| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2020/01115/И |
| Дугаар | 132/ШШ2021/00080 |
| Огноо | 2021-01-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 132/ШШ2021/00080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Д ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1975 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, Булган аймгийн ...од оршин суух, Г овогт С.Н,
Хариуцагч: 1951 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 69 настай, эмэгтэй, Булган аймгийн ...од оршин суух, Б овогт П.Э нарт холбогдох,
Гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4.335.080.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/01082/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1986 онд Булган аймагт төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, Т ны Булган салбарын тооцооны төв хариуцсан менежер ажилтай, Булган аймгийн ...од оршин суух, Б овогт Ю.Д //, хариуцагч П.Э , нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн П овогтой Э , С овогтой Н нар нь Булган аймгийн Т ны Булган салбараас 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12/385127 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгөөр зээл авсан.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 3.2.1-д заасан гэрээний заалтыг зөрчсөн, банкнаас нэхэмжилсэн төлбөрийг төлөөгүй 1326 хоног хугацаа хэтэрсэн, төлбөрийн зөрчил гаргасан бөгөөд банкнаас удаа дараа шаардсан боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй тул гэрээний 6.2.1 болон 6.2.3 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, 2020 оны 12 дугаар 03-ны өдрийн байдлаарх зээл, зээлийн хүү, бусад зардлыг П овогтой Э , С овогтой Н нараас гаргуулах хүсэлтэй байна.
Үүнд: үндсэн зээлийн дүн 4.140.590.01 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 189.990.87 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг, нийт 4.335.080.0 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч П.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хөдөөгийн эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр, мал аж ахуйн бэлчээрийг хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байсан төслөөс бүлгийн зохион байгуулалтын дагуу өөрсдийн амьдрал ахуйгаа дээшлүүлэх, хийж байгаа бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт гаргах, сав баглаа боодол, тоног төхөөрөмжөө сайжруулах, ажиллаж буй хүмүүсийнхээ орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 10.000.000 төгрөгийн зээл авсан. Энэ хугацаанд орлоготой байсан. 1 нарийн боовны цех 4 ажилтан 4.000.000 төгрөг, кемчи хийдэг 2 хүнийг О ажиллуулж 2.000.000 төгрөг, жимс жимсны мод тариалах ажлыг П.Э миний бие хариуцаж ажиллуулахаар зээл 4000.000 төгрөг тус тус авсан. Миний бие 2017 оны 2 сар хүртэл зээлээ хугацаанд нь төлж байсан. Бусад бүлгийн гишүүдэд асуудал гарч төлөхгүй болсон. Миний бие байнга хөдөлмөрлөж утсаар ярьж зээл төлөх талаар хөөцөлдөж байсан. 2019 оноос Н тэй уулзаж улмаар Т ны эдийн засагч Н тай уулзуулж 3 уулаа тохиролцсоны үндсэн дээр 2020 оны 06 дугаар сар хүртэл зээлээ төлсөн. Кимчи хийж байсан багийн ахлагч О, түүний хариуцаж байсан 2 хүн төлбөрөө төлөхгүй надад олдохгүй байгаа учир хариуцагч О ийг төл гэж байнга шаарддаг. 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс өдийг хүртэл 2.000.000 төгрөгийг төлөөгүй. Т ны ахлах мэргэжилтэн Б тай уулзаж эдийн засагч Ч.Н гээр 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойшхи зээл зээлийн төлбөр 2.800.000 төгрөг болсон. О нь энэ 2 хүний зээлийг өөрөө төлөхөөр тохиролцсон. Үлдсэн 1.535.080 төгрөг байгаа үүнийг С.Н бид хоёр төлөх ёстой. 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр зээл авахад эдийн засагч Н “та нар нарийн боов хийдэг юм байна, манайд хураалгасан хөргүүр байгаа түүнийг ав” гэсэн. Бидэнд тоног төхөөрөмж хэрэгтэй байсан учир 1000.000 төгрөгөнд хөргүүр авсан. Тоног төхөөрөмжөө аваад хөргүүрээ авч байрандаа авчраад ажилуулж үзэхэд хөргөхгүй байна гэж Н над руу ярьсан. Би эдийн засагчид хэл гэж хэлсэн. Н тай яриад хөргүүрээ авахаа болиод Т буцааж авсан. Иймээс 1.000.000 төгрөгийг зээлээс хасуулах хүсэлтэй байна. Үлдсэн 535.000 төгрөгийг төлнө гэв.
Хариуцагч С.Н нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2015 оны 02 сарын 18-ны өдөр тус бүлгийн гишүүдтэй хамтран Т наас 10.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Миний бие “Н” нарийн боовны цехээ өргөтгөх журмаар 4.000.000 төгрөг авч тоног төхөөрөмжид зарцуулсан. Бүлгийн ахлагч Э нь жимс жимсгэнэ боловсруулах зорилгоор 4.000.000 төгрөгийг авч зарцуулсан. Гурав дахь хамтрагч О нь кимчиний цехэд 2.000.000 төгрөг авч зарцуулсан. Миний бие тус зээлдэж авсан 4.000.000 төгрөгөө хүүгийнхээ халамжийн мөнгөөр төлж барагдуулсан. Тус бүлгийн гишүүн О Э нарт 2020 оны 07 дугаар сараас тус зээлийг төлөхгүй гэдгээ удаа дараа утасдаж хэлсэн. Одоо Т наас нэхэмжилж буй 4.335.080 төгрөгийг гурав дахь төлөөлөгч О төлж барагдуулахаар зөвшөөрсөн.Үлдэгдэл зөрүү мөнгийг тус зээлийн батлан даагчаар гаргуулж өгөхийг хүсэж байна. Шүүх хуралдаанд ирж оролцох боломжгүй, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
“Т ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Д нь П овогтой Э , С овогтой Н нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, бусад зардал нийт 4.335.080 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Зээлдэгч П.Э , С.Н нар нь бүлгийн зохион байгуулалт хийж П.Э 4.000.000 төгрөг, С.Н 4.000.000 төгрөг, О 2.000.000 төгрөг бүгд 10.000.000 төгрөгийн зээл авсан, өөрсдийн авсан зээлийн төлбөрийг төлсөн, О ийн баг зээл 2.000.000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт 3.000.000 төгрөг болгож төлнө, үлдэх 1.535.000 төгрөгөөс хөргүүрийн 1.000.000 төгрөгийг хасч үлдэх 535.000 төгрөгийг төлнө гэж маргажээ.
Т ны Булган салбартай П.Э, С.Н нар нь харилцан тохиролцож 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12/385127 тоот зээлийн гэрээ байгуулан нийт 10.000.000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгөөр, хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээлийн гэрээ байгуулан авсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 4-7/
Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний талаар талууд мараагүй, хүчин төгөлдөр гэрээ байна.
Зээлийн гэрээний 3.2.1-д “зээлдэгч зээлийн төлбөрийг зээл, хүү эргэн төлөх хугацааны дагуу энэхүү гэрээний 2.1.3-д заасан харилцах дансанд төвлөрүүлэх” гэж заасан ба зээлдэгч нар зээлийг тогтоосон хугацаанд төлөхөөр харилцан тохиролцжээ.
Зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй, 1326 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлдүүлэгч зээлдэгч нарыг зээлээ төлөх талаар удаа дараа шаардаж мэдэгдэж байсан нь зохигчдын тайлбар, зээл эргэн төлөх хуваарь зэргээр тогтоогдож байна.
Гэрээнд зааснаар зээлдэгч нар зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч нар нь гэрээний дагуу авсан зээлийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг зээлийг төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч нар нь О ийн баг 2.000.000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт 3.000.000 төгрөг болгож төлнө, үлдэх 1.535.000 төгрөгөөс хөргүүрийн 1.000.000 төгрөгийг хасч үлдэх 535.000 төгрөгийг төлнө гэж тайлбарлаж байгаа хэдий ч О нь гэрээ байгуулахад оролцоогүй, гэрээний нэг тал биш учир Т ны Булган салбарт зээлийг хариуцан төлөх үүрэггүй байна. Харин зээлдэгч нар О с зээлийн төлбөрийг жич нэхэмжлэх эрхтэй болно. Хариуцагч нар нь зээлийн 1.000.000 төгрөгт хөргүүр тооцон авсан гэж тайлбарлаж байх боловч үүнийг нотлоогүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд зээлдэгч П.Э , С.Н нараас үндсэн зээлийн үлдэгдэл 4.140.590,01 төгрөг, хүүгийн төлбөр 189.990,87 төгрөг, бүгд 4.330.580 төгрөгийг гаргуулж Т анд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нотлох баримт бүрдүүлэхэд гаргасан зардлыг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр дуусч гэрээ дуусгавар болсон байна.
Иймд гэрээг цуцлах болон нотариатын зардал 4500 гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Хариуцагч С.Н нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан, нэхэмжлэгч, хариуцагч нар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч П.Э , С.Н нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4.330.580 /дөрвөн сая гурван зуун гучин мянга таван зуун ная/ төгрөгийг гаргуулж, Т анд олгож, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12/385127 тоот зээлийн гэрээг цуцалж, нотариатын зардал 4500 /дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 84311 /наян дөрвөн мянга гурван зуун арван нэг/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 84239 /наян дөрвөн мянга хоёр зуун гучин ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т ”-ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН