Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 132/ШШ2021/00031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1982 онд Хөвсгөл аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой Булган аймгийн ... од оршин суух, Б хэлтсийн Боловсролын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн ажилтай, М овогт Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1983 онд Завхан аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн ... од оршин суух, С овогтой Б.Б -д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/01038/И дугаарын индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч Б.Б , нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.         

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2005 онд гэр бүл болж 15 жил хамт амьдарсан бөгөөд Б.Б , Б.Н  гэсэн 2 хүүтэй болсон. Бид хамтран амьдрах хугацаандаа үзэл бодол, хүмүүжил төлөвшлийн маш их зөрүүтэй байдлаас болж үргэлж зөрчилтэй, амьдралын ямар ч баяр баясалгүй, ямар нэгэн сэтгэл хөдлөлгүй, үргэлжийн хэрүүл тэмцэлтэй байдаг байсан. Төсөөллийн хардалт өвчнөөсөө болж хаа хамаагүй хүнтэй холбож хардаж сэрддэг, тагнадаг, фэйсбүүк хаяг хакерддаг, хэд хэдэн удаа зодож, бие махбодид гэмтэл учруулж байсан. Наашаа харж хэвтсэнгүй гэх шалтгаанаар хэвтэрт ортол зодож, сар болоогүй ураг зулбаж, цус алдаж эмнэлэгт яаралтай түргэн тусламжаар хүргэгдэж байсан. Хариуцагч нь зан харилцааны хувьд ч өөрчлөгдөж, бусадтай гэр бүл зохиосон. Энэ нөхцөл байдал нь  2 хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж байна. Ялангуяа өсвөр насны хүүхдийн хувьд зан авир нь эвдрэх хандлага ажиглагдсан. Миний бие сэтгэл санааны болоод бие махбодын хүчирхийлэлд өртөж байгаа тул Б.Б тэй цаашид хамтран амьдрах боломжгүй. Шүүхэд өгсөн 2 хуудас нэхэмжлэлийг би нотлоно, хуулийн өмнө хариуцлага хүлээнэ. Иймд гэрлэлтээ цуцлуулж хоёр хүүгээ өөрийн асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулна. Эд хөрөнгийн хувьд маргахгүй байх гэж бодож байна. Одоо амьдарч байгаа байр болон тавилгыг би цалингийн зээлээр авсан. Энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн байгаа.  Би амьдралаа авч үлдэхийн тулд нөхөртэйгээ ярилцах, айлгах, дарамтлах, ламд үзүүлж засал хийлгэх, сэтгэл зүйч дээр очих, найз нөхдөөр нь хэлүүлэх гэх мэтээр эвлэрэх оролдлогыг удаа дараа хийсэн боловч энэ хүний сэтггэл эргэж ирээгүй. Нэгэнт хөрсөн сэтгэлийг эргүүлэх ямар ч боломжгүй болохыг ойлгосон. Энэ хүн өөр амьдрал зохиосон тул түүнийг хажуудаа байлгаж зовоох шаардлагагүй гэж бодож байна. Цаашид амьдрах нэгэнт боломжгүй болсон тул гэрлэлт цуцлуулах талаар Б тэй 2-3 удаа ярилцсан. Ингэж ярилцахад хариуцагч “2хүүхдээ чи ав, байр булаацалдахгүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүйгээр хадгаламж нээж сар бүр дансанд нь мөнгө хийе. Хэн хэнийгээ муулахгүйгээр тохиролцоод өөр өөрийн зам мөрийг бодъё” гэж ярилцаж тохирч байсан. Б.Б  нь ярилцсан үгэндээ ч эзэн байж чадахгүй байна. Ярилцсаны дагуу би шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдлөө гаргасан. Эвлэрлүүлэн зуучлалын ажиллагаанд оролцохдоо цаашид эвлэрч амьдаръя гэж ярилцсан боловч орой нь гэртээ ирээд хамаг хувцсаа аваад явсан байсан. Шүүхэд өргөдөл өгснөөс хойш эвлэрэх талаар ямар нэг оролдлого хийгээгүй. Энэ хүн цаашид амьдрах сэтгэлгүй, зорилгогүй, өөр хүнтэй амьдарч, үр хүүхдээ өчүүхэн ч бодохоо байсан учраас цаашид хамт амьдрах боломжгүй. Надад  маш их сэтгэл санаа, эдийн засаг, цаг хугацаа, эрүүл мэнд, нэр төрийн хувьд хохиролтой байгаа бөгөөд сэтгэл нь хөрсөн хүнтэй хамтран амьдрах ямар ч боломжгүй, итгэл найдвар тасарсан учраас гэрлэлтээ цуцлуулах шийдэлд хүрсэн. 2 хүүгээ өөрийн асрамжид авна. Шинжээч томилсон үеэс эхлэн Б  нь хөлсөлж байгаа байрандаа 2 хүүг аваачих болсон. Хүүхдүүдийг ятгасан учраас аавтайгаа байна гэсэн санал өгсөн байх. Би 2 хүүхдийнхээ ирээдүйг бодож байгаа учраас Б д өгөхгүй. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэв.

Хариуцагч Б.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Миний бие Б.О тэй 2004 оны 3 дугаар сард оюутан байхдаа танилцаж 2005 онд гэр бүл болж, том хүү Б.Б  төрсөн. Би О тэй ханилаад 3 сайхан хүүтэй болсон. 2 дахь хүү минь хөгжлийн бэрхшээлтэй байсан. Миний ээж асарч байгаад 10 нас хүргээд нас барсан. Бид нар хүүхдийнхээ төлөө чадах бүхий л зүйлээ хийж байсан. Сайхан гэр бүл, амьдралыг бүтээе, сайн эцэг байна гэж энэ амьдралаа эхлүүлсэн. Амьдралд хазгай гишгэх асуудал эхнэрээс эхэлсэн. Би олон сар араас нь явж, гэр бүлээ бүтэн авч үлдэхийн тулд хичээж байсан. Би амьдралыг бий болгохын төлөө зүтгэсэн. Одоо эсэргээрээ би буруутан болчихлоо. Б  гэж хүнтэй би суухгүй, тэр бол миний урьд нь таньдаг хүн байсан. Сүүлд би уучлалт гуйх гэж очсон. Б.О т миний мэйл, мессенжерийн код байдаг учраас  миний бүх мэдээллийг хардаг байсан юм байна лээ. Одоо миний фэйсбүүк хаяг надад байхгүй. От байгаа. Би эхнэрийгээ сайн сайхан яваасай, ажилдаа амжилт гаргаасай гэж их сэтгэл гаргаж ирсэн. Хүүхдүүдээ сайн хүн болоосой,  хүнд хэрэгтэй, улс орондоо хэрэгтэй эрчүүд байгаасай гэж бодож хүүхдүүдээ сэтгэл тавьж, идэж уух, өмсөх зүүхэд  нь сэтгэл зориулж явсан. Би 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна гэж бодож байгаа. Б.О өглөө гараад орой ирнэ. Заримдаа хоногоор ийш тийшээ явдаг, хүүхдүүдээ асарч бөөцийлж чадахгүй. Цаашид ээж нь 2 хүүхдийг нь эрүүл саруул өсгөж хүмүүжүүлээд авч явна  гэдэгт нь би итгэхгүй байна. Хүүхдүүдэд намайг буруутгасан зүйл ярьж хэвшүүлж байгаа. Би өмнө нь тамирчин байсан. Энэ амьдралын төлөө тамирчнаа орхиод Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд ажилласан. Мөн цалингийн зээл авч хашаа байшин бэлдсэн. Булган аймагт 2011 онд шилжиж ирээд хашаа байшин, машин аваад хүмүүсийн жишгээр сайхан л амьдарч байсан. Байртай болохын төлөө эдийн засгийн асуудлыг шийдээд байр авсан. Би өөрийн орлогоо амьдралдаа зарцуулсан. Миний хань сайхан ажил хийж байна, амьдралын турш их зовлон үзсэн, одоо л сайхан амьдарна гэж бодож явсан. Өр зээлнээсээ гарч амьдрал сайхан болно гэж бодож байсан.  Энэ хүн намайг өөрөө голж шилдэг, өөр хүнтэй харилцаатай гэж хардаж байнга дарамталдаг байсан. Амьдралаа салгахгүйн төлөө явсан. Гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна. Эд хөрөнгөнд маргах зүйл байхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Б.Б д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Б.Б , Б.О нар нь 2005 онд гэр бүл болж 2005 оны 2 дугаар сарын 15-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлэн, тэдний дундаас 2005 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүү Б.Б , 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.Н  нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6-8/

Нэхэмжлэгч Б.О нь нөхөр Б.Б тэй үзэл бодол, сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй болсон, байнгын хардаж сэрдэж зоддог, зан харилцааны хувьд өөрчлөгдөж бусадтай гэр бүлийн харилцаа тогтоосон, энэ нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа ба сэтгэл санаа бие махбодын хувьд хүчирхийлэлд өртөж байгаа тул гэрлэлтээ цуцлуулна гэж гэрлэлт цуцлах шалтгаанаа тайлбарлаж байна. Харин хариуцагч Б.Б  нь сайхан амьдрал бүтээе гэж хичээж явсан, эхнэр Б.Оийг бусадтай харилцаа тогтоож байсныг мэдэж амьдралаа авч үлдэхийн тулд хичээж байсан, би бусадтай гэр бүлийн харилцаа тогтоогоогүй, тухайн хүнтэй гэр бүл болохгүй, Б.Оээс  гэрлэлтээ цуцлуулахгүй гэж бодож байсан, одоо цуцлуулахад татгалзахгүй гэж тайлбарлаж байна.

Зохигчийн гаргасан тайлбараас дүгнэхэд гэрлэгчид нь зан харьцаа, сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй болсны улмаас цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй нөхцөл үүссэн гэж үзэхээр байна.

Эхнэр, нөхрийн хоорондох таарамжгүй харилцаа нь тэдний хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх боломжтой зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх тул дээрх байдлыг харгалзан гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Гэрлэгчид хүүхдүүдийн асрамжийн талаар маргасан байна.

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх  …шүүх шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол хүүхдийн саналыг харгалзан үзнэ” гэж тус тус заасан.        

          Зохигчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцоогүй бөгөөд тус шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангаж, Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж, шинжээч нар  2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дүгнэлтээ шүүхэд ирүүлжээ. / хх-ийн 40-54/         

          Тус дүгнэлтэд “Б.Б , Б.Н  нар нь ах дүүсийн хоорондын харилцаа хамаарал их буюу ах нь дүүдээ санаа тавих, халамжлах, сургах, ойр дотно харилцаа их байгаа ... хүүхдүүдийг салгах нь тэдний хүмүүжил болоод харилцаанд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна” гэх, “эхэд судалгааны нийт үзүүлэлтээс хувийн зан төлөв, хүүхэдтэй харилцах таатай харилцаа, дасах төлөв зэрэг 4 үзүүлэлтэд давуу тал гарсан, эцэгт хувийн зан төлвийг тодорхойлох тест, гэр бүлийн харилцаа зэрэг 2 үзүүлэлтэд давуу тал илэрсэн” гэж тус тус дүгнэжээ.          

          Шүүх хуульд заасны дагуу 2005 оны 2 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Б аас эцэг, эхийнхээ хэнтэй нь хамт амьдрахыг хүсч буй талаарх саналыг нь тодруулахаар тайлбар авахад тэрээр эцгийн асрамжид үлдэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн /хх-ийн 57/ хэдий ч түүний цаашид сурч, хүмүүжих орчин нөхцөл, эхийн зүгээс хүүхдийн хүмүүжилд тавих анхаарал халамж, асаргаа илүү байх боломжтой байдал, ах, дүү хоёрын бие биенээ гэх харилцаа хандлага зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна. 

          Түүнчлэн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Н  нь 6 настай, бага насны хүүхэд байх тул хүүхдийн насны байдал, хүүхдийн хөгжил хүмүүжилд эхийн зүгээс тавих анхаарал халамж, асаргаа зайлшгүй шаардлагатай байхаар байна.

          Тиймээс Б.Б , Б.Н  нарыг эх Б.О ийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэлээ. 

           Шүүх хүүхдийн асрамжийг тогтоон шийдвэрлэж байгаа нь /тэднийг/ хүүхдийг эцэг, эхийнхээ хэнтэй нь хамт амьдрах оршин суух хаягийг тодорхойлж байгаа явдал болохоос эцэг, эх нь хүүхдэдээ анхаарал тавих, асран халамжлах, хүмүүжүүлэх үүрэг болон уг үүргээ гүйцэтгээгүйн төлөө хүлээлгэх хариуцлагаас чөлөөлж байгаа явдал биш юм. Тодруулбал: Хүү Б.Б , Б.Н  нар нь эцэг, эхийн хэн нэгтэй нэг гэрт хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран эцэг Б.Б , эх Б.О нарын хэн аль нь хүүхдүүдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд Б.Б , Б.Б  нарыг  эх Б.Оийн асрамжид үлдээсэн нь Б.Б ийн эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.         

          Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө саад учруулахыг хориглодог болохыг тайлбарлах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл хүү Б.Б , Б.Н  нартай эцэг Б.Б  хэдийд ч уулзаж дээрх хуульд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй болно. 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д "эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй" гэж, 38 дугаар зүйлийн 38.5-д "тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна" гэж тус тус заасан. 

    Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б ийн Н ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2005 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр төрсөн хүү Б ийн Б , 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б ийн Н  нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Б.Б өөр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу хариуцагч Б.Б өөс 2 хүүхдийн тэтгэлэгт ногдох нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс /20600х12=2.472.000₮/ улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 54502 төгрөг, гэрлэлт цуцлах нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, бүгд 124702 төгрөгийг гаргуулж, 54502 төгрөгийг Төрийн санд, 70200 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон       ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан М овогт Б.О, С овогтой Б.Б  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг баримтлан 2005 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Б , 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Н  нарыг эх Б.Оийн асрамжид үлдээсүгэй. 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр  зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Н ыг 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр,  2005 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Б ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тооцож сар бүр тэтгэлгийг гарган тэжээн тэтгэхийг эцэг Б.Б д, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх  Б.О т тус тус даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

5. Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэгчид гэрлэлтээ цуцлуусан тохиолдолд хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Б өөс 124702 /нэг зуун хорин дөрвөн мянга долоон зуун хоёр/  төгрөгийг гаргуулж, Төрийн санд 54502 /тавин дөрвөн мянга таван зуун хоёр/ төгрөг, нэхэмжлэгчид 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг  тус  тус  олгосугай.

   8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Батсайханд даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МЯГМАРСҮРЭН