Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/234

 

 

 

 

 

 

 

     

     2024             02             22                                               2024/ШЦТ/234

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***ийн *** (регистрийн дугаар ***), 19*** оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, *** дүүргийн *** хороо, *** гудамж *** байрны *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.   

 

Хэргийн товч агуулга: *** нь 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** төвийн эсрэг талын нийтийн байрны хажууд ***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

    1. Шүүх хуралдаанд шүүгдэгч *** “мэдүүлэг өгөхгүй” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1091 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 9-10, 15-16, 21, 23-24, 50, 55-56, 58 дүгээр хуудас)",

- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй" гэв.

1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах *** төвийн эсрэг талын нийтийн байрны хажууд хохирогч ***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч ***ын “2023 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 06 цагийн орчим ***ийн машинд ***, ***, *** бид 5 пиво уунгаа ярилцаж суусан. Би “Миний сэтгэл санаа хэцүү байна, байгальд хэсэг сууя” гэж гуйхад *** “Үгүй, найзуудтайгаа гэр рүү орж унтъя” гэсэн. Би “Нийтийн байр учраас олон хүмүүс цуглуулж болохгүй, хүмүүс унтаж байгаа учраас найзуудаа явуулаад хоёулаа амаръя” гэсэн. Машинаас бууж урд талын гудамж руу ороод *** над руу зандарч уурласан. Миний цээж, хэвлий, нүүр толгой хэсэг рүү гараа атгаж цохисон. Хөл рүү өшиглөж үсдэж чирэх үедээ баруун гар дээр гишгэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),

- Гэрч ***гийн “*** “Голын чимээ сонсоод байгальд сууя” гэхэд *** бид хоёр эсэргүүцсэн. *** “Гол орох нэг нь оръё, амрах нэг нь амаръя” гээд түлхүүрээ өгөхөөр нь тэдний түрээсийн байранд орж 30 минут орчим унтсан. Нийтийн байрнаас гарахад ***гийн хувцас нь шавар болж үс нь арзайсан зогсож байсан. *** нь “***, *** хоёр муудалцаад би салгалаа” гэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 9395 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ***ын биед баруун алганы шивнүүр ясны хугарал, зүүн тохой, шуу, зүүн өвдөгт зулгаралт, хүзүүнд цус хуралт, баруун чамархай, хөхлөг сэртэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл *** нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, иргэн ***ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тиймээс шүүгдэгч ***г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *** нь “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй”-г дурдаж, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасныг шүүх хүлээн авсан болохыг тэмдэглэх нь зүйтэй юм. 

 1.4 Хохирол, хор уршиг.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ын биед хүндэвтэр хохирол учирсан ба тэрээр эмчилгээ эрүүл мэндтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, шүүхээс хуралдааныг товыг мэдэгдэхэд “...оролцохгүй, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх тайлбарыг өгсөн тул шүүгдэгч ***г энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч ***ын эмчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд нийт 161.000 төгрөгийг зарцуулсан (хавтаст хэргийн 50 дугаар хуудас) баримт авагдсан ба Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрыг иргэний нэхэмжлэгчээр мөрдөгч тогтоож, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувд-Эрдэнээс “...гэмт хэргийн улмаас *** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 161.000 төгрөгийн зардал гарсан болох нь манай газрын 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 484 дугаартай албан бичгээр гарсан тул дээрх тусламж, үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулан Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас)-ийг өгсөн байна.

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутайд этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай тул дээрх баримтын хүрээнд шүүгдэгч ***гаас 161.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.

Шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт “төлж барагдуулахаа илэрхийлж байна. Завсарлага авах шаардлагагүй...” гэх хүсэлт гаргасан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...”, шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч байна, төлбөрийг барагдуулна” гэсэн дүгнэлтийг тус тус танилцуулав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас)-аас үзэхэд шүүгдэгч *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх дүгнэлттэй), шүүгдэгчийн хувийн байдал (19*** онд төрсөн, *** настай, тодорхой ажил хөдөлмөр эрхэлж, орлого олдог талаарх баримт хэрэгт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулан эрэн сурвалжлагдаж байсан, *** дүүргийн *** хороо, *** гудамж *** байрны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч оршин суудаггүй талаарх мөрдөгчийн илтгэх хуудастай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2391 дүгээр захирамжаар “шүүгдэгч ***г хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулан шүүхээс дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, оргон зайлсан” гэх үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2024 оны 02 дугаар сарын 09-ны өдөр эрэн сурвалжилж олж тогтоон Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “цагдан хоригдсон нэг хоногийг...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар...тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу шүүгдэгч ***гийн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 13 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож (13хоног х 8цаг = 104цаг, 500цаг - 104цаг = 396цаг), эдлэх ялаас хасаж, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд сануулж, шүүгдэгч ***д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авав.

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго (ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой)-ыг хангасан тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ шүүгдэгчийн хувийн байдал /дээр дурдсан/-д хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн ялыг шүүхээс оногдуулсан тул улсын яллагч болон шүүгдэгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн цагдан хоригдсон нийт арван гурав хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 396 /гурван зуун ерэн зургаа/ цагийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *** нь оногдуулсан ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын  тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***гаас 161.000 /нэг зуун жаран нэгэн мянган/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

6. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч ***д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас нэн даруй сулласугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БЯМБААБААТАР