Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 132/ШШ2021/00057

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Д ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1989 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 32 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, Булган аймгийн ... од оршин суух, С овогт Л.О,

Хариуцагч: 1988 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, Булган аймгийн ... од оршин суух, А  овогт Ж.Х нарт холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэл 12.514.163.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/01104/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1986 онд Булган аймагт төрсөн, эрэгтэй,  34 настай, дээд боловсролтой, Т ны Булган салбарын  тооцооны төвийн харилцааны менежер ажилтай, Булган аймгийн ... од оршин суух, Б овогт Ю.Д,  хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О , нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Д  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л овогтой О , Ж овогтой Х  нар нь Тны Булган салбараас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн *********** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нийт 17.653.000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгөөр авсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 3.2.1 дэх гэрээний заалтыг зөрчсөн, банкнаас нэхэмжилсэн төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй төлбөрийн зөрчил гаргасан бөгөөд зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй, эргэн төлөх хуваариас 153 хоног хугацаа хэтэрсэн,  төлбөрийн зөрчил гаргасан бөгөөд банкнаас удаа дараа шаардсан боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй тул гэрээний 6.2.1 болон 6.2.5 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаарх зээл, зээлийн хүү, бусад зардлыг Л.О , Ж.Х   нараас гаргуулах хүсэлтэй байна.

Үүнд: үндсэн зээлийн дүн 11.280.612.72. төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1.216.051.11 төгрөг, нотариатын зардал 17500. нийт 12.514.163.83 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Л.О  нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т ны Булган салбараас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн *********** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нийт 17.653.000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгөөр авсан.

2019 оны 12 сарын 22-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Цар тахлын улмаас шинэ  ажилд сэлгэн томилох асуудал хойшлогдож, цалин орлогогүй болж зээлийн эргэн төлөлтөнд саад учирсан. Банкнаас зээлээ төлөхийг сануулж байсан ч надад боломж олдоогүй тул банкинд төлөлт хийгдээгүй. Зээлээ төлөөгүй алдаа гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.  

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

“Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Д  нь Л овогтой О , Ж овогтой Х  нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 12.514.163.83 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Л.О , Ж.Х  нар нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн *********** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нийт 17.653.000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгөөр цалингаа барьцаалан зээлийн гэрээ байгуулж, зээл авсан болох нь зохигчын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, хүү тооцооллын хүснэгт, зээлийн эргэн төлөх хуваарь зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 7-11/

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний талаар талууд мараагүй, хүчин төгөлдөр гэрээ байна.

Барьцаат зээлийн гэрээний 4.1.2-т “энэхүү гэрээний 6.2.1-6.2.5-д заасан нөхцөл байдал бий болсон бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл төлүүлэх арга хэмжээ авах” гэж, мөн гэрээний 6.2.1-д “зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцлана” гэж тус тус зааснаар зээлдүүлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д /Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй/ зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, /Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ/, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д /“Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй/ заасны дагуу зээл болон гэрээг цуцлах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна. 

Зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй, 153 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлдүүлэгч зээлдэгч нарыг зээлээ төлөх талаар удаа дараа шаардаж мэдэгдэж байсан нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдэл, зээл эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6,11/ 

Талуудын хооронд байгуулсан барьцаат цалингийн зээлийн гэрээний 3.2.1-д “үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх...”, 6.2.2-т “зээлдэгчийн ажил олгогчийн байгуулсан хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон шалтгаан гэрээ дуусгавар болох үндэслэл болохгүй” гэж тус тус заасан.

Гэрээнд зааснаар зээлдэгч ажлаасаа чөлөөгдсөнөөс үл шалтгаалан зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл зээлдэгч нар нь гэрээний дагуу авсан зээлийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг зээлийг төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөх үүрэгтэй байна.

Иймд зээлдэгч нартай байгуулсан цалингийн барьцаат зээлийн гэрээг цуцалж,  Л.О , Ж.Х  нараас үндсэн зээлийн үлдэгдэл 11.280.612.72 төгрөг, хүүгийн төлбөр 1.216.051.11 төгрөг, нийт 12.514.163.83 төгрөгийг гаргуулж Т ны Булган салбарт олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нотлох баримт бүрдүүлэхэд гаргасан зардлыг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй байх тул нотариатын зардал 17500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн *********** тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ж.Х, Л.О  нараас үндсэн зээлийн үлдэгдэл 11.280.612.72 /арван нэгэн сая хоёр зуун наян мянга зургаан зуун арван хоёр төгрөг далан хоёр мөнгө/ төгрөг, хүүгийн төлбөр 1.216.051.11 /нэг сая хоёр зуун арван зургаан мянга тавин нэгэн төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөг, нийт 12.496.664 /арван хоёр сая дөрвөн зуун ерэн зургаан мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулж, “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17.500 /арван долоон мянга таван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 215.176  /хоёр зуун арван таван мянга нэг зуун далан зургаан/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 214.896  /хоёр зуун арван дөрвөн мянга найман зуун ерэн зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т”-ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МЯГМАРСҮРЭН