Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2026/0720

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Аын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О

Нэхэмжлэгч: А.А

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/17 дугаар сахилгын шийтгэл ногдуулсаэн тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 113/ШШ2026/0009 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуруалдааны оролцогчид: Нэхэмжлэгч А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 113/2026/0005/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.А нь Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргад холбогдуулан “Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/17 дугаар сахилгын шийтгэл ногдуулсаэн тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 113/ШШ2026/0009 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.6, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, А.Аыг Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 13,820,399 төгрөгөөс эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгэж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “... “Монгол шуудан” ХК 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/216 тодорхойлолт, хавсралт үйлдэж шүүхэд хүргүүлсэн. Тухайн тодорхойлолт, хавсралт хоёр алдаатай байсан. Аймгийн Монгол шуудангийн компани дээр би өөрөө бичиг хэргийн ажилтантай 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр очиж архиваас баримт гаргаж үзсэн. Тухайн архивын баримт дээр Мал эмнэлгийн ерөнхий газрын сахилгын шийтгэлийн тушаалыг хүлээлгэж өгсөн он, сар, өдөр, хүлээн авсан хүний нэр, цаг хугацаа байгаагүй. Гэтэл “Монгол шуудан” ХК дараа нь хуурамч нотлох баримт бүрдүүлж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн байсан. Энэ талаар би “Монгол шуудан” ХК-д гомдол гаргасан. “Монгол шуудан” ХК шалгаад тухайн үед ажиллаж байсан н.Б гэх албан хаагч хүргэлтийн бүртгэлийг нөхөн бичиж, хуурамч хавсралтыг хавсарган Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байсан. Энэ нь “Монгол шуудан” ХК-ийн 08 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгээр тодорхойлогдсон. Энэ албан бичгийг шүүгч нар анхаарч үзнэ үү” гэв.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч А.Ааас “Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/17 дугаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргад холбогдуулан гаргажээ.

2.1. Маргаан бүхий Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/17 дугаар тушаалаар

- байгууллагын даргын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/41 дугаартай тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэл хүчин төгөлдөр байх хугацаанд сахилгын болон ёс зүйн зөрчлийг давтан үйлдсэн,

- байгууллагын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн албан ёсны хурлын үеэр байгууллагад хуульд заасан журмаар ирээгүй, бичиг хэргийн ажилтан хүлээж аваагүй, бичиг хэрэгт бүртгэгдээгүй, дугаар олгогдоогүй, даргад танилцуулагдаагүй, цохолт хийгдээгүй сахилгын шийтгэл ногдуулсан гэх баримтыг албан ёсны мэтээр хамт олны өмнө уншиж, хувь хүний эмзэг байдалд халдсан,

- байгууллагын удирдлагыг “АТГ-аас ирсэн албан бичгийг урж хаясан” гэж мэдээлсэн, мөн агуулгаар удаа дараа хамт олны өмнө худал мэдээлэл тараасан, илт худал мэдээлэл өгч хууль хяналтын байгууллагад нийт 10 удаа шалгуулсан боловч удирдлагыг хууль зөрчсөн гэх шийдвэр ирээгүй,

- мөн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10:05 цагт албан өрөөнд орж ирж, “АТГ-аас ирсэн бичгийг чи урсан. Чиний хувьд чинь ямар бичиг ирдэг юм гэж өөрийн илт буруу үзэл бодлыг хүчээр тулгаж, хүлээн зөвшөөрүүлэх оролдого хийж дарамталсан, биед гэмтэл учруулахыг завдсан гэсэн үндэслэлүүдээр тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга А.Ад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

3. “Байгууллагын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн албан ёсны хурлын үеэр байгууллагад хуульд заасан журмаар ирээгүй, бичиг хэргийн ажилтан хүлээж аваагүй, бичиг хэрэгт бүртгэгдээгүй, дугаар олгогдоогүй, даргад танилцуулагдаагүй, цохолт хийгдээгүй сахилгын шийтгэл ногдуулсан гэх баримтыг албан ёсны мэтээр хамт олны өмнө уншиж, хувь хүний эмзэг байдалд халдсан” гэх үндэслэлийн тухайд:

3.1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ”, 29.4-т “Энэ хуулийн 29.2-т заасан сахилгын шийтгэл хүлээсэн албан тушаалтан өөрт ногдуулсан шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэнэ” гэж тус тус заасан.

3.2. Нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж буй сахилгын шийтгэл ногдуулсан гэх баримт нь Авлигатай тэмцэх газрын 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05/20633 тоот “Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргад хариуцлага тооцуулах тухай” албан бичгийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байсан Ч.Од “үндсэн цалинг 1 сарын хугацаанд 30 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр тушаал байна.

3.3. Анхан шатны шүүх “… Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээсэн албан тушаалтан энэ талаараа нийтэд мэдээлэх хуульд заасан үүрэгтэй байна” гэж дүгнэсэн, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 232 дугаар тогтоолоор “… Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/14 дүгээр албан бичгээр Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газарт хүргүүлсэн. Ингэхдээ RD171313674MN бар кодоор бүртгэгдэж баталгаат шуудангаар хүргэснийг бичиг хэргийн ажилтан У.Л хүлээн авсан болох нь тогтоогдож байна” гэж дээрх тушаалтай холбоотой асуудлыг дүгнэсэн байна.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “… тус тушаалын биелэлтийг Мал эмнэлгийн ерөнхий газраас 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр албан бичгээр шаардсан тул бичиг хэргийн ажилтан 12 дугаар сарын 10-ны өдөр цахим шуудангаар хүлээн авч, бүртгэж, дугаар олгож, даргад танилцуулж, цохолт хийлгэж, холбогдох нэгжид хүргэсэн байдаг … талаар би “Монгол шуудан” ХК-д гомдол гаргасан. “Монгол шуудан” ХК шалгаад тухайн үед ажиллаж байсан н.Баярмаа гэх албан хаагч хүргэлтийн бүртгэлийг нөхөн бичиж, хуурамч хавсралтыг хавсарган Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байсан. Энэ нь “Монгол шуудан” ХК-ийн 08 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгээр тодорхойлогдсон” гэж тайлбарлан давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг хавсаргажээ.

3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-д “Давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо хавсаргасан баримтыг нэрлэн зааж, хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

3.6. Түүнчлэн, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр тушаал нэгэнт бодит байдалд гарсан, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан сахилгын шийтгэл хүлээсэн албан тушаалтан энэ талаараа нийтэд мэдээлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч А.А нь энэ талаар хамт олны хурлын үеэр танилцуулсан нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй. Мөн тухайн тушаалыг “Монгол шуудан” ХК-иас тус газрын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэж өгсөн, бичиг хэрэгт бүртгэгдсэн, дугаар олгогдсон, даргад танилцуулсан, цохолт хийгдсэн эсэх нь маргааныг хянан шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолтой биш.

4. “Байгууллагын удирдлагыг “АТГ-аас ирсэн албан бичгийг урж хаясан” гэж мэдээлсэн, мөн агуулгаар удаа дараа хамт олны өмнө худал мэдээлэл тараасан, илт худал мэдээлэл өгч хууль хяналтын байгууллагад нийт 10 удаа шалгуулсан боловч удирдлагыг хууль зөрчсөн гэх шийдвэр ирээгүй” гэх үндэслэлийн тухайд:

4.1. Дээрх үндэслэлтэй холбоотойгоор анхан шатны шүүхээс Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын нягтлан бодогч, Мал эмнэлгийн газрын бичиг хэргийн ажилтан, ахлах нягтлан бодогч, Мал амьтны эрүүл мэндийн албаны дарга нараас гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд уг мэдүүлгүүдээр нэхэмжлэгч А.А нь дээр дурдсан дам яриаг анх гаргаагүй боловч ярьж байсан болох нь тогтоогджээ.

4.2. Анхан шатны шүүх “... уг үндэслэлээр албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулах нь Төрийн албаны тухай хуульд нийцэхгүй байна” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

4.3. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, Төрийн албаны зөвлөлийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хамтарсан 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 100 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.6.3-д “сахилгын шийтгэл нь гаргасан зөрчлийн шинж байдалд тохирсон байх” гэж заасан бөгөөд А.Ад төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь гаргасан гэх зөрчилд тохирохгүй гэж дүгнэхээр байна.

4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “… А.А нь Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалтай байхдаа тодорхой бус байдлаар олж авсан баримтыг байгууллагын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгч бүртгүүлээгүй, байгууллагын албан хэрэгт оруулаагүй, эрх бүхий албан тушаалтанд танилцуулж албажуулаагүй байж уг баримтыг байгууллагын албан ёсны хурлын үеэр нийт хамт олны өмнө танилцуулж, албан ёсны мэдээлэл мэтээр ойлгуулах нөхцөл бүрдүүлсэн” гэж тайлбарлах боловч энэ нь нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй.

4.5. Түүнчлэн, “хууль хяналтын байгууллагад нийт 10 удаа шалгуулсан боловч удирдлагыг хууль зөрчсөн гэх шийдвэр ирээгүй” гэсэн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасанд хамаарахгүй.

5. “... 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10:05 цагт албан өрөөнд орж ирж, “АТГ-аас ирсэн бичгийг чи урсан. Чиний хувьд чинь ямар бичиг ирдэг юм гэж өөрийн илт буруу үзэл бодлыг хүчээр тулгаж, хүлээн зөвшөөрүүлэх оролдого хийж дарамталсан, биед гэмтэл учруулахыг завдсан” гэх үндэслэлийн тухайд:

5.1. Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-т “төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхад бие махбодид нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа түр алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүний авч байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа түр алдсан буюу хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байсан нийт хугацаанд нөхөн олгож, хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”, 75 дугаар зүйлийн 75.4-т “Маргаан үүсгэсэн тохиолдолд төрийн албаны төв байгууллагын хянан шалгах комисс дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 75.4.5-д “илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх” гэж тус тус заасан бөгөөд төрийн албан хаагч бусдын биед гэмтэл учруулаагүй ч хүч хэрэглэсэн, доромжилсон, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан бол уг асуудлаар гомдол гаргаж, эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэхээр байна.

5.2. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байх ба Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 133 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэж хэрэг үүсгэхээс татгалзсан байна.

6. “Байгууллагын даргын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/41 дугаартай тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэл хүчин төгөлдөр байх хугацаанд сахилгын болон ёс зүйн зөрчлийг давтан үйлдсэн” гэх үндэслэлийн тухайд:

6.1. Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/41 дугаартай тушаалаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга А.А нь байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй, удирдлагын итгэлийг алдсан, хүний нэр төр, алдар хүндэд халдсан, бусадтай удаа дараа дээрэнгүй байдлаар харилцсан, гүтгэж гүжирдсэн гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байх ба нэхэмжлэгчээс уг тушаалтай холбогдуулан маргаагүй байна.

6.2. Гэтэл дээрх тушаалд дурдсан асуудлууд нь маргаан бүхий 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/17 дугаар тушаалын үндэслэлтэй ижил буюу мөн л Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийг урсан гэх яриа гаргасан, хамт олны дунд худал мэдээлэл тараасан гэх агуулгатай байх тул сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6.3. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагчийн гомдолд дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. 

7. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 113/ШШ2026/0009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                      Д.БААТАРХҮҮ