Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 40

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан,

Хохирогч, шүүгдэгч Ц.Алдарманлай, Д.Алтангэрэл,

Шүүгдэгч Ц.Жигмэдгонжив нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх Дандар овогт Цэдэндамбын Алдарманлай, Хөх Дандар овогт Цэдэндамбын Жигмэдгонжив, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан овогт Давгаагийн Алтангэрэл нарт холбогдох эрүүгийн 201615000352 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1988 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 01 дүгээр баг 40-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хөх Дандар овогт Цэдэндамбын Алдарманлай /РД: ЙЮ88081178/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1978 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дугаар баг 413-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хөх Дандар овогт Цэдэндамбын Жигмэдгонжив /РД: ЙЮ78041418/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1979 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 08 дугаар баг 10-15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Цагаан овогт Давгаагийн Алтангэрэл /РД: ЙЛ79031116/,

Шүүгдэгч Д.Алтангэрэл нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17-18 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 413-01 тоот хашаанд хохирогч Ц.Алдарманлайг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.Алдарманлай, Ц.Жигмэдгонжив нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17-18 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 413-01 тоот хашаанд хохирогч Д.Алтангэрэлийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид  нь  хөнгөн  гэмтэл  санаатай  учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Ц.Алдарманлай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Ц.Жигмэдгонжив шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед хүний ажил явдалд явчихаад үүрээр ирээд гэртээ унтах гэж байхад Ганбаатар гаднаас 0.33 литрийн архи авч орж ирсэн. Би нэг л уусан. Миний найз бүлээцчих8 ганц уучих гэхээр нь уусан юм. Үлдсэн архийг нь Ганбаатарт аягалж өгсөн. Тэгээд унтаж байгаад сэртэл манайд байсан хүмүүс 0.75 литрийн архи ууцгааж байсан. Надад хийгээд өгөхөөр нь би амсаад өгсөн. Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэдэгтэй санал нийлэхгүй байгаа. Би Ц.Алдарманлай, Д.Алтангэрэл хоёрын зодооныг турхирсан юм байхгүй. Өөрсдөө учраа олог гэж хэлсэн нь үнэн. Мөн мөрдөн байцаалтанд би Д.Алтангэрэлийг мөргөөгүй гэж хэлж байсан. Өнөөдөр шүүх хуралдаанд Д.Алтангэрэлийг мөргөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ц.Алдарманлай хутга барьсан гэв.

Хохирогч Ц.Алдарманлай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр зодооноос болж надад хохирч, гэмтсэн зүйл байхгүй. Д.Алтэнгэрэлээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй, Ц.Алтангэрэл бид хоёр сайн дурын үндсэн дээр ярилцаж тохиролцоод эвлэрсэн байгаа гэв.

Хохирогч Д.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид бид ажил төрөл хийгээд бие биедээ туслаад явах талаар ярилцсан зүйл байгаа. Ц.Алдарманлай бид хоёр хоорондоо сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байгаа гэв.

Хохирогч Д.Алтангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн орчим Баянгол сумын харьяат Ганбаатар утсаар дуудаад байхаар нь хойд талын айлын Эрдэнэбатыг гуйж байгаад машины дугаарыг нь санахгүй байна, цагаан саарал өнгийн суудлын машинтай МСҮТ-ийн /Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв/ зүүн талд байрлах хашаанд айлд очсон. Тухайн айл ганц гэр байсан, гэрт ороход гэрийн хойморт эрэгтэй хүн унтаж байсан. Ганбаатар, Алдарманлай нар хоол хийгээд сууж байсан. Гаднаас нэг залуу нэг шил архи, ундаатай авч орж ирсэн. Архийг Ганбаатар, би, Эрдэнэбат, Алдарманлай бид нар хувааж уугаад архи талдаа орж байхад хойд талд газар хэвтэж байсан Алдарманлайн ах Гонжив /Жигмэдгонжив/ архинаас хамт уусан. Архи ууж дуусаад Алдарманлай нь гар барилдъя гэхээр нь Алдарманлайтай баруун гараараа 3 удаа, зүүн гараараа 3 удаа гар барилдаад бүгдэд нь би дийлсэн чинь Алдарманлай намайг юм хэлэлгүйгээр шууд нүүр рүү алгадаад босоод ирэхээр нь би Алдарманлайг баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа алгадсан. Ганбаатар, Эрдэнэбат хоёр Алдарманлайг надтай зодолдох гээд дайраад байхаар нь Алдарманлайг хорихоор нь би гэрээс гараад Эрдэнэбат ахыг хүлээгээд зогсож байтал Алдарманлай гэртээ өмсөж явсан хүрэн ноосон цамцаа тайлаад цэнхэр эрээн өнгийн пудволктой гарч ирсэн. Араас нь Гонжив /Жигмэдгонжив/, гэрт байсан хүмүүс гарч ирсэн. Гонжив нь Алдарманлайд надтай зодолд гэж дахин дахин ятгаад байсан чинь Алдарманлай над дээр ирээд миний зүүн нүдний орчим руу гараараа 3-4 удаа цохихоор нь би Алдарманлайг тэврээд авахад Алдарманлай намайг түрээд гэрлүүгээ шахахаар нь би Алдарманлайгаас болъё гэж гуйгаад байхад үгэнд орохгүй над руу дайраад байхаар нь би Алдарманлайг зүүн гараараа боосон, тэгээд Алдарманлай намайг барьж байснаа болихоор нь гэрийнх нь ардуур зүүн талаар нь тойрсон чинь Алдарманлай миний араас дагаж ирээд ахиад өмсөж явсан хувцаснаас барьж байгаад хашаа руу хамт оръё гэхээр нь би Алдарманлайтай хамт орсон. Хашаан дотор ороод ширээ шиг төмөр байхаар нь энэ төмөр дээр сууж байгаад ярилцъя гээд Алдарманлай надаас дүү хүүхэд байсан тул ахын дүү ингэж болохгүй гэхэд Алдарманлай намайг ах гэж томорлоо гэж хэлээд миний нүүр рүү гараараа 3 удаа цохисон. Тэгээд би Алдарманлайг барьж аваад баруун гараараа тэврээд, зүүн гараараа өмсөж явсан цэнхэр эрээн өнгийн пудволкоор нь боож байхад өмсөж явсан пудволк нь урагдсан. Алдарманлай миний гэдсийг цувуулна гээд заналхийлээд байхаар нь би Алдарманлайг тавьчихсан чинь хашаан дотроос төмөр жоотуу аваад намайг цохих гээд дайрахаар нь би хашаан дотор байсан улаан өнгийн тоосго аваад чамайг цохивол цохино шүү гэхэд Алдарманлай намайг жоотуугаар цохих гээд тулаад ирэхээр нь би Алдарманлайг тэвэрч авсан чинь Алдарманлай барьж байсан жоотуугаараа доороос нэг удаа цээж рүү цохисон. Би Алдарманлайг тэвэрч аваад жоотууг нь Алдарманлайгаас булааж аваад газар шидсэн чинь Алдарманлай надтай ахиж маргалдах гээд дайраад байхаар нь би Апдарманлайн урагдсан пудволкноос зүүн гараараа хана руу шахаад барьчихсан, баруун гартаа улаан тоосго барьчихсан зогсож байхад Гонжив /Жигмэдгонжив/ хашаан дотор орж ирээд миний дүү чамайг зодчихсон байгаа биздээ гэхээр нь намайг Гонжив дүүгээсээ салгах байх гэж бодоод би барьж байсан тоосгоо хаячихаад хашаанаас гарсан. Та нар бүтэхгүй хүмүүс байна гэж хэлээд машин руу явж байтал Гонжив араас хөөе гэж дуудаад миний зүүн мөрнөөс татахаар нь эргээд хартал Гонжив миний баруун нүдний дээд хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн. Миний баруун зовхиноос цус их хэмжээгээр гарсан. Намайг Гонжив мөргөхөд бүгдээрээ харж байсан. Тэгсэн Алдарманлай над дээр ирээд ахиж миний нүүрэнд гараараа 3 удаа цохисон. Би Апдарманлайн нүүрэнд нь 2 удаа цохисон. Апдарманлай над руу дахиад дайрахаар нь би тэвэрч аваад газар унагаасан. Би Алдарманлайн дээр нь суучихаад би чамайг цохивол цохино шүү дээ гэж хэлчихээд босоод 2 алхаад баруун зовхи, хамраас цус гараад байхаар нь цусаа дараад тонгойгоод газар сууж байхад Алдарманлай ахиж араас ирээд намайг татаж унагаад дээр суухаар нь би босъё гэж бодоогүй. Тэгсэн Алдарманлай хутга гаргаж ирээд миний баруун шанаа хэсэгт 2-3 удаа зүссэн, тэгтэл нь хутгыг нь хэн авсныг мэдэхгүй Алдарманлайгаас нэг хүн хутгыг нь булааж авсан. Би Эрдэнэбат ахын машинд суусан. Эрдэнэбат ах архи уучихсан байсан тул Гонживынд архи уугаагүй, архи олж ирсэн залуугаар машиныг унуулаад эмнэлэг ороод оёо тавиулсан. Аймгийн БОЭТ-ийн /Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв/ гэмтлийн тасагт 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Алдарманлайн гэрт гар барилдаад ялагдсанаас болж маргалдсан. Өөр маргалдах шалтгаан байгаагүй. Жигмэдгонжив намайг яагаад мөргөсөнг би мэдээгүй. Бид хоёрын дунд маргаан болоогүй. Би бага зэргийн согтолттой байсан. Алдарманлай, Жигмэдгонжив нар намайг бодвол илүү согтолттой байсан. Намайг Жигмэдгонжив, Алдарманлай нар зодож байхад Эрдэнэбат, Ганбаатар, архи уухгүй байсан залуу нар бүгд харсан. Би одоогоор 400000 төгрөг зарцуулсан. Баримтууд нь надад байгаа. Гомдолтой байна, эмчилгээний мөнгөө гаргуулж авмаар байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 хуудас/

Хохирогч Ц.Алдарманлайн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Алтангэрэлтэй гар барилдаад дийлээгүй, намайг хэл амаар доромжлоод байхаар нь би Алтангэрэлийг ахынхаас зайл гээд алгадсан чинь Алтангэрэл миний нүүрэн тус газар баруун гараа зангидаж байгаад ахын гэрт нэг удаа цохисон. Гэрийн хаяанд намайг өмсөж явсан цамцаар хоолой боогоод байхаар нь би өөрийнхөө цамцаа гараараа ураад боолтноос гарсан. Алтангэрэл хашаан дотор миний нуруугаар газар савж унагаасан. Нүүр рүү гараараа нэлээн олон удаа цохисон. Миний зүүн нүд хавдаад хөхөрсөн. Хоолой улайчихсан байсан. Одоо биеийн байдал хэвийн зүгээр байгаа. Эмчилгээ хийлгээгүй. Цамцандаа үнэлгээ хийлгэхгүй. Цамцыг өөрөө урчихсан. Би эмнэлэгт хэвтээгүй. Алтангэрэл бид хоёр харилцан зодолдсон тул надад гомдол санал байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 хуудас/,

Гэрч Т.Эрдэнэбатын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр усанд явчихаад гэртээ орж байхад хашааны үүдэнд Алтангэрэлтэй таарсан чинь Алтангэрэл намайг хамт айлд очоодхоё гэхээр нь би өөрийнхөө 79-00 ӨВА улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёота Камри” маркийн автомашинтай Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн зүүн урд айлд 17 цаг өнгөрч байхад очоод гэрт нь ороход Баянгол сумын харьяат Ганбаатар, 2 танихгүй залуутай юм яриад сууж байсан. Гаднаас зүс таньдаг Дэлгэрэх ХХК-д ажилладаг залуу нэг шил 0.75 литрийн архитай орж ирэхээр нь архи олж ирсэн хүн архи уугаагүй, бусад хүмүүс бүгдээрээ архийг уусан. Алтангэрэл нэг залуутай нь гар барилдсан чинь Алтангэрэл нэлээн олон удаа ялсан. Тэгсэн Алтангэрэлтэй гар барилдаж байсан залуу нь гэнэт Алтангэрэлийн нүүр рүү нь гараараа нэг удаа алгадсан чинь Алтангэрэл тэр залуутай барилцаж аваад гэрээс гарсан. Гэрт байсан хүмүүс бүгдээрээ гараад Алтангэрэл танихгүй залуу хоёрыг салгах гэсэн чинь тэр залуугийн ах гэх залуу нь эр хүмүүс сайхан зодолдоод учраа ол гэж ярьж байсан. Алтангэрэл тэр залуутай харилцан зодолдоод байсан залуутайгаа хашаа руу хамт хоёулаа орсон. Бид нар ороогүй. Бид нар удаагүй 5 минутын дараа тэр хоёрын араас орох гэсэн чинь Алтангэрэл нөгөө залуутай гараад ирсэн. Хашаан дотроос гарч ирэхдээ Алтангэрэлийн хамраас цус гарчихсан байсан. Алтангэрэлтэй хамт машин руу явж байтал араас Алтангэрэлийг нэг залуу нь дуудахаар нь эргэж хартал дүүтэйгээ зодолд гээд байсан залуу Алтангэрэлийн баруун хөмсөг рүү нь мөргөчихлөө гээд Алтангэрэл нүүрээ дараад суусан. Яг мөргөх үед нь хараагүй. Намайг эргээд харахад Алтангэрэлийг мөргөчихсөн байсан. Алтангэрэлийн баруун хөмсөгнөөс цус гоожоод зогсож байхад Алтангэрэлтэй зодолдоод байсан залуу ахиж ирээд ноцолдоод байхаар нь Алтангэрэл тэр залуугийн дээр гарч суучихаад би чамайг зодвол зодчихно хоёулаа одоо болъё гэж хэлээд дээрээс нь босоод миний машин руу явж байхад нөгөө залуу Алтангэрэлийг газар унагаад дээр нь суучихаад хаанаас хутга авсанг мэдэхгүй, жижиг эвхдэг хутга гаргаж ирээд Алтангэрэлийн хоолойд тулгасан чинь тэр залуугийн ах нь ирээд барьж байсан хутгыг аваад, дүүгээ аваад үлдсэн. Алтангэрэл, би, архи уугаагүй залуу бид гурав миний машинтай эмнэлэг дээр ирсэн. Алтангэрэлийг эмнэлэг хүргэж өгөөд би гэртээ харьсан. Жижиг хутга харагдсан, ишийг нь бараан өнгийн даавуугаар боочихсон хутга харагдсан. Алтангэрэл хашаанаас гарч ирээд надад хэлэхдээ зодолдоод байсан залууг цээж рүү жоотуугаар цохичихлоо гээд цээжээ дараад явган суугаад байсан. Тэрнээс өмнө Алтангэрэлийн цээж өвдөж байгаа талаар ярихгүй байсан. Алтангэрэл бид хоёр тэр айлд очихдоо эрүүл очсон. Нөгөө хэд согтуу нь гайгүй байсан. Тэр айлд нэг шил архи уусан. Өөр архи уугаагүй тул бүгдээрээ өөрийнхөө үйлдлийг мэдэхээр байсан..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 52-53 хуудас/

Гэрч Д.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ц.Жигмэдгонжив нь манай нөхөр Гантулгын найз нь байгаа юм. 10 настай хүүхэдтэйгээ хоёул амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Өөрөө гагнуур болон машин засвар үйлчилгээ хийж амьдардаг. Эхнэр нь хүүхдээ 2 сартай байхад нь орхиод явчихсан юм. Тэрнээс хойш өөрөө өсгөсөн. Мөн аав, дүү нараа тэжээдэг. Ээж нь залуудаа нас барчихсан юм. 4 ханатай гэртэй, гараштай, гэрийнхээ урд дугуй засварын газартай, 60-05 ӨВА улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёота Марч” маркийн автомашинтай. Өөр эд хөрөнгө байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 хуудас/,

Гэрч Ш.Алтангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.Алтангэрэл нь төлөв даруу, томоотой хүн байгаа юм. Архи уудаг, тамхи татдаг. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 1а-16 тоотод 2 тал хашаатай, 5 ханатай гэртэй, 60-37 ӨВР улсын дугаартай, цагаан өнгийн “Дево” маркийн автомашинтай. Өөр эд хөрөнгийн талаар сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55 хуудас/,

 

Гэрч Ч.Баярмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.Алтангэрэл нь найзархаг, хүнд тусархуу хүн. Хүнд гэмгүй, архи хааяа л уудаг, тамхи татдаг. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 1а-16 тоотод 2 тал хашаатай, 5 ханатай гэртэй, 60-37 ӨВР улсын дугаартай, цагаан өнгийн “Дево” маркийн автомашинтай. Өөр эд хөрөнгийн талаар сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/,

Гэрч Л.Базаррагчаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ц.Алдарманлай нь 1996-2004 онд Арвайхээр сумын 2-р 10 жилийн сургуулийн 8 дугаар анги төгссөн. 2004-2006 онд Өвөрхангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байсан. Сургуулиа төгссөн эсэхийг мэдэхгүй байна. Ц.Алдарманлай нь хүнд тусархуу, өөрөө гагнуур хийдэг. Архи уудаг, тамхи татдаг. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 40-6 тоотод 3 тал хашаа, байшинтай байснаа зарчихсан. Өмнөговь аймгийн Мандалговь суманд гэр бүлээрээ нүүгээд эхнэр, хүүхдээсээ салаад тэндээ бүх эд зүйлээ үлдээчихсэн. Одоо ямар нэгэн эд хөрөнгө байхгүй. Оршин суух хаяггүй байгаа. Одоо аймагт манайд байгаа. Өмнөговь аймаг руу 2017 оны 01 дүгээр сарын 02-ноос 2017 оны 01 дүгээр сарын 13-ны хооронд яваад ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/,

 

Гэрч Ч.Ганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би Гонживын /Жигмэдгонжив/ гэрт 14 цаг өнгөрч байхад очиход гэрт нь төрсөн дүү Алдар /Алдарманлай/ хоол хийгээд сууж байсан. Тэгээд цагаан машинтай Алтангэрэл, Эрдэнэбат нар ирээд Алтангэрэл нь надтай идэшний адуу авахаар ярилцсан. Гантулгыг архинд явуулсан. Гантулга гэрээсээ 1 шил, 0.75 литрийн "Сархад" нэртэй архи олж ирээд Гантулгаас бусад нь архийг уусан. Архи уугаад дуусахад Алдар нь Алтангэрэлтэй гар барилдаад ялагдаад байснаа Алдар нь Алтангэрэлийг гар барилдаад дийлэхгүй байгаадаа шарлахаад Алтангэрэлийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа алгадсан. Тэгсэн Алтангэрэл нь Алдарыг заамдаж аваад гэрээс гарсан. Бид нар тэр хоёрын дараа гэрээс гарахад Алдар, Алтангэрэл нар нь хоёр биенийгээ заамдаж барилцаж аваад харилцан зодоон хийгээд байхаар нь салгах гэхэд Гонжив эр хүмүүс хоорондоо учраа ол гэж хэлэхээр нь би салгахаа больсон. Алдар, Алтангэрэл хоёр Гонживын гэрийн зүүн урд байдаг битүү хашаанд орсон. 5-6 минутын дараа Жигмэдгонжив бид нараас түрүүлээд хашаанд орсон. Гонживын араас нь бид нар 2 минутын дараа хашаанд ороход Алтангэрэлийн баруун хөмсөгний дээд тал нь язарчихсан цус гарчихсан урсаж байсан. Алтангэрэл бид нарт хэлэхдээ Гонжив намайг орж ирээд дух руу мөргөсөн гэж ярьж байсан. Энэ талаар Гантулга, Эрдэнэбат бид гурав хараагүй. Аптангэрэл, Алдарманлай нар зодолдохоо болиод тэр хашаанаас гараад явж байтал Алдарманлай нь гэртээ ороод гарч ирээд гэрээсээ жижиг хүрэн иштэй эвхдэг хутга барьж ирээд Алтангэрэлийг унагаагаад дээр нь сууж байгаад жижиг эвхдэг хутгаа гаргаж ирээд хутганы ард талын арзгар төмрөөр нь зүүн хацрыг нь урчихсан. Жигмэдгонжив нь Алдарманлайн барьж байсан хутгыг авсан. Тэгээд л Алтангэрэл, Эрдэнэбат нарыг Гантулга машиныг нь унаж эмнэлэг хүргэж өгсөн. Алдар нь Алтангэрэлийг гар барилдаанаар дийлэхгүй болсноос болж шарлахснаас болж маргалдсан. Алтангэрэл нь тал тоосго барьчихсан байсан. Алдарманлай нь төмөр жоотуу барьсан байхаар нь бид нар салгаж авсан. ...Ц.Жигмэдгонжив нь 10 настай, эрэгтэй хүүхэдтэйгээ хоёулаа амьдардаг. Өрх толгойлсон эцэг байгаа юм. Өөрөө гэрээрээ гагнуур хийх болон машин засварын үйлчилгээ хийж амьдардаг. 4 ханатай гэртэй, өөр эд хөрөнгийг нь сайн мэдэхгүй байна. ...Алтангэрэл нь үг дуу цөөнтэй, даруухан залуу байгаа юм. Эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. 2 хүү, 1 охинтой. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багт 5 ханатай гэртэй, хашаатай. Өөр эд хөрөнгийн талаар сайн мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59 хуудас/

 

Гэрч Г.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би Гонживын /Жигмэдгонжив/ гэрт 14 цаг болж байхад ганцаараа очиход гэрт нь Гонжив, дүү Алдар /Алдарманлай/, Ганбаатар нар нэг шил архи уугаад дуусаж байсан. Ганбаатар нь архи уумаар байна гэхээр нь би гэртээ байсан архиа олж ирэхээр явсан. Тэр хойгуур Алтангэрэл, Эрдэнэбат хоёр машинтай ирчихсэн байсан. Миний олж ирсэн 0.75 литрийн “Сархад” архийг тэр хэд хуваагаад уусан. Намайг тамхи татах гээд гарахад Алтангэрэл, Алдар хоёр гар барилдаан хийх гээд бэлдэж байсан. Тамхи татаад ороод ирэхэд Алдар нь Алтангэрэлд ялагдаад Алдар шарлахаад Алтангэрэлийг алгадчихснаас болж хоорондоо маргалдаад гэрээс бүгд гарцгаасан. Гэрийн гадаа Алдар, Алтангэрэл хоёр хэн нь бие биенийгээ түрүүлж цохисонг хараагүй. Алтангэрэл нь Алдарыг өмсөж явсан цамцаар нь боогоод цамц нь урагдсан, Алтангэрэл нь Алдарын дээр нь гарчихсан болъё гээд тайвшруулах гэхээр нь Алдар нь чам шиг бандид дээрэлхүүлэхгүй гээд маргаан хийгээд байсан. Тэгээд тэр хоёрыг салгах гэхэд Гонжив нь эр хүмүүс учраа өөрсдөө олог гэж хэлэхээр нь салгахаа больсон. Алдар, Алтангэрэл хоёр гэрийн зүүн урд байдаг хашаа руу бие биенийгээ хүзүүдэж аваад орцгоосон. Ганбаатар бид хоёр тэр хоёрын араас очих гэхэд Гонжив байж бай гэхээр нь бид хоёр араас нь ороогүй. Бид нараас түрүүлж Гонжив тэр хоёрын араас орсон. Гонживыг орсноос 2 минут орчмын дараа хашаан дотор ороход Алтангэрэлийн баруун хөмсөгний дээд хэсэг нь язраад цус гарчихсан байсан. Тэгээд дараа нь Алдар, Аптангэрэлийг татаж унагаад дээр нь сууж байгаад халааснаасаа жижиг эвхдэг хутга гаргаж ирээд хутганы ард талаар Алтангэрэлийн зүүн эрүүний орчим урсан. Гонжив нь Алдарын барьж байсан хутгыг булааж аваад "хүн алах гээд байна уу" гээд Алдарыг загнасан. Тэгээд Эрдэнэбат, Алтангэрэл хоёр эмнэлэг орно гэхээр нь би архи уугаагүй тул Эрдэнэбатын машиныг унаад эмнэлэг оруулж өгсөн. ...Ц.Жигмэдгонжив нь 10 настай, эрэгтэй хүүхэдтэйгээ хоёулаа амьдардаг. Өрх толгойлсон эцэг тул зожиг зантай, машин засах авъяастай, гагнуур хийдэг. Өөрөө гэрээрээ гагнуур хийх болон машин засварын үйлчилгээ хийж амьдардаг. Эхнэр нь хүүгээ 2 сартай байхад нь орхиод явчихсан юм. Тэрнээс хойш хүүгээ өөрөө өсгөж байгаа. 4 ханатай гэртэй, гараштай, гэрийнхээ урд талд дугуй засварын газартай. 60-05 ӨВА улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёота Марч” машинтай. Өөр эд хөрөнгө байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 хуудас/,

Шинжээч эмч Ц.Халтархүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Алтангэрэлийн биед учирсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нэг цаг хугацаанд, нэг хүний биед учирсан гэмтлийг нийтэд нь гэмтлийн зэрэгт хамааруулна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 73 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх эмнэлгийн 361 дугаартай шинжээчийн: "Д.Алтангэрэлийн биед 2 нүдний зовхины цус хуралт, баруун шанаан зулгаралт, духны язарсан шарх, дух, зүүн хацрын зүсэгдсэн шарх, цээжний зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо болон иртэй ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 64 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх эмнэлгийн 363 дугаартай шинжээчийн: “Ц.Алдарманлайн биед тархины доргилт, хүзүүний боолтын ором, оромны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо болон хагас хатуу материалын үйлчлэлээр

үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.             Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 70 хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/,

Согтуурал шалгасан магадлал /хх-ийн 16/,

Ц.Алдарманлайн цамцыг хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-ийн 17-18/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 19-20/,

Төмөр жоотуу, улаан тоосгоны хагархай зэргийг хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-ийн 21-22/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 23-24/,

Ц.Алдарманлайн “АК0162991 серийн дугаартай 1000 төгрөг 1 ширхэг”-ийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 25-26/,

Ц.Жигмэдгонживын эзэмшлийн “Саарал өнгийн, 21 инчийн, Шарп маркийн өнгөт зурагт”-ыг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 27-28/,

Д.Алтангэрэлийн эзэмшлийн “Цагаан өнгийн, 21 инчийн, Сони маркийн өнгөт зурагт”-ыг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 36-37/,

 

Шүүгдэгч Д.Алтангэрэлийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Рашаант-8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 100/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин А.Халиунаа, хүү А.Бат-Эрдэнэ нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 101-102/, иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хх-ийн 103/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113/, Өвөрхангай аймгийн Сант сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-ийн 145/,

Шүүгдэгч Ц.Жигмэдгонживын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын, Арвайхээр-5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 114/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 115/, хүү Ж.Дэлгэрсайханы төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 116/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-ийн 121/,

Шүүгдэгч Ц.Алдарманлайн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 118/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 119/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-ийн 121/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Алтангэрэл нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17-18 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 413-01 тоот хашаанд хохирогч Ц.Алдарманлайг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Алдарманлай, Ц.Жигмэдгонжив нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17-18 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 413-01 тоот хашаанд хохирогч Д.Алтангэрэлийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид  нь  хөнгөн  гэмтэл  санаатай  учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч Д.Алтангэрэлийн "...Алдарманлай нь гар барилдъя гэхээр нь Алдарманлайтай баруун гараараа 3 удаа, зүүн гараараа 3 удаа гар барилдаад бүгдэд нь би дийлсэн чинь Алдарманлай намайг юм хэлэлгүйгээр шууд нүүр рүү алгадаад босоод ирэхээр нь би Алдарманлайг баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа алгадсан. Алдарманлай надаас дүү хүүхэд байсан тул ахын дүү ингэж болохгүй гэхэд Алдарманлай намайг ах гэж томорлоо гэж хэлээд миний нүүр рүү гараараа 3 удаа цохисон. Тэгээд би Алдарманлайг пудволкоор нь боож байхад өмсөж явсан пудволк нь урагдсан. Алдарманлайг тэвэрч авсан чинь Алдарманлай барьж байсан жоотуугаараа доороос нэг удаа цээж рүү цохисон. Та нар бүтэхгүй хүмүүс байна гэж хэлээд машин руу явж байтал Гонжив араас хөөе гэж дуудаад миний зүүн мөрнөөс татахаар нь эргээд хартал Гонжив миний баруун нүдний дээд хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн. Миний баруун зовхиноос цус их хэмжээгээр гарсан. Намайг Гонжив мөргөхөд бүгдээрээ харж байсан. Тэгсэн Алдарманлай над дээр ирээд ахиж миний нүүрэнд гараараа 3 удаа цохисон. Би Алдарманлайн нүүрэнд нь 2 удаа цохисон. Алдарманлай ахиж араас ирээд намайг татаж унагаад дээр суухаар нь би босъё гэж бодоогүй. Тэгсэн Алдарманлай хутга гаргаж ирээд миний баруун шанаа хэсэгт 2-3 удаа зүссэн, тэгтэл нь хутгыг нь хэн авсныг мэдэхгүй Алдарманлайгаас нэг хүн хутгыг нь булааж авсан...." /хх-ийн 48-49/, хохирогч Ц.Алдарманлайн "...Алтангэрэлтэй гар барилдаад дийлээгүй, намайг хэл амаар доромжлоод байхаар нь би Алтангэрэлийг ахынхаас зайл гээд алгадсан чинь Алтангэрэл миний нүүрэн тус газар баруун гараа зангидаж байгаад ахын гэрт нэг удаа цохисон. Гэрийн хаяанд намайг өмсөж явсан цамцаар хоолой боогоод байхаар нь би өөрийнхөө цамцаа гараараа ураад боолтноос гарсан. Алтангэрэл хашаан дотор миний нуруугаар газар савж унагаасан. Нүүр рүү гараараа нэлээн олон удаа цохисон. Миний зүүн нүд хавдаад хөхөрсөн. Хоолой улайчихсан байсан...." /хх-ийн 51/, гэрч Т.Эрдэнэбатын "...Алтангэрэл нэг залуутай нь гар барилдсан чинь Алтангэрэл нэлээн олон удаа ялсан. Тэгсэн Алтангэрэлтэй гар барилдаж байсан залуу нь гэнэт Алтангэрэлийн нүүр рүү нь гараараа нэг удаа алгадсан чинь Алтангэрэл тэр залуутай барилцаж аваад гэрээс гарсан. Алтангэрэлтэй хамт машин руу явж байтал араас Алтангэрэлийг нэг залуу нь дуудахаар нь эргэж хартал дүүтэйгээ зодолд гээд байсан залуу Алтангэрэлийн баруун хөмсөг рүү нь мөргөчихлөө гээд Алтангэрэл нүүрээ дараад суусан. Ц.Алдарманлай нь Алтангэрэлийг газар унагаад дээр нь суучихаад хаанаас хутга авсанг мэдэхгүй, жижиг эвхдэг хутга гаргаж ирээд Алтангэрэлийн хоолойд тулгасан чинь тэр залуугийн ах нь ирээд барьж байсан хутгыг аваад, дүүгээ аваад үлдсэн...." /хх-ийн 52-53/, гэрч Ч.Ганбаатарын "...Архи уугаад дуусахад Алдар нь Алтангэрэлтэй гар барилдаад ялагдаад байснаа Алдар нь Алтангэрэлийг гар барилдаад дийлэхгүй байгаадаа шарлахаад Алтангэрэлийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа алгадсан. Тэгсэн Алтангэрэл нь Алдарыг заамдаж аваад гэрээс гарсан. Алдар, Алтангэрэл хоёр Гонживын гэрийн зүүн урд байдаг битүү хашаанд орсон. 5-6 минутын дараа Жигмэдгонжив бид нараас түрүүлээд хашаанд орсон. Гонживын араас нь бид нар 2 минутын дараа хашаанд ороход Алтангэрэлийн баруун хөмсөгний дээд тал нь язарчихсан цус гарчихсан урсаж байсан. Алтангэрэл бид нарт хэлэхдээ Гонжив намайг орж ирээд дух руу мөргөсөн гэж ярьж байсан. Алдарманлай нь гэртээ ороод гарч ирээд гэрээсээ жижиг хүрэн иштэй эвхдэг хутга барьж ирээд Алтангэрэлийг унагаагаад дээр нь сууж байгаад жижиг эвхдэг хутгаа гаргаж ирээд хутганы ард талын арзгар төмрөөр нь зүүн хацрыг нь урчихсан. Жигмэдгонжив нь Алдарманлайн барьж байсан хутгыг авсан..." /хх-ийн 58-59/, гэрч Г.Гантулгын "...Алдар нь Алтангэрэлд ялагдаад Алдар шарлахаад Аптангэрэлийг алгадчихснаас болж хоорондоо маргалдаад гэрээс бүгд гарцгаасан. Урд байдаг хашуу руу тэр хоёрын араас Гонжив орсон. Гонживыг орсноос 2 минут орчмын дараа хашаан дотор ороход Алтангэрэлийн баруун хөмсөгний дээд хэсэг нь язраад цус гарчихсан байсан. Тэгээд дараа нь Алдар, Аптангэрэлийг татаж унагаад дээр нь сууж байгаад халааснаасаа жижиг эвхдэг хутга гаргаж ирээд хутганы ард талаар Алтангэрэлийн зүүн эрүүний орчим урсан. Гонжив нь Алдарын барьж байсан хутгыг булааж аваад "хүн алах гээд байна уу" гээд Алдарыг загнасан..." /хх-ийн 60-61/, шинжээч эмч Ц.Халтархүүгийн "...Алтангэрэлийн биед учирсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нэг цаг хугацаанд, нэг хүний биед учирсан гэмтлийг нийтэд нь гэмтлийн зэрэгт хамааруулна..." /хх-ийн 73/ гэсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Алдарманлай, Д.Алтангэрэл нарын биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх эмнэлгийн 361 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64/, Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх эмнэлгийн 363 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/, согтуурал шалгасан магадлал /хх-ийн 16/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 19-20, 23-24/, шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Д.Алтангэрэлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,

Шүүгдэгч Ц.Алдарманлай, Ц.Жигмэдгонжив нарыг бүлэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.Алдарманлай, Ц.Жигмэдгонжив нарт хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Ц.Алдарманлай, Ц.Жигмэдгонжив нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Д.Алтангэрэл  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-т “согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Алтангэрэл нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм хорыг арилгасан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн талаараа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Ц.Алдарманлай нь шүүгдэгч Д.Алтангэрэлтэй эвлэрэхдээ түүний эрхшээлд байгаа буюу бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж чадаагүй гэх үндэслэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр, цагаан өнгийн цамц 1 ширхэг, улаан өнгийн тоосго 1 ширхэг, төмөр жоотуу 1 ширхэг зэргийг устгаж, шүүгдэгч Ц.Алдарманлайн АR0162991 серийн дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн, шүүгдэгч Ц.Жигмэдгонживын эзэмшлийн Саарал өнгийн, 21 инчийн, Шарп маркийн өнгөт зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн, шүүгдэгч Д.Алтангэрэлийн эзэмшлийн Цагаан өнгийн, 21 инчийн, Сони маркийн өнгөт зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр арын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөх Дандар овогт Цэдэндамбын Алдарманлай, Хөх Дандар овогт Цэдэндамбын Жигмэдгонжив нарыг бүлэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Цагаан овогт Давгаагийн Алтангэрэлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Д.Алтангэрэлд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Ц.Алдарманлайг 300 /гурван зуу/ цаг албадан ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Ц.Жигмэдгонживыг 255 /хоёр зуун тавин тав/ цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч  Ц.Алдарманлай, Ц.Жигмэдгонжив нар нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног  баривчлах ялаар тооцож солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр, цагаан өнгийн цамц 1 ширхэг, улаан өнгийн тоосго 1 ширхэг, төмөр жоотуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар  шүүгдэгч Ц.Алдарманлайн АR0162991 серийн дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, шүүгдэгч Ц.Жигмэдгонживын эзэмшлийн Саарал өнгийн, 21 инчийн, Шарп маркийн өнгөт зурагт 1 ширхэг, шүүгдэгч Д.Алтангэрэлийн эзэмшлийн Цагаан өнгийн, 21 инчийн, Сони маркийн өнгөт зурагт 1 ширхэг зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр арын 06, 2017 оны 01 дүгээр сарын 19, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрүүдийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Алтангэрэлд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Алдарманлай, Ц.Жигмэдгонжив, Д.Алтангэрэл нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Д.ЦЭЦЭГЭЭ