Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/241

 

 

 

 

 

 

 

     

      2024            02            23                                               2024/ШЦТ/241

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч ***,

хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***ийн *** (регистрийн дугаар ***), 19*** оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суух, урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.    

 

Хэргийн товч агуулга: *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** гудамжны **** тоотод оршин суух ***гийн хашааг давж нэвтэрч 725.000 төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

    1. Шүүх хуралдаанд шүүгдэгч *** “мэдүүлэг өгөхгүй” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 936 дугаар яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт (хавтаст хэргийн 11-12, 17-19, 27-34, 35-41, 43-45 дугаар хуудас),

- Шүүгдэгч болон хохирогч нараас “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суух ***гийн хашааг даван орж 725.000 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***гийн “2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр өөрийн хашаанд байх чингэлэгт байсан шатыг хэрэглэх гээд хайгаад олоогүй. Хяналтын камер шүүж үзэхэд манай дэлгүүрийн хойно архи уудаг хүн хашаа даваад орж ирсэн байсан. Мөн хашаанд байсан нэг ширхэг машины дугуй, чингэлэгт байсан 1 ширхэг обуд, цагаан өнгийн таван үетэй япон шат нэг ширхэг зэргийг хулгайлж авч байгаа бичлэг байсан. Манай дэлгүүрийн орчим архи уугаад явж байдаг хүн байгаа юм. Хохирлоо төлүүлмээр байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),

- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** “...тухайн үед аав гэрт, би дэлгүүртээ сууж байсан. Манай хашаа давах гэж байхад би камераар хараад үеэлтэйгээ хамт очсон. Тэгээд бид нар хяналтын камерын бичлэгээ нэг сараар шүүж үзэхэд 4-5 удаа манай хашаа руу нэвтрэх гэж оролдсон байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэв.

- Гэрч ***ийн “2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоот манай хашааг үл таних согтуу эрэгтэй хүн давах гэж байхаар нь хашаагаа тойроод очтол явчихсан байсан. Хашаан дотор байдаг барилгын материал болон бусад бараа, эд зүйлээ хадгалдаг контейнераа шалгаж үзтэл барилгын япон шат, автомашины 16-тай хайлшин дугуй 1 ширхэг, приус авто машины хайлшин обудтай дугуй 1 ширхэг алдагдсан. Манайх барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг. Өдрийн цагаар би өөрөө байдаг болохоор цоожилдоггүй. Гэрийнхээ хяналтын камерыг шүүж үзэхэд 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 34 минутад үл таних эрэгтэй хүн хашаа даваад контейнераас дээрх эд зүйл хулгайлж байгаа нь бичигдсэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 27-34 дүгээр хуудас),

 - Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн “...2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 20 цаг 5 минут 21 секундэд цагаан өнгийн пудволктай түүний гадуур хар өнгийн хүрэмтэй, хар өнгийн гуталтай 160-165 см орчим эрэгтэй хүн гэрийн хажууд алхаж байна. 20 цаг 5 минут 29 секундэд тээврийн хэрэгслийн обудтай дугуйг өнхөрүүлж хашааг давуулан зам хөндлөн гарч байгаа харагдав...мөн цагаан өнгийн угсардаг шат, тээврийн хэрэгслийн обудыг хашаа давуулан гарч байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 35-41 дүгээр хуудас),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 528 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр “...япон шат 1 ширхэг 550.000 төгрөг, приус 20 машины 1 ширхэг обудтай дугуй 75.000 төгрөг, 16-тай 1 ширхэг хайлшин обуд 100.000 төгрөг, нийт 725.000 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүйгээс гадна, иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар хуульчилж өгсөн байдаг.

Хүний орон байрны халдашгүй байдал буюу хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, эсхүл онгорхой байхад нь аливаа байдлаар сэм орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах нь гэмт этгээдийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай бөгөөд уг гэмт хэргийн тухайд тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хохирогчийн эд зүйлсийг авч буй шүүгдэгч ***гийн үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдаж, хохирогч ***гийн тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч 725.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэх шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгч ***г тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг гаргасан, шүүх хуралдаанд тэрээр “хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч оролцсон” болно.

1.4 Хохирол, хор уршиг.

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутайд этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай тул дээрх баримтын хүрээнд шүүгдэгч ***гоос 725.000 төгрөгийг гаргуулан хохирогч ***д олгож шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хохирлыг гаргуулж олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч ***гоос “хохирол төлөх завсарлага авах хүсэлт”-ийг шүүх хуралдаанд гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэж, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулсан.

Учир нь ***гийн хувийн байдлын тухайд тодорхой эрхэлсэн ажилгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд эсхүл шүүх хуралдаан эхлэхээс өмнө тэрээр бусдад учруулсан хохирлыг өөрийн санаачилгаар сайн дураар төлж барагдуулаагүй, дээрх амлалт нь түүний санхүүгийн чадавх, эд хөрөнгийн байдал, төлбөрийн чадварыг тодорхойлсон нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно. 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 03 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”, шүүгдэгчээс “...хорих ялыг багасгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийдвэрийн хуулбар, холбогдох баримт (хавтаст хэргийн 86-87, 91-92, 95-104 дүгээр хуудас) зэргээс үзэхэд шүүгдэгч *** нь урьд Цэргийн тусгай шүүхийн 1990 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 61 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 2-т зааснаар 03 жилийн хорих ял,

- Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 1992 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 5/23 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 11 сарын хугацаагаар хорих ял,

- Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 313 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 268 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1-т зааснаар 25.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж тус тус дуусгавар болсон байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр бусдын тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч эд хөрөнгийг хулгайлан авсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, хохирлыг төлж барагдуулаагүй), шүүгдэгчийн хувийн байдал (19*** онд төрсөн, *** настай, тодорхой ажил хөдөлмөр эрхэлж, орлого олдог талаарх баримт хэрэгт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулан эрэн сурвалжлагдаж байсан, урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгэж, шүүгдэгчийн хувийн байдалд үнэлэлт өгч нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэв.

Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 113 дугаар захирамж (хавтаст хэргийн 119-120 дугаар хуудас)-аар шүүгдэгч ***д “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр эрэн сурвалжилж олж тогтоон Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ***гийн цагдан хоригдсон нийт 07 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “хоёр жилээс найман жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан ба эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг (ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой) хангасан тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ шүүгдэгчийн хувийн байдал /дээр дурдсан/-д хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн ялыг шүүхээс оногдуулсан тул шүүгдэгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

 

Эрүүгийн 2308019431316 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээр болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***д гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***гийн цагдан хоригдсон долоон хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***гоос 725.000 /долоон зуун хорин таван мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч ***д олгосугай. 

6. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээсэн болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БЯМБААБААТАР