| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2024/0127/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/146 |
| Огноо | 2024-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/146
2024 01 31 2024/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
улсын яллагч О.Очирсүрэн,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Хэргийн товч агуулга: *** нь 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод ***г үл ялих зүйлээр шалтаглан маргаж, эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан (хавтаст хэргийн 3, 8, 10-11 дүгээр хуудас)”,
- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэцгээв.
Шүүгдэгч *** нь 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод ***г үл ялих зүйлээр шалтаглан маргаж, улмаар эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ***гийн өгсөн “2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоот гэрт ***ийн эхнэр *** орж ирсэн. ***, зүс таних эгчийн хамт пиво уугаад байж байтал *** хоёр танихгүй залуутай хамт орж ирсэн. Эхнэрээ надтай хардаж элдвээр дуудаад байхаар нь “Та надтай хардвал алдас болно шүү” гэж хэлтэл *** гэх намхан хар залуу намайг газар унагаагаад толгой дээрээс дэвсэж, хоолой боогоод байхаар нь би мултраад боссон. Тэр үед хамт байсан хүмүүс болиулаад би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1860 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ***гийн биед баруун шанаанд няцарсан шарх, дух, баруун чамархай, хамар, зүүн хацар, баруун, зүүн шуу, зүүн бугуй, зүүн сарвуунд зулгаралт, хүзүү, зүүн эгэм, баруун нүдний дээд зовхи, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч *** нь хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хор уршигт зориуд хүргэн хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хохирогчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч ***ыг тус зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” хүсэлт гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.
1.4 Хохирол, хор уршиг.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээ эрүүл мэндтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, шүүхээс хуралдааны товыг мэдэгдэхэд “...оролцохгүй, нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй” гэх тайлбарыг өгсөн тул шүүгдэгч ***ыг энэ тогтоолоор түүнд төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч ***гийн эмчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд нийт 322.000 төгрөгийг зарцуулсан (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас) баримт авагдсан ба Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагаас “...гэмт хэргийн улмаас *** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 322.000 төгрөгийн зардал гарсан болох нь манай газрын 2023 оны 02-р сарын 07-ны өдрийн 04/640 дугаартай албан бичгээр тогтоогдсон. Дээрх тусламж, үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулан Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас)-ийг өгсөн байна.
Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутайд этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай тул дээрх баримтын хүрээнд шүүгдэгч ***аас 322.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй юм.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хохирлыг олгохоор шийдвэрлэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулсан үндэслэл нь шүүгдэгч ***ы хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар тодорхой эрхэлсэн ажилгүй, орлого олдог талаарх баримтгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд эсхүл шүүх хуралдаан эхлэхээс өмнө тэрээр бусдад учруулсан хохирлыг өөрийн санаачилгаар сайн дураар төлж барагдуулаагүй, шүүх хуралдаанд “завсарлага авах шаардлагагүй, ажил хийж төлбөрийг барагдуулна” гэсэн тайлбарыг гаргасан болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”, шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг танилцуулав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дугаар хуудас)-аас үзэхэд шүүгдэгч *** нь урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 4 дүгээр 25-ны өдрийн 47 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 12 дугаар 23-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2005 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг хугацаагаар тэнсэн харгалзан дуусгавар болсон байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (бусдын эрүүл мэндэд халдан хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид олон гэмтэл учруулж Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх дүгнэлттэй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх тайлбарыг илэрхийлсэн), шүүгдэгчийн хувийн байдал (*** онд төрсөн, *** настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, тодорхой орлого олдог эсэх баримтгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулж, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг авч, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж хуульчилсан байна.
Тус шүүхийн шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас)-аар 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс ***д “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 35 хоногийг дээрх хуулийн заалтад зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцож, ялаас хасах нь зүйтэй юм.
Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ы цагдан хоригдсон нийт 35 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасаж, шүүгдэгч ***ы биечлэн эдлэх ялыг 440 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *** нь уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 322.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч *** нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг дурдаж, шүүгдэгч ***д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас нэн даруй сулласугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР