| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2024/0126/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/148 |
| Огноо | 2024-01-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.7.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/148
2024 01 31 2024/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч ***,
хохирогч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт ***ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Хэргийн товч агуулга: *** нь 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух иргэн ***ийн гараж руу нэвтэрч 5.635.000 төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан,
- Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** байрны гадна ***ын өмчлөлийн Тоёота марк-2 маркийн *** улсын дугаартай автомашиныг авч явсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1460 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт (хавтаст хэргийн 6-9, 11-15, 17-21, 26-28, 84-88, 94, 96, 108-111 дүгээр хуудас)”,
- Шүүгдэгч болон хохирогч нараас “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэв.
Шүүгдэгч *** нь 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух хохирогч ***ийн тусгайлсан хамгаалсан агуулах буюу граж руу хууль бусаар нэвтэрч, 5.635.000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** байрны гадна ***ын өмчлөлийн Тоёота марк-2 маркийн *** улсын дугаартай автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-9, 84-88 дугаар хуудас),
- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ийн “2023 оны 9-р сарын 09-ний өдрөөс *** гэх залуу манай гэрт хамт амьдарсан. 2023 оны 9-р сарын 12-ны орой *** унтахаасаа өмнө бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд нөхөр ***ээс хэрүүл өдөж, тамхи асууж байгаад шөнийн 02 цагийн үед унтсан. Маргааш өглөө нь амбаарт байсан 2 ширхэг гагнуурын аппарат, 1 ширхэг дундын таслагч, гагнуурын малгай, гэрээс 1 ширхэг батерей дрилль алдагдсан байсан. Түлхүүрүүд манай гэрийн хананд өлгөөстэй байдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-15, 17-21 дүгээр хуудас),
- Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт ”2023 оны 09-р сарын 12-ноос 13-нд шилжих шөнө манай нөхрийг гэрт *** орж ирэхдээ 200 граммын архитай манай нөхрийг архи уу гэсэн чинь маргааш ах нь ажилтай архи уухгүй гэсэн. 21 цаг өнгөрч байхад бид нар унтсан. Шөнө дунд *** босчихсон явж байсан. Маргааш өглөө 07 цаг өнгөрч байхад би хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд боссон. Гадаа гарахад манай гаражийн хаалга онгорхой, дотор нь байсан багажууд байхгүй болчихсон байсан. Нийт 5.635.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг нэхэмжилж байгаа. Хохирол төлбөрөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй гэв.
- “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 749 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр “...11 нэр төрлийн 5.635.000 төгрөгийн үнэлгээтэй цахилгаан гагнуурын аппарат, батерей дрилль, хадаасны буу, тасдагч зэрэг багаж” гэсэн тайлан дүгнэлт (хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас),
- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ын “2023 оны 1-р сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийн шөнө 01 цагийн үед машинаа халаасан. Миний машины запас түлхүүр голын хайрцагт байдаг. Маргааш өглөө 07 цаг өнгөрч байхад ажилдаа явахаар гартал машин маань байхгүй байсан. Өдөр 12 цаг өнгөрч байхад цагдаагаас журмын хашаанд хийсэн байна гэхээр нь яваад очтол машины доогуур сунгасан гар, копуд, гэрэл, дохио, хормой, нүүр нь эвдрэл гэмтэлтэй, аржаатар нь цөмөрч явах боломжгүй болсон байсан. Тухайн үедээ *** улсын дугаартай Тоёота марк-2 тээврийн хэрэгслээ “Арвижих Эстимэйт” ХХК-иар үнэлүүлж 2.695.000 төгрөгийн хохирол учирсан. Машиныхаа урд жаазыг тасдаж залгасан, аржаатар, урд гупер, жолоочийн эсрэг талын их гэрэл, карла, гопуд зэргийг шинээр авсан. Миний машин одоо болтол асахгүй байгаа мотороо янзлуулах ёстой” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94, 96 дугаар хуудас),
- Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт “...тухайн өдөр машинаа аваад найзынхаа гэрийн гадаа очсон. 00 цаг өнгөрч байхад гарч машинаа асаачхаад жоохон байж байгаад унтраачхаад буцаад орсон. Миний машин шөнөдөө 1-2 удаа асаахгүй бол маргааш нь асдаггүй юм. Тэгээд 04 цаг өнгөрч байхад гарч ирээд машинаа асааж үлдээчихье 07 цаг гээд явах юм чинь гэж бодоод асаалттай үлдээсэн. Тэгээд буцаад гэрээс гарч ирэхэд машин байхгүй болсон байсан. Хогийн бункер таглаад тавьчихсан байсан болохоор ачлагын машиныг ачаад явчихсан юм байна гэж бодоод журмын хашаа руу залгасан чинь олдоогүй. Тэгээд цагдаад мэдэгдсэн гэв.
- “Арвижих Эстимэйт” ХХКомпанийн 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 22027 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр “...18 нэр төрлийн авто машины эвдэрсэн эд анги, шууд бус зардал нийт 2.695.000 төгрөг” гэх тайлан дүгнэлт (хавтаст хэргийн 108-111 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүйгээс гадна, иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар хуульчилж өгсөн байдаг.
Хүний орон байрны халдашгүй байдал буюу хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, эсхүл онгорхой байхад нь аливаа байдлаар сэм орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.
Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах нь гэмт этгээдийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай бөгөөд уг гэмт хэргийн тухайд тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хохирогчийн эд зүйлсийг авч буй шүүгдэгч ***ийн үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдаж, хохирогч ***ийн тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч 5.635.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэх шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгч ***ийг тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч *** нь хууль зүйн хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдаж гэм буруугийн шууд санаатай үйлдлээр хохирогч ***ын өмчлөлийн *** улсын дугаартай “Тоёота марк-2” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэх гэмт хэргийн шинжийг хангажээ.
Иймд шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч *** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” хүсэлт гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч *** нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн оролцсон болно.
1.4 Хохирол, хор уршиг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж тодорхойлжээ.
Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутай этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай бөгөөд хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ***ийн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч ***т нийт 5.785.000 төгрөг /5.635.600+150.000 үнэлгээний хөлс/-ийн, авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн улмаас хохирогч Л.***д нийт 2.765.000 төгрөг/2.695.000+70.000 үнэлгээний хөлс/-ийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгчээс төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч ***ээс гаргуулан хохирогчдод олгож шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, хохирлыг дээрх байдлаар гаргуулж олгохоор шийдвэрлэсэн ба шүүх хуралдаанд шүүгдэгч *** “5 хоногийн хугацаанд төлөх боломжгүй, завсарлага авахгүй, ажил хийж байгаад төлж барагдуулна” гэх тайлбарыг гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жил 09 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 03 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай”, шүүгдэгчээс “...хорихоос өөр ял оногдуулж өгнө үү, хохирлыг төлж барагдуулна” гэсэн дүгнэлтийг танилцуулав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 39, 41-53 дугаар хуудас) зэргээс үзэхэд шүүгдэгч *** нь урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 06 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч дуусгавар болсон байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр бусдын тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч эд хөрөнгийг хулгайлан авсан, бусдын өмчлөх эрхэд санаатай халдан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргүүдийг үйлдэж хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчдод бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, хохирлыг төлж барагдуулаагүй), шүүгдэгчийн хувийн байдал (*** онд төрсөн, *** настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** аймгийн *** сумын *** багт байнга оршин суух хаягийн бүртгэлтэй, өөрийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй талаар лавлагаа хэрэгт авагдсан, урьд 1 удаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил 09 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 03 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 02 жил 09 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, хорих ялын хэмжээг 03 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгчийн хувийн байдал (дээр дурдсан)-ыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “хоёр жилээс найман жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан ба эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг (ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой) хангана гэж үзсэн, тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангасан байх тул шүүгдэгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
Эрүүгийн *** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд,
2. Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр жил, есөн сарын хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон гурван сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хоёр жил, есөн сарын хорих ялыг нэмж нэгтгэн, хорих ялын хэмжээг гурван жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***ээс нийт 8.550.000 төгрөгийг гаргуулан хохирогч ***т 5.785.000 төгрөг, ***д 2.765.000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялын хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Оролцогчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР