| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2024/0201/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/212 |
| Огноо | 2024-02-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Түмэнжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/212
2024 02 16 2024/ШЦТ/212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
улсын яллагч Д.Түмэнжаргал /томилолт/,
шүүгдэгч ***,
хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, *** овогт ***гийн *** (регистрийн дугаар ***), 19*** оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, *** настай, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, *** дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суух, урьд 9 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.
Хэргийн товч агуулга: *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоот гэртээ хамтран амьдрагч ***тай таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1449 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт, шинээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн албан тоот (хавтаст хэргийн 15, 18, 22-23, 80-81 дүгээр хуудас)”,
- Шүүгдэгч болон хохирогч нар “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэцгээв.
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч ***тай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь:
- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ын “2023 оны 5-р сарын 28-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод хамтран амьдрагч ***ын хамт согтууруулах ундаа хэрэглэсэн. *** намайг “ээмгээ өгчих” гэхээр нь “үгүй” гэсэн чинь миний нүүр рүү гараараа 2-3 удаа алгадаж, миний дээрээс хөлөөрөө 3-4 удаа өшиглөж дэвссэн. Миний хэвлийн доод хэсэг, зүүн талын цээж хөхөрсөн, толгой хагарсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15, 18 дугаар хуудас),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 7426 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ***ын биед зүүн зулайд шарх, зүүн хөх, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 7-10 хоногийн өмнө үүссэн гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинжийг нэр томьёо, ухагдахууны хувьд тайлбарлан хэрэглэхэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах нь зүйн хэрэг юм.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг хуульчилсан ба тэрхүү үйлчлэлд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” хамаарна гэж,
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдгийг Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тус тус тайлбарлажээ.
Шүүгдэгч, хохирогч нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчид болох нь тэдний мөрдөн шалган ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, аюулын зэргийн үнэлгээ /хх-80/ зэргээр гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгоно гэж хуульчилсан байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *** нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч ***ын эрүүл мэндэд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хөнгөн хохирол учруулсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж“ үйлдсэн шинжийг хангаж байх тул шүүгдэгч ***ыг тус зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч *** нь “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй”-г дурдаж, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан болохыг тэмдэглэв.
1.4 Хохирол, хор уршиг.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ын биед хөнгөн хохирол учирсан ба тэрээр эмчилгээ эрүүл мэндтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд “...гомдол, санал байхгүй” гэх тайлбарыг гаргасан тул шүүгдэгч ***ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад 800.000 төгрөгийн торгох ял оногдуулж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 746 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэх саналтай”, шүүгдэгчээс “гэм буруугаа ухаарч, харамсаж байна. Хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг танилцуулав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийдвэрийн хуулбар, холбогдох баримт(хавтаст хэргийн 32-33, 38-40, 43-76 хуудас)-аас үзэхэд шүүгдэгч *** нь урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын 3 дугаар шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж харгалзсан;
- Сэлэнгэ аймгийн Сум дундын 3 дугаар шүүхийн 2000 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг буюу 06 сарыг нэмж нэгтгэн, нийт 02 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 01 жил 04 сар 16 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн;
- Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 298 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан;
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 05 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлсэн;
- Сэлэнгэ аймгийн Сум дундын 3 дугаар шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 364 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 06 жилийн хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 104 дугаартай шүүгчийн захирамжаар 01 жил, 02 сар, 18 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан;
- Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хүнд ялыг хөнгөн ялд багтааж 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан;
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 50А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 04 жилийн хорих ял, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, хүнд ялыг хөнгөн ялд багтааж 04 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан;
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 463 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жилийн хорих ялаар;
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 746 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн /Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим мэдээллийн санд бүртгэлгүй/ байна.
Шүүгдэгч ***ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчийн эрүүл мэндэд халдаж, хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (шинжээчийн дүгнэлтээр хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, аюулын зэргийн үнэлгээгээр өндөр түвшинтэй гарсан), шүүгдэгчийн хувийн байдал (19*** онд төрсөн, *** настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суудаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал) байдлыг харгалзан шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд сануулж, урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 746 дугаартай шийтгэх тогтоолоор ***ад оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан(хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж боломжгүй)-аар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй буюу шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой баримт/хавтаст хэргийн 27-31 дүгээр хуудас/-д түүний нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө бүртгэгдээгүй, тодорхой орлого олдог эсэх, ажил хөдөлмөр эрхэлдэг нь хангалттай тогтоогдоогүй тул шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ нь дээр дурдсан гэмт хэргийн шинж чанар, нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэж буй төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг төдийгүй эрүүгийн хариуцлага нь бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар шударга ёсны зарчмыг хангадаг учраас эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болно.
Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 746 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***ад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР