| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2024/0026/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/49 |
| Огноо | 2024-02-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0026Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Хохирогч ******* ,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2218000200652 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт************** /РД:******* /,******* -ний өдөр******* хотод төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын сантехникийн засвар, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , эхнэр хүүхдүүдийн хамт баг гудамж тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч******* нь машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хохирогчид 5 сая төгрөг төлсөн. Миний буруу.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байшингаа хулгайд алдсан. Байшин хулгайлсан эзнийг олсон.******* нь байшинг буцааж барьж өгч хохирол төлбөрийг төлж барагдуулсан.*******д хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч******* нь машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч*******ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч******* нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн сумын багийн нутаг гэх газарт байрлах иргэн *******ийн эзэмшлийн зуны байшингийн модыг ББСБ-ын эзэмшлийн УБЭ улсын дугаартай Хьюндай Портер-2 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар буулган авч 6,425,689 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 18-19, 20 дахь тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 21-22, 23-24 дэх тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 25-27, 28-33 дахь тал/,
2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 34-37 дахь тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 45, 46, 47, 48-49 дэх тал/,
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 06, 2022 оны 02 дугаар сарын 14, 2022 оны 08 дугаар сарын 18, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 04-ний орой гэртээ байж байхад ойн байцаагч миний утас руу залгаад танай зуслангийн байшин байхгүй болсон байна. Портер машинаар ачаад явсан юм шиг байна. Портерын мөр байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би зуслангийн байшин дээр очиж чадаагүй. Харин фэйсбүүх орж үзэж байгаад Дархан хамгийн том зарын групп руу орж үзэхэд ***** ***** гэх фэйсбүүк хаягаас мод зарна 180,0000 гэж бичиж цагаан өнгийн портер маркийн машин дээр хөрөөдөж ачсан модны зураг оруулсан байсан. Харин портер машины дугаар нь УБЭ гэсэн байсан. Тэгэхээр нь би маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэг машин тайрдас таньдаг Хапиука гэх хүнээр худалдан авхуулж тухайн модыг үзэхэд миний байшингийн мод мөн байсан. Манай аав байшингаа барихдаа бүдүүн улиас модоор бариад мод хооронд нимгэн шар шавар түрхэж барьсан. Мөн хадаасыг өөрөө төмөр утсаар хийсэн байсан. Тийм болохоор тэр бүх шинжээр нь манай байшингийн мод гэдгийг мэдсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандах болсон. Энэ байшинг манай аав анх бариулж байсан. Одоо бариад бараг 10 гаруй жил болж байна. Энэ байшин одоо миний өөрийн эзэмшлийн байшин байсан юм. Манай аав 2011 онд өөд болсон. Миний санаж байгаагаар 2006 онд барьж байсан. Байшинд ямар нэг эд зүйл байгаагүй. ...2021 оны 10 дугаар сарын 15-нд манайх өвөлжөө рүүгээ нүүсэн. Тэрнээс хойш эргэж очоогүй. Хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл дотор нь амьдарч байсан. Тэгээд манайх нүүсэн. Манайх байшингаа 2006 онд улиас модоор барьж байсан. Тэрнээс хойш 2015 онд дээвэр хэсгийг нь төмөрлөж хундаам зутгасан байгаа. 8 х 6.50 хэмжээтэй байшин байсан. Таазгүй шууд дээвэртэй. Манай зуслангийн байшинд газрын бичиг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гэхээр зүйл байхгүй. Надад өөр нэмж шалгуулах зүйл байхгүй. Миний байшингийн модыг хулгай хийсэн******* гэх залуу миний хохирлыг бүрэн барагдуулсан надад одоо гомдол санал гэхээр зүйл байхгүй. ...Миний байшин 8 х 6.50 метр хэмжээтэй 44,8 мкв талбай бүхий, бариад 5 жил болж байгаа. 2015 онд шинэ төмөр дээвэр хийж цементен хундаам цутгасан, доторлогоо байхгүй, таазгүй, халаалтын системгүй, шал цонхгүй модон хаалгатай хуучин зуны байшин байсан. Байшингийн хойд урд хана 10 үеэр барьсан байсан. 2.80 м уртаар холбож 8 метрийн урттай болсон. 2 хананы 2.80 м урттай 40 ширхэг мод. 2.40 см урттай 20 ширхэг мод, хөндлөн хана 5.60 м урттай мөн адил 2.80 м урт модыг холбож дээшээ 10 үеэр явсан. 1 талын 2.80 м урттай 2 ширхэг мод. Амбаар 5.10 х 3 метрийн хэмжээтэй зах банзаар барьсан. Түүний 3 метрийн урттай 1м 60 см өндөртэй 2 хана алдсан. Би байшингаа 5,000,000 төгрөгөөр үнэлж хохирлоо бүрэн барагдуулж авсан. ...Надад ямар нэгэн гомдол. Санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулж авсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 63, 66, 70-73, 75 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны орой модонд яваад ирлээ гэж хадам аавтай орж ирсэн. Тэгээд хэсэг байж байгаад буцаад дахиж мод авчина гээд портер машинаа унаад 20 цагийн үед гараад явсан. Шөнө мод ачаад хэдэн цагт ирсэн талаар би сайн мэдэхгүй байна. Би өглөө эрт харанхуй байхад ажилдаа гараад явдаг. Гадаа машин мод ачиж ирснийг хараагүй. Сүүлд цагдаа болоод унахаар нь нөхрөөсөө асуухад хулгайн мод, айлын зуны байшин буулгаад ирсэн гэж надад хэлсэн. Өөр зүйл болоогүй. Гэрээсээ ганцаараа гараад явсан. Хулгайн мод ачаад ирнэ гэж бодоогүй. Сүүлд манай нөхрийн хэлж байгаагаар айлын зуны байшингийн мод хулгай хийгээд авчирсан байсан юм гэж надад үнэнээ хэлсэн. Бид хоёр уг нь хулгай хийж амьдраад байх хүмүүс биш. Хоёулаа ажилтай хүмүүс. Манай нөхөр буруу зүйл хийсэн байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 77 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 07, 2022 оны 01 дүгээр сарын 19, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү*******ын хамтаар Дархан-Уул аймгийн сумын нутаг дэвсгэр гэх газар мод бэлтгэхээр явсан. Ингээд тэндээ очоод мод бэлтгээд оройдоо ирсэн. Бидний мод бэлтгэсэн газар 31 гэдэг машин яваад ганц нэг мод унагаасан байсан улиас модыг ачаад ирсэн. Ингээд модоо авч ирээд хөрөөдөөд нэг портерыг зарсан. 1 портер машин хөрөөдөөд буцаад ачихад 2 портер болдог юм. 1 портер модыг 180.000 төгрөгөөр зарсан. Манайх гэх газар байсан өвөлжөөг 2 жилийн өмнө буулгаж авчраад адууны хашаа барьсан байсан. Тэгээд өнгөрсөн жилээс адуугаа гаргаад хэрэггүй болоод адууны хашаагаа буулгаад хөрөөдөж түлэх болсон. Өвөлжөөг барихдаа дунд нь шавардаж байгаад барьж байсан. Харин адууны хашааг шавардаагүй зүгээр хавчаад барьж байсан. ...Миний бие өөрийн хүү болох*******ын хамт гэх газраас унагаачихсан, мөн тайрчихсан байсан 7-8 ширхэг модыг ачсан. Тэгээд өөр мод олдохгүй болохоор нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 19-20 цагийн орчимд хүү*******ын хамт хоёулаа гэртээ ирсэн. Тэгээд миний бие гэртээ амарсан. Миний хүү******* нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр надтай хамт руу модонд явахдаа тийм зүйл огт хийгээгүй. Би хажуугаас нь холдоогүй. Хүүгээ айлын зуны байшингийн модыг тухайн өдөр авсан гэхэд гайхаж байна. Надтай хамт ирчхээд буцаад руу явсан юм шиг байна. ...Би нурааж авчирсан гэх модыг мэдэхгүй. Тухайн өдөр бид хоёр дандаа ой дотор л явсан. Айлын байшин савд очоогүй. ...Намайг гадаа гарахад хураалттай мод байсан. Нэлээн их хэмжээтэй байх шиг байсан. Очиж үзэхэд хөнгөн хуурай моднууд байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 86, 88, 90-91 дэх тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед нэртэй хүнсний дэлгүүрийн үүднээс УБЭ гэсэн улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн машинтай залуугаас хөрөөдөөд хэрчимлээд тавьсан хуучин байшингийн хадаастай хуурай улиас, нарс нийлсэн мод байхаар нь үнийг нь асуугаад 180,000 төгрөгөөр худалдаж аваад хашаандаа буулгуулсан. Тэр залуу манай хашаанд буулгаж өгөөд явсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 93 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлсэн: “...Уг тээврийн хэрэгслийг 2020 оны 04 дүгээр сард миний бие 6,000,000 төгрөгөөр худалдаж аваад үлдсэн мөнгийг нь банк бусаар 24 сарын хугацаатай зээлж авсан. Уг тээврийн хэрэгслийг өөрийн хүргэн болох нэр дээр авсан. Миний бие хамтран эзэмшигчээр оролцсон Учир нь миний бие Дархан-Уул аймгийн суманд буюу хөдөө амьдардаг болохоор Упаанбаатар хотын банк бус байгууллагууд зээл олгохдоо эөвхөн******* хотод оршин суудаг хотын хаягтай хүнд өгнө гээд байсан болохоор нь хүргэн болох нэр дээр аасан юмаа Миний бие зээлээ өөрөө төлөөд явж байгаа. Миний эзэмшлийн УБЭ улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл одоо Дархан-Уул аймгийн Дархан суманд журмын хашаанд байгаа гэсэн. Учир нь манай найз болох нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдор надаас гуйгаад ХК-ийн нүүрсний уурхайгаас нүүрс ачаад Дархан сум руу явсан юм. Тэгээд одоо болтолээс машинаа авч чадаагүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай найз******* оройны 21 цагийн үед манай гэрт цагаан өнгийн өнгийн УБЭ улсын дутаартай портер маркийн машинтай ирсэн. Манай гэрт ирээд надад цуг хөдөө яваад ирье юм ачаад буцаад ирнэ. Би нэг хүнээс зуны байшин худалдаж авсан. Одоо очоод аваад ирье гээд явсан. Машины ачаанд нэг лоомбо, нэг лантуу, нэг ширхэг хөрөө байсан. Би хаашаа очиж авчрах юм гэхэдоос гэсэн. Байшингийн дээвэр нь салхинд хуулагдсан байдалтай дотор нь ямар нэгэн юм байгаагүй. 2 шуудай цемент байсан. Хэнээс хэдэн төгрөгөөр худалдаж авсан юм гэтэл казах хүний нэр хэлээд 3 сая төгрөгөөр авсан. Машин олдсон дээр нь хурдан зөөгөөд авъя гэсэн. Бид хоёр байшингийн 3 ханыг нураагаад машиндаа ачаад Дархан руу явсан. Зам дагуу манай гэр байдаг болохоор би гэртээ буугаад үлдсэн. Надад баярлалаа гэж хэлээд цааш явсан хаашаа явсныг би мэдэхгүй байна. Саяхан надтай таарахдаа би цагдаад байцаагдаж байгаа. Нөгөө байшингийн асуудлаар гэж хэлэхээр нь би уурлаад тухайн үед хэлэхгүй яасан юм. Намайг цагдаатай нь холбоод өг. Би нялх хүүхэдтэй очиж болсон зүйлийг үнэнээр нь мэдүүлэг өгмөөр байна гэсний дагуу өнөөдөр ирж мэдүүлэг өгч байна. Би цуг явж ирсний хариуд ямар нэгэн шан харамж гэх зүйл аваагүй. Найзын хувиар цуг яваад ирье гээд гуйсан болохоор нь яваад ирсэн. Бид хоёрыг тухайн байшинд очиход байшин бүрэн бүтэн дээвэр нь л салхинд хуулагдсан шинжтэй байсан. Бид хоёр 1 удаа л явсан өөр зүйлгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 101 дэх тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаартай “...Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтийн 13,тай тээврийн хэрэгслийн мөр шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтийн 13.15 дугаартай тээврийн хэрэгслийн мөр нь / УБЭ/ улсын дугаартай Портер 2 маркийн тээврийн хэрэгслийн дугуйны мөрөөр үүсгэгдсэн байх боломжтой. Хэргийн газраас бэхжүүлэн авсан №13 дугаартай тээврийн хэрэгслийн мөр нь BRIDGESTONE made in japan, 195/80/15 гэсэн хэмжээтэй дугуйн мөртэй, №15 дугаартай тээврийн хэрэгслийн мөр нь KUMHO made in когеа гэсэн 83/82 хэмжээтэй тээврийн хэрэгслийн дугуйн мөртэй, хээний өргөн, хээний дүрслэл зэрэг шинж тэмдгүүдтэй тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 124-126 дахь тал/,
Капитал зууч ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “... Хьюндай портер маркийн УБЭ улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 137 дахь тал/,
Дамно ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын “...2006 онд ашиглалтад орсон, 44.8м2 байшин нь 6,425,689 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 175-184 дэх тал/,
*******ын мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 06, 12 дугаар сарын 13, 2022 оны 01 дүгээр сарын 19, 2022 оны 03 дугаар сарын 10, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгаль хамгаалагч мод бэлтгэх эрхийн бичиг авч сумын баг гэх газраас очиж хүний хаясан байсан модыг ачиж ирсэн. Тэгээд хашаандаа буулгаад хөрөөдөж тавьсан. Манай хашаан дотор байсан жаахан хуучин модоо нэмж хөрөөдөж зарсан. Захын хажууд байсан чинь нэг портер машинтай хүмүүс ирээд аваад явсан. Портер модыг 160,000 төгрөгөөр өгсөн. ...Би уулнаас мод бэлтгэх гэсэн машин явахгүй хоосон хий эргээд байсан. Тэгэхээр нь нэг машины мөрөөд яваад байсан чинь хэдэн хөрөөдсөн мод байсан. Тэрийг нь би аваад гэртээ буцаж ирсэн. Ирэх замдаад өвөлжиж байгаа Манлай гэх айлд хоол хийлгэж идсэн. Тэгээд наашаа шууд гэртээ ирээд модоо буулгасан. Гэртээ ирэхэд харанхуй болсон байсан. Би УБЭ улсын дугаартай цагаан өнгийн портер-2 маркийн машинтай явсан. Энэ машин манай аавын найз гэх хүний нэр дээр байдаг. Би энэ машиныг 10 хоног унаж байна. ...ын гүүрээр гараад буцах замдаа хоосон яваад яахав гээд айлын зуны байшин буулгаж модыг нь машин дээрээ ачиж аваад явсан. Тэр орчимд ямар нэгэн айл байхгүй. Эзэнгүй газар байсан. Тэгээд явсаар байгаад Зулзага голоор дайраад гэртээ ирсэн. Гэртээ ирээд өглөө нь авчирсан айлын байшингийн модоо хөрөөдөж тал хэсгийг нь портер дээр ачаад Толгойт гэх газарт айлын хашаанд 160,000 төгрөгөөр зарсан. Тал нь манай хашаанд байгаа. Тэгтэл хоёр хоногийн дараа цагдаа нар ирээд манай хашаанд байгаа модыг үзээд явсан байсан. Манай хашаанд байгаа мод бол миний хулгай хийж ирсэн мод. ...Би нэлээн их мод ачсан. Портер машины кабинаас өндөр ачсан. Тэгээд зарим мод нь хойшоо тэвшнээс урт илүү гараад байсан. Тэр ногоон дээвэртэй байшингийн гурван талыг буулгаж ачсан. Хуурай улиас мод байсан. Би хулгай хийсэндээ гэмшиж байна. ...Миний бие бусдын эзэмшлийн эд хөрөнгийг авсандаа ааваас айгаад нуусан юм. Тэгээд ганцаараа явж зуны байшинг нь буулгаж авсан юм. ...Намайг *******ийн байшинг буулгах гээд очиход тэр байшин бүтэн байсан. Цонх бол байгаагүй. Хаалга гээд модон хаалга байсан. Тэр хаалга нь нурсан дээврийн хажуу талд нь унасан. Өөр юм байгаагүй. Би зөвхөн ханыг нь нурааж авч явсан. Би ганц удаа дээшээ дүүртэл ачсан. Ганцаараа явсан. Тэр байшингийн мод хатаад олон жил болсон улиас мод байсан. Их хөнгөн байсан. ...Би *******ийг таньдаг. Намайг байшинг нь буулгасныг мэдээд над дээр ирсэн. Би бүх хохирлыг барагдуулаад байшинг нь барьж өгсөн. Би өмнөх мэдүүлэг дээрээ найзаасаа айгаад ганцаараа хэргээ хүлээнэ гээд ганцаараа гэж хэлсэн. Тухайн өдөр найзай хамт хоёулаа очиж буулгаж ирсэн. 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр аавтайгаа хамт өглөө 10 цагийн үед байгаль хамгаалагч мод бэлтгэх зөвшөөрөл авч яваад өдөржин мод ололгүй гэртээ оройн 20 цагийн үед ирж аавыг буулгаад ирэх замдаа *******ийн зуны байшин байхыг хараад буцаж ирэхдээ найз зуны байшингийн мод худалдаж авсан цуг аваад ирье ганцаараа туслах хүнгүй байна гэж хэлээд дагуулаад явсан. Бид хоёроос өөр хүн яваагүй. Би ямар нэгэн шан харамж өгөөгүй. Би нэг л удаа байшингийн гурван ханыг буулгаж авсан. ...Би манай найзын байшин байгаа юм. Би мөнгөөр нь худалдаж авсан. Түлээнд хэрэглэх гэж байгаа юм гэж хэлсэн. Тэр үедээ бол нарийн зүйлийг хэлээгүй. Мөн аав, ээж хоёр ч сайн мэдээгүй. ” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 103, 105, 107, 111, 113, 207-208 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авахыг,
“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, цоолох, зүсэх зориулалттай машин, механизмууд хамаарах ба “Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд машин механизм ашиглаж үйлдсэнийг тус тус ойлгоно.
Хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн бол хүндрүүлж зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн хувьд учрах саадыг арилгах зорилгоор үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэхийн тулд тээврийн хэрэгсэл ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч*******ыг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид төлж барагдуулсан байх тул түүнээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч*******д 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 8,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгуулах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ***** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч ***********ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүхээс шүүгдэгч ************д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч **** Азжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, шүүгдэгч*******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай портер маркийн УБЭ улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны автомашины үнэ 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг лоом, 1 ширхэг лантууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт************** учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч*******ыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай портер маркийн УБЭ улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны автомашины үнэ 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй тус тус болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг лоом, 1 ширхэг лантуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР