| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2020/00631/И |
| Дугаар | 132/ШШ2021/00065 |
| Огноо | 2021-01-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 132/ШШ2021/00065
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1994 онд төрсөн, 25 настай, эмэгтэй, Булган аймгийн ... т оршин суух, Т овогт Г.И-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1993 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, Булган аймгийн ... т оршин суух, Х овогт А.Д -д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, асрамж болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00631/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.И нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.Д тай 2013 оноос хойш хамт амьдарч эхэлсэн. 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүү төрсөн. Нөхөр маань амьдралаас залхаад, мөн хоорондоо ойлголцохгүй “би чамаас салмаар байна” гэж хэлээд бид хоёр 2014 оны 04 сард анх удаа салж байсан. Би ганцаараа амьдарч байх хугацаандаа сургуульд сурч байсан учраас хүүхдээ ээжээрээ харуулж сургуулиа төгссөн. Мөн жирэмсний хожуу үеийн хордлого гэж маш хүндрэлтэй төрж байсан. Би 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүүхдээ аваад нөхөр дээрээ очсон. Миний буруу юм байна, би чамайг ойлгодоггүй юм байна, хоёулаа одоо хүүгээ бодъё, сургуулиа төгссөн учраас одоо ажиллаж амьдаръя гэж хэлээд айлын хажуу өрөөнд амьдарсан. Би тухайн үед оройн цагаар ажил хийдэг байсан. Амьдарч байх хугацаанд А.Д гэр бүлээс гадуур харилцаатай байдаг байсан. Хүүхдээ хайрлаж хайхардаггүй байсан. Тийм шалтгааны улмаас би амьдрах боломжгүй юм байна гэж санал тавьсны үндсэн дээрээс салсан. Иймэрхүү байдалтай явсаар 2018 оны 10 сараас хойш А.Д тай огт харилцаагүй болсон. Хамтран амьдрах хугацаанд би нөхрөө Өвөр монголд ажилд оруулсан. Мөн хадам ээжийгээ ажилд оруулсан. Аль альных нь амьдрал сайхан болсон. Надтай аль аль нь холбогдож хүүхэд болоод надад халамж, анхаарал тавьж, сайхан үг хэлж байгаагүй. 2018 оны 10 сард салснаасаа хойш А.Д хүүхэдтэйгээ уулзаагүй. Хүүхэд нь байнга санадаг. Энэ жил сургуульд ороход аав нь хажууд нь байхгүй хэцүү л байсан. Би хүүхдээ өөр дээрээ авна. Энэ хүнд хүүхдээ гэсэн сэтгэл байхгүй. Чи хүүхдэдээ хэдхэн төгрөгийн тэтгэлэг өгөх ёстой. Үүнээс ч илүү мөнгө өгөх ёстой шүү дээ” гэж хэлэхэд А.Д “надад өгөх зүйл байхгүй” гэж хэлдэг. Чи хүүхэдтэйгээ уулз гэж хэлэхэд би мөнгөтэй болоод уулзана гэж хэлдэг. Одоо хүүхэд өдөр өнжүүлэхэд явдаг. Би мөн адил маш завгүй ажил хийж, магистарт суралцаж хүүхдийнхээ төлөө амьдарч байна. А.Д ыг хүүхдэдээ тусламж дэмжлэг үзүүлэхгүй хүн юм байна гэж үзээд хүүхдийн тэтгэлэг гаргуулах болсон. Гэрлэлт цуцлуулах гэж байгаа гол шалтгаан нь А.Д гэр бүлээс гадуур харилцаатай болсон. Мөн би чамтай амьдармааргүй байна. Чи надад тохирохгүй хүн, надад гэр бүл авч явах чадал байхгүй гэж хэлдэг. Хадам ээж хүүхдийн мөнгөний дэвтрийг өөрийн нэр дээр нээлгээд хамтран эзэмшигчээр нь А.Д ыг болгосон байсан. Би саяхан Дашинчилэн сумын банкинд очоод хөөцөлдөж байгаад хүүхдийнхээ мөнгөний дэвтрийг шилжүүлж авсан. Эцэг хүний үүргээ ухамсарлаад хүүхдэдээ тэтгэлэг өгөхгүй байгаад би гайхаж байна. Би их сургуульд суралцаж байх хугацаандаа 4 жил тэтгэлгээр төгссөн. Хүүхдээ сайхан авч явсаар ирсэн. Би гоо сайхан, сэтгэл санаагаараа маш их хохирсон. Гэтэл одоо А.Д фитнесээр хичээллээд гоё сайхан зураг фэйсбүүктээ тавиад юу ч болоогүй юм шиг сайхан амьдарч байна. Би эр нөхрөө буруутгаад муу явуулах гэж байгаа юм биш. Хүн гэдэг хариуцлагатай байх хэрэгтэй. Хадам ээж хүүхдийгээ өөр хүнтэй гадуур харилцаатай гэдгийг мэдэж байсан ч юу ч хэлдэггүй. Би үүнд нь гомдож байна. Эд хөрөнгийн хувьд миний зүгээс маргаан байхгүй. Хариуцагч талаас газрын маргаантай гэж хариу тайлбартаа бичсэн байсан. Бид хоёр Өвөр Монголд ажиллаж байгаад 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр газар авахаар болж 9.500.000 төгрөгөөр Л.Энхбат гэж хүнээс авсан. Мөн машины маргаантай гэсэн байсан. А.Д Өвөр Монголоос ирсэний дараа хүүхдийн үсний найр хийх болж машин авъя гээд би мөнгө нэмэрлэж, хадам ээж мөн мөнгө нэмэрлэсэн. Ингээд машиныг 5.500.000 төгрөгөөр авч байсан. Сүүлд А.Д машин авсан байсан. Эд хөрөнгөө дандаа нуудаг. Газар болон машиныг хэзээ ч хүүхдийн тэтгэмжид суутгуулахгүй. Хэрвээ хариуцагч эд хөрөнгийн маргаантай гэж үзэж байгаа бол хүүхэдтэйгээ гурвуулаа хувааж авна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч А.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие И той 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулан хамтран амьдарсан. Бид гэр бүлийн харилцаа таарамжгүй болж 2018 оны 10 дугаар сараас тусдаа амьдрах болсон. А.Д миний бие гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй хэдий ч миний бие өөрийн цалин хөлс хөдөлмөрөөр авсан “Toyota fielder” маркийн авто машин, найзын төрсөн ахын нэр дээр бүртгэлтэй Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд байрлах 0.7 га газрыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгч хүүхдийн тэтгэлэг авахгүйгээр шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг.
Эвлэрлийн гэрээнд талууд эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг авахгүй гэж харилцан тохиролцсон учир миний бие автомашин, газрыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Нэхэмжлэгч намайг хууран мэхэлж эд хөрөнгүүдийг өөрийн эзэмшилд авсан тул “Toyota fielder” маркийн авто машины үнэ 3.000.000 төгрөг, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд байрлах 0.7 га газрын үнэ 12.000.000 төгрөг бүгд 15.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.И нь хариуцагч А.Д д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хариуцагч А.Д нь Г.И д холбогдуулан эд хөрөнгийн үнэ 15.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
А.Д , Г.И нар нь 2013 онд гэр бүл болж, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлэн, тэдний дундаас 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүү Д.Ц төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4-5/
Нэхэмжлэгч Г.И нь нөхөр А.Д тай үзэл бодол, сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй болсон, А.Д нь бусадтай гэр бүлээс гадуур харилцаа тогтоодог, сэтгэл санаа бие махбодын хувьд хохирч байгаа тул гэрлэлтээ цуцлуулна гэж гэрлэлт цуцлах шалтгаанаа тайлбарлаж байна. Харин хариуцагч А.Д нь гэр бүлийн харилцаа таарамжгүй болж 2018 оны 10 дугаар сараас тусдаа амьдарч байгаа, гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна.
Зохигчийн гаргасан тайлбараас дүгнэхэд гэрлэгчид нь зан харьцаа, сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй болсны улмаас 2018 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй нөхцөл үүссэн байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр төрсөн хүү Д.Ц нь бага насны, эхийн асрамжид амьдарч байгаа тул хүү Д.Ц ийг эхийн асрамжид үлдээв.
Шүүх хүүхдийн асрамжийг тогтоон шийдвэрлэж байгаа нь хүүхдийг эцэг, эхийнхээ хэнтэй нь хамт амьдрах оршин суух хаягийг тодорхойлж байгаа явдал болохоос эцэг, эх нь хүүхдэдээ анхаарал тавих, асран халамжлах, хүмүүжүүлэх үүрэг болон уг үүргээ гүйцэтгээгүйн төлөө хүлээлгэх хариуцлагаас чөлөөлж байгаа явдал биш юм. Тодруулбал: Хүү Д.Ц нь эцэг, эхийн хэн нэгтэй нэг гэрт хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран эцэг А.Д , эх Г.И нарын хэн аль нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд Д.Ц ийг эх Г.И гийн асрамжид үлдээсэн нь А.Д ын эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26. 2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө саад учруулахыг хориглодог болохыг тайлбарлах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл хүү Д.Ц тэй эцэг А.Д хэдийд ч уулзаж дээрх хуульд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д "эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй" гэж, 38 дугаар зүйлийн 38.5-д "тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна" гэж тус тус заасан.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр төрсөн хүү Д.Ц ийг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг А.Д ар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хариуцагч А.Д нь нэхэмжлэгч Г.И д холбогдуулан эд хөрөнгийн үнэ 15.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлээ дэмжиж шүүхэд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 131 дүгээр зүйлийн 131.3-д зааснаар сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу хариуцагч А.Д ас 1 хүүхдийн тэтгэлэгт ногдох нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс /20600х12=2.472.000₮/50хувь/ улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 34214 төгрөг, гэрлэлт цуцлах нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, бүгд 104414 төгрөгийг гаргуулж, 34214 төгрөгийг Төрийн санд, 70200 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус олгож, хариуцагч А.Д ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 232950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүх хариуцагч А.Д ын өмгөөлөгч сонгон авах эрхийг хангасан боловч өмгөөлөгч сонгон аваагүй, шүүх хуралдааны тов удаа дараа мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Т овогт Г.И //, Х овогт А.Д // нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Д.Ц ыг эх Г.И гийн асрамжид үлдээсгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Д.Ц ыг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг А.Д ар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.И д даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 131 дүгээр зүйлийн 131.3-д зааснаар А.Д ын Г.И д холбогдуулан гаргасан эд хөрөнгийн үнэ 15.000.000 /арван таван сая/ төгрөг гаргуулах тухай хариуцагч А.Д ын сөрөг нэхэмжлэлийг буцаасугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэгчид гэрлэлтээ цуцлуусан тохиолдолд хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Д ас 104414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд 34214 /гучин дөрвөн мянга хоёр зуун арван дөрөв/ төгрөг, нэхэмжлэгчид 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус олгож, хариуцагч А.Д ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 232950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлээсүгэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Батсайханд даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН