Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/133

 

 

 

 

 

 

 

 

    2024            01             26                                               2024/ШЦТ/133

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***ын *** (регистрийн дугаар ***), 19*** оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.    

 

Хэргийн товч агуулга: *** нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод ***тэй маргалдаж, эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод хохирогч ***тэй маргалдан, эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ийн “Бид гурав архиа хувааж уугаад нэлээн удсан. Би “Гэртээ харьж хүүхдээ авах ёстой” гэдгээ санаад машин барих хүнгүй болохоор нь “Машинаа өөрөө барина” гэсэн чинь манай хоёр найз уурласан. *** “Чи мөрөөрөө архи ууж чадахгүй” гээд загнасан. Би уурандаа хэдэн үг хэлээд доромжилсон чинь нүүр рүү 3-4 удаа цохисон. Миний хамраас цус гарахаар нь цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 380 дугаартай “***ийн биед баруун нүдний алимны салст, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, шүүгдэгч *** нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч ***ийн биед хөнгөн хохирол учруулжээ. 

Шүүгдэгч ***ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч *** нь “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй” оролцсон, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” хүсэлт гаргасан болно. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн биед хөнгөн хохирол учирсан ба тэрээр эмчилгээ эрүүл мэндтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй “...гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хавтаст хэргийн 47 дугаар хуудас)-ийг гаргасан тул шүүгдэгч ***ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй” болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарчмуудад нийцсэнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх хуралдаанаар шалган тодруулж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд баталж шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 7, 8 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

4. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БЯМБААБААТАР