Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 148/ШШ2021/00030

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Цагааннуур сум 3 дугаар баг 3 дугаар хэсэг 6-63 тооттод оршин суух, Боржигон овогт *******ийн ******* /РД:*******/ -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Цагааннуур сум 3 дугаар баг 3 дугаар хэсэг 2-11 тооттод оршин суух, Хардарихад овогт*******ы ******* /РД:*******/ -д холбогдох

5.200.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, А.*******ийн Б.*******т холбогдох 1.400.000 төгрөг гаргуулах, тавилга хэрэгслийг нь Б.*******т буцаан өгөх сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.******* /онлайнаар/, хариуцагч А.******* /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Иргэн А. ******* нь 2020 оны 03-р сард Сэлэнгэ аймгийн Цагаан-нуур сумын төвд үйл ажиллагаа явуулдаг миний Элит шоп" тавилгын дэлгүүрээс нэг бүрийн үнэ нь 3 300 000 төгрөгийн үнэ бүхий унтлагын ком-1ш, нэг бүрийн үнэ нь 1.900.000 төгрөгийн үнэ бүхий стенка-1ш, нийт 5 200 000 төгрөгийн үнэ бүхий тавилгыг дараа төлөх нөхцөлтэйгөөр 2020 оны 07-р сард нөхөн төлж дуусгахаар тохиролцон худалдан авсан юм. Ингээд хэлэлцэн тохиролцсон хугацаа нь дуусах үеэр уулзахад 2020 оны 10-р сарын 01-нд төлж дуусгая гэхээр нь итгэж дахин хүлээсэн. Гэвч одоог хүртэл худалдан авсан эд зүйлийнхээ үнийг төлөлгүй намайг хохироосоор байна. Иймд иргэн А. *******ээс 5 200 000 төгрөгийг гаргуулан миний хохирлыг барагдуулж өгнө үү... гэжээ.

 

А.******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ..иргэн ******* би 2020 оны 05 дугаар сарын сүүлчээр иргэн Б.*******оос иж бүрэн тавилгыг авч, 2020 оны 10 дугаар сар, 12 дугаар саруудад төлж барагдуулна гэж ам тохиролцоо хийсэн болно. Тавилганы зарим хэсгийг нь тольгүй хувцасны шкафын хэсэг газар нь будаг нь шалбарсан мөн босоо стенкны хажуу тал ховхролт ихтэй байсан. Иймээс Б.******* нь бидний итгэлийг эвдэж, худлаа зүйл бичиж шүүхэд өгсөн байна. Би хариу тайлбартаа үнэн болсон байдлыг бичиж шүүхэд өгсөн. Би хүүгээ шинэ байранд ороход нь уг тавилгуудыг өгөх бодолтой 2 давхартаа угсраатай байрлуулсан байна. Уг тавилгыг авснаас хойш хэрэглээгүй угсарч өгсөн чигээрээ хөдөлгөөгүй хэвээрээ байрандаа байна. Хаяа ойрын айлууд мэднэ. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж Б.*******оос 1.400.000 төгрөгийг буцаан гаргуулж, тавилгыг буцаан өгөх тухай шийдвэр гаргаж өгнө үү...гэжээ.

 

Хариуцагч А.******* шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: ... Би нэхэмжлэгчээс 2020 оны 05 дугаар сарын сүүлээр тавилга худалдан авсан тухайн өдөр нөхөртэйгөө хамт тухайн худалдан авалтыг хийсэн. Нэхэмжлэгч тухайн өдөр надад барааг зээлээр худалдах худалдан авах хүсэлт тавьсан би хүлээн зөвшөөрч барааг гэртээ авчирсан, тухайн үед аман гэрээ байгуулсан болно. Уг 5,200,000 төгрөгийн тавилгыг хүүдээ зориулж авсан бөгөөд одоогоор хэрэглээгүй шинээрээ байгаа...гэх.

 

А.******* сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: ... Надад дутуу тавилга зарсан, тухайн үед тавилгыг өөрөө ирж угсарч өгсөн дараа нь үлдсэн тавилгыг авчирч өгөхөөр тохирсон. Миний зүгээс тухайн үед тохиролцсон тохиролцоондоо үнэнч байсан бол мөнгийг өгч барагдуулах байсан одоо бол тухайн тавилгыг буцааж, төлсөн мөнгө болох 1.400.000 төгрөгийг буцааж авах хүсэлтэй байна...гэх.

 

Б.******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ... 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчийг шүүхэд өгсөн, шүүхэд өгсний дараа миний дансанд хариуцагчаас 1.400.000 төгрөг орж ирсэн. Хариуцагчийн ярьж байгаа нэг жил болж байгаа тавилгыг бизнес эрхэлж байгаа хүний хувьд нэг жилийн хугацаанд эргэлдүүлэх боломж байсан тухайн үед баталгааны хуудас өгч хугацаа нь дууссан, ямар нэгэн тохиолдлоор надад эвдэрэл гэмтэлийн тухай яриагүй. Одоо бол барааг буцаах боломжгүй, харин хариуцагчаас тавилганы үлдэгдэл 3.800.000 төгрөгийг авах хүсэлтэй байна...гэх.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, харицагчийн сөрөг нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Б.******* нь шүүхэд ... А.*******ээс гэрийн ком тавилгын үнэ нийт 5.200.000 төгрөг гаргуулах, хариуцагч А.******* нь ... Б.*******оос 1.400.000 төгрөг буцаан гаргуулж, ком тавилгыг буцаан өгөх сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан ба шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэл түүнд хавсаргасан бичгийн чанартай нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, зохигчийн шүүх хуралдаанд / онлайнаар / өгсөн тайлбар зэргийг шинжлэн судалж, дүгнэн үзээд; Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, хариуцагч А.*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Учир нь; Б.*******, А.******* нар нь 2020 оны хавар / 3 сард / унтлагын ком тавилга, /ор-1ширхэг, тумбочка-2ширхэг, гоо сайханы ширээ-1 ширхэг, сандал-1 ширхэг, хувцасны шкаф-1 ширхэг /, ханын стенк зэрэг нийт 5.200.000 төгрөг /унтлагын ком 3.300.000 төгрөг, стенк 1.900.000 төгрөг/-ийн үнэ бүхий эд хөрөнгийг худалдах, худалдан авах аман хэлцлийн үндсэн дээр өгөлцөж, авалцсан бөгөөд уг тавилгын үнийг худалдан авагч нь 2020 оны 10 сарын 01-нд, 2020 оны 12 сарын 01-нд тус тус төлж барагдуулахаар тохиролцсон болох нь хавтаст хэргийн 1, 5, 14, 18-19, 22-24, 26-27, 33-41 дүгээр талд авагдсан нэхэмжлэл, түүнд хавсаргасан нэхэмжлэх баримт, хариуцагчийн тайлбар, А.*******ийн сөрөг нэхэмжлэл, түүнд хавсаргасан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /2020.10.22-нд *******ээс тавилгын үнэд 1.400.000 төгрөгийг Б.*******т төлсөн банкны шилжүүлэг/, ком тавилгын гэрэл зураг, Б.*******ийн бичгийн тайлбар, гэрч А.Ганхуяг, Р.Лхагвасүрэн, Р.Алтанмөчир нарын өгсөн ... Б.*******оос А.******* нь 2020 оны хавар гэрийн ком тавилга худалдаж авсныг *******ийн гэрт машинд ачиж аваачиж байрлуулсан гэх мэдүүлэг, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн ... гэрийн ком тавилга үнэ тохиролцон худалдаж, худалдан авсан тухай тайлбар зэргээр нотлогдож байна.

Харин А.*******ийн шүүхэд гаргасан /хх-ийн 18-19/ ... Б.*******оос 1.400.000 төгрөг буцаан гаргуулж, ком тавилгыг буцаан олгуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Учир нь; А.*******, Б.******* нарын хооронд 2020 оны хавар аман хэлцэл хийсний үндсэн дээр дээрх гэрийн ком тавилгыг нийт 5.200.000 төгрөгөөр худалдаж, авч өгөлцсөн бөгөөд тавилгын үнийг мөн оны 10 сарын 01, 12 сарын 01-нд хувааж / хх 5 тал- нэхэмжлэх / төлөхөөр тохиролцсоны дагуу хариуцагч А.******* нь тавилгын үнийн зарим хэсэг болох 1.400.000 төгрөгийг 2020 оны 10 сарын 22-нд төлсөн /хх-ийн 22-24 тал банкны шилжүүлэг /, мөн уг тавилгыг *******оос худалдан авч гэртээ аваачиж угсарч тавьсан тухай зохигчийн нэхэмжлэл, тайлбар, гэрэл зураг, хэргийн 5, 23 -24 , 33-41 дүгээр талд авагдсан нэхэмжлэх, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байхаас гадна А.******* нь сөрөг нэхэмжлэл болон тайлбартаа ... ком тавилга нь 1 ширхэг толь дутуу, зарим газар нь халцарсан, төлбөр төлөх боломжгүй, мөнгө байхгүй, бидний хооронд бичгийн гэрээ хийгдээгүй, хэл амтай эд зүйлийг авахгүй хэмээн тайлбарлаж, маргаж байгаа боловч энэ байдлаа буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтгүй, мөн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг няцааж буюу үгүйсгэсэн нотлох баримтгүй, хавтаст хэрэгт энэ тухай баримт алга байна.

Мөн А.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан .../хх-ийн 22-24, 33-41 тал/ банкны мөнгөн шилжүүлэг, ком тавилгын гэрэл зураг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримт гаргасан боловч энэхүү баримтууд нь түүний сөрөг нэхэмжлэлийн ... Б.*******оос 1.400.000 төгрөгийг буцаан гаргуулж, тавилгыг буцаан өгөх ... гэсэн шаардлагыг нотлоогүй, харин үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт байна гэж дүгнэв.

Дээрх үйл баримт хийгээд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэн хууль зүйн талаас нь дүгнэхэд; талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан ... худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд мөн хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д зааснаар ... гэрээний үнийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бөгөөд энэхүү үнийн хэмжээн дээр талууд маргаангүй байна.

Харин гэрээний зүйл болох ... гэрийн ком тавилгын чанар, тоо хэмжээний талаар хариуцагчаас ... ширээний нэг толь дутуу, тавилга зарим газраа будаг шалбарч ховхорсон хэмээн маргаж байгаа боловч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар ... худалдагч баталгаат хугацаа тогтоогоогүй бол эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор эд хөрөнгийн доголдлын талаар 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй боловч мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар ... худалдан авагч нь эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан нь шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх бөгөөд мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар ...гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм.

Мөн А.*******ийн дээрх сөрөг нэхэмжлэлд дурдагдсан ... төлсөн мөнгөө эргүүлэн авах, тавилгыг буцаан өгөх гэсэн шаардлагын дагуу тэдний хооронд байгуулагдсан аман хэлцлийн хууль зүйн хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийхэд Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлд заасан ...хэлцэл хүчин төгөлдөр бус байх, хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл байхгүй гэж үзнэ.

Учир нь; Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1-д зааснаар ... хэлцлийг талууд амаар тохиролцон хийснээс гадна хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон нь мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ... талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэхийн сацуу Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар ... үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч Б.*******ийн ... А.*******ээс 5.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн төлсөн гэх 1.400.000 төгрөгийг хасч, үлдэх 3.800.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.400.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 98.150 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3.800.000 төгрөгт тохирох тэмдэгтийн хураамж болох 75.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 57, 59 дэх хэсэгт тус тус зааснаар А.*******ээс 3.800.000 төгрөг гаргуулж Б.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.400.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Б.*******оос ...1.400.000 төгрөг буцаан гаргуулж, ком тавилгыг буцаан өгөхөөр А.*******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98.150 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 75.750 төгрөг гаргуулж Б.*******т олгож, мөн А.*******ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 98.150 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН