Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/164

 

 

 

 

 

 

 

      2024           02           05                                       2024/ШЦТ/164

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, *** овогт ***ын *** (регистрийн дугаар ***), 19** оны 7 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХКомпанийн захирал ажилтай, *** дүүргийн *** хороо, *** хорооллын *** байрны *** тоотод оршин суух, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.   

 

Хэргийн товч агуулга: *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** хороолол *** байрны *** тоот гэртээ төрсөн хүү *** /09 нас, 03 сар, 24 хоногтой/ рүү сандал авч шидсэний улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

    1. Шүүх хуралдаанд шүүгдэгч *** “мэдүүлэг өгөхгүй” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1485 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт (хавтаст хэргийн 3, 4-6, 24-25, 30, 35-36, 41-47, 51-56, 60-62, 73-74, 84-85, 97-105 дугаар хуудас),

- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** хорооллын *** байрны *** тоот гэртээ агсам тавьж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн хүү насанд хүрээгүй *** рүү сандал авч шидсэний улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн насанд хүрээгүй хохирогч ***ийн “2023 оны 10-р сарын 21-ний өдрийн 13 цагийн үед ээж ***, дүү *** нар гараад явсан. Би гэртээ бага дүү ***ын хамт байж байтал 14 цагийн үед гаднаас аав *** нь намайг хаалгаа онгойлгооч пизда минь гээд намайг загнаад байсан. Ээж намайг гаднаас хаалга цоожлоод явчихсан байсан тул хаалгаа онгойлгож өгч чадаагүй. Тэгсэн цаг орчмын дараа аав ***, ээж ***, дүү *** нар гаднаас орж ирсэн. Аав *** согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн ээж рүү уурлаад хараагаад байсан. Намайг бас нааш ир пизда минь гээд орилоод байсан. Ээж бид гурвыг хамгаалаад ардаа хийгээд урд гараад ааваас хамгаалсан. *** нь уурлаад орилж байгаад ширээний хажууд байсан сандлыг аваад бид дөрөв рүү шидсэн чинь намайг оночихсон. Миний толгойноос цус гарсан. Ээж намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Толгойндоо нэг ширхэг оёдол тавиулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),

- Гэрч ***ын “Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** хорооллын *** тоотод ирэхэд *** нь гэрийн гадаа согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан. Гэрт орж ирчхээд хүүхдүүд рүү орилж хашхираад байхаар нь би гурван хүүхдээ ардаа хийгээд зогсож байсан. *** ширээний хажууд байдаг том цагаан сандлыг авч бид дөрөв рүү шидсэн. Тэгсэн хүү ***ийн толгойг онож, цус гараад байхаар нь цагдаа дуудсан. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв рүү хүүхдээ авч явсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13441 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ***ийн биед дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас),

- ***ийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 51 дүгээр тал),

- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Дөлгөөний “***ын *** нь 2023 оны 10-р сарын 21-ний өдөр 09 нас, 03 сар, 24 хоногтой” гэсэн нас тоолсон тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас),

- Сидинд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинжийг нэр томьёо, ухагдахууны хувьд тайлбарлан хэрэглэхэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах нь зүйн хэрэг юм.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл (хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг)-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн...үйлчлэлд хамаарах хүний...эрүүл мэндэд гэм хор учруулсан... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж хуульчилсан байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *** нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн хүү насанд хүрээгүй хохирогч ***ийн эрүүл мэндэд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хөнгөн хохирол учруулсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ““хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж“ үйлдсэн шинжийг хангаж байх тул шүүгдэгч ***ыг тус зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *** нь “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй”-г дурдаж, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан болохыг тэмдэглэв. 

1.4 Хохирол, хор уршиг.

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ***ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс түүний эрүүл мэндтэй холбоотой эмчилгээ үйлчилгээ авсан талаарх баримтыг гаргаж өгөөгүй, шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хуралдааны товыг мэдэгдэхэд “...оролцохгүй, нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй” гэх тайлбарыг өгсөн тул шүүгдэгч ***ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Прокуророос шүүх хуралдаанд оролцуулахаар тусгайлан гаргасан саналгүй байсан болохыг тэмдэглэв. 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах”, шүүгдэгчээс “гэм буруугаа ухаарч, харамсаж байна. Хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 40, 121-126 дугаар хуудас)-аас үзэхэд шүүгдэгч *** нь урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 694 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнцэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй болохгүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавин гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхдийн эрүүл мэндэд халдаж, хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй, хууль ёсны төлөөлөгчөөс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг илэрхийлсэн, аюулын зэргийн үнэлгээгээр бага түвшинтэй гарсан), шүүгдэгчийн хувийн байдал (19*** онд төрсөн, *** настай, “***” ХХКомпанийн захирал ажилтай, тодорхой орлого олдог талаарх баримт хэрэгт авагдсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч ***т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээж, нэг ширхэг цайвар өнгийн түшлэг бүхий сандлыг шүүгдэгч ***т буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

4. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээж, цайвар өнгийн түшлэг бүхий сандал 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***т буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.   

 

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.БЯМБААБААТАР