Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 117/ШШ2022/0017

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сугиржав даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Даадаа групп ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Энхтайван

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Удаанжаргал,

Хариуцагч: Дундговь аймгийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Рэнцэндорж

Аймгийн засаг даргаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонд маргасныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайван, түүний өмгөөлөгч Ч.Удаанжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Рэнцэндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Даадаа групп ХХК нь Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан Дундговь аймгийн Засаг даргын 2021 оны 11 сарын 23-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/433 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж байна.

2. Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/272 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Даадаа групп ХХК-нд Дундговь аймаг, Сайнцагаан сумын С.Буяннэмэхийн өргөн чөлөөний-1, 109 тоот хаягт байрлах, нэгж талбарын 4809006695 дугаартай 900.0 м.кв /0.09 га/ газрыг орон сууцны зориулалтаар 14 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон.

Улмаар Дундговь аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/433 дугаар Газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалж, хүчингүй болгосон байна.

3. Уг маргаан бүхий актыг нэхэмжлэгч Даадаа групп ХХК нь эс зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч Даадаа групп ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/272 дугаар захирамжаар нэхэмжлэгч Даадаа групп ХХК-нд Дундговь аймаг, Сайнцагаан сумын С.Буяннэмэхийн өргөн чөлөөний-1, 109 тоот хаягт байрлах, нэгж талбарын 4809006695 дугаартай 900.0 м.кв /0.09 га/ газрыг орон сууцны зориулалтаар 14 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улсын бүртгэлийн Э-0814000187 дугаарт бүртгэж, 000005042 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Гэвч Дундговь аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/433 дугаар захирамжаар ...төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй, 2018 оны 05 сард барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй барилгын суурийн нүх ухаж ... гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1)    Даадаа групп ХХК нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлсөн тухайд:

2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний 2.2-т зааснаар Дундговь аймаг, Сайнцагаан сумын С.Буяннэмэхийн өргөн чөлөөний-1, Даадаа групп ХХК нь дээрх гэрээ, холбогдох хуульд заасан журмын дагуу төлбөрөө хугацаанд нь бүрэн төлсөөр ирсэн. Тодруулбал 2019 онд газрын эрх шилжихэд төлөх ёстой хураамж, гэрчилгээний үнийг аймгийн газрын албанд бүрэн төлж захирамж авсан, 2020 онд 8100 төгрөг, 2021 онд 8100 төгрөгийг гэрээнд заасны газрын төлбөрт төлсөн. Тиймээс тус аймгийн Засаг даргын захирамжид ...төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.5-т заасан нь үндэслэлгүй болно.

2)    Газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байсан тухайд:

Аймгийн Засаг даргын захирамжид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй... гэж үзэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасныг баримталж буй нь үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний 2.1-т нэгж талбарын тодорхой хэсгийг эзэмших зориулалт: Амины орон сууц гэж заасан. манай компани газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш газрыг хамгаалж, орон сууцны зориулалттай барилга барихад тохиромжтой болгож хөрсийг бэхжүүлэх, шугам, дэд бүтэц татах зэрэг маш олон ажил хийсэн.

Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.6-т Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Зөвлөмжид "...Гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, эвдрэл, элэгдэл бий болсон болон эзэмшигч өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ гэж тус тус заасан.

Тодруулбал газар эзэмшигчийн буруутай үйлдлээс бус, давагдашгүй хүчний улмаас буюу коронавируст цар тахлаас шалтгаалан Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хөл хорионы үед тодорхой ажлуудыг явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Мөн Дундговь аймгийн хөрс бидний барих барилгад тавигдах хөрсний нормыг хангадаггүй бөгөөд үүнийг хангаж, барилгын ажил явуулахын тулд суурийн бетон зуурмагийг бага барьцалдуулах шаардлага үүссэн.

3) Газар эзэмшигч Даадаа групп ХХК нь 2018 оны 05 сард барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр барилгын суурь нүх ухаагүй тухайд: Аймгийн Засаг даргын захирамжид газар эзэмшигч Даадаа групп ХХК-ийг 2018 оны 05 дугаар сараас хойш тухайн газар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй барилгын суурь нүх ухсан гэж тусгасан нь үндэслэлгүй. Учир нь манай компанийн газар эзэмших эрх дээр дурдсанаар 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үүссэн. Тиймээс 2018 онд тухайн газрыг ашиглах боломжгүй юм. Газрын өмнөх эзэмшигч 2018 онд нүх ухсан байдгийг манай компанид хамааруулж буйд гомдолтой байна.

4) Дундговь аймгийн Засаг дарга нь Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар Захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй. Ингэхдээ мөн хуулийн 25 зүйлийн 25.1-т зааснаар тухайн нөхцөл байдлын талаарх нотлох баримтыг цуглуулах үүрэг хүлээдэг. Гэтэл Дундговь аймгийн засаг дарга нь бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримт цуглуулалгүй шийдвэр гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчиж байна. Мөн манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийг гаргахдаа тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй буюу сонсох ажиллагаа хийгээгүй, сонсох ажиллагааны талаар мэдэгдэл ирүүлж байгаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 тус тус заасныг ноцтой зөрчиж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар Дундговь аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/433 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/272 тоот захирамжаар Дундговь аймаг Сайнцагаан сум С.Буяннэмэхийн өргөн чөлөөний 1-109 тоот хаягт байрлах нэгж талбарын 4809006695 дугаартай 900м2 буюу 0.09 га газрыг орон сууцны зориулалтаар 14 жилийн хугацаагаар Даадаа групп ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн Э0814000187 дугаарт бүртгэж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Дундговь аймгийн Засаг даргын захирамжид төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж заасан атал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэл үгүйсгэгдэж байна. Дундговь аймгийн Засаг даргын захирамжид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй гэж үзэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримталсан нь үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг Монгол улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн зөвлөмжид гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалын тогтолцооны өөрчлөлт гарсан, эвдрэл элэгдэл бий болсон болон эзэмшигч өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жил хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж тус тус заасан. Дундговь аймгийн хөрс бидний барих барилгад тавигдах хөрсний нормыг хангадаггүй бөгөөд үүнийг хангаж барилгын ажил явуулахын тулд суурийн бетон зуурмагийг баг барьцалдуулах шаардлага үүссэн. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар улс орон даяар өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн засгийн газрын тогтоолууд ирсэн байсан. Үүнээс хүндэтгэн үзэх шалтгаан нь үүссэн гэдэг харагдана. Тиймээс маргаан бүхий актад дурдсан 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэж заасан нь үндэслэлгүй байна.

Дундговь аймгийн Засаг даргын захирамжид газар эзэмшигч Даадаа групп ХХК нь 2018 оны 05 сараас хойш тухайн газар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй барилгын суурь нүх ухсан гэж тусгасан нь үндэслэлгүй. Учир нь манай компани 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр буюу зөрчил гарсны дараа газар эзэмших эрх нь олгогдсон. 2018 оны 05 сар гэдэг нь манай компанитай ямар нэгэн хамааралгүй. Бусдын гаргасан зөрчлийг манай компанид хамаатуулж бидэнд арга хэмжээ авч, газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалж, эрх хууль ёсны ашиг сонирхолд халдаж байна. Дээрх эрх зүйн зөрчлүүд гарсан, хуульд заасан үндэслэлүүд бүрдээгүй байхад аймгийн засаг даргын захирамжаар газар эзэмшигчийн газар эзэмших гэрчилгээг цуцалсан нь үндэслэлгүй, хууль бус захиргааны акт байна. Энэ актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Захиргааны актын хувьд материаллаг эрх зүйн болон хэлбэрийн шаардлагыг хангах шаардлагатай. Гэтэл материаллаг эрх зүйн шаардлагын тухайд 3 үндэслэл нь бүгд тогтоогдохгүй байна. 2 үндэслэлийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байна. 1 үндэслэлийг Даадаа групп ХХК-д хүндэтгэн үзэх шалтгаан байсан. Мөн дараалан 2 жил гэдгийг яаж тодорхойлсон бэ?. Барилгын тухай хуульд заасан процесс дараалал байна. Тиймээс хуульд заасан журмын дагуу үргэлжлээд явж байна, энд бид маргаагүй гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Удаанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл хэсэгт Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 гэсэн 2 хууль зүйн үндэслэл заасан. Энэ нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрийг төлөөгүй гэсэн 2 үндэслэлээр цуцалсан юм шиг харагдаж байна. Маргаан бүхий актын агуулга руу орохоор зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн, үргэлжлүүлсэн, барилга дээр суурийн нүх ухсан гэдэг зүйлчлэлийг дурдсан байдаг. Нэхэмжлэгч компаниас анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2020, 2021 онд газрын төлбөр төлсөн баримт хавсаргаж өгсөн. Мөн Дундговь аймгийн татварын хэлтсийн 2/463 тоот албан бичгээр газрын төлбөрөө төлсөн байна гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэдэгт Даадаа групп нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг авч мөн өдрөө газар эзэмших эрхийн гэрээгээ байгуулсан. Тухайн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр газрын албанаас Даадаа групп компанид хүлээлгэн өгсөн талаарх 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичиг хавтаст хэрэгт авагдсан. Газраа зориулалтын дагуу ашиглаж эхлэх 2 жилийн хугацааг яаж тоолох вэ гэхээр Монгол улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн зөвлөмжид гэрээ хийгдсэний дараа буюу гэрээ хийсэн өдөр болох 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, гэрээг Даадаа групп ХХК-д хүлээлгэн өгсөн өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хуанлийн 2 жилийн хугацааг тооцно. Манайх 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмших эрхийг авснаас 3 сарын дараа буюу Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж нийслэлээс хөдөө орон нутаг руу гарах хөдөлгөөнийг хязгаарласан. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0063576 дугаартай эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн, газар дээрээ нүх ухсан асуудлаар иргэн Болдбаатарт шийтгэл ногдуулж 10.000.000 төгрөгөөр торгосон байна. Үүнээс харахад 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тухайн нүх ухагдсан байсан гэж үзэхээр байхад маргаан бүхий актад 2018 оны 05 сард барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй барилгын суурийн нүхийг ухаж өнөөдрийг хүртэл хугацаанд иргэдийн ая тухай, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна гэж тодорхой заасан буруу.

Захиргааны актыг гаргах бодит нөхцөлийг заах хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой баримт цуглуулах үүргийг захиргааны байгууллага биелүүлээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна. Учир нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмших эрхээ авснаас хойш хэзээнээс эхэлж 2 жилийн хугацаа нь тоологдож байгаа нь тодорхойгүй. Хариуцагчийн төлөөлөгч 2020 онд цар тахлын улмаас барилгын ажил явагдах боломжгүй байсныг хүлээн зөвшөөрч байгаа. 2021 оны 06 сараас манай аймагт барилгын ажил эхэлсэн гэдэг. 06 сараас барилгын ажил эхэлснээс 4 сарын дараа манай газар ашиглах эрхийг цуцалж байгаа нь хуульд заасан 2 жил гэсэн шаардлыг хангахгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмнөх шүүх хуралдаанд гаргасан захиргааны актын хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудсыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан. Энэ шаардлагыг шүүх нотлох баримтыг шаардсан. Гэтэл захиргааны актад хувийн хэрэг гэчихээр зүйл ирээгүй.

Хариуцагч сонсох ажиллагааг хуульд заасан зохих журмын дагуу хийгээгүй гэж үзэж байна.. Манай компанид хүргүүлсэн гэх сонсох ажиллагааны мэдэгдэлд Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг үндэслэсэн, өөр бусад 2 зөрчлийг дурдаагүй байсан. Хэрвээ 3 үндэслэлийг тодорхой дурдсан бол нэхэмжлэгч компанийн зүгээс дэлгэрэнгүй байдлаар тайлбар болон баримтуудаа гаргаж өгөх боломжтой байсан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийднэ. Манайх Дундговь аймгийн засаг даргын 2021 оны 11 сарын 23-ны өдрийн А433 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ 3 зөрчлийн 2 нь нотлогдохгүй байна. Хариуцагчийн зүгээс Даадаа групп ХХК-д тухайн газрыг зориулалтын дагуу заасан байршилд олгосон. Үүнтэй холбоотой маргаан байхгүй гэсэн учир энэ талаар тэмдэглэлд тусгуулах саналтай байна.Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

7. Хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/272 тоот захирамжаар Сайнцагаан сумын 7-р баг С.Буяннэмэхийн өргөн чөлөө 1-109 тоот хаягт байрлах 900м2 газрын орон сууцны зориулалтаар шилжүүлэн авсан.Тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагаа хийх мэдэгдэх хуудас хүргүүлсний дагуу тус компаний 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 05/103 тоот албан бичгээр 2021 оны 06 дугаар сард ажил эхлэх тайлбар ирүүлсэн боловч өнөөдрийг хүртэл газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 06 дугаар сарын 28-ны 13-07-016/112 тоот улсын байцаагчийн албан шаардлага ирүүлсний дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээг аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны А/433 тоот захирамжаар хүчингүй болгосон. Нэхэмжлэгч Даадаа групп ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэжээ..

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Рэнцэндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даадаа групп ХХК нь 2019 оны 07 сард газар эзэмших эрхийг шилжүүлж авсан. Үүнээс хойш тухайн газрыг 2 жилийн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй өнгөрөөсөн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэсэн байсан боловч газрын төлбөрөө төлсөн байсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ашиглаагүй гэж үзэж байна. 2020 онд хөл хорио тогтоосон байсан боловч 2021 оны зун 6 сард манай аймагт барилгын ажил хэвийн эхэлсэн, явагдсан. Залуус хороололд 5-6 барилга бүрэн ашиглалтад орсон. Манай зүгээс Даадаа групп ХХК-д тухайн газраа ашиглахгүй бол оршин суугчдаас болон мэргэжлийн хяналтын газраас хашаа эвдэрч, хүний эрүүл мэндэд халдаж болзошгүй байна гэх гомдлууд удаа дараа ирснийг анхааруулсан. Мөн ухсан нүхэнд нь хүүхдүүд орж тоглодог. Хүүхэд гэмтэх их эрсдэлтэй байгаа талаар гомдол ирсэн байдаг. Иймээс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/433 дугаартай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг дэмжиж оролцож байна.. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/433 дугаартай Даадаа групп ХХК-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг хууль журмын дагуу сонсох ажиллагаа хийсэн, үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Барилгын ажлын зөвшөөрөл бол авагдаагүй байгаа сая шүүх хуралдаанд холбогдох материалаа бүрдүүлээд явж байгаа гэж байна энд аймгийн газрын албаны барилга хот байгуулалтын мэргэжилтнээс зургийн болон техникийн бусад шаардлагыг хангаснаар хэрэгжих юм гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Даадаа групп ХХК нь Дундговь аймгийн засаг даргад холбогдуулан аймгийн засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/433 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг /хх-7, 166/ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг /хх-1-3-р талд/ шүүхэд гаргажээ.

2. Аймгийн засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/433 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай захирамжаар Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5, 40.1.6, Барилгын тухай хуулийн 26-р зүйлийг тус тус үндэслэн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай Даадаа групп ХХК/РД6275869/-ний орон сууцны зориулалттай 900м2/0,09га/ газрын эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 2018 оны 5-р сард барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй барилгын суурийн нүх ухаж, өнөөдрийг хүртэл иргэдийн ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг ноцтой зөрчиж байх тул газар эзэмших эрхийг хүчингүй болгож, энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн засаг даргын 2019 оны А/272 дугаар захирамжийн Даадаа групп ХХК-д холбогдох хэсэг мөн газар эзэмших 000005042 тоот гэрчилгээг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

3. Засаг даргаас шүүхэд гаргасан хариу тайлбарт/хх-73-74/ Даадаа групп ХХК-ий нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны А/272 дугаар захирамжаар Сайнцагаан сумын 7-р баг, С.Буяннэмэхийн өргөн чөлөө 1-109 тоот хаягт байрлах 900м2 газрыг орон сууцны зориулалтаар шилжүүлэн авсан. Хуулиар тогтоосон мэдэгдэх сонсох ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлсэн. Тус компани 2021 оны 6-р сард ажлаа эхлүүлэх тайлбар ирүүлсэн боловч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй. Иймд эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон гэжээ.

4. Захирамжид нэрлэн заасан болон аймгийн Газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөлтөд /хх-162-165/ заасанчлан нэрлэн заагдсан газар нь байршлаараа нэг газар мөн болно гэж талууд тайлбарлах ба хэрэгт авагдсан баримтаас үзвэл ТХДЖтеатр /Төв халхын дуулалт жүжгийн театр/-ын баруун урд, 6-р цэцэрлэгийн зүүн талд /хх-164/, А/433 дугаар захирамжид Сайнцагаан сумын 7-р баг, ТХДЖтеатрын баруун талд /хх-166,7/ гэж, гэрчилгээнд С.Буяннэмэхийн өргөн чөлөө-1,109 хаягт байрлах /хх-168/, а/240 дугаартай захирамжид Сайнцагаан сумын төвийн 7багийн нутаг дэвсгэрт 900м2 газрыг хавсралтад зааснаар залуус хороололд ТХДЖТеатрын баруун талд /хх-76-77/ гэж, А/155 дугаар захирамжид Сайнцагаан сумын 7-р баг, ТХДЖТеатрын баруун талд /хх-170/ гэх мэтээр өөр өөрөөр хаягийг (байршлыг) тодорхойлсон байх тул маргаж буй захирамжийн газар нь газар төлөвлөлтөд /хх-162-164/ заасан ёсоор тусгагдсан газар мөн эсэхийг тодруулахад нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд /тэмдэглэлээс/ маргаж буй захирамжийн 900м2 газар нь ТХДЖТ-ын баруун талд байрлах барилгын суурь цутгасан газар мөн гэж тайлбарласан ба энэ асуудлаар маргаагүй.

5. Даадаа групп ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр газрын албанд ирүүлсэн хүсэлтийг /хх-95,97/ үндэслэн аймгийн засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 26-ны А/272 дугаар захирамжаар /хх-98/ иргэн Ч.Болдбаатараас Даадаа групп ХХК-д 14 жилийн хугацаатай орон сууцны зориулалтаар 900м2, Сайнцагаан сумын 7-р багт, ТХДЖТеатрын баруун талд байрлах газрыг эзэмшүүлж, 2019 оны 10 дугаар сарын 04-ний №04801-2019/00213 дугаартай иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг /хх-11-13/ байгуулж, Даадаа групп ХХК-д 2019.10.04-ний өдөр 000005042 дугаартай гэрчилгээ /хх-99/ олгогджээ. Гэрээ ёсоор газар хүлээлцэх актыг байгуулаагүй, шүүхээс шаардахад /хх-159-160/ ирүүлсэн баримтад /хх-161,169/ Даадаа групп ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарын үсэг зурж газрын гэрчилгээг хүлээн авсан болно гэх баримтыг ирүүлснээс өөрөөр газар хүлээлцсэн баримтгүй байна.

6. Даадаа групп ХХК нь РД:6275869, 000155360 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй /хх-8/ 4330кодоор барилгын засвар үйлчилгээ хийх, эцсийн өмчлөгч 1, гүйцэтгэх захирал Б.Дашцэрэн гэх бүртгэлтэй ба хэрэгт тус компаний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр /хх-4/ Х.Энхтайван хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож өмгөөлөгч Ч.Удаанжаргалаас нэг удаа татгалзсан /2хх- 20/, дахин гэрээ /2хх-62/ байгуулснаар шүүх хуралдаанд оролцуулсан болно.

7. Маргаж буй захирамжийн үндэслэлд газрын төлбөр төлөөгүй гэх боловч нэхэмжлэгчээс ирүүлсэн төлбөрийн баримтад /хх-6,55/ 2021.03.30-ны өдрөөр төлснийг, аймгийн Татварын албанаас баталгаажуулсан /хх-148-150/ тул нэхэмжлэгчээс хуулиар тогтоосон хугацаанд тогтоосон татварыг төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй болно.

8. Мөн захирамжийн үндэслэлд газраа 2 жил ашиглаагүй гэх ба Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээний /хх-11-13-р талд/ 6 дугаар зүйлийн 6.4т..... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмших гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй гм/ байхыг ойлгоно гэж талууд гэрээндээ тохирсон, энэхүү гэрээг байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацааг гүйцэд тооцох бөгөөд энэ хугацаанд улс орон даяар ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд аймаг орон нутаг хоорондын тээвэрлэлт болон бусад хөдөлгөөнд эрх бүхий байгууллагаас хориглолт хязгаарлалт тавигдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар /хх-208-212/ нотлогдох тул нэхэмжлэгчийн газраа дараалан 2 жил ашиглаагүй гэх хугацаанд дээрхээс хамаарах хугацааг хасч тооцох үндэслэлтэй. Иймд Газрын тухай хуулийн энэхүү шаардлагыг зөрчсөн гэж үзэхгүй. Түүнчлэн маргаан бүхий захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг хэрэглэхдээ 40.1 дэх заалтыг хэрэглээгүй орхигдуулсан байх ба Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1д заасантай нийцээгүй.

9. Нэхэмжлэгчээс манай компаний газар эзэмших эрх 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үүссэн Тиймээс 2018 онд тухайн газрыг бид ашиглах боломжгүй газрын өмнөх эзэмшигч 2018 онд нүх ухсан байдаг гэж нэхэмжлэлд зааж мэдсэн атлаа шүүх хуралдаанд мөн энэ агуулгаар тайлбарлах ба хариуцагчийн төлөөлөгчөөс мөн уг газарт 2018 онд барилгын нүх ухагдсан нь үнэн, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2-т зааснаар эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх үүргийг хүлээн зөвшөөрнө гэж тайлбарлах ба Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1,38.2-т заасанчлан хуулиар тогтоосон зохих ажиллагааг газрын албанаас хангалттай хэрэгжүүлээгүй буюу 38.2т эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт мэдүүлэг /хх-95/ гаргахдаа мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-т заасан нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ /хх-97/ авагдсан ч хуулийн шаардлага хангаагүй, харагдац муутай байсныг нэхэмжлэгч хариуцагч нараас тодруулж /2хх-23-29/ шаардсан боловч газрын албаны хувийн хэрэгт болон цахим санд уг баримт байхгүйг талууд шүүхэд /хх-2хх-63/ мэдэгдсэн, 38.2.2т газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар эрх үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо-гүй зэргээс үзэхэд нотлох баримтын бүрдэл зохих ёсоор хангагдсан гэж үзэхэд учир дутагдалтай ч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2-т зааснаар эрх шилжих үндэслэл үүснэ.

10. Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийг зөрчсөн гэх тухайд Засаг даргаас уг захирамжийг гаргахдаа газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт болон Барилгын тухай хуулийн 26-р зүйл заалтыг давхар хамтад нь хэрэглэж шийдвэрлэсэн нь хууль зүйн ойлголт үндэслэл агуулгыг эсрэгцүүлэхээс гадна акт зорилгодоо нийцсэн байх үндсэн шаардлагыг үгүйсгэж байна. Тодруулбал эдгээр зүйл заалтууд нь хуулиар аймгийн засаг даргад эрх олгогдсон хэдий ч нэгэн зэрэг буюу эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл олгоно гэх агуулгаас нэг дор хамтад нь хэрэглэхгүй нь тайлбарлагдах юм.

11. Барилгын зөвшөөрөл авах асуудал нь хууль журмаар тогтоосон шаардлагын хүрээнд процессын шатандаа яваа бид энэ талаар маргаагүй, аймгийн засаг даргаас компанид газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон, улмаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн байсан тул бид ямар нэгэн байдлаар уг газарт дураар орох, үйл ажиллагаа явуулах зэрэг нь хязгаарлагдсан нөхцөл үүссэнг аймгийн удирдлага ойлгох нь зүйтэй гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс тайлбарлах ба хариуцагчийн төлөөлөгчөөс уг компани газрынхаа эргэн тойронд хашаа хайс гүйцэд бус, хараа хяналт хамгаалалтгүй байгаа нь орчны иргэдийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй гэх тайлбаруудыг тус тус шүүх хуралдаанд гаргах ба энэ асуудлыг шалгахад /хх-133/ иргэдээс тус компанийн эзэмшил бүхий газарт холбогдуулан ... залуус хорооллын урд барилгын ажлын ногоон хашаа замд хэт ойрхон, хойд туслах замаар орж ирж байгаа машинд баруун талаас ирж байгаа нь харагдахгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал тул хашааг дотогш нь татуулж өгнө үү, Залуус хорооллын урд БОАЖГ-ын зүүн талд байгаа их хэмжээний ухсан нүхэнд ямар нэгэн барилгын ажил хийгдэхгүй жил гаран боллоо, нүхэн дотор бага насны хүүхдүүд орж тоглох унах зэрэг эрсдэл үүсэх, улмаар хүүхдүүдийг гаргаж орохыг хориглоход буцаж ирж тоглосоор байна, иймд хүүхдийг оруулахгүй болгох хэрэгтэй, бүтээн байгуулалтаа даруй хиймээр байна гэж..... тус тус гомдол гаргасан нь /хх-151-155,134-147/ цаг хугацааны хувьд тус компанид хамааралгүй гэж тайлбарлах хэдий ч иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах хүрээнд газар эзэмшүүлэх тухай 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний /хх-11-13-р талд/ 4.1, 4.2, 4.10, 4.19, 5.1, 5.2б, 5.4-т заасан үүргээ хэрэгжүүлэх нь зүйтэй.

12. Нэхэмжлэлд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т заасан шаардлагыг хангаагүй гэх боловч хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбарт /хх-73-74/ сонсох ажиллагааг 2021 оны 5 дугаар сарын 24-нд хэрэгжүүлсэн мэдэгдсэн гэх ба холбогдох ажиллагаанаас /2хх-7,9-10,23-29,16,17-19/, /1хх-103-104/ үзвэл мэдэгдэх сонсох ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

13. Нэхэмжлэгчээс актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт /хх-59/ гаргасныг анхан шатны шүүх хангаагүй /хх-70-72,108-118/-д гомдол гаргаж /хх-119/ давж заалдах шатны шүүхээс хүсэлтийг хангаж түдгэлзүүлж шийдвэрлэсэн /хх-124-130/ ба энэхүү шийдвэрийн биелэлт хэргийг анхан шатаар эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байх юм.

14. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс ирүүлсэн 2 хавтастай материалыг судалж хариуцагчид танилцуулан нэхэмжлэгчид буцаан өгөв.

Иймд дээрх үндэслэлүүдээр хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнээд Даадаа групп ХХК-ий газар эзэмших эрхийг зөрчсөн, актын хууль зүйн үндэслэлийг гүйцэд бодитоор тогтоогоогүй,хуулийг зөв хэрэглээгүй гэж шүүх үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2,106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-т заасныг тус тус баримтлан Даадаа групп ХХК-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Засаг даргын 2021 оны 11-р сарын 23-ны өдрийн А/433 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгосугай.

2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.    Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шийдвэр энэ өдрөөр дуусгавар болохыг танилцуулсугай.

4.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СУГИРЖАВ