Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/49

 

 

 

 

 

 

   2024       01       08                              2024/ШЦТ/49     

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

Улсын яллагч Э.Мөнхболд,

хохирогч: Х.Ч ,

Шүүгдэгч: Л.З , түүний өмгөөлөгч Н.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогтой Л.З /РД:*********/-д холбогдох эрүүгийн 23090000***** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, *** дүүргийн **** ажилладаг, ам бүл 1, *** дүүргийн 6 дугаар хороо, 65-75 тоотод оршин суух хаягтай, Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Х  овогтой Л.З /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.З нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө *** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах **** хохирогч Х.Ч-ийн нүүрэн тус газарт нэг удаа цохиж түүний биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, зүүн нүдний алим, цээжинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.З  нь “...2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө **** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах **** хохирогч Х.Ч ийн нүүрэн тус газарт нэг удаа цохиж түүний биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, зүүн нүдний алим, цээжинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

            Хохирогч Х.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 02-ны 23:30 цагийн үед найз А. Э, ажлын газрын эмэгтэй Б  нарын хамт *** дүүргийн 1 дүгээр хороо **** орж үйлчлүүлсэн. Тухайн үед А  яваад өгсөн байсан. Тэгсэн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны 00:15 цагийн үед үл таних залуу Б-тай маргалдаад зогсож байсан тэр үед нь би очоод учир байдлаа хэлээд хамт ажилдаг хүмүүс юм аа янз бүрийн юм битгий бодоо гэж хэлээд өөрийн сууж байсан ширээн дээрээ ирээд суусан. Тэгсэн миний ардаас дагаж ирээд хоолой боогоод тэгэхээр би боолтын тавиулаад учраа ольё гэж хэлээд суудлаасаа өндийгөөд бостол тэр залуу миний зүүн талын нүд рүү цохиж хаяад зугтаасан...." гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 05 дугаар хуудас/,

Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 02-ны орой 23:00 цагийн үед ** караокед ажлын газрын дарга Ч  болон түүний найзууд гээд 3 танихгүй залуу байсан хамт байсан тэгсэн нэг мэдсэн манай найз залуу З  үүдэнд ирсэн зогсож байсан тэгэхээр би очиж уулзаад зогсож байтал дарга Ч  ирээд юу болсон юм бэ гэж асуусан тэгсэн З  цаашаа явж бай яагаад гэвэл миний уур хүрэх гээд байна гэж хэлсэн тэгсэн дарга буцаад сууж байсан ширээ рүүгээ явсан тэгээд би куртикээ аваад З-н  хамт тэр пабаас гараад явсан. Тэгээд З бид хоёр гадаа гарч маргалдсан чинь Золоо уурлаад буцаад негее паб руу орсон тэгээд л би гадаа хэсэг хүлээж байгаад араас ортол зөөгч нар нь ирсэн дарга Ч-н, А-с цус гарсан байдалтай сууж байсан. Тэгсэн З  гараад явсан. Тэгсэн ардаас нь цагдаа дуудсан...." гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч А.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Ч  ах тэр залууд хандаж чи яаж байгаа юм бэ ямар учиртай юм бэ тэгсэн гэнэт нөгөө залуу Ч  ахын нүүрэн тус газарт нь гэнэт цохиод авсан. Тэгсэн нүд нь хавдсан А саа нь цус гарсан тэгээд цагдаа дуудсан чинь нөгөө залуу зугтаасан дараа нь цагдаа дээрээ сүүлд араас нь ирсэн байсан..." гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 14189 дугаартай “...Х.Ч-ийн биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, зүүн нүдний алим, цээжинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг топтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт, /ХХ-ийн 30-31 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Л.З ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө найз бүсгүй болох Б ыг авах гээд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ** пабад очоод тухайн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир Б ын ажлын газрын ах Ч  гэх хүнтэй маргалдаж нүүрэн тус газарт 1 удаа цохисон. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 59-60 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Мөн шүүгдэгч Л.З  нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх,

Хохирогч Х.Ч-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би сургалтад суучихаад ажил руу явж байхад найзууд намайг дуудсан ба би найзууд дээр ээ очсон. Б  дуртай гээд дагаад яваад байсан. Найзууд явах гэж байна хүргэж өгөх үү гэтэл найз залуугаа дуудсан гэсэн. Тэгээд сууж байтал нэг залуу орж ирсэн. Загнаад байх шиг байна гэхээр нь очоод яасан бэ, юу болсон бэ гээд буцаад ширээндээ суутал намайг араас боосон. Тэгээд цохиод байсан. Шүүхэд үнэн зөв ярих ёстой. Би энэ залууд нэг ч удаа доромж үг хэлээгүй. Камерын бичлэг болон хажууд байсан бүх хүмүүс мэдэж байгаа. Миний хувьд хүн доромжлоод байдаг хүн биш. Шүүх хуралдаанд худлаа ярьж байгаа нь сонин байна. З  намайг араас боосон ба таньдаг хүн маань салгасан. Магадгүй араас боосон байсныг тавиулаагүй байсан бол би энд зогсож байх нь эргэлзээтэй байна. З  мөрдөн байцаалтын шатанд над руу нийт 5 удаа ярьсан байх. Биеийн байдал асууж ярьсан удаа байхгүй. Прокурор юм уу цагдаа дээр очихдоо ярьдаг. Би З д хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж болдог юм байна гэж хэлсэн. Хамрын яс хугарсан, гэмтэл авсан, нүд тагларсан маш хүнд байдалтай байж байхдаа энэ залуугаас их мөнгө гаргуулахгүйн тулд өөрийнхөө даатгалаар эхний хагалгаа болох хамарны ясны цөмөрлөө эмчлүүлсэн. Дахиад онош тодруулахын тулд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү очиж таньдаг эмчийг гуйж байгаад комьпютер томограф хийлгэсэн. Энэ бүх зардлыг өөрийнхөө даатгалаар төлсөн. Одоо 2 дахь хагалгааны хугацаа болж байна. 2 дахь хагалгааны зардлыг нэхэмжилнэ. Нүдний доод талд хөх туяа тогтсон арилахгүй байгаа. Үүнээс болоод ажлаасаа чөлөөлөгдсөн. Орой унтахдаа хамар руугаа юм цацдаг. Хамар овойж эдгэсэн. Хамар болон хүзүүндээ сорвитой болсон. Би ийм байдалтай байхад шүүхэд худал ярьж болохгүй. Би нэг ч доромжилсон үг хэлээгүй. Б ыг найз маань явах гэж байна хүргүүлэх үү гэхэд найз залуу маань ирж авна гэсэн. Хүчээр авч явсан зүйл байхгүй. Би анхнаасаа өмгөөлөгчид нь хэлсэн. Шүүхийн дүгнэлт гаргуулахгүй байя. Хагалгаа хийлгэх нь тодорхой учир шүүх гэхгүйгээр асуудлаа шийдье гэж хэлсэн. Би энэ залуугийн өмнөөс санаа зовоод гэмт хэрэгтэн болчихвий гээд өдий хүртэл бодож явж байгаа. Гэтэл “....шүүхээр орсон ч, ороогүй ч төлнө. Зээл авах гээд хөөцөлдөж байгаа...” гэж хэлээд дахиж холбоо бариагүй. 4 сая орчим төгрөг нэхэмжилнэ. З  худлаа яриад байх юм бол сэтгэл санааны хохирол гаргуулмаар байна” гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эдгээр нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Л.З  нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Х.Ч ийн биед хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүгдэгч Л.З ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, оролцсон болохыг дурдаж байна.

 

 

Хохирол хор уршгийн хувьд:

Хохирогч Х.Ч-с эмчилгээний зардалд нийт 3.989.136 төгрөг нэхэмжилсэн ба эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авсан 89.736 төгрөг, хамрын таславч тэгшлэх мэс засалд орох зардалд 3.899.400 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.

Шүүхээс хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудсанд 1-4 хүртэл дугаарлагдсан 89.736 төгрөгийн баримт, 22 дугаар хуудсанд авагдсан **** эмнэлгийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч Л.З аас 3.989.136 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхэд.

Шүүгдэгч Л.З  нь дээрх хохиролоос шүүгдэгч 1.500.000 төгрөгийг төлсөн.

Иймд үлдэгдэл 2.489.136 төгрөгийг шүүгдэгч Л.З аас гаргуулж хохирогч Х.Ч-д олгож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Ч  нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжилсэн төлбөрийг төлсөн тохиолдолд сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг нэхэмжлэхгүй, мөн хамрын таславч тэгшлэх мэс засалд орох шаардлагатай гэж тайлбарлаж байна.

Иймд хохирогч Х.Ч ийн цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Л.З ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Л.З  нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ныг шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*** ” нэртэй пабд хохирогч Ч-н  нүүрэн тус газарт нэг удаа цохиж түүний биед  хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, зүүн нүдний алим цээжинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж бодит байдлыг тогтооход хүрэлцэхүйц нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн. Нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг үндэслээд хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 23 цаг 30 минутын үед хохирогч Ч  нь найз А , Э, ажлын газрын эмэгтэй Б  нартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***  нэртэй пабд орж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үйл баримт тогтоогдож байгаа. Тухайн үед Б ын найз залуу болох З  орж ирсэн бөгөөд Б ыг бусадтай хардан хохирогч Ч той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учруулсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авсан 89.736 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Мөн хагалгаанд орох зардал болох 3.899.400 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Мөрдөн шалгах ажиллагаа явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэл санааны хохирол гэж ярьж байгаа боловч хохирол төлөгдвөл сэтгэл санааны хохирол шаардахгүй гэсэн учир сэтгэл санааны хохирол шаардлагагүй байна гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Л.З ын өмгөөлөгч Н.Амаржаргал эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Миний үйлчлүүлэгч З  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Иймээс миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргаагүй. Гэмт хэрэг гарах шалтгаан юу байсан бэ? Сургалтад суусан гэдэг. Сургалт шөнийн цагт явагддаггүй. Зодоон 00 цаг 15 минутад гарсан байдаг. Өөрийн хүүхэд шиг хүнийг дагуулж яваад архидан согтуурсан. Мөн хориглосон ангийн мах идсэн. Миний бодлоор ямар нэгэн байдлаар айлган сүрдүүлж авч явсан байна. Үүнээс үүдэн хэрэг гарсан байна. Хэрэв тэр бүсгүй сургалтаа тараад гэртээ очсон бол энэ гэмт хэрэг гарахгүй. Энэ хэргээс болоод 6 сар нэг гэрт амьдарсан хүмүүс салсан. Ч  нь гэр бүл болох гэж байсан хүмүүсийг салгасан. Гэмт хэрэг гарсан шалтгаан хардалтаас болсон. Ч  Б ыг дагуулж явж архидан согтуураагүй бол энэ гэмт хэрэг гарахгүй байсан. Сэтгэл санааны хохирлыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн тогтоох ёстой. Энэ талаар баримт байхгүй байна. Мөн миний үйлчлүүлэгч З  зодуулсан. Гэхдээ гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Иймд Ч-д Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулж өгнө үү. Шүүхээс тогтоосон бодит хохирлыг төлнө. Дараа нь гарах төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэсэн тохиолдолд маргах зүйлгүй төлнө...” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч Л.З д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг” хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Л.З ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47х/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 49х/, жолоочийн лавлагаа /хх-ийн 51х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44х/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 48х/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүхээс шүүгдэгч Л.З ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х  овогтой Л.З  /РД:*******/-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан  зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Л.З аас 2.489.136 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Ч т олгосугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Ч нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ТҮВШИНТӨГС