Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/205

 

 

 

 

 

 

 

 

    2024            02           15                                         2024/ШЦТ/205

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч ***, өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт ***ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***ы *** (регистрийн дугаар ***), 19*** оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эцгийн хамтаар *** дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суух, урьд 5 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.

 

Холбогдсон хэргийн агуулга: *** нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах *** төвийн зочид буудлын *** тоот өрөөнд иргэн ***ыг унтаж байхад нь эд зүйлийг авч 2.898.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт иргэн ***ас “утсаар чинь яриад өгье” гэж гар утсыг нь авч залилж 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

1.1 Шүүх хуралдаанд шүүгдэгч *** “Буудал руу миний таньдаг хүн байгаа эсэхийг харах гээд орсон. Тэгээд орон дээр нэг хүн унтаж байхаар нь утсыг нь авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1532 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан баримтууд, шинээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга албан бичиг(хавтаст хэргийн 3, 6-7, 15-19, 31-32, 53, 58, 66, 73-75, 81-83 дугаар хуудас),

- Өмгөөлөгчөөс “***ий өргөдөл, гэрч ***ийн мэдүүлэг, хохирогч ***ын өргөдөл, шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, хохирогч нарт хэргийн материал танилцуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 48, 66, 70, 87-91, 161, 164 дүгээр хуудас),

- Шүүгдэгч “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах *** төвийн *** давхарт байх зочид буудлын *** тоот өрөөнд хохирогч ***ыг унтаж байхад нь гар утас, повер банк, түрүүвч зэргийг хулгайлан авч 2.898.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт хохирогч ***ас “утсаар чинь яриад өгье” гэж гар утсыг нь авч, улмаар бусдад зарж борлуулан 3.600.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3, 53 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ын “2023 оны 10-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө 13-р хороолол орчимд найзуудтайгаа пиво, виски уучхаад маргааш Өмнөговь руу явах ажилтай байсан учраас 04 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** төвийн *** давхрын зочид буудлын *** тоотод ганцаараа хоносон. Өглөө 9 цагийн үед сэрэхэд өрөөнд байсан миний Iphone 13 promax маркийн гар утас, түрүүвч, повер банк цэнэглэгч зэрэг эд зүйлс алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас),

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-19 дүгээр хуудас),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ц-872 дугаар хөрөнгийн үнэлгээгээр “Iphone 13 promax маркийн гар утас 1 ширхэг 2.800.000 төгрөг, хар өнгийн кэйс 1 ширхэг 10.000 төгрөг, повер банк 1 ширхэг 40.000 төгрөг, түрүүвч 1 ширхэг 120.000 төгрөг, нийт 2.898.000 төгрөг” гэсэн тайлан (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас)

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ын “2023 оны 10-р сарын 19-ний өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зоогийн газарт ороод байж байтал зүс таних ***тэй таарсан. Бид хоёр 6-7 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” үйлчилгээний төвийн “GS-25” сүлжээ дэлгүүр орж суусан. *** согтоод ширээн дээр унтчихаар нь орхиод өөр дэлгүүр орчхоод эргээд иртэл ширээ дэрлээд унтаж байсан. Тэгэхээр нь би ***ийг сэрээгээд авч гараад өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн машиндаа очсон. *** нэлээн сэргээд миний утсаар хүнтэй ярих гэж авсан. Миний нойр хүрээд байхаар нь голын хайрцаг дээр тавиад үлдээчхээрэй гэж хэлээд унтчихсан. Би цаг орчим унтаад 9 цаг өнгөрөөд сэрэхэд *** явчихсан. Миний гар утас алга болчихсон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дугаар хуудас),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ц-868 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр “Iphone 14 promax маркийн гар утас 1 ширхэг 3.600.000 төгрөг” гэсэн тайлан (хавтаст хэргийн 73-75 дугаар хуудас)

- Хяналтын камерт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 81-83 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандан, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдан хохирогч ***ад 2.898.000 төгрөгийн хохирол учруулсан түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан тул шүүгдэгч ***ийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь “бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл” байдаг.

Шүүгдэгч *** нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн хүний өмчлөх эрхэд халдан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч ***д 3.600.000 төгрөгийн хохирол учруулж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг шинжийг агуулж байх тул шүүгдэгч ***ийг “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч ***, өмгөөлөгч нар “...хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай” оролцсон болно.

1.4 Хохирол, хор уршиг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж тодорхойлжээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***д 3.600.000 төгрөгийн хохирол учирсан ба Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах Х.Доржбямбын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...айфоне 14 про макс загварын гар утсыг ***д хүлээлгэн өгөв” гэх баримт (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас) хэрэгт авагдсан тул хохирогч ***д шүүгдэгчээс төлөх төлбөргүй, харин хохирогч ***ад учруулсан 2.898.000 төгрөгийг шүүгдэгч *** төлж барагдуулаагүй, тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “төлж барагдуулахаа илэрхийлж байна. Завсарлага авах шаардлагагүй...” гэх мэдүүлгийг өгсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

Прокуророос шүүх хуралдаанд оролцуулахаар тусгайлан гаргасан саналгүй байсан бөгөөд шүүхээс хохирогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 03 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 03 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялыг тусад нь эдлүүлэх саналтай”,

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Хохирогч ***ын хохирлыг бүрэн барагдуулсан. Хохирогч ***ын хохирлыг төлөхөө удаа дараа илэрхийлж байгаа, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон тул хорих ялыг багасгаж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү, ялыг тусад нь эдлүүлэх саналтай” гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийдвэрийн хуулбар, холбогдох баримт(хавтаст хэргийн 102, 104-158 дугаар хуудас)-аар *** нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хорих ялаар шийтгэж, биечлэн эдлэхгүйгээр тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 713 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор дуусгавар болсон;

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1233 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил 08 сарын хорих ялаар шийтгүүлсэн;

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 786 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон /Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим мэдээллийн санд бүртгэлгүй/ байна.

Шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өмчлөх эрхийн эсрэг хоёр гэмт хэргийг үйлдсэн), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч нарт бага хэмжээнээс дээш хохирол учруулснаас хохирогч ***ын гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохирогч ***ад 2.898.000 төгрөгийн хохирол учруулж, төлж барагдуулаагүй байгаа), шүүгдэгчийн хувийн байдал (19*** онд төрсөн, *** настай, урьд хүний эрүүл мэндийн болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, учруулсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа) байдлыг харгалзан үзэж шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 03 жилийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт өгч нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 786 дугаар шийтгэх тогтоолоор ***д оногдуулсан 03 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу тус шүүхийн шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 183-184 дүгээр хуудас)-аар 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ***ий цагдан хоригдсон нийт 37 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.  

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго (ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой)-ыг хангана гэж шүүх үзсэн төдийгүй тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээсэн болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ы ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ял, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг гурван жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 786 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван жилийн хорих ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ий цагдан хоригдсон гучин долоо хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***ээс 2.898.000 төгрөгийг гаргуулан хохирогч ***ад олгосугай.

8. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч *** нь хохирогч ***д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл ***д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.БЯМБААБААТАР