Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 132/ШШ2021/00048

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: 1973 онд Булган аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн ... од оршин суух, Б овогт Г.Б  //-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн ...  сумын “Б” цэцэрлэгт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/01033/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б , түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн /цахимаар/ хариуцагч 1979 онд Булган аймгийн ...  суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ... од оршин суух, Булган аймгийн ...  сумын “Б” цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, М овогт  Б.Б  //, нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2006 онд сумын “Б” цэцэрлэгт галчаар ажилд орсон. Слесерээр 4-5 жил ажилласан. Цэцэрлэгийн халаалт төвлөрсөн зуух руу шилжхэд галчаар 1 жил ажилласан. Төвлөрсөн халаалт зогсоод буцаж цэцэрлэгт галчаар ажилласан. Охин айлд очихоор болж мөнгөний хэрэгцээ их гарсан тул  байгууллагаас 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл чөлөө авч өөр газар ажиллаж байгаад дахин чөлөөний хугацаагаа 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгахаар хүсэлт гаргаж чөлөө авсан. Ингээд Бүрэгхангай сумын Уурхайд 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажиллаж байх хугацаанд ажлаас халсан. Галчийн орон тоо цомхотгогдож слесерийн орон тоонд нөхөр Г ыг ажилд авсан байсан. Нэгдсэн халаалтанд шилжиж байгаа учраас галчийг байгууллага дотроо өөр ажилд томил гэсэн чиглэл сумаас өгсөн гэж яригдаж байсан. Гэвч намайг ажлаас халж өөрийн нөхрийг ажилд авсан. 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр миний дансанд 500.000 төгрөг орж ирэхээр нь эрхлэгч Б гээс асуухад ажлаас гэнэт халсаны мөнгө гэж хэлсэн. Би чөлөөтэй байгаа биз дээ гэхэд ажлаас халсан тушаал чинь гарсан гэж хэлсэн. Надад ажлаас халсан тушаалыг өгөөгүй би хүнээр дамжуулж 10 дугаар сарын 23-ны өдөр авсан. Намайг чөлөөтэй байхад болон өөр ажилд шилжүүлэн томилж болох байхад ажлаас халсанд гомдолтой байна. Иймд ажил эгүүлэн тогтоож өгнө үү. Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс  шүүх хурал хүртэлх ажлын 33 хоногийн цалинг сарын 713.572 төгрөгөөр бодож /713.572:23/ ажлын нэг хоногийн цалин 31.024 төгрөгөөр тооцон /33х31.024/ 1.023.792 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн. Энэ дүнгээс гэнэт халагдсаны мөнгө гэж шилжүүлсэн 500.000 төгрөгийг хасч үлдэгдэл  623.792 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 45 дугаартай тушаалаар Г.Б г слесерийн ажлаас чөлөөлж галчийн ажилд томилж ажиллуулж байсан. Тус цэцэрлэгийн галчийн орон тоо хасагдсан тул Г.Б г галчаар буцаан авах боломжгүй. Түүнчлэн галч нь гэрээт албан хаагч гэдгээр цалинждаг. Г.Б гийн  нэмэгдүүлсэн нэхэмжлэл болох 623.792 төгрөгийг төлөх боломжгүй. 2021 оны төсөвт ч галчийн орон тоо хасагдаж цалин төсөвлөгдөөгүй байгаа.  2020 оны 1 дүгээр сард галч нартай хөдөлмөрийн гэрээг шинэчилэн байгуулсан боловч Г.Б гийн хөдөлмөрийн гэрээ нь хувийн хэргээс нь алга болсон байсан. Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 01 сарын 13-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 31-ний бдбр хүртэл хугацаагаар байгуулсан байсан. Г.Б  нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр чөлөө хүссэн өргөдөл гаргаж тус өргөдлийг шийдэж тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн байсан. Дараа нь 2020 оны 6 дугаар сард чөлөөгөө сунгуулах хүсэлт өгсөн. Энэ хүсэлтийг би шийдвэрлээгүй. Тушаал гаргаагүй. Г.Б  архи дарс уудаг, хэл амаар доромжилдог, зан харилцааны хувьд доголдолтой, ёс зүйгүй. Г.Б  нь 2017 оноос хойш архи уухаа больсон. Ажилдаа сайн боловч бусадтай хүндлэлгүй харьцдаг, ёс зүйн доголдолтой. Г.Б  нь надтай 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гудамжинд таараад тушаалаа авъя гэж хэлсэн. Маргааш өдөр нь ажил дээр архи ууж ирээд агсам тавьсан. Нэгдсэн халаалтанд шилжсэнтэй холбоотой байгууллагын галч нарыг дотооддоо зохион байгуулж өөр ажилд шилжүүлж ажиллуулах талаар чиглэл өгч байсан. Гэвч Г.Б  нь чөлөөтэй байх үедээ надтай нэг ч удаа холбогдоогүй, утасны дугаарыг нь олоод залгасан боловч юу ч яриагүй, цаараглаад байсан. Учир байдлаа ярилцаж тохироцсон бол цалинг нь гаргаж өгч болох байсан. Нэгдсэн халаалтанд шилжиж орон тоо цөөлөх асуудал 2020 оны 9 дүгээр сард шийдэгдсэн асуудал биш бөгөөд өмнө нь 2 ба түүнээс дээш жилийн өмнө яригдаж төлөвлөгдөж ирсэн асуудал байсан ба Г.Б  нь энэ талаар сайн мэдэж байсан. Ийм учраас чөлөөгөө үргэлжлүүлэн авч байсан. Би нөхрөө галчийн орон тоонд ажилд аваагүй. Галчийн орон тоо хасагдсан учир нөхрөө слесерийн орон тоонд авч ажиллуулж байгаа. Одоо галчийн орон тоо байхгүй тул Г.Б г ажилд авах боломжгүй, 2021 оны төсөвт галчийн цалин төсөвлөгдөөгүй тул цалин гаргах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б  нь хариуцагч “Булган аймгийн ...  сумын “Б” цэцэрлэгт холбогдуулан, галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Г.Б д 2020  оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр арын 21-ний өдөр хүртэл тушаал гаргаж чөлөө олгоогүй, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа дууссан, цэцэрлэгийн халаалт сумын төвлөрсөн халаалтанд шилжсэн тул галчийн орон тоо хасагдсан, слесерийн орон тоонд авах боломжгүй гэж маргажээ.

Хариуцагч хөдөлмөрийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан гэж тайлбарласан.

Хэрэгт хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар ирүүлээгүй хэдий ч ажил олгогч, ажилтныг 2006 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр машнистийн ажилд томилж, ажилтан сар бүр цалин авч ажиллаж байсан нь ажилд авсан тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  талуудын хооронд хөдөлмөрлөх харилцаа үүссэн, нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаардах эрхтэй байна гэж үзлээ.  /хх-ийн 3-5/

Нэхэмжлэгч Г.Б  нь 2006 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс “Булган аймгийн ...  сумын “Б” цэцэрлэгт галчаар ажиллаж байсан ба тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/32 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан галчийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх-ийн 3/

Тус сумын цэцэрлэг нь 2020 оны орон тоо бүтэцийн хувьд 3 галчийн орон тоо, цалингийн санг баталж ажиллаж байсан боловч цэцэрлэгийн халаалтыг сумын төвлөрсөн халаалтанд шилжүүлснээр 2021 онд баталсан орон тооны бүтэц, төсвийн хувьд галчийн орон тоо хасагдсан болох нь ...  сумын сургууль, цэцэрлэгийн 2021 оны батлагдсан төсөв, тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01 дугаартай орон тоо, цалингийн сан батлах тухай тушаал, түүний хавсралтаар тогтоогдож байна.  /хх-ийн 31-32,47-48/

Цэцэрлэгийн 2021 оны орон тоо бүтэц, цалингийн санд өөрчлөлт орсон нь баримтаар тогтоогдож байгаа хэдий ч 2020 онд галчийн орон тоо хасагдаагүй байхад ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа бол ажил, албан тушаалыг ...хэвээр хадгална гэж , 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж тус тус заасныг зөрчсөн байна. Тухайлбал: Нэхэмжлэгч Г.Б  нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны чөлөө авахаар хүсэлт гаргасныг ажил олгогч хүлээн авч Булган аймгийн ...  сумын Б цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай тушаалаар  ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 21/ Нэхэмжлэгч чөлөөний хугацаа дуусч чөлөөг 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар сунгахаар хүсэлт гаргасныг ажил олгогч хүлээн авч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д зааснаар чөлөө олгосон болох нь хариуцагчийн шүүхэд өгсөн “ ...Н.Б  нь... чөлөөгөө сунгана гээд өргөдөл бичээд явсан. Миний бие ажилтан чөлөө хүсэж байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д зааснаар чөлөө олгосон“ гэх тайлбар, нэхэмжлэгчийн чөлөө хүссэн тухай өргөдөл, түүний тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 14-19, 27/

Түүнчлэн хариуцагч нь “нэгдсэн халаалтанд шилжиж орон тоо цөөлөх асуудал 2020 оны 9 дүгээр сард шийдэгдсэн асуудал биш бөгөөд өмнө нь 2 ба түүнээс дээш жилийн өмнө яригдаж төлөвлөгдөж ирсэн асуудал бөгөөд Г.Б  нь энэ талаар сайн мэдэж байсан” гэж тайлбарлажээ. Энэ нь ажилтаныг ажлаас чөлөөлөх талаар урьдчилан мэдэгдсэн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан /орон тоо хасагдсан/ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл ажил олгогч нь  ажилтныг захиргааны чөлөөтэй байхад ажил албан тушаалыг хэвээр хадгалах, орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ тус тус биелүүлээгүй байгаа нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 16 дугаар зүйлийн 16.4 болон Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийг тус тус зөрчиж ажилтны хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч Г.Б г  Булган аймгийн ...  сумын Б цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажилтны ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно” гэж заасан.

Ажилтан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1.023.792 төгрөг, үүнээс ажил олгогчоос олгосон ажлаас халагдсаны тэтгэмж 500.000 төгрөгийг хасч үлдэх 623.792 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 Ажилтаны дундаж цалин хөлсийг түүний нэхэмжилсэн 1 сарын цалин 713.572  төгрөгөөр тооцвол ажлын нэг өдөрт ногдох цалин хөлсний дундаж нь 713.572:21.2=33659 төгрөг байх бөгөөд үүнийг ажилтны ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 11 дүгээр сард ажлын 11 хоног, 2020 оны 12 дугаар сард ажлын 22 хоног, 2021 оны 1 дүгээр сард ажлын 10 хоног бүгд 43 хоногт үржүүлж 33659х43=1.447.337 төгрөг, үүнээс ажлаас халагдсаны тэтгэмж 500.000 төгрөгийг хасч үлдэх 947.337 төгрөгийг  хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тооцов.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Г.Б гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Г.Б  нь “2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүнээр дамжуулан гардаж авсан” гэж тайлбарлаж байгааг хариуцагч үгүйсгээгүй, хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрийг ажилтанд халагдсан өдөрт нь өгөөгүй болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд шүүх  нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасныг зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байна гэж үзсэн болно.

Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах бөгөөд нэхэмжлэгч Г.Б  нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29121 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж,  нэхэмжлэгчид олгож, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 27286 төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулахаар шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Б г Булган аймгийн ...  сумын “Б” цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 947.337 /есөн зуун дөчин долоон мянга гурван зуун гучин долоон/ төгрөгийг Булган аймгийн ...  сумын “Б” цэцэрлэгээс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Г.Б гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Булган аймгийн ... сумын Б цэцэрлэгт үүрэг болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 27286 /хорин долоон мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан Төрийн санд олгож, Төрийн сангаас 29121 /хорин есөн мянга нэг зуун хорин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Г.МЯГМАРСҮРЭН