Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2022/0131/З |
Дугаар | 128/ШШ2022/0469 |
Огноо | 2022-06-16 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2022/0469
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:СЖ****** ХХК,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс, Татварын улсын байцаагч Ш.А***** нарын хоорондын татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:СЖ****** ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ц********, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б********, өмгөөлөгч Б.М*******, хариуцагч татварын улсын байцаагч Ш.А***** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М********, Ж.А*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.СЖ****** ХХК нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 00******* тоот актыг хүчингүй болгуулах-аар маргаж байна.
2. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.А***** , Н.О нар ньСЖ****** ХХК-ийн 2017-2020 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 00******* тоот нөхөн ногдуулалтын актаар 355,969,034 төгрөгийн нөхөн татвар, 122,611,002 төгрөгийн торгууль, 77,281,291 төгрөгийн алданги ногдуулж, нийт 555,861,928 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 47 тоот тогтоолоор 2321****** тоот нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж, 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 22/0* тоот албан бичгээр хүргүүлсэн.
4. СЖЛ********** ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ... нөхөн ногдуулалтын 23******* тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
4.1.СЖ****** ХХК-ийн захирал Б.Ц**********-гээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ш.О********* , Ш.А***** нарын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 00******* 11**** дугаартай Нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 355.969.034 төгрөгийн нөхөн татвар, 122.611.602 төгрөгийн торгууль, 77.281.291 төгрөгийн алданги, нийт 555.861.928 төгрөгийн татварын төлбөрийг төлүүлэхээр тогтоосныг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
... Нөхөн ногдуулалтын актаар ийнхүү дээрх байдлаар татварын нөхөн төлбөр тогтоосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Тодруулж хэлбэл, нөхөн төлбөр тогтоохдоо холбогдох баримтыг үнэлж дүгнээгүй, түүнтэй уяалдуулж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Зөрчлийн тухай хуульд байхгүй зүйл, заалтыг үндэслэлээ болгосон зэрэг нөхцөл байдлууд байна. Мөн компанийн ямар баримтыг үндэслэн Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд холбогдох татварыг тайлагнаж, төлөөгүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна.
Олон улсын ачаа тээврийн гүйцэтгэсэнтэй холбоотой нэхэмжлэх болон ачаа тээврийн баримтуудаас үзвэл гадаад улсаас Монгол Улс, Улаанбаатар хот хүртэл хийсэн тээвэр болох нь тогтоогдож байгаа.
Тодруулбал, нэхэмжлэлд хавсаргаж өгсөн ачаа тээврийн баримтаас үзвэл, ачаа илгээгч, ачаа хүлээн авах хаяг, ачих боомт, гарах боомт, хүргэх боомт, ямар дугаартай, ямар хэмжээний ачаа зэрэг бүх мэдээлэл нь тодорхой тусгагдсан байгаа болно. Тухайн баримтад ихэвчлэн ачааг тээвэрлэж эхлэх цэг нь Солонгос улс, Инчеоны боомтоос гарч, Хятад улс, Шинганы боомтоор дамжин өнгөрч, хүлээн авах эцсийн цэг нь Монгол Улс, Улаанбаатар хот гэсэн байгаа.
Дээрх баримтуудын "ачаа илгээгч" гэсэн хэсэгт бичигдсэн аж ахуйн нэгж нь өөрөө гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг мэдүүлдэг бөгөөд уг баримтыг компанийн зүгээс гаргаж өгөх боломжгүй байгааг дурдаж байна. Тодруулж хэлбэл, ачаа хүлээн авч байгаа этгээд нь гаалийн бүрдүүлэлт болон мэдүүлгийг үйлддэг тул зөвхөн тухайн үйлчлүүлэгч компани уг баримтыг гаргуулах эрх бүхий этгээд болно. Тухайн гаалийн байгууллагад мэдүүлсэн мэдүүлэгт ачааны эхлэх болон хүргэгдэх сүүлийн цэгийг тодорхой тэмдэглэсэн байдаг болно.
СЖ****** ХХК-ийн гүйцэтгэж байгаа ачаа тээврээр ирсэн бараа, бүтээгдэхүүний гаалийн мэдүүлгийг Замын-Үүд дэх гаалийн газар бус Улаанбаатар хотын гаалийн газраар мэдүүлдэг юм. Өөрөөр хэлбэл, толгой компанийн хийж гүйцэтгэж байгаа ачаа, тээвэр нь Замын-Үүд дэх гаалийн газарт бүртгүүлж, мэдүүлэг өгч, улмаар Улаанбаатар хот руу тээвэрлэсэн тохиолдолд энэ НЬ олон улсын ачаа тээврийг салгаж хийсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Улаанбаатар хотод ачаа, тээврийн мэдүүлгийг хотын гаальд мэдүүлж байгаа нь тухайн тээвэр нь олон улсын тээвэр буюу салгаж хийсэн тээвэр биш гэдэг нь нотлогдож байна.
Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээний албан татварын тэг хэрэглэхээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйл, 12.1.2-т зохицуулсан байдаг.
Гэтэл татварын улсын байцаагч нь компанийн баримтуудыг хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байгаа эсэхийг нарийн тогтоож шалгалгүйгээр бүхэлд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 "Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй гэж заасныг зөрчсөн гэж үзэн, улмаар Нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Татварын улсын байцаагчийн хяналт шалгалт нь захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.1-д "хуульд үндэслэх", 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" талаар зохицуулсан байдаг. Гэтэл компанийн холбогдох баримтад дүгнэлт өгөлгүйгээр нөхөн ногдуулалтын актаар олон улсын ачаа тээврийн үйлчилгээг Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлт гэж үзсэн нь бодит нөхцөлд тохирсон байх, үндэслэл бүхий байх, хуульд үндэслэх зэрэг дээрх хуулийг зохицуулалтыг зөрчжээ.
Түүнчлэн, нөхөн ногдуулалтын актаар аж ахуйн нэгжид 555.861.928 төгрөгийн төлбөр төлүүлэхээр татварын улсын байцаагч нар акт тавьсан атлаа уг актын тогтоох хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2. 11.19.4, 11.19.1, 11.19.1.1 гэх тухайн хуульд байхгүй зүйл заалт баримталсан нь "хуульд үндэслэх" талаар заасан захиргааны ерөнхий хуулийн зарчимд нийцэхгүй байна. Дээрх байхгүй хуулийн зохицуулалтыг нөхөн ногдуулсан актын хавсралт болох илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо гэх хүснэгтийн "хариуцлага тооцсон хуулийн заалт" хэсэгт, татварын улсын ахлах байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэлд үндэслэлээ болгосныг дурдах нь зүйтэй байна.
Татварын улсын байцаагч нар "... Татварын ерөнхий хууль шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль шинэчилсэн найруулга)-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг мөрдөнө гэж заасныг удирдлага болгосон" гэж тайлбарладаг.
Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Зөрчлийн тухай хуульд 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг гэсэн хуулийн зохицуулалтууд байх ба нөхөн ногдуулалтын акт, түүний хавсралтад дурдсанаар 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2, 11.19.4, 11.19.1, 11.19.1.1 гэсэн хуулийн хэсэг, заалт байхгүй байна.
Татварын Ерөнхий газрын дарга 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Олон Улсын зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйлчилгээтэй холбогдох харилцаанд НӨАТ-ын тухай хууль хэрэгжүүлэх 01 дугаартай зөвлөмжийг гаргажээ. Энэхүү зөвлөмжийг компанийн холбогдох баримтууд болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйл, 12.1.2-т заасныг харьцуулан үзвэл, Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлт гэж үзэх боломжгүй юм.
Тус зөвлөмжид "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан "Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ" гэдэгт дор хаяж нэг улсын хилээр нэвтэрсэн тээврийн үйлчилгээг ойлгох бөгөөд нэг улсын буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт эхлэх болон дуусах цэгийн хооронд хийгдсэн тээвэрлэлтийг "Олон Улсын авто тээвэрлэлт" гэж үзэхээргүй байна" гэжээ. Манай компанийн хувьд, эхлэх цэг гадаад улс бөгөөд Улаанбаатарт ачаа, тээврийн үйлчилгээ дуусгавар болдог нь баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт эхлэх болон дуусах цэгийн хооронд хийгдсэн тээвэрлэлт биш байхад ийнхүү акт тогтоосонд гомдолтой байна.
Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт "Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3. 36.1. 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ" гэжээ. Татварын улсын байцаагч нарын үйлдсэн 00******* 11**** дугаартай нөхөн ногдуулалтын акт нь Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан хуулийн аль үндэслэлээр үйлдсэн болох нь тодорхойгүй байна. Улмаар хуулийн үндэслэл тодорхой бус уг актаараа нийт 555.861.928 төгрөгийн төлбөр төлүүлэхээр үүрэг болгосон нь учир дутагдалтай болжээ. Энэ нь тухайн актыг үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхээр байна.
Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д "Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэнэ" гэж заасны дагуу СЖ****** ХХК-ийн хувьцааг СЖ****** ХХК нь эзэмшдэг.
Иймд толгой компани болох СЖ****** ХХК-ийн тээвэр, зуучлалын журмаар бусад аж ахуйн нэгжүүдтэй хийсэн гэрээ, хэлэлцээрийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг юм. Тодруулж хэлбэл, толгой компани нь бусад аж ахуйн нэгжүүдтэй хийсэн гэрээний төлбөрийг өөрийн дансаар хүлээн авдаг бөгөөд уг төлбөрийн хэсгээс гадаад улсаас Монгол Улсад хийхтэй, дотоодод хийсэн тээвэртэй холбоотой зардлыг нэхэмжлэн авдаг. Түүнээс биш, бие даасан гэрээ хэлэлцээрийг тээврийн үйлчилгээ авч буй аж ахуйн нэгжүүдтэй байгуулах журмаар, эсхүл толгой компанийн байгуулсан аж ахуйн нэгжүүдээс дахин дээр дурдсан тээвэртэй холбоотой зардлыг гаргуулж, тусдаа тээвэр хийсэн асуудал байхгүй.
Татварын улсын байцаагч нарын манай компанийг Монгол Улсад буюу дотооддоо тээвэр хийсэн гэж үзсэн асуудал нь толгой компанийн хийсэн олон улсын тээврийг үргэлжлүүлэн Монгол Улсад хийсэн тээвэр юм. Дээрхээс үзвэл, татварын улсын байцаагч нь манай компанийн дотооддоо хийсэн тээвэр гэх зүйлийг тээврийн үйлчилгээ авч буй аж ахуйн нэгж нь анх ямар компанитай харилцсан, ямар гэрээг үндэслэсэн, төлбөр тооцоог хэрхэн, хэн рүү хийсэн зэргийг зайлшгүй судлах шаардлагатай байсан.
Манай компани нь татварын улсын байцаагчийн Нөхөн ногдуулалтын актад дурдсан татварыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд нэг бүрчлэн тайлагнаж, тусгаснаас гадна, тухайн тайлантай холбоотойгоор ямар нэгэн асуудал гарч байгаагүй болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хилийн дотор тээвэр хийсэн гэх асуудлыг олон улсын тээвэрлэлт буюу албан татварын хувьд "О" хэрэглэгдэнэ гэж үзсэн болно. Түүнээс биш, ямар нэгэн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх, төлөхгүй байх үйлдэл хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д "Дараах эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ", 1.8 дугаар зүйлийн 6.12-т "татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 11.19 ... дэх хэсэгт заасан зөрчил" гэж заасан бөгөөд нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1 дэх заалтад "...Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2, 11.19.4, 11.19.1, 11.19.1.1..." гэж дурдаад зөрчсөн талаар дурджээ.
Дээрхээс үзвэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан эсэхийг зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шалгах нь зүйтэй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэж заажээ. Ямар нотлох баримтыг үндэслэн нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн талаар огт дурдаагүй бөгөөд тус нэхэмжлэлд хавсаргасан баримтуудыг шалгалтын үед гаргаж өгсөн байтал ямар учраас тухайн баримтуудыг үнэлж, дүгнээгүй, няцаасан талаараа дурдаагүй нь учир дутагдалтай болжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д "Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна", 1.1-д "тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх", 1.3-д "тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх", 1.5-д "Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох" талаар тус тус зохицуулжээ.
Хуулийн дээрх зохицуулалтыг нөхөн ногдуулалтын акттай харьцуулан үзвэл, татварын хууль тогтоомж зөрчсөн гэх үйлдлийг шалгаж тогтооход шаардлагатай нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулж, үнэлээгүй, нөхөн ногдуулалтын актад үндэслэлээ болгосон Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2, 11.19.1.1 гэсэн зүйл заалт нь тухайн хуульд байхгүй, мөн Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтыг үндэслэн нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн атлаа тухайн хуулийн дагуу ямар хэмжээний төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхой бус, хуулийн зүйл хэсэг заалтыг бүхэлд нь хольж бичсэнээр Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн аль хэсгээр ямар хэмжээний төлбөр гаргуулахаар болсон нь ойлгомжгүй байна. Үүнээс үзвэл дээр дурдсан Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.3, 1.5-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Хан Уул дүүргийн татварын хэлтэс нь захиргааны байгууллага болохыг дээр дурдсан болно. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна", 11.1.1-д "захиргааны акт", 37 дугаар зүйлийн 37.1-д "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд ур дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон уйл ажиллагааг ойлгоно", 37.5-д "сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн Үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно" гэж тус тус заажээ.
Нөхөн ногдуулалтын акт нь дээр дурдсан хуулийн зүйл, хэсэгт заасны дагуу захиргааны байгууллагаас үйлдсэн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэхээр байна. Иймээс сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болох нөхөн ногдуулалтын акт нь захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгах нь зүйтэй байна.
Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар бүлэгт зохицуулсан ба тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" гэжээ. Татварын улсын байцаагч нар татвартай холбоотой хяналт, шалгалтыг явуулахдаа шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдал болох манай компанийн хариуцдаг СЖ****** ХХК буюу толгой компанийн бусад аж ахуйн нэгжүүдтэй хийсэн ачаа, тээврийн гэрээний дагуу олон улсын тээврийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн Улаанбаатар хотод хүргэхтэй холбоотой нөхцөл байдлыг тогтоож чадаагүй болно.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т "энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ" гэжээ. Дээр дурдсанаар татварын улсын байцаагч нар нь захиргааны байгууллагыг төлөөлөн үйл ажиллагаа эрхэлж буй этгээд юм. Бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ татварын улсын байцаагч нар хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Учир нь тухайн ачаа, тээвэртэй холбоотой холбогдох нотлох баримтуудыг хяналт, шалгалтын хугацаанд татварын хэлтэст хүргүүлсээр байхад тухайн баримтыг огт үнэлээгүй, үнэлэхгүй байх шалтгаан үндэслэлээ нөхөн ногдуулалтын актад огт бичээгүйд гомдолтой байна. Зүй нь аливаа захиргааны актыг үйлдэхдээ түүний хууль зүйн үндэслэл, ямар нотлох баримтад тулгуурласан, тухайн баримтыг иш татах, холбогдох баримтыг үгүйсгэсэн нөхцөл байдлыг тодорхой бичих байжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д "Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно" гэжээ. Манай компанийн хувьд, татварын хяналт, шалгалтын явцад дээр дурдсанаар олон улсын ачаа, тээврийн үйл ажиллагааг эхлэх цэг нь гадаад улсаас ачааг хүлээн авч, дуусах цэг нь Улаанбаатар хот гэж тодорхой тайлбарласан боловч хүлээн авч шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс нөхөн ногдуулалтын акт буруу гарсан гэж үзэж байна.
Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх талаар Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зохицуулжээ. Нөхөн ногдуулалтын актын хувьд, ямар хуулийн дагуу ямар хэмжээний төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхой бус, хуулийн зүйл хэсэг заалтыг бүхэлд нь хольж бичсэнээр Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн аль хэсгээр ямар хэмжээний төлбөр гаргуулахаар болсон нь тодорхойгүй.
Нөхөн ногдуулалтын актыг гаргах талаар Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт "Татварын улсын улсын байцаагч энэ хуулийн 16.2. 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ" гэж тодорхой заасан байдаг. Гэтэл манай компанид хүргүүлсэн нөхөн ногдуулалтын актад дээрх Татварын тухай хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1 гэсэн зүйл хэсгийг алиныг нь ч тэмдэглэж, дурдаагүй байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д "Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон зүйл, заалтыг тодорхой заана" гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
Мөн нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсэгт баримталсан хуулийн зүйл хэсгийг "...Татварын ерөнхий хууль шинэчилсэн найруулга -ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн ..... дүгээр зүйлийг удирдлага болгон..." гэж дутуу бичиж, мөн тухайн актад хэдэн хуудас баримт хавсаргасан тодорхой бус байна. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д "нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудас нь нэгдсэн бүртгэл, дугаартай байх бөгөөд хавсралтын хамт хүчинтэй байна" гэжээ. Гэтэл манай компанид хүргүүлсэн актад хавсаргасан баримтууд нийт хэдэн хуудас гэдэг нь тодорхой бус байгааг дурдах нь зүйтэй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ш.О********* тгонтуяа, Ш.А***** нарын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 00******* 11**** дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.
Мөн манай компанийн гаргасан тус нэхэмжлэлийн хүрээнд хязгаарлагдалгүйгээр Нөхөн ногдуулалтын актын бүхэлд нь хууль зүйн үндэслэлийг хянаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна гэв.
4.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б**********-оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Толгой компанитай хийсэн гэрээнд байгаа. Толгой компанийн өөрийнх нь Солонгол улс дах дансны дугаар үйлчлүүлэгчээс шууд бүтэн тээврийн мөнгө доллараар шилждэг байгаа.
Тэр гэрчилгээнд нэхэмжлэгч компани гэрчилгээ авах боломжгүй. Монголд төмөр замын үйл ажиллагаа явуулах боломжгүй. Тийм учраас нэхэмжлэгч компанийг байгуулаад төмөр замаас гэрчилгээ аваад төмөр замаас өөрсдийн тээвэр хийх боломжтой болгоод зохицуулалтыг Монгол Улсын хуульд нийцүүлээд компанийг байгуулаад олон улсын тээврийн нэг бүтэн компани хийхээр болж байгаа. Хэрвээ төмөр замын гэрчилгээгүй байсан бол замын үүд дээр ирээд манайх хийж чадахгүй болж байгаа. Тэгэхээр өөр төмөр замын зөвшөөрөлтэй компани хийхээр болж байна.
Төмөр замыг ашиглаж тээвэр хийхийн тулд заавал тусгай зөвшөөрөлтэй компани үйл ажиллагаа явуулна. Амархан юм шиг яриад байна. Тээврийг мэдэхгүй хүмүүс ингэж ярьдаг. Маш том үйл ажиллагаа явагдаж байж энэ ажил явагдана. Бид татварын материалаа өгч, өөрсдөө бүгдтэй танилцсан. Баримтыг харсан мөртлөө одоо сүүлд нь ийм зүйл ярьж байна. Энэ бол олон улсын тээвэр байгаа. гэв.
4.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М********* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл дээр ярьсан хууль зүйн дүгнэлтээ давтахгүй хэлье. Татварын улсын байцаагч нар татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлээр татварын ерөнхий хуулийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 5 сарын 20-ны өдөр баталсан татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 5 сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 1 1.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дах хэсгийг буцаан хэрэглэж тухайн заалтыг дагаж мөрдөнө гэж заасныг удирдлага болгосон гэж тайлбарладаг. Нөхөн ногдуулалтын актаар энэ тухай бичсэн. Өнөөдөр тайлбарлахдаа 2008 оны Татварын ерөнхий хууль, 2019 оны Татварын ерөнхий хуулийн аль нь эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байхаас үл хамааран тухайн үед мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэсэн гэж тайлбарлаж байна. Өөрсдийнхөө удирдлага болгож байгаа дагаж мөрдөх журмын тухай хуультай зөрчилдсөн зүйл ярьж байна. Шийдвэр гаргахдаа зөрчилдсөн байдлаар нөхөн ногдуулалтын актыг тогтоосон байна. Дагаж мөрдөх журмын тухай хуулийг удирдлага болгохдоо 2008 оны Татварын ерөнхий хууль, 2019 оны Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуулийг ямар нэгэн уялдаа холбоо байхгүй, буруу зөв бүрэн гүйцэт бус хольж үндэслэж байгаа нь аль тохиолдолд аль хуулийг сонгож хэрэглэсэн эрэмбийн хувьд аль нь илүү хүчин чадалтай зэргийг тооцоолоогүй хууль хэрэглээний хувьд алдаатай болсон гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 39.1-д Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэж заасан. Гэтэл нөхөн ногдуулалтын актад аль хэсгийг Татварын ерөнхий хууль, аль хэсгийг Зөрчлийн тухай хуулийг баримталж нөхөн ногдуулсан мөн татварын улсын байцаагч татварын хуулиар акт тавиад байгаа юу? Эсвэл эрх бүхий албан тушаалтны хувьд шийтгэл оногдуулж байгаа, ямар тооцооны дагуу татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгаар Зөрчлийн тухай хуулийг хэрэглэсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд тулгаад шалгаад үзэхээр нөхөн ногдуулалтын зарим хэсгийг Татварын ерөнхий хууль, зарим хэсгийг Зөрчлийн тухай хууль баримталж төлбөр тогтоосон гэж харагдаж байгаа. Захиргааны актын тогтоох хэсэгт энэ хоёр хуулийн зүйл заалтыг хамтад нь бичсэн байсан. Үүнээс нөхөн ногдуулалтын акт гэж нэрлэсэн хэдий ч хоёр өөр хуулийг хольж хэрэглэснээр захиргааны акт гэж үзэх үү? Эсвэл зөрчлийн шийтгэл гэж үзэж байгаа нь мөн ойлгомжгүй байна. Захиргааны акт гэж үзэж байгаа бол тэр талаас нь дүгнэлт хийх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 40.3-д Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэж заасан. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ гэж заасан. Татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актыг Татварын ерөнхий хуулийн 42.1-д заасан аль үндэслэлээр үйлдэж байгаа тогтоогдоогүй.
Захиргааны ерөнхий хуулийн 3.4-д Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасан. Татварын улсын байцаагч шийдвэр гаргахдаа Татварын ерөнхий хуулийг баримтлах шаардлагатай. Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална гэж заасан. Мөн хуулийн 4.2.1-д хуульд үндэслэх гэж заасан. 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан. Хуулийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан. Дараагийн заалтаар эдгээр зарчмыг хэрэгжүүлэхэд баримтлах үйл ажиллагааг журамласан. Хуулийн 26, 27 дугаар зүйлд оролцоог хангахтай холбоотой зохицуулалтыг тусгасан. Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан. Мөн хуулийн 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж заасан. Татварын ерөнхий хуулийн дагуу ярилцлага хийсэн гэж тайлбарладаг. Ярилцлага хэргийн материалд байгаа. Гэхдээ оролцоог хангаж сонсох ажиллагаа хийнэ гэдэг бол саяны заалтуудаас харахад зөвхөн асуулт асуугаад хариулт авахыг хэлэхгүй. Гаргаж байгаа шийдвэр болон бусад зүйлтэй холбоотой саналыг авах ёстой. Хүсэлтийг заавал тусгах шаардлагатай. Ярилцлага дээр энэ зүйл тодорхой харагдахгүй байгаа учир сонсох ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгээгүй гэж үзэж байна. Мөн сонсох ажиллагаатай холбоотой тэмдэглэл байхгүй, гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасан. Мөн хуулийн 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан. 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд олон улсын нэмэлт тээврийн үйл ажиллагаа явуулсан гэдгийг нотлох баримт буюу толгой компанитай байгуулсан гэрээ төлбөрийн баримт, нэхэмжлэл зэрэг, сая шинжлэн судлуулсан баримтуудыг өгсөн боловч тэдгээрийг бодитой үнэлж актад тусгаагүй. Бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэгчид ач холбогдол бүхий баримтыг шинжлэн судлаагүй.
Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан тохиолдолд 2017 онд Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан. Тус заалт байгаа тохиолдолд маргахгүй. Татварын улсын байцаагч нар уг заалтыг хэрэглэсэн. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн хууль ёсны зарчмаар зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно гэж заасан. 1.4 дүгээр зүйлийн 4-дэх хэсэгт зөрчилд тооцохгүй болсон оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. 5 дах хэсэгт шинээр зөрчилд тооцсон оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл хууль буцаан хэрэглэх талаар тодорхой заасан. Гэмт хэргийг эрүүгийн хуулиар тодорхойлж зөрчлийг Зөрчлийн тухай хуульд зааж асуудлыг тус хуульд заасны дагуу зарчмын дагуу шийдвэрлэнэ. Хууль хэрэглээ эрэмбийн хувьд нарийвчилсан хууль нь Зөрчлийн тухай хууль учраас эхлээд энэ хуулиа баримтлан. Тэрнээс бусад хуулиар зөрчлийн асуудлыг шийдвэрлэхгүй. Тодруулбал Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиар Зөрчлийн тухай хуулийг буцаж хэрэглэх тухай зохицуулсан нь онолын хувьд ч Үндсэн хуульд нийцэхгүй. Үндсэн хуульд нийцээгүй хуулийг шүүх хэрэглэхгүй тухай зохицуулалт Үндсэн хуульд байгаа. Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиар Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэнэ гэж Үндсэн хуулийн цэцээр хүчингүй болсон Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх заалттай адилхан байдлаар зохицуулаад тус хуулийг хэрэглэх нь агуулгын хувьд буруу юм. Зөрчил биш болсон зөрчлийг буцаан хэрэглэж татвар ногдуулахаар заагаад өгсөн. Энэ бол Зөрчлийн хуулиар шийдвэрлэх асуудал болохоос биш Татварын хуулиар шийдвэрлэх зохицуулалт биш. Энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өгч байгаа. Өмнөх Эрүүгийн хуулийн дагуу хүчингүй болох байх. Зөрчлийн тухай хуулийг хэрэглэж болох байсан гэж үзэх хэдий ч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглээгүй нь алдаа юм. Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл энэ заалтыг баримтлаагүй. Процессын хуулийг хэрэглээгүй учраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчлийн хэрэг нээгээгүй, холбогдогч хохирогчийг тогтоогоогүй, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт гаргуулах, зөрчлийн хэрэгтэй танилцах эрхийг нь хангаагүй, улмаар бүхэлдээ алдаатай ямар ч ажиллагаа хийгдээгүй акт болсон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна гэж заасан. 7 дах хэсэгт Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмыг Засгийн газар батална гэж заасан. Засгийн газар 2021 оны 135 дугаар тогтоолоор шийтгэлийн хуудсын маягтыг баталсан. Татварын ерөнхий газар өөрөө татвар төлөгчийн газартай аймаг дүүрэг татварын хэлтэстэй албан бичгээр чиглэл өгсөн. Уг чиглэлийн 5-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2-13-д заасан үйлдэл үйлдээд татварын улсын байцаагч шийтгэлийн хуудсаар татвар төлөгчид хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Дээд шатны байгууллага хүртэл бүх нэгжид чиглэл өгсөн. Зөрчлийн тухай хуулиар торгож байгаа учир ямар ч шийтгэлийн хуудас байхгүй. Ойлголтын зөрүү хууль хэрэглээний асуудал байгаа мөн захиргааны акт алдаатай байна. Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулж байгаа бол процессийн хуулийг хэрэглээгүй. Шийтгэлийн хуудас бичээгүй байж хуулиар торгоно гэсэн ойлголт байхгүй. Засгийн газрын тогтоолоор баталсан зөрчил шийтгэлийн хуудас 10 заалттай байхад 1 заалтыг буруу бөглөсөн байхад энэ шийдвэр хүчин төгөлдөр байх эсэх нь эргэлзээтэй болдог. Шийтгэлийн хуудас байхгүй байхад Зөрчлийн хуулиар торгож болохгүй. Хуулийн алдаатай хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа учир бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
5. Хариу тайлбар, татгалзал:
5.1. Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.А***** , Н.О******* нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
Хан-Уул дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй, 11**** тоот регистрийн дугаартай СЖ****** " ХХК нь 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 00******* 00 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, гүйцэтгэх захирал Б.Ц******** гэрийн хаяг: Улаанбаатар хот Б******** дүүрэг 26 хороо, О**** , 200 байр 2** тоотод байрлах, утас: 00******* 0. 134,090,000.00 төгрөгийн дүрмийн сантай, 1 гишүүнтэй, Тээврийн бусад туслах үйл ажиллагаа, Төмөр замын тээвэр зуучлалын чиглэлээр уйл ажиллагаа явуулдаг. СЖ****** ХХК-ийн 2017 оны 1 сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 31 ний өдрийг дуусталх албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд /эрсдэлд суурилсан/-ийн дагуу татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 00******* тоот томилолтын дагуу тухайн байгууллагын санхүү, татварын тайлан, санхүүгийн анхан шатны баримт, банкин дах харилцах дансны хуулга хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн Монгол улсын Татварын ерөнхий хууль болон татварын бусад хуулиуд, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн хэрэгжилтэд татварын төлөвлөгөөт хяналт шалгалтыг явуулж 2021 оны 06 сарын 30-ний өдөр 00******* 11**** дугаартай нөхөн ногдуулалтын акт тогтоосон.
1/ Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалтын талаар /нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсэг/
Монгол Улсын 2015 оны 7 сарын 09-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд Албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ. 7.1. Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ гэж заасан. Тус татвар төлөгч нь СЖ****** ХХК (СУТ********* ХХК) хамтран олон улсын тээвэр хийдэг ба толгой ААН нь монгол улсын хилийн гаднах тээврийн үйлчилгээг хариуцаж нийт тээврийн орлогыг хүлээн авдаг. СЖ****** ХХК нь тухайн тээврийн монгол улсын хилийн доторх тээврийн үйлчилгээг хариуцаж тэдгээр тээвэрлэлтийн орлогыг толгой компаниасаа нэхэмжлэн авч аж ахуй нэгжийн орлогод хүлээн зөвшөөрч бүртгэдэг боловч НӨАТ-ын тайланд тусгадаггүй. СЖ****** ХХК (СУТ********* ХХК) болон СЖ****** ХХК-ын хооронд хийгдсэн 2017 оны 01 сарын 01-ны 17/01 тоот тээвэрлэлтийн гэрээний "3.1-д Үйлчлүүлэгч талын зуучлуулж тээвэрлүүлж буй ачаа нь БНСУ-ийн Инчеон, Бусан болон гуравдагч улсаас БНХАУ-аар дамжин Монгол улсад ирж буй олон улсын тээвэр учраас Ачаа Тээврийн Зуучлагч тал нь Монгол улсын Замын-Үүд, болон хүртэлх тээврийг бүрэн хариуцах ба талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний төлбөрийг америк доллар-аар төлөхөөр тохиролцов" гэж гэрээлсэн мөн Монгол Улс Зам, Тээвэр хөгжлийн яамнаас 2017 оны 11 сарын 03-ны өдрөөс 2020 оны 11 сарын 02-ны 17/222/0* тоот, Y-2-3 код бүхий Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээтэй нь тухайн татвар төлөгчийг нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бух төрлийн бараа, ажил, үйлчилгээ үзүүлсэн гэх заалтад хамаарч байна.
2/ Хуулийн хэрэглээний талаар
Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэх заалтын дагуу 2017 оны 7 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн 11.19.1.1 дэх заалтыг үндэслэн хариуцлага оногдуулна. /Татварын Ерөнхий газрын 2020 оны 05 сарын 15-ны 02/1577 тоот чиглэлийг хавсаргав/
3. СЖ****** ХХК -ын нэхэмжлэлийн дүгнэлт хэсэгт Нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн талаар
СЖ****** ХХК нь Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1 дэх заалтыг нэхэмжлэлдээ тусгасан боловч боловч бусад заалтыг тусгаагүй байна. Үүнд:
2 дах заалтын тухайд: 2017 онд 10,791,640.13 төгрөг, 2018 онд 8,300,895.95 төгрөг, 2019 онд 16,911,570.67 төгрөг, 2020 онд 19,736,353.98 төгрөгийн хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан энэ нь НӨАТ-ын тайлангийн худалдан авалтын падаанд тусгагдсан.
3 дах заалтын тухайд: 2017 онд 29,212,490.0 төгрөг, 2018 онд 29,799,880.0 төгрөг, 2019 онд 23,852,480.0 төгрөгийг өмгөөлөгчийн гэрээт ажлын хөлсөнд олгосон орлогоос хувь хүний орлогын албан татварыг суутган авч төсөвт төлөөгүй нь татварын тайланд тусгагдаагүй, тус ААН-ын данснаас иргэн Н.Борлого олгосон, өмгөөлөгчтэй хийсэн гэрээгээр нотлогдож байна.
4 дэх заалтын тухайд: 2017 онд 44,413,246.64 төгрөг, 2018 онд 6,270,721.04 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй, төсвийн орлогыг саатуулсан
5 дах заалтын тухайд: 2019 онд 33,048,737.23 төгрөгийн Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй, төсвийн орлогыг саатуулсан
6 дах заалтын тухайд: 2017 онд 33,578,363.0 төгрөг, 2018 онд 3,834,395.87 төгрөг, 2019 онд 3,199,923.12 төгрөгийг Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй нь Татварын удирдлагын нэгдсэн системд нотлогдож байна.
Мөн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 47 дугаар тогтоолын үндэслэх нь хэсэгт татварын байцаагчдын ҮЙЛДСЭН Нөхөн ногдуулалтын актын оногдуулсан толбор нь үндэслэлтэй нотлох баримтаар нотлогдож байна гэж зөвлөлийн бүрэлдэхүүн дүгнэжээ гэжээ.
5.2. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.А***** гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч тал ерөнхийдөө нөхөн ногдуулалтын актад байгаа зөрчлөөс зөвхөн Нэмэгдсэн өртгийн албан татварын талаар тайлбар өгсөн ба бусад 5 зөрчилд хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл болохгүй. Тухайн зөрчлүүдийн хоёр дах зөрчил 2017 онд 10,791,640 төгрөг, 2018 онд 8,300,895,95 төгрөг, 2019 онд 16,911,567 төгрөг, 2020 онд 19,746,356,98 төгрөгийг хувийн буюу ажилчдын худалдан авсан бараа үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцсон. Нотлох баримтын дагуу гаргаж харуулсан. Зөрчил 3-д болохоор 2017, 2018, 2019 онд өмгөөлөгч Н.Бгэх иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба тухайн иргэнд олгосон цалингаас хувь хүний орлогын албан татвар суутгаж аваагүй. 2017 онд 29,212,490 төгрөгийг орлогыг 2018 онд 29,699,080 төгрөг, 2019 онд 23,852,480 төгрөгийн орлогыг өмгөөлөгчид ажлын хөлсөнд олгосон боловч тус орлогоосоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8.1-д Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон дараах орлогыг хамруулна гэж зааснаар суутгаж аваагүй. Нөхөн ногдуулалтын актын 4 дэх хэсэгт Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй. 2017 онд 44,416,246,60 төгрөг буюу тухайн орлогыг хуулийн хугацаанд төлөөгүй. 2018 онд 6,270,721,04 төгрөгийг хуулийн хугацаанд төлөөгүй. 5 дах заалт нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2019 оны 33,048,743 төгрөгийн татвар ногдуулалтыг хуулийн хугацаанд төлөөгүй. 6 дах заалтаар 2017 онд 33,573,363 төгрөг 2018 онд 3,830,395 төгрөг, 2019 онд 3,199,923,12 төгрөгийн цалин хөдөлмөрийн хөлсний суутгаж авсан орлогыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй юм. Эдгээр заалтуудаар 2017, 2018, 2019 оны хуулийн хугацааны заалтад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр заалтын 1.1, 1.2 гэх заалтуудыг тус тус авсан. 2020 оны шинэ хуулиар Татварын ерөнхий хуулийн зүйл заалтыг авч хэрэглэсэн байгаа. Маргаж байгаа нэг дэх зүйл заалт нь татварын нэмэгдсэн өртгийн ногдуулалтын байдлын тухайд тус аж ахуйн нэгж нь толгой компани нь тээвэр хийх гэрээтэй ба 2017 оны 01 сарын 01-ний өдрийн 17/01 тоот гэрээ хийсэн. Тус гэрээний 3.1.1-д үйлчлүүлэгч таны зуучлан тээвэрлэж байгаа ачаа нь БНСАУ-ын Бусан, Инчёон гэх гуравдагч улсаар дамжина Монгол Улсын хилээр орж ирж буй олон улсын гэрээ учраас ачаа тээврийн зуучлагч нар Монгол Улсын Зам-Үүд хүртэлх бүх тээврийг бүрэн хариуцаж талууд төлбөрийг ам доллараар тохиролцоно гэж заасан. Үүнээс үзэхэд монгол компани нь хилийн дотоод тээврийн үйл ажиллагаа хариуцаж зуучлах юм.
...Зам тээврийн яамнаас 2017 оны 11 сарын 03-нд 17/222-0* тоот төмөр замын аюулгүй байдалтай холбоотой тээвэр хийх тусгай зөвшөөрөлтэй. Улаанбаатар Төмөр замаар тээврийг тээвэрлүүлэх тусгай зөвшөөрөл байгаа. Татвар төлөгч тухайн компанийн гүйцэтгэх захирал болон н.Х**** нартай хийсэн ярилцлагаас харагдаж байгаа. Н.Ц******* тухайн аль хэсгийн тээвэрлэлтийг хийж байгаа ярилцлагаар манайх Монгол Улсын нутаг дэвсгэрийн үйл ажиллагаа хариуцаж хийдэг гэсэн. Нягтлангаас болохоор тухайн олон улсын гэрээний орлогыг хэрхэн үйл ажиллагааны тайланг бүртгэдэг вэ? гэхэд манайх аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, санхүүгийн тайландаа орлогыг 100 хувь хүлээн бүртгэдэг. Монгол дах тээврийг 100 хувь бүртгэдэг. Харин нэмэгдсэн өртгийн татварын тайландаа бүртгэдэггүй гэж ярилцлага өгсөн байгаа. Аж ахуйн нэгж нь Монголын Төмөр замын ачаа тээврийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа нь Монгол Улсын, улсын бүртгэлийн гэрчилгээ тухайн аж ахуйн нэгжийн гэрчилгээ буюу үйл ажиллагааны чиглэлд тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг гэж заасан. Зам тээврийн яаманд тусгай зөвшөөрөл авснаар өөрийн тээврээр биш, төмөр замын тээврийг ашиглана, тээврийг хэрхэн зөөх мөн үйл ажиллагааг хариуцаж явагддаг.
...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дах заалтад өөрсдийгөө хамааруулж байгаа. Гэвч хуулийн зохицуулалтаар харахад олон улсын тээврийн заалт нь тухайн тээвэрлэгч этгээдэд хамааралтай. Зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дэх үйл ажиллагаа эрхлээд тээврийн үйл ажиллагааг толгой компанид байх боломжтой. Нэмэгдсэн өртгийн албан татварыг дутуу тайлагнасан асуудал нь тус аж ахуйн нэгжийн аж ахуйн нэгжийн тайлан дансаар орсон орлого мөн санхүүгийн тайлан зэргээр харагдаж байгаа. Тус орлогоор нэхэмжилж авч байгаа нь харагдаж байгаа. Нэхэмжилж авч байгаа нь тухайн аж ахуйн нэгж тус толгой компани руугаа энэ тээврийг явуулж байгаа. Нэхэмжлэл нь Монгол Улсын тээврийн үйл ажиллагаа буюу зуучлалын үйл ажиллагааны борлуулалтын орлого, тээврийн зуучлалын үйл ажиллагаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1.1, 8.1.1-д заасан зүйл заалтад хамааруулсан байна гэв.
5.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******-ас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах шаардлага байхгүй. Шинэ татварын ерөнхий хуулиар нөхөн ногдуулалт акт гэж байгаа. Нөхөн ногдуулалтын акт нь өөрөө заавал зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулаад шийтгэлийн хуудсаар ногдуулах шаардлага байхгүй. Нөхөн ногдуулалтын актаар тухайн торгууль, алданги оногдуулж байгаа. Чиглэлийн дагуу ажлаа хийж байгаа. Процессын хуулийн алдаа байхгүй. Бүх татварын алба энэ зарчмаар явж байгаа. Шүүхээр ч мөн адил шийдвэрлээд явж байгаа. Нэхэмжлэгч компани нь өөрсдийнхөө машин техник тоног төхөөрөмжөө Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ачаа тээвэрлэлт хийдэггүй. Солонгосын компанитай хамтарч үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж байгаа. Өөрсдөө ачаа тээвэр хийх боломжтой байсан. Дундаас нь ашиг олдог компани байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татвараа тайлагнахгүй асуудал байдаг юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1.2-т Монгол Улс хүртэл гэж заасан. Нэхэмжлэгч компани Монгол Улсын нутаг дэвсгэр дээр зөвхөн үйл ажиллагаа явуулж ашиг олдог нь нотлогдож байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.4-д Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй гэж заасан. Монгол Улсын хилийн дотор салгаж хийж байгаа гэж би ойлгож байгаа. Тус компани Замын үүд хүртэл тээврээ хийгээд тэндээс өөр хуулийн этгээд тээврийг салгаад Улаанбаатар хүртэл ачааг авчирдаг. Хуулийн 12.1.2-т зааснаар 0 хувьд хамаарахгүй. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*********-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Татвар төлөгч Татварын ерөнхий хуулийн 41.12-т заасан эрх үүрэгтэй оролцож байгаа. Хууль ёсны ашгаа хамгаалах эрхтэй байсан. Захиргааны ерөнхий хуулийн 24-д заасан нөхцөлийг тодорхойлж нотлох баримтаа хэрэгт хавсаргасан. Засгийн газрын 135 дугаар тогтоолыг ярьж байна. Энэ бол акт гарснаас хойш 2021 оны 5 сард гарсан тогтоол юм. Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоож татварын улсын байцаагч үндэслэл бүхий акт тавьсан гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр маргаан бүхий актаар төлүүлэхээр тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэв. Үүнд:
1. Нэхэмжлэгч нь 00******* 11**** тоот нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,
- Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй,
- Холбогдох анхан шатны баримтуудыг үнэлээгүй,
- Толгой компанийн олон улсын тээврийн үйлчилгээг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн байхад хүчин төгөлдөр бус хэм хэмжээг үндэслэн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж гаргасан тул нөхөн ногдуулалтын акт нь хууль бус гэж маргасан.
2. Хариуцагч татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий газрын даргын 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/4* дүгээр тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий аж ахуйн нэгжүүдийн жагсаалт-ыг үндэслэн Татварын ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын даргын хамтран баталсан Татварын хяналт шалгалт, бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалт хийг нэгдсэн удирдамж, 00******* тоот Татварын хяналт шалгалт хийх томилолт-ын дагуу С******* ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ээс 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийжээ. Үүнээс
2.1. 2017 оны 01 сарын 01-ээс мөн оны 07 дугаар сарын 01-нийг хүртлэх хугацааны татварын ногдуулалт, төлөлт нь Татварын ерөнхий хууль/2008 оны/-ийн үйлчлэлд,
2.2. 2017 оны 07 дугаар сарын 01-ээс 2019 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлт нь Зөрчлийн тухай хуулийн үйлчлэлд,
2.3. 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлт нь Татварын ерөнхий хууль/2019 оны/, Зөрчлийн тухай хуулийн үйлчлэлд тус тус хамаарч байна.
3. Маргаанд хамаарах эрх зүйн зохицуулалтын тухайд:
3.1 . Татварын ерөнхий хууль/2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д ... дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлогоо нуусан татвар төлөгчид ...татварыг нөхөн төлүүлж, ... татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна:, 74.1.3-т ... тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах, 74.3-т Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж,
3.2. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д татварын ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан, 1.2-т татварын ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн бол татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, 2 дахь хэсэгт Татварын хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, 4 дэх хэсэгт Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, этгээд ... үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж, хүн хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, Тайлбар хэсэгт Энэ зүйлийн ...2..4. дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж,
3.3. Татварын ерөнхий хууль/2019 оны/-ийн 73 дугаар зүйлийн 73.1-д Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох ..., 73.2.1-т " татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор", 82 дугаар зүйлийн 82.1-д Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно, 82.1.1-д хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар, 84 дүгээр зүйлийн 84.1-д Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно:, 84.1.2-т Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй; гэж тус тус заажээ.
3.4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээ-нд албан татвар ногдуулахаар, 11 дүгээр зүйлийн 11.1-д Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулах-аар, 12 дугаар зүйлийн 12.1.2-т Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ-нд НӨАТ-ын 0 хувь хэмжээгээр ногдуулахаар, 12.4-т Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй байхаар тус тус зохицуулжээ.
3.5. Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж тус тус заажээ.
4.СЖ****** ХХК нь Зам, тээврийн хөгжлийн яамнаас олгогдсон Төмөр замын тээвэр зуучлал-ын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байна.
5. Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.23-т чаа, тээш, ачаан тээш, чингэлгийг тээвэрлэхэд бэлтгэх, хүлээн авах, ачих, тээвэрлэх, буулгах, хүлээлгэн өгөх болон зорчигч тээвэрлэх, сэлгээний ажил гүйцэтгэх үеийн зохион байгуулалт, технологийн харилцан уялдаатай цогцолбор ажил, үйлчилгээ-г төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа гэж тодорхойлсон болон Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалаар батлагдсан Төмөр замын тээвэр зуулчлалын үйл ажиллагааны журам-ын 2.3-т Тээвэр зуучлагч нь тээвэрлэгч болон үйлчлүүлэгчийн хооронд үйлчилгээг үзүүлэх-ээр зохицуулснаас үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч биш байна.
7. Мөн нэхэмжлэгчСЖ****** ХХК нь толгой компани болох БНСУ-ын СЖЛ******* компанитай 2017 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр 17/0*тоот Тээвэрлэлтийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээний зорилгыг талууд Ачаа тээврийн зуучлагч нь үйлчлүүлэгч/СЖЛ******* монголиа ХХК/-ийн ачааг тээвэрлэхтэй холбоотой иж бүрэн зохион байгуулалтын болон хууль ёсны холбогдох үйлчилгээг үйлчлүүлэгчид үзүүлэх, үйлчлүүлэгч нь ачаа тээврийн зуучлагчид тээврийн хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөх, үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотой харилцааг зохицуулах гэж тодорхойлсноос үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаа нь олон улсын ачаа тээврийн Монгол Улс дахь тээвэрлэлтийг зохион байгуулахтай холбоотой үйл ажиллагаа болохоос бус бие даасан олон улсын тээврийн үйлчилгээ биш байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хувь хэмжээгээр НӨАТ ногдуулахаар байна.
8. Дээрхээс үзвэл, хариуцагч татварын улсын байцаагч нар нь маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаарСЖ****** ХХК-ийн тээвэр зуучлалын үйл ажиллагааны орлогод нөхөн татвар ногдуулж, торгууль алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагчийн шийдэл зөв байна.
9. ТүүнчлэнСЖ****** ХХК нь толгой компани болох БНСУ-ын СЖЛ******* компанитай 2017 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр 17/01 тоот Тээвэрлэлтийн гэрээ-ний 3.2-т ... ачаа тээврийн зуучлагч тал нь Монгол Улсын Замын-Үүд боомт хүртэлх тээврийг бүрэн хариуцах... гэж зааснаас үзвэл, гэрээний талууд өөрсдийн харьяалагддаг улсын нутаг дэвсгэр дэх тээвэрлэлтийг тус тусдаа хариуцахаар тохиролцсон гэж үзэхээр байх тул хариуцагчаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн тээврийг Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээврийн үйлчилгээ гэж үзсэнийг буруутгах боломжгүй, хуулийн тусгайлсан зохицуулалтын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулж, алданги, торгууль тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Хэрэвзээ нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаачланСЖ****** ХХК нь олон улсын тээврийн үйлчилгээг Монгол Улсад үзүүлж байгаа гэж үзвэл, Тээвэрлэлтийн гэрээ-ний 2.1 болон 3.2 дахь заалтуудын дагуу зуучлагч болох БНСАУ-ын СЖЛ******* компани ньСЖ****** ХХК-д төлбөрийн нэхэмжлэх явуулахаар байна.
11. ГэтэлСЖ****** ХХК нь БНСАУ-ын СЖЛ******* компанид төлбөрийн нэхэмжлэх явуулдаг, уг компаниас тээврийн хөлс шилжүүлж авдаг тухайд оролцогчид маргаагүй. Энэ тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувь хэмжээ хэрэглэх Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ гэсэн үндсэн нөхцөл хангагдаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрөө тээвэр зуучлагч болохынхоо хувьд тээвэрлүүлэгчийн ачааг хил дамнуулан тээвэрлүүлж экспортлох замаар олсон орлогод хуулийн дээрх зохицуулалтын дагуу НӨАТ-ын 0 хувь хэмжээгээр татвар ногдуулахаас бус өөр зуучлагчийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг Монгол Улсад зохион байгуулсан үйл ажиллагааг Монгол Улсаас экспортод гаргасан үйлчилгээ гэж үзэхгүй юм. Иймд нэхэмжлэгч талын Толгой компанийн олон улсын тээврийн үйлчилгээг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн тээвэр бөгөөд ачаа тээврийн баримтууд/хавсралт нотлох баримтууд бүхий/-аар хүргэх газар нь дандаа Улаанбаатар хаягтай байхад НӨАТ ногдуулсан нь хууль бус, холбогдох анхан шатны баримтуудыг үнэлээгүй гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
12. Хэрэв нэхэмжлэгч нь маргаан бүхий актаар тогтоосон НӨАТ-ын төлбөрийг бүхэлд нь 0 хувь хэмжээг хэрэглэх ажил үйлчилгээ гэж үзсэн бол уг үйлчилгээний орлогыг бүхэлд нь НӨАТ-ын тайлангийн Экспортолсон үйлчилгээний борлуулалтын орлого /29/ мөрөнд тусгайж тайлагнах үүрэгтэй.
13. Гэтэл нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн 2017 оны НӨАТ-ын тайлангуудын экспортолсон үйлчилгээний борлуулалтын орлого хэсэгт орлого тусгаж тайлагнаагүй, 2018 оны 12 дугаар сарын тайланд 67,866,740 төгрөгийн, 2019 оны 03-12 дугаар сарын тайлангуудад нийт 206,203,933.1 төгрөгийн, 2020 оны 02, 04, 10 дугаар сарын тайлангуудад 63,241,206.8 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувь хэрэглэх үйлчилгээ үзүүлсний орлого тайлагнасан нь маргаан бүхий актын 1-д 2017 онд 968,113,292.2 төгрөг, 2018 оны 425,912,391.7 төгрөг, 2019 онд 1,067,126,598.8 төгрөг, 2020 онд 959,932,747.57 төгрөгийн дотоодын тээврийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар төлөөгүй гэснээс зөрүүтэй байна. Иймд хариуцагч нараасСЖ****** ХХК-ийг ... татвар ногдох орлогоо нуусан, ... нуун дарагдуулсан, ... татварын тайланд тусгахгүй орхигдуулсан, ... татварын тайланд багасгаж тусгасан зөрчлүүдийг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
14. Нэхэмжлэгчээс 00******* 11**** тоот нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан боловч уг актын хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээг бизнесийн үйл ажиллагааны зардлаар баримт бүрдүүлж нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан, төлбөл зохих татварыг хуулийн хугацаанд төлөөгүй, хувь хүний орлогын албан татвараа хуулийн хугацаанд төлөөгүй, бусдад олгосон хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж суутган, төсөвт төлөөгүй зөрчлүүдэд нөхөн татвар, торгууль, алданги тооцсон тухайд тодорхой үндэслэл нэрлэж маргаагүй тул хариуцагч нараас маргаан бүхий актаар дээрх зөрчлүүдэд нөхөн татвар ногдуулж, торгууль алданги тооцсоныг хууль бус гэж үзэх боломжгүй. Тодруулбал,
14.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй:, 14.6.2-т хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ; гэж заасан байхад нэхэмжлэгч нь хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн 2017 оны 10,791,640.13 төгрөгийн, 2018 оны 8,300,895.95 төгрөгийн, 2019 оны 16,911,570.67 төгрөгийн, 2020 оны 19,736,353.98 төгрөгийн татварыг хасаж татварыг бууруулсан,
14.2. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар орлого-д татвар ногдуулахаар, 26.1.1-д зааснаар суутгагч ...татвар ногдуулж төсөвт шилжүүлэх-ээр тус тус заасан байхад нэхэмжлэгч нь 2017-2019 онуудад өмгөөлөгчтэй байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ-ний дагуу өмгөөлөгчид төлсөн орлогод татвар ногдуулж төлөөгүй,
14.3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль/2006/-ийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана гэж заасан байхад нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2019 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 33,048,737.23 төгрөгийг, 2017 онд НӨАТ-ын 12,413,246.64 төгрөгийг, 2018 онд НӨАТ-ын 6,270,721.04 төгрөгийг тус тус хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй байх ба нэхэмжлэгчээс эдгээр зөрчлийг үгүйсгэх үндэслэл болон нотлох баримтын эх сурвалж зааж маргаагүй тул уг зөрчлүүдэд нөхөн татвар ногдуулж, торгууль алданги тооцсон нь татварын улсын байцаагчийн эрх хэмжээнд нийцсэн гэж үзнэ.
15. Маргаан бүхий актын хавсралт ХШ-06/02 маягтад тусгагдсан торгуулийн дүн нь ногдуулсан нөхөн татварын 30 хувиас, алданги нь 50 хувиас хэтрээгүй, энэ нь зөрчил үйлдэгдсэн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжоор тогтоосон хэмжээний дотор байх тул нэхэмжлэгч талын Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж гаргасан, Зөрчлийн тухай хуульд өнөөдрийн байдлаар нөхөн татварын хувь хэмжээ, торгууль, алдангийг зохицуулсан хэм хэмжээ байхгүй гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй. Тодруулбал,
15.1. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд ...74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэж өөрчлөн найруулсан байх боловч 4 дүгээр зүйлд Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан, мөн өдөр батлагдсан Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөөгүй байх тул хариуцагч нараас уг алдангийн хувь хэмжээг хэрэглэх үндэслэлгүй юм.
15.2. Түүнчлэн татвар ногдуулах, тайлагнах, төлөх, түүнчлэн татвар хяналт шалгалт хийхтэй холбоотой харилцаа нь Татварын ерөнхий хууль болон татварын бусад хуулиуд/хувь хүний орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын/-ууд, тэдгээрт нийцүүлэн гаргасан Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагааны журмаар зохицуулагдах тул тухайн харилцаанд Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтуудыг баримтлах шаардлагагүй байна.
16. Харин Татварын ерөнхий хууль/2019/-ийн 73 дугаар зүйлийн 73.1-т зөвхөн ...хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт алданги тооцох-оор, 82 болон 84 дүгээр зүйлд татвар төлөгчийн татвар ногдуулаагүй үйлдэлд нөхөн татвар ногдуулж, торгох-оор тус тус зохицуулсан, мөн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль/2020/-иудад 2020 оны 02 дугаар сарын 01-ээс, 2021 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацааны ... татвар төлөгчийн төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх-өөр зохицуулсан байхад хариуцагч нар СЖЛ******* ХХК-ийн 2020 оны Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд НӨАТ ногдуулаагүй зөрчилд 38,397,309.3 төгрөгийн торгууль ногдуулж, 19,198,654.95 төгрөгийн алданги тооцсон, хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээг бизнесийн үйл ажиллагааны зардлаар баримт бүрдүүлж нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан зөрчилд 592,090.62 төгрөгийн торгууль ногдуулж, 394,727.08 төгрөгийн алданги тооцсон байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж тайлбарлах үндэслэлтэй байна.
Иймд татварын улсын байцаагч нарын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 00******* тоот актаар тогтоосон төлбөрөөс 58,583,382.5 төгрөгийг хасч багасгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.7, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хууль/2008/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3, Татварын ерөнхий хууль/2019/-ийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2 болон 4 дэх хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.4, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль/2020/-иудын 1 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч СЖЛ******* монгоилиа ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 00******* тоот актаар төлүүлэхээр тогтоосон төлбөрийг 58,583,382.5/тавин найман сая таван зуун наян гурван мянга гурван зуун наян хоёр/ төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ