| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 110/2020/0944/З |
| Дугаар | 130/ШШ2020/00991 |
| Огноо | 2020-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 130/ШШ2020/00991
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн С сумын 00 дүгээр багийн Ямаат гэдэг газарт оршин суудаг А.А-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн У сумын 0 дугаар багийн Х гэдэг газарт оршин суудаг С.А-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдсан машины үнээс үлдсэн 3500000 төгрөг, алданги 2300000 төгрөг бүгд 5800000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч А.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.А өөрийн эзэмшлийн УАЗ-3962 маркийн 97-42 БӨТ улсын дугаартай бор ногоон өнгийн фургон машинаа У сумын 3 дугаар багийн Х хэсэгт оршин суух С.А гэгчид харилцан тохиролцож худалдсан ба төлбөр төлөх асуудлыг гэрээ ёсоор С.А нь 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж өгөхөөр болж хэлэлцэн тохирч хуулийн дагуу гэрчлүүлэн баталгаажуулсан билээ. Гэтэл С.А нь надаас авсан машиныг өөр хүнд худалдсан ба тохирсон ёсоор тогтоосон хугацаанд машины үнийг бүрэн төлж өгөөгүй, миний бие нэхэл дагал болж байж 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүчээр шахуу 4500000 төгрөгийг төлүүлж авсан ба бүлдсэн 3500000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй байгаа. С.А нь төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан болно. Иймд гэрээнд заасан ёсоор доорх хэмжээний алданги надад төлөх болно. Үүнд: 7500000х0.5%=37500х45 хоног=1687500 төгрөг. 3500000х0.5%=17500х35хоног=612500 төгрөг ба нийт алданги 2300000 төгрөг байна. Иймд машины үнийн үлдэгдэл 3500000 төгрөгийн хамт нийт 5800000 төгрөгийг С.А-с шүүхийн журмаар гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А өөрийн эзэмшлийн УАЗ маркийн машинаа У сумын иргэн С.А-тай тохиролцсон худалдах худалдан авах гэрээгээ нотариатаар баталгаажуулж худалдсан. Уг машиныг худалдах үед бол ямар нэгэн доголдол байгаагүй. Гэрээний дагуу С.А2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлж өгөхөөр гэрээндээ тусгасан бөгөөд хэрвээ тус өдөр хүртэл төлж өгөөгүй бол хэтэрсэн хоногоор 0,5 хувийн алданги тооцохоор байсан. С.А тохиролцсон ёсоор 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мөнгөө төлж чадаагүй бидний зүгээс 1 сар 15 хоног хүлээж хүчээр шахуу 4 сая төгрөг гаргуулж авсан. Анх бол 7500000 төгрөгөөр тохиролцсон байсан. Үүнээс 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 4 сая төгрөг төлөгдсөн. Үлдсэн 3,5 төгрөгийн удаа дараа шаардсан боловч төлж өгөөгүй тул шүүхэд хандсан. Шүүхэд хандахдаа гэрээнд заасны дагуу 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд үүргээ биелүүлээгүй учраас 4 сая төгрөг төлж өгсөн хугацаа хүртэлх хугацаа буюу 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гэрээний хугацааны үүргээ билүүлээгүй 45 хоногт 7500000 төгрөгөөр алданги тооцож, 7 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл 3500000 төгрөгийн алдангийн тус тус тооцож зээлийн үлдэгдэл болох 3 сая нийт 5800000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа тул шүүхийн жур С.А-с 5800000 төгрөг гаргуулж А.А-т олгож өгөхийг хүсье гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-д зааснаар нэхэмжлэлийн нэг хувийг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч С.А-т гардуулсан ба хариуцагч С.А нь 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг хариуцагч С.А-т мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч А.А, хариуцагч С.А-с нар 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Худалдах худалдан авах гэрээ” байгуулж худалдагч Сагсай сумын 1 дүгээр багт оршин суугч А.А нь 2002 онд үйлдвэрлэгдсэн УАЗ-3962 маркийн 9742 БӨТ улсын дугаартай бор ногоон өнгийн тээврийн хэрэгслийг 7500000 төгрөгөөр худалдан авагч Улаанхус сумын 3 дугаар багт оршин суудаг С.А-т худалдсан байх бөгөөд худалдагч тээврийн хэрэгслийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр, тээврийн хэрэгслийн үнийг худалдан авагч 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр худалдагчид төлж өгөхөөр харилцан тохирсон байна.
Мөн энэхүү гэрээний 3.5-д “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө”, 6.5-д “Энэхүү гэрээтэй холбоотой маргаан гарвал талууд харилцан зөвшилцөх бөгөөд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ” гэж харилцан тохиролцож талууд гарын үсэг зурж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна.
Нэхэмжлэгч А.А нь хариуцагч гэрээгээр тогтоосон хугацаанд худалдан авсан тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлөөгүй 4000000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төлсөн ба үлдсэн 3500000 төгрөгийг одоо хүртэл төлөгдөөгүй гэж худалдсан тээврийн хэрэгслийн үнийн үлдэгдэл 3500000 төгрөг алданги 2300000 төгрөг нийт 5800000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гэтэл хариуцагч С.А нэхэмжлэгчийн нэхэмжлэлд холбогдуулан шүүхэд тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй бөгөөд худалдсан авто машины үнэ 7500000 төгрөгөөс 4000000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төлж өгсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг боловч чухам хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр төлж өгсөн гэдэг нь хөндлөнгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул 7500000 төгрөгөөс алданги тооцох боломжгүй байна. Харин нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд төлөгдөөгүй машины үнээс үлдсэн 3500000 төгрөгт хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх алданги тооцох зүйтэй гэж үзлээ.
Хугацаанд төлөгдөөгүй төлбөр болох 3500000 төгрөгт 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 79 хоногт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 17500 /3500000 х 0,5 =17500/ төгрөгийн алданги төлөхөөр байх ба хугацаа хэтрүүлсэн 79 хоногт алданги тооцоход 1382500 /17500 х 79 хоног=1382500/ төгрөгийн алданги төлөхөөр байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж хариуцагч С.А-с машины үнийн үлдэгдэл 3500000 төгрөг, алданги 1382500 төгрөг хамт нийт 4882500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.А-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 917500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
Мөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107750 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.А-с нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 93070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-г тус тус баримтлан хариуцагч С.А-гаас машины үнээс үлдсэн 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, алданги 1382500 /нэг сая гурван зуун наян хоёр мянга таван зуун/ төгрөг нийт 4882500 /дөрвөн сая найман зуун наян хоёр мянга таван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.А-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 917500 /есөн зуун арван долоон мянга таван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107750 /нэг зуун долоон мянга долоон зуун тавин/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.А-с 93070 /ерэн гурван мянга далан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.А-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК