авахуулах, шүүгдэгч М.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Э.Туул нь нар нь торгуулийн ялын төрлийг сонгож, тухайн зүйл хэсэгт заасан хамгийн доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулах санал, дүгнэлтийг тус тус гаргажээ. 

Шүүгдэгч Ү.Мөнхсоёл, Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ү.Мөнхсоёл, Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцсон болохыг дурдах нь зүйтэй.

Хэргийн 1 дүгээр хавтасны 188-197 дахь тал, хэргийн 2 дугаар хавтасны 118-120 дахь талуудад авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ү.Мөнхсоёл нь ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Хялганат тосгоны Моносын задгай 2-2 тоотод амьдардаг, гэр бүлийн хэрэгцээний газар болон хувийн сууцтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Шүүгдэгч Ц.Уранчимэг нь ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Хялганат тосгоны Үйлдвэрийн 405 тоотод амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн хэрэгцээний газар болон хувийн сууцтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Шүүгдэгч Н.Даваасүрэн нь ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 14 дүгээр байрны 258 тоотод амьдардаг, “Хүнс экспресс” хязгаарлагдмал хувьцаат компанид борлуулагч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, орон сууц болон гэр бүлийн хэрэгцээний хувийн сууцтай зэрэг тэдний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилсан нь зөвхөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй шүүгдэгчид хэрэглэх боломжгүй хуулийн зохицуулалт юм.

Иймд шүүгдэгч Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нарт дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч Ү.Мөнхсоёл, Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос өөрт ногдох хэсгийг шүүгдэгч Н.Даваасүрэн нөхөн төлж барагдуулсан, шүүгдэгч Ү.Мөнхсоёл нь 1.000.000 төгрөгийг төлж, үлдсэн хэсгийг төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч Ц.Уранчимэг нь мөн хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ү.Мөнхсоёлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 5600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан 5.600 000 төгрөгөөр торгох ялыг 15 сарын хугацаанд сар бүр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4/04 дугаартай тогтоолоор шүүгдэгч Ү.Мөнхсоёлын нөхөр Л.Найдангийн эзэмшилд бүртгэлтэй 04-84 БУН улсын дугаартай саарал өнгийн Nissan X-Trail загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн ба шүүгдэгч нь тухайн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, гэмт хэрэг үйлдэж олсон орлогоор худалдан авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчид буцаан олгох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ .... зэргийг заавал хураахаар хууль тогтоогч үүрэг болгосон гэж ойлгоно.

Үл маргах журмаар албадан хурааж улсын орлого буюу төсөвт үнэ төлбөргүйгээр шилжүүлэх албадлагын арга хэмжээг гэмт хэргийн хохирол буюу хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд учруулсан үр дагавар, хор уршгийг тодорхойлох, нөхөн төлүүлэхээс ялгамжтай байдлаар ойлгож хэрэглэх нь зүйтэй байх тул шүүгдэгч Ү.Мөнхсоёлын өмгөөлөгч Э.Цэнгүүний гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хурааж, үнийн дүнгээс байгаль орчинд учирсан экологи, эдийн засгийн хохирлыг суутган хасаж, үлдсэн хэсгийг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх санал хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Мөнхсоёлоос Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж олсон 6.500.000 төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд шилжиж ирэх үеийн жингээр 41.615 кг дэрэвгэр жиргэрүү ургамал, 3.460 кг гялгар уутанд савласан шороо, 1.10 см-ын урттай төмөр нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслахад тус тус даалгаж, орон байранд нэгжлэг хийх үеийн бичлэг бүхий CD нэг ширхэг, ургамалд дахин үзлэг хийх үеийн бичлэг бүхий CD нэг ширхгийг тус тус хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Ү.Мөнхсоёл, Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, шүүгдэгч Ү.Мөнхсоёл, Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчинтөгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Манхилэн овогт Үржингийн Мөнхсоёлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэж, гэмт хэргийн гүйцэтгэгчээр зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг түүж бэлтгэн хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Хөвдүүд овогт Цэдэвийн Уранчимэг, Боржигон овогт Нарангэрэлийн Даваасүрэн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж бусдыг ховор ургамлыг түүж бэлтгэх, хадгалах, худалдан авах гэмт хэрэгт татан оруулж, хөлслөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж байгалийн ховор ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ү.Мөнхсоёлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх,

Шүүгдэгч Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5600 /таван мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.600.000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ү.Мөнхсоёлд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ү.Мөнхсоёлд мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Уранчимэг, Н.Даваасүрэн нарт оногдуулсан 5.600.000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 15 /арван тав/ сарын хугацаанд сар бүр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай. 

6. Энэ хэрэгт шүүгдэгч Ү.Мөнхсоёл, Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Мөнхсоёл, Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдэнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчинтөгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ү.Мөнхсоёлоос 14.631.200 /арван дөрвөн сая зургаан зуун гучин нэгэн мянга хоёр зуу/ төгрөг, шүүгдэгч  Ц.Уранчимэгээс 15.631.200 /арван таван сая зургаан зуун гучин нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгож, шүүгдэгч Н.Даваасүрэн бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Ү.Мөнхсоёл, Ц.Уранчимэг, Н.Даваасүрэн нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хавсаргагдан ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг ту тус дурдсугай.

9. Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4/04 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 04-84 БУН улсын дугаартай саарал өнгийн Nissan X-Trail загварын тээврийн хэрэгслийг эзэмшигч Лувсаншаравын Найдан /РД: ГН82021917/-гийн эзэмшилд үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Мөнхсоёлоос гэмт хэрэг үйлдэж орлого 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгосугай.

10. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон орон байранд нэгжлэг хийх үеийн бичлэг бүхий CD нэг ширхэг, ургамалд дахин үзлэг хийх үеийн бичлэг бүхий CD нэг ширхгийг тус тус хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, шүүхэд хэрэг үеийн жингээр 41.615 кг дэрэвгэр жиргэрүү ургамал, 3.460 кг гялгар уутанд савласан шороо, 1.10 метрийн урттай төмөр нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслахад даалгасугай.

11. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ