Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2020/00912

 

Баян-Өлгий аймаг дахь cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дугаар багт оршин суух Ш.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Х сургуульд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.М, хариуцагч Х сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Х, гэрч Я.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хундыз нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х сургуулийн захирлын 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн Б\00 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”  тушаалыг хүчингүй болгуулах тухай.

Нэхэмжлэгч Ш.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус сургуульд 1991 оноос эхлэн эдүгээ хүртэл 29 дэх жилдээ ажиллаж байна. Сурган, сэтгэл судлалын багш мэргэжилтэй. 29 жилийн хугацаанд тус сургуульд ажиллахдаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд нэг ч удаа хариуцлага хүлээж байгаагүй билээ. 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр надаас сахилгын сануулах шийтгэл хүлээлгэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Намайг хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг өөрийн биеэр хариуцаж бүрэн биелүүлээгүй гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг батлагдсан ёсоор өөрийн биеэр бүрэн хариуцаж ажиллаж ирсэн. Сургуулийн захирлаас намайг хэдэн оны хөтөлбөр, хэд дүүгээр улирлын төлөвлөгөөг биелүүлээгүй гэж хариуцлага хүлээлгэсэн нь тодорхойгүй байна. Миний бие жил бүр өөрийн хичээлийн хөтөлбөрөө мөрдөж, мөн улирал тутам төлөвлөгөөг батлуулж үүнийг өөрийн биеэр хэрэгжүүлэн ажилладаг. Надад сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаалдаа Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.4-ийн “а”-д заасан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, “б”-д заасан сургалтын технологи зөрчсөн, “г”-д заасан үүрэгт ажлаа гүйцэтгэхээс зайлсхийсэн, ажилдаа хайнга хандсан, “е”-д заасан Хөдөлмөрийн тухай хууль, захиргаанаас баталсан бусад дүрэм, журам, заавар, түүнчлэн Хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар сургуулийн онцлогт тохируулан гаргасан захирлын тушаал, шийдвэрийг хэрэгжүүлээгүй, зөрчсөн гэснийг баримталсан байна. Ажил олгогчоос надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн бөгөөд сургалтын технологи зөрчиж, ажлаа гүйцэтгэхээс зайлсхийж, ажилдаа хайнга хандсан зүйл байхгүй. Мөн хууль журам, заавар, захирлын тушаал, шийдвэрийг хэрэгжүүлээгүй явдал ч гаргаагүй байхад надад Хөдөлмөрийн дотоод журмын эдгээр заалтуудыг баримтлан арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна. Миний бие зөвхөн 2019-2020 оны хичээлийн жилд гэхэд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хийж гүйцэтгэхээс гадна Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлтэй хийсэн гэрээний дагуу “Сургуулийн өмнөх боловсролын багш” хөтөлбөрийг магадлан итгэмжлэх багийн ахлагчаар амжилттай ажиллаж тус хөтөлбөрийг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл авсан. Урьд өмнө нь сургуулийн түүхэнд магадлан итгэмжлэгдсэн бакалаврын хөтөлбөр байхгүй бөгөөд анхны бакалаврын хөтөлбөрийг миний ахалсан баг амжилттай хэрэгжүүлж чадсан. Бакалаврын хөтөлбөрийг магадлан итгэмжлэгдсэн нь цаашид сургуульд элсэх оюутны тоог нэмэгдүүлэх сайн талтай бөгөөд сургуулийн нэр хүндийг өргөсөн явдал болно. Иймд миний бие ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн байх тул Х сургуулийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б\01 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”  тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  Хариуцагч Х сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Х шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.М нь Х сургуулийн захирлын 2020 оны 0 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар “Сахилгын шийтгэл” ногдуулсан ба тушаалыг 4 дүгээр сарын 08-ны өдөр захирлын туслах Ч.М цахимаар буюу Ш.М-ийн фейсбүүк мессенжер хаяг руу нь илгээсэн бөгөөд үүнийг утсаар холбогдож Ш.М-ийн өөрт нь албан ёсны мэдэгдсэн болно. Үүнийг захирлын туслах Я.М мэдэгдэл бичиг нотлох ба Я.М гэрчээр асууж нотолж болно. Тушаалыг цахимаар хүргэх болсон шалтгаан нь нийтэд тархсан шинэ төрлийн коронавирусын дэгдэлттэй холбоотой гарсан БСШУЯ-ны сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/43 тоот тушаалын дагуу сургуулийн 2-р улирлын сургалтын бүхий л үйл ажиллагаа цахим хэлбэрээр хэрэгжиж байсан ба багш бүр сургуульд ирэлгүй гэрээсээ онлайнаар хичээл зааж байсан тул багш Ш.М-ийн сургуульд дуудаж ирүүлэх нь хориотой байв. Харин багш Ш.М-ийн нь тушаалыг гардаж авсны дараа Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 1 сарын дотор буюу 5 дугаар сарын 08-ны хүртэлх хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан ч нэхэмжлэлээ 5 дугаар сарын 18-нд гаргаж гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн тул багш Ш.М-ийн нэхэмжлэл нь хэрэгсэхгүй болох үндэслэл болох юм. Гэвч багш Ш.М-ийн нэхэмжлэлтэй холбоотой дараах үндэслэл бүхий нотлох баримттай тайлбарыг хүргэж байна. 2019-2020 оны хичээлийн жилийн 2-р улиралд дэлхийн улс орнуудад тархсан шинэ төрлийн коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор цахимаар хэрэгжүүлэх тухай БСШУСЯ-ны сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/43 тоот тушаал, Х-ийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/10 тоот тушаалуудыг тус тус үндэслэн сургалтын үйл ажиллагааг онлайнаар зохион байгуулсан болно. Сургалтын үйл ажиллагааг цахимаар хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор төв сургуульд багш нарын заасан цагийн мэдээллийг долоо хоног бүр хүргүүлж байсан. Энэ хугацаанд тэнхимийн эрхлэгч нар багш бүрийг цахим хичээл хичээлийн хуваарийн дагуу ангийн фейсбүүк хуудас, багшийн хувийн блог, классрүүмд хугацаандаа тавигдсан эсэхэд хяналт тавьж ажилласан байв. Мөн БСШУСЯ-ны сайдаас их, дээд сургууль, коллежийн захирал нарт 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг ирсэн ба үүнд “Цахим сургалтын чанар хангалтгүй байгаа талаар оюутан, суралцагчдаас гомдол, санал гарч байгааг анхаарч, багш тухайн хичээлийн агуулгыг бүрэн, шинэлэг хэлбэрээр чанартай хөтлөн явуулж буй эсэхэд хяналт тавьж, эргэх холбоотой ажиллах, талаар үүрэг өгөгдсөн. Үүнтэй холбоотой тус салбар сургуулийн захиргааны зөвлөлийн бүрэлдэхүүн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 3 дугаар сарын 25-ны өдрүүдэд бүх багш нарын цахим хичээлийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, багш бүрийн ололт, дутагдлыг нэг бүрчлэн илрүүлж, цаашид цахим сургалтыг чанартай, үр өгөөжтэй зохион байгуулах үүднээс зөвлөмж боловсруулан багш нарт хүргэсэн. Дүн шинжилгээ хийх явцад зарим багш нар хөтөлбөрийн агуулгыг зөрчсөн, лекц, семинарын хичээлийн агуулга нь сэдэвчилсэн төлөвлөгөөнөөс зөрчсөн, тухайн хичээлд холбогдолгүй агуулга бүхий материалыг интернэтээс шууд хуулбарлан ашигласан, оюутны даалгавар гүйцэтгэх чиглэл тодорхой бус, багш өөрөө санаачилга гаргаж хичээлээ бэлдээгүй зэрэг багшийн хөдөлмөрийн гэрээ болон Х-ийн хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй байгаа нь тодорхойлогдож энэ нь оюутны суралцах эрх ашгийг зөрсөн сургуулийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх асуудалд хүргэсэн болно. Иймээс зарим багш нарт захирлын тушаалаар болон захиргааны зөвлөлөөс сануулах арга хэмээ авах шаардлага үүссэн. Түүний нэг нь захирлын тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан багш Ш.М болно. Багш Ш.М нь тус сургуульд багш мэргэжлийн суурь хичээл болох сурган хүмүүжүүлэх ухаан, багш мэргэжлийн багц хичээлүүдийг буюу гол гол хичээлүүдийг 27 жил тасралтгүй зааж буй ахмад багш нарын нэг болно. Гэтэл багш Ш.М нь хоёр удаагийн хөндлөнгийн хяналтаар ажилдаа хайнга ханддаг, хичээлд бэлтгэлгүй ордог болох нь тодорхойлогдсон. Тухайлбал, 2018-2019 оны хичээлийн жилийн 1-р улирлын 12 дугаар сарын 20-ны өдөр СӨБ-ийн багш мэргэжлийн 3-р курст ордог “СӨБ-ын сургалтын арга зүй” хичээлд сууж хөндлөнгийн ажиглалт хийхэд хичээлийн төлөвлөлт байхгүй, бэлтгэл хангалтгүй, хичээлийн агуулга зөрчилтэй (СӨБ-ын ангид ЕБС-ийн агуулгыг зааж байсан/ зэрэг ноцтой зөрчил ажиглагдаж захирал, сургалтын албаны зүгээс сануулж, алдаагаа засахыг үүрэг болгосон). Багш Ш.М нь өмнөх алдаагаа давтаж, 2019-2020 оны хичээлийн жилийн 2-р улирлын цахим сургалтыг хэрэгжүүлэх явцад дараах зөрчил гаргасан тул захирлын сануулах арга хэмжээ авсан болно. Үүнд:

1.Сургалтын технологийг зөрчсөн:

*Сургалтын арга зүй хичээл нь сургалтын төлөвлөгөөнд 0/6/0 цагаар төлөвлөгдсөнийг 2/4/0 цагаар дур мэдэн өөрчилж төлөвлөгөөнд тусгагдсан агуулгыг зөрчиж, холбогдолгүй өөр агуулгатай материалаар хичээл явуулсан.

*Семинарын хичээлд тавигдах шаардлагыг хангаагүй. Оюутны гүйцэтгэх даалгаврын чиглэл тодорхойгүй.

*Зарим даалгавар нь хичээлийн агуулгад нийцээгүй (Бага ангийн оюутнуудад холбогдолгүй 11 ангийн жишиг даалгавар оруулсан)

*Лекцийн хичээлд өөрийн боловсруулсан лекц биш хичээлд холбогдолгүй өөр хүний материалыг лекцийн үндсэн материал болгон шууд хуулбарлан ашигласан. (Туршил танин мэдэхүй,судалгаат хичээл зохион байгуулах арга зүй хичээлүүд)

*Судалгаат хичээл зохион байгуулах арга зүй хичээлийн хөтөлбөр боловсруулалгүйгээр хичээл явуулсан.

2.Бусад зөрчил: 

*Зарим хичээлүүд классрүүмээс нээгдэхгүй байна.

*Семинарын сэдэв байхгүй байна.

*Семинарын хичээлийн төлөвлөлт байхгүй

*Семинарын хичээлд онол оруулсан гэх мэт. Эдгээр зөрчлүүдийг Захиргааны зөвлөлийн бүрэлдэхүүний багш бүрийн “Онлайн хичээлийн биелэлтэд хийсэн дүн шинжилгээ”-нд бичигдсэн тэмдэглэл, “Багш нарын цалин хичээлийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ зөвлөмж” зэрэг баримт бичиг нотолж байна. Багш Ш.М-т дээрх зөрчлийн талаар Захиргааны зөвлөлийн хурлаар танилцуулахад багш Ш.М нь багшийн үүрэг болоод алдаагаа үл ухамсарлаж, хүлээн зөвшөөрөхгүй байсан ба энэ нь цаашид өөрийн ухамсраараа алдаагаа засах багш биш болохыг тодорхойлж байна. Ер нь багш Ш.М нь шүүмжийг хүлээн авах чадваргүй, ахмад багшийн хувьд биеэ тоосон байдалтай бусдад ханддаг нь багшийн ёс зүйд нийцэхгүй байна. Багш Ш.М-ийн гаргасан дээрх алдаа дутагдал, зөрчил нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэг Ховд Их сургуулийн “Хөдөлмөрийн дотоод журмын”-ын 9.1.2, 9.1.4 а.б.г.е, 9.1.10. а дахь зөөлт, багш Ш.М-ийн “Хөдөлмөрийн гэрээ”-ний 3.2.2, 3.2.3, 3.2.11, 4.3.2, 4.3.3, 4.3.5 зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн тул үндэслэл бүхий сахилгын шийтгэл ногдуулсан болно. Иймд Ш.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.М шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Энэ жил Covid-19 гарсантай холбоотойгоор хичээл 2 дугаар сард эхлэх ёстой байсан боловч карантины дэглэмд шилжээд хичээлийг онлайнаар заах шаардлага тавигдсан. Тухайн үед багш нар онлайнаар хичээл заах бэлтгэлгүй байсан. Сургуулийн захиргааны зүгээс шинэ нөхцөл байдал үүсэнтэй холбоотойгоор сургалт зөвлөмж өгөх ёстой байсан боловч тийм арга хэмжээ аваагүй. Багш нар өөрсдөө чадах шинээгээрээ хийж явсан. Тухайн үед онлайн хичээл танхим хичээлийг бодвол бэрхшээлтэй байсан. Гэтэл онлайн хичээл явагдаад 1 сар ч болоогүй байхад хяналт шинжилгээ хийнэ гэсэн. Гэхдээ хяналт шинжилгээ биш захиргааны томоохон хурал хийсэн. Карантины үед хүмүүсийг бөөгнөрүүлж хурал хийх хориотой үед бид нарыг оруулж хурал хийсэн. Миний хичээл нээгдэхгүй хоосон байсан гэдэг тайлбар надад хамаарахгүй мэдээлэл технологиос хамааралтай асуудал байсан. Шинэ нөхцөл байдал бий болсонтой холбоотойгоор ямар нэгэн зөвлөмж сургалт явуулаагүй байж 1 сар ч болоогүй байхад сахилгын арга хэмжээ авч байгаа нь дарамт шахалт үзүүлж байна гэж харагдаж байна. Хариу тайлбартаа намайг юманд хайнга ханддаг, хариуцлагагүй ажилдаг гэж бичсэн байна. Хэрэв би хариуцлагагүй байсан бол магадлан итгэмжлэлийн хөтөлбөрийн ахлагчаар томилохгүй байх байсан. Би энэ сургуульд 30 жил ажиллахдаа 2000 гаруй шавь бэлдсэн хүн. Би хариуцлагагүй ханддаг байсан бол хөтөлбөрийн ажил дээр зөрчил гаргах байсан. Гэвч хэзээ ч зөрчил гаргаж байгаагүй. 2017 оны хөтөлбөр гаргаж өгсөн. 2017 оноос хойш эрдмийн зөвлөлөөс нэг ч хөтөлбөр батлаагүй. Тэнд багш нар оролцох эрхгүй эрдмийн зөвлөлөөс баталдаг. 2019, 2020 онд гарсан хөтөлбөрүүд эрдмийн зөвлөлөөс батлагдаж гараагүй байгаа. Хөтөлбөрийн хороо гэж ажилладаг. Хөтөлбөрийн хороо нь эрдмийн зөвлөлөөр хөтөлбөрөө баталгаажуулаад багш нарт олгодог. Миний энэ семестр заасан судалгаат хичээл маань урьд нь орж байсан хичээл. Орж байсан хичээлийн хөтөлбөр тэнхимд байж байх ёстой. Тухайн үед би Болортуяагаас хөтөлбөрийг асуусан надад хариу өгөөгүй. Урьд нь зааж байсан багш нараас хэд хэдэн удаа асуухад Роза багш “та тэр хөтөлбөрийг хайгаад хэрэггүй, номын санд хичээлийн судалгаа гэсэн ном байдаг, тэр номд лекц, семинарын дагуу хөтөлбөр нь яг байгаа” гэж хэлсэн. Нэгэнт ном нь бэлэн байсан учраас тэр номд лекц семинарын хуваарилалт нь зөв байсан учраас номыг авч хэрэглэсэн. Би мэдээллийг хаанаас ч авч хэрэглэнэ, харин хөтөлбөрийг тэнхим бэлдэж байх ёстой. Сургалтын арга зүйн хичээлийн лекц семинар хоёрыг хувааж орж байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл миний сэдэвчилсэн хөтөлбөрт 0 6 0 гэж явж байгаа тэр чигээр нь цахим хичээлд оруулсан. Казахстан улс руу явахдаа цахим хичээл тавиагүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл Казахстан улсад байхдаа тэндээсээ хичээлээ тавьж байсан. Үүнийг хичээлийн хандалтаас харж болно. Сургалтын технологийг зөрчсөн гэж байгаа. Технологид суралцагч гэсэн объект байдаг. Багш байж байхад эргэх холбоотой суралцагч нь байж байх ёстой. Тэгэхэд бидний тавьж байсан цахим хичээлийг бол хандлагын судалгаанаас харахад оюутнуудын хандалт 3 дугаар сар хүртэл 0,5 дугаар сар хүртэл 1-2 оюутан байсан. Бид нар бол чадах шинээгээрээ хичээлээ тавьсан боловч эргэх холбоо байгаагүй. Үүнд сургуулийн захиргааны зүгээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Тэгэхээр хүмүүс өөрсдийн үүрэгт ажлаа зөв хийгээд дараад нь шаардлага тавивал би хүлээн зөвшөөрч болно. Иймд Х сургуулийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Х сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай сургууль багш нарыг бэлтгэдэг аймагтаа ганцхан сургууль. Ш.М манай сургуульд насаараа ажилласан ахмад багш бусад багш нарт зөвлөгөө өгч үлгэр дуурайлал болох багш нарын нэг.  Ер нь энэ шийдвэр гарах хүртэл багшийг ахмад багш гэж хүндэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн. Би тус сургуулийн захирлаар 3 дахь жилдээ ажиллаж байна. 2018-2019 оны хичээлийн жилийн 12 дугаар сард бүх багш нарын хичээлд хөндлөнгийн ажиглалт хийсэн. Тухайн үед Ш.М багшийн хичээлд би өөрийн биеэр оролцож суухад багш маань бэлтгэлгүй, номоос лекц уншиж сууж байсан гэхдээ хөтөлбөртэй нь танилцахад хоёр хичээлийн хөтөлбөр яг адилхан байсан. Тэр үед багшид сануулга өгөхөд багш өөрөө залруулъя гэж байсан. 2 дахь удаад нь бид нар хөтөлбөрийг онлайнаар хэрэгжүүлэхтэй холбоотой сайдын тушаал гарсан. Сайдын тушаал гарсантай холбоотойгоор захирлын тушаал бас ирсэн. Уг тушаалын дагуу хөндлөнгийн цахим хичээлийн хэрэгжилтэд анализ хийсэн. Энэ дүгнэлт зөвхөн захирлын дүгнэлт биш захирлын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүнээр анализ хийсэн. Энэхүү дүгнэлт хийхдээ өмнө нь сануулсан байдлыг бас харгалзаж үзсэн. Энэ үед ноцтой зөрчлүүд гарсан. Сургалтын технологийг ноцтой зөрчсөн байдлыг илрүүлсэн. Сургалтын төлөвлөгөөнд 0 6 0 цагаар орох ёстой хичээлийг 2 4 0 болгож өөрчилж семинар ордог хичээлүүдэд лекц тавьсан байсан. Орж байгаа хичээлийн цагийг мэдэхгүй буруу төлөвлөсөн. Ахмад багш гэж хүндэлж байхад ийм ноцтой алдаа гаргахаар нь бид гомдсон. Цахим хичээл дээр хичээлд холбогдолгүй нэмэлт материалын зорилгоор ашиглаж болох хүний материалыг шууд хуулбарлан зураг хөрөгтэй нь тавьсан. 1 судалгаат хичээлийг бүтэн орсон тэгэхдээ хөтөлбөргүйгээр хичээл орсон. Өөрөөс нь асуухад хөтөлбөр байхгүй болохоор би номоос орж байсан гэж тайлбарласан. Тэгэхээр багш хүн хөтөлбөргүйгээр хичээл орж байгаа байдалд нь гомдсон. Багш эхлээд хөтөлбөрөө боловсруулаад дараа нь сэдэвчилсэн төлөвлөгөөгөө боловсруулаад дараа нь хичээлийн бэлтгэлээ хийгээд сургалтын ажлаа эхлэх ёстой. Үүнийг багш мэдэж байгаа хөдөлмөрийн гэрээгээр ч тийм үүрэг хүлээсэн байгаа. Онлайн хичээлийн биелэлтэд хийсэн дүн шинжилгээ багш нарын цахим хичээлд хийсэн дүн шинжилгээ, зөвлөмжид багш нарын нэр дурдаагүй гаргасан алдааг зөвлөмж маягаар гаргасан байдаг. 2 дугаар сарын 05-ны өдөр хичээл эхэлсэн. Бид нар 2 сарын хичээлд анализ хийсэн. Сар ч болоогүй байхад гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй 2 сарын хугацаанд багш хүн нэлээд их юм хийсэн байх ёстой. Мөн багш эхний 7 хоногт амралт аваад Казакстан улс руу явсан байсан. Өнөөг хүртэл багшийн аливаа хүсэлтийг дэмжиж ирсэн дарамталсан зүйл байхгүй. Багш амралт аваад явсан хугацаандаа хичээлээ зохих журмын дагуу сайтад байршуулж байх ёстой эсвэл нөхөж тавих ёстой байсан. Гэхдээ ямар нэгэн байдлаар ажилдаа хайнга хандаж цахим ертөнцөд ингэж хичээл тавих нь сургуулийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх байсан тул багшийн гаргасан алдаанд үнэхээр гомдсон. Дахиж хэлэхэд зөвхөн миний зүгээс гаргасан шийдвэр биш захиргааны зөвлөлөөс гарсан шийдвэр. Өөр өөр хичээлүүдийн семинар нь адилхан юм тавьсан.  Цэцэрлэгийн багш мэргэжлийн хөтөлбөрийн бие даалт сэдэвт ЕБС-ийн 11 дүгээр ангийн багшийг судлах гэж тавьсан байсан. Багш өөрөө сурган сэтгэл судлалын багш бусад багш нарт зөвлөн туслах багш байтал ийм алдаа гаргаж байгаа нь ажилдаа хайнга хандсаныг харагдуулж байна. Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлийг гаргаж өгсөн. Уг хурлын тэмдэглэлээр багшид цахилгын шийтгэл авах нь зүйтэй байна гэж үзэж шийдвэр гаргасан. Ахмад багш гэж өнөөг хүртэл харж үзэж байхад багш маань үндсэн ажилдаа хайнга хандаж ийм алдаа гаргасан. Өөрөөр хэлбэл багш чөлөөтэй байх хугацаандаа материал орчуулахаар арваад хүн ирж сурагласан. Багш хичээлийн бус цагаар орчуулгын ажил хийдэг тэрийг нотлох баримтууд байгаа боловч багшийг хүндэтгээд тэр асуудлыг нь ерөөсөө хөндөөгүй. Бид багшид зүгээр сануулсан ямар нэгэн цалин хөлсийг нь хасаагүй, шахалт дарамт үзүүлсэн зүйл байхгүй. Багш надтай мессежээр харилцахад би багшид “та битгий эмзэглээрэй энэ зөвхөн минийх биш захиргааны зөвлөлөөс гарсан шийдвэр” гэдгийг хэлсэн. Уг шийдвэр гарахаас өмнө багшийг өөрийг нь дуудаж танилцуулсан. Тухайн үед зарим зүйлүүдийг хүлээн зөвшөөрөөгүй. Их дээд сургуулийн багшийн хувьд хичээлээ хүнээр заалгах биш өөрөө хичээлтэй хамааралтай бүх программыг мэдэж байх ёстой. COVID19 гарсан холбоотой онлайн хичээл анх гарсан биш багш хүн онлайн хичээлээр оюутнуудтай холбоо тогтоосон байх ёстой. Тийм учаас намайг программаар хангасангүй онлайн хичээлийн зааврыг талаар сургалт явуулаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бусад багш нар ажлаа хийгээд болоод байсан. Удирдлагын зүгээс багшийг байнга дэмжиж ажилладаг байсан чөлөө аваад явахад нь бас асуудлыг нь тэр доор шийдэж өгдөг байсан. Магадлан итгэмжлэлийн асуудлын хувьд ч багшид итгэл найдаж даалгасан. Уг ажлыг хариуцлагатай хийсэн гэж байсан гэхдээ 8 дугаар бүлгийг бичээгүй үлдээсэн байсан. Засаад уншуулаарай гэхэд нь уншуулалгүй шууд явуулсан. Багшийг ахмад багш гэж хүндэлдэг болохоор тэр болгонд багштай маргалдаж яваагүй байсан. Багшид дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй би өөрийнхөө хүлээсэн ажлаа хийсэн багш маань бас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх ёстой байсан. Хөтөлбөргүй хичээл заагаад цалин авч байгаа нь өөрөө үндэслэлгүй. Багшид шинэ хичээл өглөө өөрөө хөтөлбөрөө, сэдэвчилсэн төлөвлөгөөгөө боловсруулаад хичээлээ орох ёстой. Өнөөг хүртэл хөтөлбөр нь байхгүй номоос хараад орсон гэж өөрөө тайлбарласан. Их сургуулийн хувьд байж болзошгүй зүйл гэдгийг харгалзаад шийдвэр гаргасан. Тийм учраас захиргааны зөвлөлийн гаргасан дүн шинжилгээ болон захирлын гаргасан тушаал нь үндэслэлтэй гэж бодож байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Х сургуулийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/01 дугаар тушаалыг 4 дүгээр сарын 08-ны өдөр захирлын туслах Я.М цахимаар буюу Ш.М-ийн фейсбүүк мессенжер хаяг руу нь илгээснээр нэхэмжлэгч Ш.М албан ёсоор танилцсан, гардаж авсан гэдгээ нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа ба гэрч Я.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр мөн нотлогдож байна. Нэхэмжлэгч энэхүү тушаалыг эс зөвшөөрч 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1-нийг зөрчөөгүй хуульд заасан 3 сарын хугацаанд шүүхэд гомдол гаргасан гэж дүгнэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийг төлөөлж захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Х, (нэхэмжлэгч) Ш.М нар гарын үсэг зурж, Х сургуулийн захирал баталснаар хүчин төгөлдөр  болсон “Хөдөлмөрийн гэрээ”-г 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр  хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан ба энэхүү гэрээнд ...салбар сургууль: Х-ийн БӨ аймаг дахь сургууль; тэнхим: БСАЗ тэнхим; албан тушаал: багш; боловсрол, мэргэжил: Дээд, сурган, сэтгэл судлалын багш...ажлын өдөр өглөө 08 цагт эхлэх ба өдрийн ажлын 8 цаг. Долоо хоногийн ажлын нийт цаг 40  цаг...гэж тусгасан байна. 

Хариуцагч Х сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Хиналган 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б\01 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэг, Ховд Их сургуулийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 9.1.2, 9.1.4 а.б.г.е, 9.1.10 а дах заалтыг заалтыг тус тус үндэслэн хичээлийн төлөвлөгөөг өөрийн биеэр хариуцаж бүрэн биелүүлээгүй, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл ажиллагаанд саад учруулан, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан гэж тус сургуулийн сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалын багш Ш.М-д сахилгын сануулах шийтгэл ногдуулахад дараах байдлаар хууль зөрчсөн байна. Үүнд:

-Энэхүү сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д сануулах шийтгэл, Х сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 9.1.2-д хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд Хөдөлмөрийн тухайн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-131.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалтууд нь тус тус (ажил олгогчийн) хариуцагчийн эрхтэй холбоотой заалтууд байна.

-Мөн энэхүү сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд үндэслэл болгосон Х сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 9.1.10 а гэсэн заалт нь Х-ийн захирал сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй танилцаад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэлийн аль нэг төрлийг оногдуулна гэсэн байх тул хариуцагч Х сургуулийн захирлын эрх хэмжээнд хамааралгүй заалт байна.

-Мөн энэхүү сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд үндэслэл болгосон Х сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 9.1.4-д Дараах тохиолдлыг “сахилгын зөрчил”-д тооцно. Үүнд:

а) Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй,

б) Сургалтын технологи зөрсөн

г) Үүрэгт ажлаа гүйцэтгэхээс зайлсхийсэн, ажилдаа хайнга хандсан, 

е) Хөдөлмөрийн тухай хууль, захиргаанаас баталсан бусад дүрэм, журам,

заавар, түүнчлэн, хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар сургуулийн онцлогт тохируулан гаргасан захирлын тушаал, шийдвэрийг хэрэгжүүлээгүй, зөрчсөн гэж заасан боловч эдгээр сахилгын зөрчлийг нэхэмжлэгч Ш.М гаргасан гэдгийг хөндлөнгийн нотлох баримтаар хариуцагч нотолж чадаагүй болно.

Хавтаст хэрэгт тус сургуулийн сургалтын албаны дарга А.А баталсан Сургалт арга зүйн, БАБ-2, 2020 оны хичээлийн жилийн IV улирал 16 долоо хоногийн, 0/6/0, 96 цагийн  сэдэвчилсэн төлөвлөгөө, мөн Сургалтын албаны дарга А.А баталсан Судалгаат хичээл, БАБ-4, 2020 оны хичээлийн жилийн VIII улирал 13 долоо хоног, ½ 39 цаг ,нийт 1,63 кредит сэдэвчилсэн төлөвлөгөө, мөн Сургалтын албаны дарга А.Абзал баталсан Туршилт танин мэдэхүйн, СӨБ-4, 2020 оны хичээлийн жил VIII улирал 13 долоо хоног, ½ 39 цагийн  сэдэвчилсэн төлөвлөгөө зэрэг баримтууд тус тус хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгч Ш.М чухам ямар хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг өөрийн биеэр хариуцаж бүрэн биелүүлээгүй гэдгийг тогтоосон нотлох баримт байхгүй, мөн хариуцагч хөндлөнгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Тус сургуулийн захирлын зөвлөлөөс 2020 оны 3 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд БСАЗ-н тэнхимийн 9 багшийн (нэхэмжлэгч Ш.М нэр 5-д бичигдсэн) “Онлайн хичээлийн биелэлтэд хийсэн дүн шинжилгээ”-гээр багш нарын заасан хичээлийн нэр, ололттой тал, дутагдалтай тал, цаашид анхаарах зүйлийг нэг бүрчлэн тусгасан байна.

Нэхэмжлэгч Ш.М-ийн онлайн хичээлийн дутагдалтай болон цаашид анхаарах зүйл гэдэгт хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарт дурдсан болон тушаалд дурдсанд зөрчил дутагдлуудын талаарх тусгагдаагүй байна.

Улмаар 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж “Багш нарын цахим хичээлийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний зөвлөмж” гаргасан байна.

Мөн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Х сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар цахим хичээлийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний талаар хэлэлцэхэд Ш.М өөрөө оролцсон ба зохих тайлбараа гаргасан байхад түүнд 5 хүний саналаар захирлын тушаалаар сануулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэлийн аль нэг төрлийг оногдуулах эрхийг Х сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 9.1.10-д зааснаар Х-ийн захиралд олгосон байхад хуулийн энэхүү заалтыг хариуцагч өөрөө сахилгын арга хэмжээ ногдуулан зөрчсөн байна.

Мөн нэхэмжлэгч Ш.М-ийн  онлайн хичээлийн семинарын хичээлд тавигдах шаардлагыг хангаагүй, оюутны гүйцэтгэх даалгаврын чиглэл тодорхойгүй, зарим даалгавар нь хичээлийн агуулгад нийцээгүй (Бага ангийн оюутнуудад холбогдолгүй 11 ангийн жишиг даалгавар оруулсан), лекцийн хичээлд өөрийн боловсруулсан лекц биш хичээлд холбогдолгүй өөр хүний материалыг лекцийн үндсэн материал болгон шууд хуулбарлан ашигласан, (Туршил танин мэдэхүй, судалгаат хичээл зохион байгуулах арга зүй хичээлүүд), судалгаат хичээл зохион байгуулах арга зүй хичээлийн хөтөлбөр боловсруулалгүйгээр хичээл явуулсан, зарим хичээлүүд классрүүмээс нээгдэхгүй байна, семинарын сэдэв байхгүй байна, семинарын хичээлийн төлөвлөлт байхгүй, семинарын хичээлд онол оруулсан гэх мэт зөрчил гаргасан гэдэг нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдоогүй ба эдгээр зөрчлүүдийг илрүүлэн тогтоосон, хэлэлцсэн тухай нотлох баримт байхгүй байна.

Хариуцагч талаас гаргаж өгсөн Монгол Улсын Боловсрол Соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 01 сарын 27 өдрийн “Шуурхай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах тухай” №А/43 дугаартай тушаал, мөн Х сургуулийн захирлын 2020 оны 01 сарын 29 өдрийн “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” №А/10 дугаартай тушаалын дагуу хариуцагч Х сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Х тус сургуулийн сургалтын дэлгэрэнгүй зөвлөмжийг багш, оюутнуудад хэзээ ямар байдлаар хүргэсэн болон хэзээ яаж гүйцэтгэлд хяналт тавьж ажилласан тухай нотлох баримт байхгүй байна.

Мөн Монгол Улсын Боловсрол Соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2020 оны 3 сарын 02 өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” №2/1174 дугаартай албан бичгээр Их, Дээд сургууль, коллежийн захирал нарт 3 цахим сургалтын чанар хангалтгүй байгаа талаар оюутан, сурагчдаас гомдол, санал гарч байгааг анхаарч, багш тухайн хичээлийн агуулгыг бүрэн шинэлэг хэлбэрээр чанартай хөтлөн явуулж буй эсэхэд хяналт тавьж, эргэх холбоотой ажиллах гэсэн боловч нэхэмжлэгч Ш.М багштай холбоотой гомдол санал ирсэн эсэх талаар нотлох баримт байхгүй ба эдгээр албан бичиг тушаалууд нь энэхүү маргаанд хамааралгүй болно.

Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ш.М хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэдэг нь нотлогдохгүй байгаа тул түүнд  Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Х сургуулийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”  Б\01 дугаар тушаалыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх маргаан тул энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч байгууллагын санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-ыг баримтлан нэхэмжлэгч Ш.М-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагч Х сургуулийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б\01 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Х сургуулийн санхүүгээс 70200 (далан мянган хоёр зуун) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.МАНГИЛИК