Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2020/00963

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр багт оршин суудаг, С.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дугаар багт оршин суух, Ж.С-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч Х.Т, хариуцагч Ж.С, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хундыз нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Эх байх эрхийг хасах тухай.

Нэхэмжлэгч С.Б-н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1956 онд төрсөн, одоо 64 настай. Миний хүү болох А нь Ж.С-тэй 1999 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсон. 2001 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүү А.Т төрсөн ба 1 нас хүрээгүй байхад эцэг М.А 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өвчний улмаас нас барсан. Миний бэр Ж.С нь хүү А.Т-ний 2 настай байхад эмээ нь С.Б миний асрамжинд үлдээж, Ж-тэй 2004 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болсон. Энэ нь Баян-Өлгий аймгийн Ц сумын иргэний бүртгэл хариуцсан ажилтанд 2006 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, авсан гэрлэлтийн баталгаагаар нотлогдож байна. Надыг хүү А.Т-ний асран хамгаалагчаар тогтоосон тухай Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А\30 дугаартай “Асран хамгаалагчаар тогтоох тухай” захирамж гарсан. Би хүү А.Т-нийг эмээгийн хувьд 2 настай байхаас нь эхлэн асран хамгаалж, өсгөн хүмүүжүүлж 18 гаруй жил болж байна. Ж.С нь Т-нийг төрүүлсэн эхийн хувьд асран хамгаалж, өсгөн хүмүүжүүлж 18 гаруй жил болж байна. Ж.С А.Т-ийг төрүүлсэн эхийн хувьд асран хамгаалж, өсгөн хүмүүжүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч өөрийн гараар өөрийн хүү А.Т-ий эх байх үүргээс татгалзаж байна гэсэн тодорхойлолт гаргаж нотариатаар баталгаажуулж өгсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх заалт “Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хохироосон эцэг эх хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээж, энэ хуулийн 30.1-д заасан үйлдлийг хийж, хүүхдээ бага наснаас нь өсгөн хүмүүжүүлээгүй нь тогтоогдсон бол тухайн хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдана” гэх заалтыг үндэслэн Ж.С-гийн А.Т-ний эх байх эрхийг хасах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ж.С шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие талийгаач М.А-тэй 1999 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсон. 2001 оны 12 дугаар сарын 22-ны өдөх хүү А.Т төрсөн. Эцэг нь М.А 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өвчний улмаас нас барсан. Миний бие хүү А.Т-нийг 2 настай байхад өөр хүнтэй гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. Түүнээс хойш хүү А.Т-нийг өвөө нь Х.М, эмээ нь С.Б нар өсгөж, сурган хүмүүжүүлж байгаа. Миний бие өөрөө А.Т-ний эх байх эрхээсээ татгалзаж байна гэдгийг илэрхийлсэн тодорхойлолт баримтаа казах хэл дээр бичиж нотариатаар баталгаажуулан А.Т-ний өвөө нь болох Х.М-т 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өгч байсан. С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг миний бие хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Эрх нь хөндөгдсөн А.Т-ний 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний эмээ С.Б-г А.Т миний асран хамгаалагчаар тогтоосон тухайн үеийн Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А\30 дугаартай “Асран хамгаалагчаар тогтоох тухай” захирамж гаргасан. Миний бие өвөө эмээгийн асрамжинд 2 настай байхаас нь эхлэн асран хамгаалалтад байж, намайг одоо хүртэл 18 гаруй жил өсгөн хүмүүжүүлж байна. Миний төрсөн ээж болох Ж.С надыг төрүүлсэн эхийн хувьд асран хамгаалж, өсгөн хүмүүжүүлэх үүргээ биелүүлээгүй юм. А.Т намайг одоо хүртэл миний эмээ болох С.Б, өвөө Х.М нар өсгөн хүмүүжсэн юм. А.Т миний хувьд гуравдагч этгээдийн хувьд эх болох Ж.С үзсэн боловч надад эх байх үүргээ биелүүлээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний зүгээс Ж.С-г эх байх эрхээс шүүхээс хассан тохиолдолд  А.Т миний эрх зөрчигдөхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч С.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Миний бэр болох Ж.С нөхөр нь нас барсны дараа хүү болох Төлепбергенийг эмээ өвөө болох бид хоёрын асрамжид үлдээж явсан. А.Т-нийг эмээ өвөө нь 18 жил асран хамгаалсан тул одоо Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дах заалт “Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хохироосон эцэг, эх хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээж, энэ хуулийн 30.1-д заасан үйлдлийг хийж, хүүхдээ бага наснаас өсгөн хүмүүжүүлээгүй нь тогтоогдсон бол тухайн хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдана” гэж заасныг хуулийн заалтыг үндэслээд Ж.С-н эх байх эрхийг хасаж өгнө үү. Ж.С өөрөө хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Хариуцагч Ж.С шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Миний бие М.А-тэй 1999 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсон. Миний нөхөр 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нас барсан. 2001 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүү А.Т төрсөн. Миний бие нөхөр нас барсны дараа хадам эцэг эхтэй хамт амьдарч байгаад 2004 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр өөр хүнтэй гэр бүл болж Ц сум руу явсан. Өөр хүнтэй суухдаа хүүхдээ эмээ өвөөдөө үлдээж явсан. А.Т энэ жил 12 дугаар анги төгссөн. Хүүхэд маань миний нэр дээр байгаа учраас хагас өнчин гэж явж байгаа. Хэрэв миний эрх байх эрхийг хасвал бүрэн өнчин болж их сургуульд суралцаж тэтгэлэг авах эрх нь үүсдэг тул миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Ж.С-гийн төрүүлсэн хүү А.Т-ний эх байх эрхийг хасуулахыг хүсжээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч С 1999 оны 7 дугаар сарын 20-ны өдөр А-тай гэр бүл болсон нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 000 дугаартай “Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа” болон №00 дугаартай “Гэрлэсний гэрчилгээ”-ээр;

Хариуцагч Ж.С-гийн нөхөр А 20 настайдаа 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өвчний улмаас нас барсан болох нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр олгосон №-00дугаартай “Нас барсны бүртгэлийн лавлагаа”-аар;

Талийгаач А нас барсны 9 хоногийн дараа  2001 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүү А.Т төрсөн болох нь Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 0000 дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа” болон №04 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ээр тус тус нотлогдож байна.

А.Т-ний төрсөн эх Ж.С (хариуцагч) 2004 оны 9 дүгээр сарын 10-ны Ж-тэй гэр бүл болсон нь №0000 Г-13 дугаартай “Гэрлэлтийн гэрчилгээ”-ээр нотлогдож байна.

Т нь 07 нас 02 сартай байхад буюу 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдөр  Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын А/30 дугаартай “Асран хамгаалагч тогтоох тухай” захирамжаар түүний асран хамгаалагчаар төрсөн эмээ болох С.Б-г тогтоосон байна.

А.Т-нд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр олгосон  Монгол Улсын Иргэний үнэмлэхэд Овог: Х Эцэг-ийн нэр: А Нэр: Т төрсөн он.сар.өдөр:  регистрийн дугаар: гэж бичигдсэн байна.

Нэхэмжлэгч С.Б шүүхэд энэ нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гаргахад Т нь 18 нас  07 сар 06 хоногтой байсан байна.

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 1 дүгээр зүйлд “Энэхүү Конвенцийн зорилгод тухайн хүүхдэд хэрэглэх хуулийн дагуу тэрээр 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ”, мөн Монгол Улсын Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “18 нас хүрснээр эрх зүйн бүрэн чадамжтай буюу өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болдог” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн А.Т-нийг хүүхэд биш насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай бие хүн байна гэж дүгнэв. 

Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй” гэж заасан боловч Т нь 18 насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай байхад А.Т-ний асрах хамгаалагч (нэхэмжлэгч) С.Б шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-ийг зөрчсөн байна.

Хариуцагч Ж.С-гийн “...нөхөр М.А нас барсан болохоор А.Т-нийг 4 настай байхад өвөө эмээд нь үлдээгээд өөр хүнтэй гэр бүл болсон 4 хүүхэдтэй, А.Т-нийг өвөө эмээ нь өсгөн хүмүүжүүлсэн, өөрөө тустаа гэр бүл зохиосон болохоор бага наснаас өсгөн хүмүүжүүлэх боломж бололцоо байгаагүй, А.Т энэ жил 12 дугаар анги төгссөн, А.Т миний нэр дээр байгаа учраас хагас өнчин гэж явж байгаа, хэрэв миний эрх байх эрхийг хасвал бүрэн өнчин болж их сургуульд суралцаж тэтгэлэг авах эрх нь үүсдэг тул миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа “ гэсэн  үндэслэлүүд Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн гэснийг нотлохгүй болно.

Харин нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Ж.С-гийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ёстой.

Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.-д “Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно” гэж заасан ба хариуцагч Ж.С-гийн хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн гэсэн нь хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “...бүтэн өнчин хүүхэд гэж эцэг, эх нь тогтоогдоогүй, эсхүл эцэг, эх нь хоёул нас барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, түүнчлэн эцэг тодорхойгүйн улмаас эхтэйгээ амьдарч байгаад эх нь нас барсан, гэр бүл салсны улмаас асрамждаа авсан эх /эцэг/ нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдийг хэлнэ”  гэж заасан ба А.Т 18 нас хүртэлх хугацаанд эх Ж.С-г эх байх эрхээ хязгаарлуулсан болон өсгөн хүмүүжүүлэхээс санаатай зайлсхийсэн гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй, эрх бүхий байгууллагад гомдол гаргаж шалгаж тогтоосон нотлох баримт байхгүй байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардах эрхээ Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хохироосон эцэг, эх хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээж, энэ хуулийн 30.1.-д заасан үйлдлийг хийж, хүүхдээ бага наснаас нь өсгөн хүмүүжүүлээгүй нь тогтоогдсон бол тухайн хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдана” гэж заасны дагуу гэж тодорхойлсон боловч Т нь 18 насанд хүрсэн байх тул хуулийн энэхүү заалтад хамаарагдахгүй болно.

Иймд нэхэмжлэгч С.Б хариуцагч Ж.С-гийн төрүүлсэн хүү А.Т-гийн эх байх эрхийг хасуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9, 30 дугаар зүйлийн 30.1-ийг тус тус баримтлан  нэхэмжлэгч С.Б-гийн хариуцагч Ж.Сегийн төрүүлсэн хүү Т-гийн эх байх эрхийг хасуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б-гийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.МАНГИЛИК