Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 101/2021/00338

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хүсэлттэй,

Гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 24/3-120 тоотод оршин суух,  Боржигон овогт Болдын *******ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Б.Нарандаваа, гуравдагч этгээд Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газар, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.******* нь Чингэлтэй дүүргийн 12-р хороо, булгийн 7416 тоотод оршин суудаг бөгөөд БЗД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч 2010-12-20, 2020-01-17-нд өдрүүдэд цагдаагийн байгууллагад нийт 2 удаа эрүүлжүүлэгдэж байснаас сүүлийн 1 жилийн хугацаанд 1 удаа эрүүлжүүлэгдсэн. Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч, бүлэг бөөгнөрөл үүсгэн согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдын биед аюул учруулах эрсдэлтэй байдалд ордог зэрэг нь гэрч, холбогдогчийн мэдүүлэг, хорооны Засаг даргас цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт хамтарсан багийн шийдвэр, согтуурах, мансуурах донтой болон нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйлийн 1, 2 Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Б.*******ыг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архи хэтрүүлэн хэрэглэдэг, цагдаагийн байгууллагад олон удаа баталгаа бичиж өгч байсан. Эрүүлжүүлэхэд удаа дараа орж байсан. Өөрийгөө хянах чадваргүй болтлоо архи уудаг болохоор үүнийг зогсоохоор эмчилгээнд явах хүсэлтэй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газар нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Б.*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй байна.

Б.******* нь 1985 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, одоо 36 настай, эрүүл мэндийн хувьд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан хориглох заалтад хамаарахгүй байна.

Б.******* нь Цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2010 оноос хойш архи хэтрүүлэн хэрэглэж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, архинд донтох өвчтэй болох нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай тодорхойлолт, Цагдаагийн байгууллагын санд бүртгэгдсэн Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

Б.******* нь архины шалтгаант сэтгэц ба зан үйлийн 2 дугаар зэргийн эмгэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, удаа дараа эрүүлжүүлэгдэж архи тогтмол хэрэглэдэг болох нь нотлогдож байх ба тэрээр сайн дураар архины эмчилгээнд хамрагдах хүсэлтийг Цагдаагийн байгууллагад гаргаж байсан боловч сайн дураараа эмчилгээнд хамрагдаагүй байх тул түүнийг албадан эмчилгээнд хамруулах үндэслэлтэй байна.

Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийхээр хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан ба албадан эмчлэх хугацааг эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болгох хуулийн зохицуулалттай болохыг дурдав.

Иймд дээрх үндэслэлүүдээр Б.*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг зааснаар Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 24/3-120 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Боржигон овогт Болдын ******* /РД:ХК85060611/-г архины албадан эмчилгээнд хамруулсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Б.*******ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Б.*******ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай.

5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газарт Б.*******ыг албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг даалгасугай.

6. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ