Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/152

 

 

 

 

 

 

 

 

      2024            02             01                                               2024/ШЦТ/152

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж, Ерөнхий шүүгч Б.Дашдондов, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Д.Ганчимэг,

иргэдийн төлөөлөгч Ч.Ариунжаргал,

шүүгдэгч ***, өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***гийн *** (регистрийн дугаар ***), 19** оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, *** дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суух, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.  

 

Хэргийн товч агуулга: *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** гудамжны *** тоотод хамтран амьдрагч ***тэй маргалдан, улмаар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

- Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод ***тай маргалдаж, эрүүл мэндэд нь халдаж хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1296 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан (хавтаст хэргийн 3-8, 14-16, 26-27, 98-99, 105, 110-111 дүгээр хуудас),

- Өмгөөлөгч А.Очбадрал “шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт” (хавтаст хэргийн 130, 136-137 дугаар хуудас),

 - Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэр *** гудамжны *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ***тэй маргалдан, улмаар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод ***тай маргалдаж, эрүүл мэндэд нь халдаж хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч ***ийн “2019 оны 6-р сард ***тай танилцаж, тэдний гэрт хамтран амьдрах болсон. 2023 оны 9-р сарын 01-ний өдөр *** бид хоёр барилга дээр 3 хоног ажилласан цалингаа тус тусдаа авчхаад байж байсан. *** бригадын даргатай архи хувааж уучхаад бид хоёр гэртээ харьцгаасан. ***ын төрсөн эгч *** гэрт байсан. Бид гурав дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн архи авч хувааж ууцгаасан. 22 цаг үед *** уусан архиндаа согтож “Намайг цалингаа тусдаа авлаа” гээд хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд шургуулгаас бор модон иштэй хутга аваад намайг гэрээс гарах гэж байхад миний цээж, хэвлий хэсэг рүү нэг удаа дүрсэн. Тухайн үед эгч *** нь хажуу айлын хүнд хэлсэн байсан. Удалгүй цагдаа болон түргэн тусламж ирж намайг гэмтэлд хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 11177 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ***ийн биед хэвлийн хөндий нэвтэрч элэгний сегмент хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),

-  Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч ***ын “2023 оны 6-р сарын 16-ны шөнө 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоот гэртээ нөхөр ***ын хамт байж байхад манай нөхрийн төрсөн ах *** нь согтуу орж ирсэн. Би ***т хандаж “Та харьж амар, орой үдэш болсон байхад битгий орж ир” гэж хэлээд гэрээс гаргасан. Гэрийн гадаа *** миний баруун гараас барьж аваад газар унагаагаад миний зүүн талын нүд рүү гараараа 1 удаа цохиод, хажууд байсан банзаар баруун гарын шуу хэсэгт 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 105 дугаар хуудас),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 8065 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ***ын биед баруун шуу ясны зөрүүтэй хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн...хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл *** нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч[1] ***тэй маргалдаж, улмаар зэвсэг[2] хэрэглэж, эрүүл мэндэд нь хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэх шинжийг хангасан байх тул шүүгдэгч ***ыг тус зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн *** нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, иргэн ***ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.

Иймд шүүгдэгч ***ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Иргэдийн төлөөлөгч Ч.Ариунжаргал нь шүүгдэгч ***ыг “хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзсэн бөгөөд түүний санал дүгнэлт нь шүүхийн шийдвэртэй зөрүүгүй байсан тул шүүх бүрэлдэхүүн тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй юм.

Шүүгдэгч ***, өмгөөлөгчийн зүгээс “...хэргийн зүйлчлэл, гэм буруутай үйлдэл дээр маргаж мэтгэлцээгүй, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлж өгнө үү” гэсэн байр суурьтай оролцсон болохыг тэмдэглэв. 

1.4 Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж тодорхойлжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн биед хүнд хохирол, хохирогч ***ын биед хүндэвтэр хохирол тус тус учирсан бөгөөд эмчилгээ эрүүл мэндтэй холбоотой баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, шүүхээс хуралдааны товыг мэдэгдэхэд “...шүүх хуралд оролцохгүй, нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй” гэх тайлбарыг өгсөн тул шүүгдэгч ***ыг энэ тогтоолоор тэдгээрт төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч ***ын эмчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд нийт 1.312.500 төгрөгийг зарцуулсан (хавтаст хэргийн 139-140 дүгээр хуудас) баримт авагдсан ба Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувд-Эрдэнээс “...гэмт хэргийн улмаас *** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.312.500 төгрөгийн зардал гарсан болох нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 04/2629 дугаартай албан бичгээр тогтоогдсон. Дээрх тусламж, үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулан Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 145-146 дугаар хуудас)-ийг өгсөн байна.

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутайд этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай тул дээрх баримтын хүрээнд шүүгдэгч ***аас 1.312.500 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй юм.

Шүүх хуралдаанд шүүгдэгч ***аас “хохирлыг одоо төлж барагдуулах боломжгүй, төлөхөө илэрхийлж байна” гэх тайлбарыг гаргасан, Прокуророос шүүх хуралдаанд оролцуулах талаар тусгайлан гаргасан саналгүй байсан ба Шүүхээс хохирогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 07 жил 06 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж, нэгтгэн нийт 07 жил 07 сар 20 хоногийг хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...”,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруу дээрээ маргахгүй. Хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөрийг төлөхөө илэрхийлж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 80, 152-154 дүгээр хуудас) зэргээс үзэхэд шүүгдэгч *** нь урьд Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж дуусгавар болсон байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зэвсэг хэрэглэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хутгалж хүнд гэмтэл, нэг хүний эрүүл мэндэд халдаж  хүндэвтэр хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч нарт хүнд, хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбарыг өгсөн), шүүгдэгчийн хувийн байдал (19** онд төрсөн, *** настай, Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 07 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 02 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 07 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, хорих ялын хэмжээг 07 жил 02 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу шүүгдэгч ***ын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон (1хх48-49) нийт 99 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй буюу эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан төдийгүй, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хоёр зүйл, ангид заасан гэмт хэргийг шүүгдэгч нь санаатай үйлдэж хохирол учруулсан, хүний биед хүнд гэмтэл учруулахдаа зэвсэг хэрэглэн, гэр бүлийн хүчирхийлэл (хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр) үйлдсэн, учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй тул хорих ялын доод хэмжээгээр оногдуулахаас татгалзсан болно.

Бусад асуудлын талаар.

Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар долоон жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хоёр сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан долоон жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, хорих ялын хэмжээг долоон жил, хоёр сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын цагдан хоригдсон ерэн ес хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 1.362.500 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутга /бор шаргал өнгөтэй/-ыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хохирогч *** *** нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл ***т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БЯМБААБААТАР

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ДАШДОНДОВ

 

                                                   ШҮҮГЧ                                         М.МӨНХБААТАР

 

[1]  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл (хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг)-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн...үйлчлэлд хамаарах хүний...эрүүл мэндэд гэм хор учруулсан... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ”

 

[2] Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт: Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.