| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 125/2025/0077/З |
| Дугаар | 221/МА2026/0709 |
| Огноо | 2026-10-06 |
| Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмч, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2026/0709
“Ш” НҮТББ-ын нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, Э.А, Б.С
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Ш” НҮТББ
Хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 125/ШШ2026/0028 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 125/2025/0077/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ш” НҮТББ-аас Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 125/ШШ2026/0028 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.11 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Ш” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, Б.С, Э.А нарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, “Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, Э.А, Б.С нар давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар “2021 оны 11 дүгээр сарын 09- ний өдрийн 21-07-034/89 дугаар техникийн хяналтын дүгнэлтэд нь барилгын суурь, хана, бүтээцтэй холбоотой нөхцөл байдлыг тодорхойлсон”-оос гадна барилгын бат бэхтэй холбоотой лабораторийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн дүгнэлт өөрөө техникийн судалгааг цааш үргэлжлүүлж, нэмэлт шинжилгээгээр тодруулах шаардлагатайг илэрхийлсэн байхад уг лабораторийн шинжилгээг хийсэн эсэх, түүний үр дүн юу байсан эсэхийг бүрэн тогтоолгүйгээр барилгыг актлах шийдвэр гаргасан асуудал нь энэ маргааны гол асуудал юм. Гэтэл анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг маргаан бүхий актын хууль ёсны байдлыг шалгах шийдвэрлэх ач холбогдолтой асуудал болгон авч үзэлгүй, 2021 оны дүгнэлтийн зарим хэсгийг үндэслэн барилгыг актлах хангалттай үндэслэл байсан мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай. "Нэмэлт лабораторийн шинжилгээ шаардлагатай" гэсэн дүгнэлт нь “барилгыг ямар ч хувилбаргүйгээр нураах ёстой” гэсэн утгатай зүйл биш юм. Иймд нэмэлт шинжилгээ хийгдээгүй бол барилгыг хүчитгэн засварлах боломжтой эсэх, хэсэгчлэн сэргээн ашиглах боломжтой эсэх, эсхүл үнэхээр ашиглах ямар ч боломжгүй болсон эсэхийг захиргааны байгууллага бүрэн тогтоолгүйгээр үзэмжээр шийдвэрлэсэн нь маргах аргагүй зүйл... 2021 оны дээрх техникийн дүгнэлт буюу тухайн үеийн Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Н-ын гаргасан дүгнэлтэд нэмэлт лабораторийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн байхад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 оны 3 дугаар сарын 28-ны үндсэн хөрөнгийг акталж, данснаас хасах тухай тогтоол гаргахдаа уг шинжилгээг хийлгэсэн эсэхийг харгалзахгүйгээр шийдвэрлэж байгаа нь бодит нөхцөлийг тогтоолгүйгээр шийдвэрлэсэн гэсэн үг. Анхан шатны шүүх мөн адил техникийн нөхцөл байдлыг шинэчлэн тогтоосон эсэхийг авч үзээгүй, үнэлээгүй нь хэрэг шийдэхэд шийдвэрлэх ач холбогдолтой асуудлыг зориуд орхигдуулсан гэж үзэж байна. Барилга одоогийн байдлаар ашиглалтад тавигдах шаардлага хангахгүй байх нь өөрөө тухайн барилгыг заавал нураах, өмчийн бүртгэлээс хасах цорын ганц үр дагаварт хүргэхгүй. Шийдвэр гаргахын өмнө дор хаяж: засварлах боломжтой эсэх; хүчитгэх боломжтой эсэх; хэсэгчлэн сэргээн ашиглах боломжтой эсэх; зориулалтыг өөрчлөн ашиглах боломжтой эсэх; барилгын тодорхой хэсгийг хадгалж үлдэх боломжтой эсэх; нураах нь үнэхээр зайлшгүй, өөр хувилбаргүй эсэх зэрэг боломжит хувилбаруудыг мэргэжлийн түвшинд тогтоох шаардлагатай. Энэ тухайд анхан шатны шүүхийн шүүгч Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам"-ын 6 дугаар зүйлийн 6.2.5, 6.3, 6.4-т тус тус заасныг авч үзэх ёстой. Нэхэмжлэгчид шүүх хурал дээр үүнийг тайлбарласаар атал шүүгч ойлгохыг хүсээгүй нь тоогүй хэрэг. 2021 оны дүгнэлтэд нэмэлт лабораторийн шинжилгээ шаардлагатай гэж үзсэн нь дээрх хувилбаруудыг бүрэн хаасан эцсийн дүгнэлт гараагүй байсныг харуулах ач холбогдолтой. Барилгын ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас шууд "актлах"-аар шийдвэрлэсэн нь дээрх зарчим болон журмын заалттай нийцэхгүй байхад анхан шатны шүүхийн шүүгч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр хууль ёсны" гэж үзсэнийг аль ч талаасаа хүлээн зөвшөөрөх боломжгүй юм... Төрийн болон орон нутгийн өмчийн барилгыг актлах нь тухайн өмчийг цаашид хадгалах, сэргээн засварлах боломжийг үндсэндээ дуусгавар болгож болох ноцтой үр дагавартай шийдвэр юм. Ийм нөхцөлд захиргааны байгууллага боломжит хувилбаруудаас хамгийн зохистойг сонгосон эсэх, сонголтын үндэслэл нь бодит нөхцөлд тохирсон эсэхийг шүүх хянах шаардлагатай. Хэрэв: засварлах хүчитгэх зориулалтыг өөрчлөх хэсэгчлэн хадгалах бүрэн актлах гэсэн боломжит шийдлүүд байхад актлах арга хэмжээг шууд хамгийн эргэлт буцалтгүй хувилбар гэж сонгосон бол яагаад бусад хувилбар боломжгүй болохыг захиргааны байгууллага нотлох ёстой. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээс харахад энэ сонголтын үндэслэлийг нарийвчлан шалгасан байдал хангалтгүй байна... Тухайн барилга олон арван жилийн турш Ховд хотын хүүхэд, гэр бүл, иргэдийн амьдралтай холбоотой нийтийн зориулалтын барилга байсан бөгөөд түүнийг актлах шийдвэр нь орон нутгийн өмчийн бодлого, хотын орон зайн хөгжил, нийтийн ашиг сонирхолд бодит үр дагавар үүсгэнэ. Иймд шийдвэр гаргах ажиллагааны явцад сонирхогч этгээдүүдийн санал, байр суурийг тогтоосон эсэх, сонсох ажиллагаа хуульд нийцсэн эсэх, гарсан саналд хэрхэн хандсан эсэхийг шалгах шаардлагатай... Өөрөөр хэлбэл: "Нэхэмжлэгч барилгыг ашиглаж болно гэдгийг нотолсон уу?" гэдэг нь үндсэн асуулт биш. Харин “Хариуцагч нь барилгыг актлахаас өөр ямар нэг боломжгүй болсон гэдгийг хуульд заасан журмаар бүрэн тогтоосон уу?" гэдэг нь энэ маргааны гол асуулт байх ёстой... Захиргааны акт хууль ёсны байсан эсэхийг юуны өмнө акт гарах үеийн нөхцөл байдал, тухайн үед захиргааны байгууллагын цуглуулсан нотлох баримт, хийсэн ажиллагаа, үндэслэлээр үнэлэх ёстой. Хэрэв 2025 онд зайлшгүй хийх ёстой байсан шинжилгээг 2026 онд шүүхийн ажиллагааны үед хийсэн бол энэ нь эсрэгээрээ 2025 оны шийдвэр гаргах үед бодит нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байсныг харуулах ач холбогдолтой... Өмчийг актлах эрх хэмжээ байсан гэдэг нь тухайн эрх хэмжээг хэрэгжүүлсэн шийдвэр автоматаар хууль ёсны гэсэн үг биш... Иймээс тухайн барилга соёлын өвийн албан ёсны бүртгэлд бүртгэгдээгүй гэх нөхцөл нь нэхэмжлэгчдийн нийтийн ашиг сонирхолтой холбоотой бүх үндэслэлийг үгүйсгэх хангалттай шалтгаан биш. Харин тухайн барилгын олон жилийн нийтийн зориулалт, орон нутгийн иргэдтэй тогтсон холбоо нь захиргааны байгууллага шийдвэрийнхээ үр дагаврыг илүү нарийвчлан үнэлэх шаардлагатай байсныг харуулах нөхцөл юм... Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 106/ШШ2026/0028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Г.Т, Б.С нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар тогтоолын Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг акталж, данснаас хасахтай холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Хэрэв давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дээр дурдсан нөхцөл байдлуудыг бүрэн шалгуулан, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ш” НҮТББ-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “Ш” НҮТББ-аас Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. Монгол Улсын Их Хурлын 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоолоор Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийг орон нутгийн өмчид шилжүүлж, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/106 дугаар захирамжаар Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн 4 нэрийн 324,429,695 төгрөгийн балансын үнэ бүхий хавсралтад заасан үндсэн хөрөнгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын балансад шилжүүлжээ.[1]
2.3. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын өмч хамгаалах зөвлөл 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 21-07-034/89 дугаар дүгнэлтийг үндэслэн Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн барилгыг данснаас хасуулахаар санал гаргаж[2], Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас Орон нутгийн өмчийн газарт хандаж 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2/556 дугаар албан бичгээр[3] тус цэцэрлэгийн барилгыг актлах хүсэлтийг хүргүүлсэн байна.
2.4. Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж[4] 7 дугаар тогтоолоор[5] “аймгийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй, ашиглалтын хугацаа дуусаж, элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн, ашиглалтын шаардлага хангахгүй болсон хавсралтад заасан 319,903,495 төгрөг (гурван зуун арван есөн сая есөн зуун гурван мянга дөрвөн зуун ерэн тав)-ийн балансын үнэтэй, 319,903,495 төгрөг (гурван зуун арван есөн сая есөн зуун гурван мянга дөрвөн зуун ерэн тав)-ийн хуримтлагдсан элэгдэлтэй, үлдэх өртөггүй хөрөнгийг акталж данснаас хасахаар шийдвэрлэжээ.
2.5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмчийн хувьд өмчлөгчийн эрхийг хуульд заасан хязгаарын хүрээнд тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, өмчийн удирдлагыг тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд Засаг дарга хэрэгжүүлнэ.”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 35.1.11-д “орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна.” гэж тус тус заасны дагуу маргаан бүхий Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн барилгын өмчлөгчийн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлэхээр байна.
2.6. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйлд “Орон нутгийн өмчийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна.”, тавдугаар бүлгийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно.” 31.3-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгахад дараахь журмыг баримтална”, 1/ худалдах, шилжүүлэх, устгах эд хөрөнгийн талаар өмч хамгаалах Байнгын зөвлөл дүгнэлт гаргасан байх” гэж тус тус заасан.
2.7. Дээр дурдсанчлан Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн барилгын өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэгч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус барилгыг захиран зарцуулах эрхтэй буюу өөрөөр хэлбэл хуримтлагдсан элэгдэлтэй үлдэх өртөггүй хөрөнгийг акталж данснаас хасах бүрэн эрхтэй.
2.8. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 21-07-034/89 дүгээр дүгнэлтээр[6] “1 дүгээр цэцэрлэгийн хуучин барилга нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт, "Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм" /БНбД 13-04-03/, "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх" БНбД 22.01.01*/2006/2013-ийн 3.43 дахь заалтуудыг тус тус зөрчиж байгаа бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул барилгын даацын хийц бүтээцэд мэргэжлийн эрх бүхий байгууллагын шинжилгээ хийлгэж итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт гаргуулах” гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зөвлөх инженер, профессор, шинжлэх ухааны доктор Я.Д-ын дүгнэлтэд “...Барилгын хойд талын тоосгон хананд 3 ширхэг, зүүн хананд 2 ширхэг, зүүн талын хананд 1 ширхэг нийтдээ 6 ширхэг ан цав тоосгон хананд үүссэн... Ханын зарим ан цав суурь руу орсон... Барилгын давхар дундын болон дээврийн хучилтыг модоор хийсэн байна. Гэвч давхар дундын хучилтын даацын дүнзийг тайрч хөрөөдсөн, шатаасан зэрэг дахин хэрэглэх боломжгүй болгосон байна... Барилгын үндсэн даацын бүтээцэд ихээхэн ан цав үүссэн, мөн зарим даацын бүтээцийг шатаасан, буулгасан учир одоо энэ барилгыг хэдэн жил ашиглах, насыг тодорхойлох боломжгүй байна... Барилгын ханын тоосгоны бат бэх БНбД 22-01-21-ийн шаардлагыг хангахгүй, тоосгон хананд ан цав үүссэн, давхар дундын хучилтыг буулгаж тайрч хаясан, шатаасан зэрэг нь хүний эрүүл мэнд, орчны аюулгүй байдалд нөлөөлнө... “БНбД 22-01-21 Газар хөдлөлийн бүсэд барилга төлөвлөх"-ийн зарим шаардлагуудыг зөрчиж байна...” гэж тус тус дүгнэжээ.[7]
2.9. Тус барилга нь норм, стандартын шаардлага хангахгүй байгаа нь маргаан бүхий тогтоол гарснаас хойш шинжээчийн дүгнэлт, шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байгаа хэдий ч энэ нь тус тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
2.10. Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн барилгын өмчлөгчийн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлэх эрхтэй, тус эрхийн хүрээнд хуульд заасны дагуу анхны өртгөө нөхсөн, ашиглалтын шаардлага хангахгүй болсон хавсралтад заасан 319,903,495 төгрөгийн балансын үнэтэй, 319,903,495 төгрөгийн хуримтлагдсан элэгдэлтэй, үлдэх өртөггүй, 2014 оноос хойш ашиглаагүй хөрөнгийг акталж данснаас хасахаар шийдвэрлэсэн Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлтэй буюу Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын өмч хамгаалах зөвлөлийн хурлын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр данснаас хасуулахаар хуралдаанд оролцсон гишүүд санал гаргасан нь, тус цэцэрлэгийн барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь хэрэгт авагдсан баримтаар тус тус бүрэн тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан “...техникийн нөхцөл байдлыг шинэчлэн тогтоосон эсэхийг авч үзээгүй...сонголтын үндэслэлийг нарийвчлан шалгасан байдал хангалтгүй...нэмэлт лабораторийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн нөхцөлийг захиргааны актын хууль ёсны байдалтай холбон хангалттай үнэлээгүй...бодит нөхцөл байдлыг нэг жилийн дараа нөхөн бүрдүүлж, анхны актын хууль ёсны байдлыг автоматаар зөвтгөх үндэслэл болохгүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
2.11. Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн барилга нь түүхэн дурсгалт барилгад бүртгэгдээгүй нь Ховд аймгийн музейн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 31 дүгээр албан бичгээр[8] тогтоогдож байх ба Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Соёлын өвийг биет ба биет бус гэж ангилна.”, 4.2-т “Соёлын биет өвийг түүх, соёлын үл хөдлөх дурсгал болон хөдлөх дурсгалт зүйл гэж ангилна.”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Дараах соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулна”, 5.1.6-т “эртний хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгал” гэж заасны дагуу норм, стандартын шаардлага хангахгүй болсон барилгыг соёлын биет өв буюу түүхэн дурсгалт барилга гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан “...соёлын өвийн албан ёсны бүртгэлд бүртгэгдээгүй гэх нөхцөл нь нэхэмжлэгчдийн нийтийн ашиг сонирхолтой холбоотой бүх үндэслэлийг үгүйсгэх хангалттай шалтгаан биш...” гэх давж заалдах хүлээн авах боломжгүй.
2.12. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.” гэж заасны дагуу соёлын биет өвд бүртгэгдээгүй, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, орон нутгийн өмчид хамаарах Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн барилгыг хуульд заасны дагуу акталж данснаас хасахаар шийдвэрлэсэн Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар тогтоолыг гаргахын өмнө сонсох ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай байсан гэж үзэхээргүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...сонсох ажиллагаа, иргэдийн оролцоог хангалттай шалгаагүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.13. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ш” НҮТББ-аас нэхэмжлэл гаргаж байгаа талаар илэрхийлсэн байхад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамж, 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр, 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн нэрийг удаа дараа буруу бичсэн байх тул цаашид энэ алдааг гаргахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 125/ШШ2026/0028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, Э.А, Б.С нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА