| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2024/0068/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/238 |
| Огноо | 2024-02-22 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж, шүүгч М.Мөнхбаатар, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
улсын яллагч Д.Ганчимэг,
иргэдийн төлөөлөгч С.Цэцэгмаа,
хохирогч ***, өмгөөлөгч С.Чинзориг,
гэрч ***, ***,
шүүгдэгч ***, өмгөөлөгч С.Ичинхорлоо, Ц.Жавхлантөгс нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт ***г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 15, 22-ны өдрүүдэд хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***ийн *** (регистрийн дугаар ***), 19*** оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт, Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Хэргийн товч агуулга: *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод иргэн ***той маргалдан толгойн тус газарт заазуураар цохисны улмаас түүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
1.1 Шүүх хуралдаанд шүүгдэгч *** “...Манай эхнэр төрсөн өдөр гээд нэг шил архи авсан байсан. Би ***ыг архи уудаггүй гэж боддог байсан. ***, *** хоёроос архи уух уу гэж асуусан чинь энэ хоёр ууя гэсэн. Тэгээд бид гурав нэг шил архи хувааж уусан. Улсын яллагчийн хэлж байгаа үйл явдал болсон. Энэ дээр маргахгүй байна. ***ын хэлсэн үгийг даахгүй өөрийн хяналтаа алдаж хүнийг ийм болгосондоо маш их харамсаж байна” гэв.
1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 465А дугаар яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан гэрч ***, ***, ***, хохирогч *** нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1867 дугаартай дүгнэлт (1-р хавтаст хэргийн 18-22, 26-35, 83-85, 211-215 дугаар хуудас)”,
- өмгөөлөгч С.Ичинхорлоо “гэрч ***ыг мэдүүлгүүд, ***гээс хохирогчид өгч байсан тооцооны баримтууд (1-р хавтаст хэргийн 30, 43-57, 206, 232-234 дугаар хуудас, шинээр хохирол төлбөр төлсөн талаарх 9 хуудас баримт)”,
- өмгөөлөгч С.Чинзориг “гэрч *** болон хохирогчийн мэдүүлэг, хохирлын баримтууд, шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 31, 27-29, 61-73, 75-76, 80, 97, 197 дугаар хуудас, шинээр хохирлын талаарх 31 хуудас баримт)”,
- Шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар “байхгүй” гэцгээв.
1.3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод иргэн ***той маргалдан толгойн тус газар нь заазуураар цохисны улмаас түүний биед “баруун зулай, дух ясны хугарал, баруун тал бөмбөлөгт зулай дэлбэнд няцрал, субарахнойдаль зай, дух, зулайд хатуу бүрхүүл дээрх цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулахдаа зэвсэг хэрэглэж үйлдсэн” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
1.3.1 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч ***ын “... 2022 оны 12-р сарын 10-ны орой танил ***ийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод *** гэх хүнд машины аккумлятор хүргэж өгөөд машиныг нь асаах гэж очсон. Бид гурав хамтраад машин асаах гэсэн боловч асааж чадаагүй. Гэтэл гаднаас ***гийн эхнэр *** манай нөхрийн төрсөн өдөр байгаа гэж хэлээд нэг шил архи барьчихсан орж ирсэн. Бид дөрөв хамт тухайн архийг хувааж уугаад дахин архи авахаар бид дөрөв дэлгүүр явсан. Тэгээд гэрт нь очиж архи уусан юм. Би архи бага уудаг тул сүүлдээ согтоод юу болсныг санахгүй байна. Нэг ухаан ороход ***ийн хамт гэр рүүгээ машинтай явж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 8-9 дүгээр тал),
- Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт “бид нар хоёр шил архи уусан. Би тасарчихсан байсан. Энэ хүнд зодуулснаа ч мэдээгүй. Нэг ухаан ороход цустайгаа холилдсон байсан. Тэр дор нь түргэн дуудсан бол би ийм байдалтай байхгүй, *** намайг тэр гэрээс авч гарсан. 80.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Би 1 жил гаруй хугацаанд хэвтрийн байдалтай байсан” гэв.
- 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдийн хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас),
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***ийн “...2022 оны 12-р сарын 10-ны өдөр нөхөр ***, *** гэдэг хүнтэй гэрийнхээ хашаанд гагнуур хийж байгаад зүс таньдаг хүнийд очиж машиныг нь янзална гээд явсан. Тэгээд 20 цаг 30 минутын үед гэртээ ***тэй цуг орж ирсэн. Манай нөхрийн нүүр, толгой, нуруу хэсгээс цус гарчихсан байхаар нь 103 түргэн тусламж, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),
- Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч *** “Тархины хүнд гэмтэл авсан. Хоёр удаа хагалгаанд орсон. *** эмчилгээний зардалд зохих хэмжээний мөнгө өгч байсан. Одоо манай нөхөр хөдөлмөрийн чадваргүй, байнгын хараа хяналт, асрамжид байдаг. Зүүн талдаа саажилт явагдсан. Тухайн үед 15 цаг 50 минутын орчим ***гийн машиныг янзалж өгөх гэж гэрээс гарч явсан. Орой 20 цаг 30 минутын орчимд ийм байдалтай ирсэн” гэв.
- Гэрч ***ийн “...2022 оны 12-р сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод амьдардаг зүс таних ***оор усны тэрэг гагнуулахаар очсон. ***ын гар утас руу *** гэх залгаад машин асаагаад өг гэж хэлсэн. Би ***ын хамт машинд сууж Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод амьдардаг *** гэх айлд 17 цагт очиж машиныг нь асуух гэж оролдсон боловч машин нь асаагүй, *** гаднаас ирэхдээ 0,75 литрийн хараа нэртэй архи авчирсан. ***гийн эхнэрийн төрсөн өдөр гээд бид нар уг архийг хувааж уусан. Тэгээд бид дөрөв хамт хутаг руу усанд явж замаараа дэлгүүрээс дахин 1 шил архи 0,75 литрийн хараа архи авсан. ***гийн гэрт ирж архийг хувааж уугаад дуусах дөхөж байхад ***гийн эхнэр гэх эмэгтэй гэртээ тамхи татсан. Гэтэл *** эхнэртээ уурлаж чи гэрт тамхи татлаа тамхинаас гар гэж хэлж уурласан. Энэ үед *** ***д хандаж хааяа нэг тамхи татахад яадаг юм гэж хэлэхэд *** чи миний эхнэрийг өмөөрдөг хэн бэ гэж уурлаад гал тогооны шүүгээнээс ногоон өнгийн иштэй заазуураар ***ын толгой болон мөр хэсэгт зүссэн. Би ***гийн заазууртай гараас барьж булаацалдаж байгаад заазуурыг нь салгаж гадаа гаргаж гэрийн хойно хаясан. Буцаж гэрт орж ирэхэд ***ын толгойноос цус гарч байсан. Би ***ыг дагуулаад гэрт нь хүргэж өгсөн...”,
“...тухайн өдөр ***гийн эхнэр гэрт тамхи татсанаас болж тэр хоёр маргалдсан. Хэсэг хугацаанд маргаж байгаад ***ын толгой руу гараараа хоёр удаа цохиход газар унаж босож ирсэн. Энэ хооронд *** гал тогооны шүүгээ рүү очиж заазуур аваад ***ын толгой хэсэг рүү нэг удаа цохисон”гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 27-28, 210-212 дугаар хуудас),
- Гэрч ***ын “...2022 оны 12-р сарын 10-ны орой таксигаар гэртээ ирсэн. Тэр өдөр миний хамтран амьдрагч ***гийн төрсөн өдөр байсан болохоор хоол, бэлэг, 1 шил хараа архи аваад гэрт очсон. Манайд *** гэх хүн, нэг үл таних эрэгтэй хүний хамт манай хашаанд машин янзлаад байж байсан. Тэгээд нөхрийн төрсөн өдөр болж байсан учраас хоол цай бэлдсэн. Тэгээд тэр гурав архи уусан. Би муу ус асгах гээд гарахад *** гадаа бие засаад зогсож байсан. Над руу ирээд бид хоёр тамхи татсан. Энэ үед *** танай нөхөр чинь чамайг хоногоор банзалдаад явсан гэж ярьсан шүү гэж хэлэхэд би тэгж явдаг хүн мөн үү гэж хэлээд бид хоёр гэрт орсон. Миний авчирсан архийг ууж дуусгаад бид нар хутаг руу ус авангаа дахин нэг шил архи авсан. Гэрт ирж авчирсан архи уусан. Манай нөхөр ***од эхнэр бид хоёр хоорондоо муудалцаад байдаггүй, хааяа тамхинаас болж үглэдэг гэж хэлтэл *** 50 гарсан энэ шар чавганц яаж ч явсан яадаг юм тамхиа татвал татна л биз хүн амьтантай явалдсан ч яадаг юм гэж хэлсэн. Би гэнэт уур ***од чи одоо юу яриад байгаа юм бэ айлд орж ирээд аяга хоол унд идэж чадахгүй гэр бүлийн хооронд яс хаяад янз бүрийн юм яриад байх юм, чи түрүүн гадаа байхдаа танай нөхөр чинь чамайг хоногоор гадуур банзалдаад явсан гэж хэлсэн, би ажил төрөлтэй явсныг манай нөхөр мэдэж байгаа гэхэд *** бид хоёр амьдрах гэж яаж яваа ажлаа хийж явахад би юу гэж тэгж хэлэх билээ, чи ер нь түрүүнээс хойш намайг янз бүрээр хэллээ зөндөө тэслээ шүү гэж хэлтэл *** нөхрийн урдаас гараа далайгаад босож ирсэн. Энэ үед би гаднаас хүн дуудах гээд гарсан. Буцаж гэрт ортол ***ын толгойноос цус гарсан байдалтай сууж байсан. Би юу болсон бэ гээд ***ын толгойноос гарсан цусыг арчиж өгсөн *** ийм юм боллоо гэж хэлсэн. Тэгээд ***ын хамт явсан үл таних хүн аваад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 1867 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ***ын биед баруун зулай, дух ясны хугарал, баруун тал бөмбөлөгт зулай дэлбэнд няцрал, субарахнойдаль зай, дус, зулайд хатуу бүрхүүл дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 88-90 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, оролцогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж Шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч *** нь хохирогч ***ын баруун зулай хэсэгт заазуураар нэг удаа цохисон идэвхтэй үйлдэл нь илтэд хууль бус бөгөөд тэрээр өөрийнхөө үйлдлийг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, улмаар баруун зулай, дух ясны хугарал, баруун тал бөмбөлөгт зулай дэлбэнд няцрал, субарахнойдаль зай, дус, зулайд хатуу бүрхүүл дээрх цусан хураа гэмтэл учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний биед хүнд хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэх шинжийг бүрэн хангасан, эрүүгийн хуулийн өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч *** нь хэргийн үйл баримт, учруулсан хохирлын талаар маргаагүй ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч оролцсон, түүний өмгөөлөгчид нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Иргэдийн төлөөлөгч С.Цэцэгмаа нь шүүгдэгч ***г хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзсэн бөгөөд түүний санал, дүгнэлт нь шүүхийн шийдвэртэй зөрүүгүй байсан тул шүүх бүрэлдэхүүн тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс “...гэмт хэргийн зүйлчлэл тохироогүй, хүнийг санаатай алахыг завдсан...” гэх дүгнэлтийг танилцуулав.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй буюу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч ***ийн “...*** заазуур аваад ***ын толгой хэсэг рүү нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг (1хх210-212), Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 1867 дугаартай дүгнэлтэд “***ын биед баруун зулай, дух ясны хугарал, баруун тал бөмбөлөгт зулай дэлбэнд няцрал, субарахнойдаль зай, дус, зулайд хатуу бүрхүүл дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (1хх88-90), гэрч ***ын “...гэрт ортол ***ын толгойноос цус гарсан байдалтай сууж байсан...” гэх мэдүүлэг (1хх29-32) зэрэг нотлох баримтын эх сурвалж бүхий баримт сэлт, мэдээлэлтэй харьцуулж, магадлан шалгахад тухайн нөхцөл байдалд шүүгдэгч *** нь зориуд санаатай хүнийг алах гэмт хэргийг завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн байна.
Эрүүгийн хуульд хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохироход чиглэсэн санаатай үйлдэл /эс үйлдэхүй/ хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг ба ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь тогтоогдоогүй нөхцөлд шалтгаант холбоо байхгүй, тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл, шалгуур шинж хангагдаагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж хохирогчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн аваагүй болно.
1.3.2 Хохирол, хор уршиг.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хүнд хохирол учирч мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 3.757.412 төгрөгийг баримт (1хх60-73,155-157)-аар, шүүхийн шатанд 930.337+2.716.200 төгрөг /нэмэлт/, ажилгүй хугацаанд олох байсан орлого 80 сая төгрөгийг нэхэмжилсэн.
Шүүгдэгч ***гээс 2022 оны 12-р сарын 13-наас 2023 оны 07-р сарын 06-ны өдрийн хооронд бэлэн болон дансаар, эм тариа бусад хэрэгцээт зүйлс авч өгсөн талаарх баримт тооцоо /1хх43-55,240-244, шинээр гаргаж өгсөн баримт/-гоор нийтдээ 6.322.412 төгрөгийг хохирогчид төлсөн байна.
Шүүхээс хохирогчийн гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ дээрх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан эсэх, төлж барагдуулсан цаг хугацааг нэг бүрчлэн шалгаж, шүүгдэгчийн төлсөн нийт төлбөрийг хохиролд оруулан тооцож, харин 2023 оны 08-р сарын 11-ны өдөр Идэрмэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 851.000 төгрөг, Ачит эх эмнэлэгт 2023 оны 12-р сарын 11-ний өдрөөс хэвтэн эрүүл мэндийн үйлчилгээ авсан төлбөр 510.000 төгрөг /нийт 1.361.000/-ийг тус тус шүүгдэгч ***гээс гаргуулан хохирогчид олгож, үлдэх 1.355.200 төгрөг /Чан шэн жэ аппарат худалдан авсан/ болон ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 80 сая төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Учир нь ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлогыг хангалттай тогтоосон баримтгүй /хувиараа хөдөлмөр эрхэлж, сардаа тогтмол хэдэн төгрөгийн орлого олдог, хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоож, хэдэн төгрөгийн тэтгэмж авдаг эсэх, Чан шэн жэ аппаратыг хаанаас хэдэн төгрөгөөр худалдан авсан талаарх/, энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хамааралтай эсэхийг шүүх өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, тодорхой тооцоолол хийх боломжгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй юм.
Шүүгдэгч, өмгөөлөгч нараас “хохирол төлбөр төлөх завсарлага авах хүсэлт” гаргасныг Шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2024 оны 02-р сарын 22-ны өдрийг хүртэл завсарлуулж, шүүгдэгч ***гээс 2024 оны 02-р сарын 21-ний өдөр 1.361.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн тул түүнийг энэ тогтоолоор хохирогч ***од төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч ***ын эмчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд 7.476.770 төгрөг зарцуулсан талаарх баримт (1хх14-15,194-196) хэрэгт авагдсан ба Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувд-Эрдэнээс “...дээрх тусламж, үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулан Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (1хх200-201)-ийг өгсөн, 2024 оны 01-р сарын 16-ны өдөр шүүгдэгчээс бүрэн төлж барагдуулсан тул иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, өмгөөлөгч нар “...сэтгэл санааны хохирлыг жич нэхэмжилнэ” гэсэн болохыг тэмдэглэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ***д 06 жил 03 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байгаа, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэх дүгнэлтийг,
Хохирогчоос “...эмчилгээний зардлаа төлүүлмээр байна. Өөр хэлэх зүйлгүй” гэх саналыг гаргав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх115)-аар *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдан, улмаар зэвсэг хэрэглэж хүнд хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, цаашид ерөнхий хөдөлмөр чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарах талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан), шүүгдэгчийн хувийн байдал (19*** онд төрсөн, *** настай, тэтгэвэрт, Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суудаг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, цаашид гарах хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4[1] дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***д 03 жил 05 сарын хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг дээр дурдсан шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон.
Ингэхдээ дээрх хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан буюу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж, тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хорих ялыг шүүх бүрэлдэхүүн оногдуулсан нь шударга ёс болон гэм буруугийн зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг заазуур /ногоон өнгийн 11 см иштэй, 16,5х8,5см хэмжээтэй ажлын хэсэгтэй/-ыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***д гурван жил таван сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, шүүгдэгч *** нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хохирогч ***ын ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 80 сая, 1.355.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялын хугацааг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР
ШҮҮГЧ М.МӨНХБААТАР
ШҮҮГЧ Ц.УРАНГУА
[1] энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах;