| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 159/2024/0052/З |
| Дугаар | 221/МА2026/0692 |
| Огноо | 2026-09-24 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2026/0692
Д*******-Уул аймгийн сум дундын ойн ангийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Зоригтбаатар
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Нэхэмжлэгч: Д*******-Уул аймгийн сум дундын ойн анги
Хариуцагч: С аймгийн Ерөө сумын Засаг дарга, С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Гуравдагч этгээд: Т ХХК
Давж заалдах гомдол гаргасан оролцогч: Хариуцагч: С аймгийн Ерөө сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, өмгөөлөгч Б.Б, С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Ө.Э
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
С аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0016 дугаар.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, Б.С, хариуцагч С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б болон түүний өмгөөлөгч Ө.Э, хариуцагч С аймгийн Ерөө сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эр
Хэргийн индекс: 159/2024/0052/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д*******-Уул аймгийн сум дундын ойн ангиас анх С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ойн санг гэрээгээр эзэмшүүлэх тухай 46 дугаар тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар тогтоол, С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг батлах тухай 123 дугаар тогтоол, С аймгийн Ерөө сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Ойгоос мод бэлтгэх тухай А/08 дугаар захирамжуудын Т ХХК-д холбогдох, Д*******-Уул аймгийн Х сумын хилийн цэст хамаарах Б ам гэх газарт мод бэлтгэсэнтэй холбоотой хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргажээ.
2. С аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0016 дугаар шийдвэрээр:
Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6, 18.2.7, 32.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 33 дугаар зүйлийн 33.1, 35 дугаар зүйлийн 35.1.13, 59 дүгээр зүйлийн 59.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 123 дугаар тогтоол, С аймгийн Ерөө сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийн Т ХХК-д гэрээгээр эзэмшүүлсэн 112, 116, 165 дугаар хэсэглэлд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Хариуцагч: С аймгийн Ерөө сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, өмгөөлөгч Б.Б нар давж заалдах гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 123 дугаар тогтоол, С аймгийн Ерөө сумын Засаг даргын 2024 оны 01 сарын 15 өдрийн А/08 дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосон хэсэг /шийдвэр/ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2. "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэж заасан хуулийн шаардлагад нийцээгүй гэж бид үзэж байна. Тодруулбал:
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 24 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2023 оны 11 сарын 08 өдрийн 02 дугаар дүгнэлт, Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 12 дугаар сарын 27 өдрийн 1/4823 тоот албан бичгээс цаг хугацааны хувьд хойш гарсан С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 123 дугаар тогтоол, С аймгийн Ерөө сумын Засаг даргын 2024 оны 01 сарын 15 өдрийн А/08 дугаар захирамжийн Т ХХК-д гэрээгээр эзэмшүүлсэн 112, 116, 165 дугаар хэсэглэлд холбогдох хэсэг нь илт хууль бус захиргааны акт гэх агуулгаар дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх шийдвэрийнхээ үндэслэл болсон дээрх 02 дугаар дүгнэлт болон 1/4823 тоот албан бичгүүд хариуцагч нарт хэзээ хүргэгдсэн, хариуцагч нар хэдийд мэдсэн талаарх нотлох ажиллагааг хэрэгжүүлээгүй атлаа хариуцагч нарыг ийнхүү буруутган дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.1 34.3 дахь хэсгүүдэд заасан зохицуулалтад нийцээгүй байна. С аймгийн Ерөө сумын Засаг даргын 2024 оны 01 сарын 15 өдрийн А/08 дугаар захирамжийн 8 заалтаар Бэлтгэх модны төрөл, хэмжээ, мод бэлтгэлийн хяналт, ойжуулалтын ажлын хяналт, хөдөлмөр хамгаалалтын хяналт, хөнгөлөлттэй үнээр борлуулах, ойжуулалтын хэрэгжилтийг хангуулах, тээвэрлэлтийн хязгаарлалт, ойн нөөцийг үр ашигтай ашиглах, эцсийн бүтээгдэхүүн болгоход бодлогоор дэмжих, орлогыг төсөвт төвлөрүүлэх асуудлыг шийдвэрлэснээс бус иргэн, хуулийн этгээдэд нутаг дэвсгэр заан олгож тэр дундаа Т ХХК-д 112, 116, 165 дугаар хэсэглэлээс мод бэлтгэхээр зохицуулаагүй байхад тухайн захиргааны актаар шийдвэрлээгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд 8 заалт бүхий захиргааны акт бүхэлдээ эсхүл аль заалт хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан шинжийг агуулж буйг тодорхой дүгнээгүй атлаа илт хууль бус акт гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Хэргийг хянан хэлэлцсэн 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ба өөрчилсөн шаардлагыг шүүхээс хуралдаанд оролцсон талуудад танилцуулж, тэдгээрийн хооронд нэхэмжлэлийн өөрчлөгдсөн /шинэ/ шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд мэтгэлцэх зарчим хэрэгжсэн боловч шүүх мэтгэлцээн өрнөөгүй, талуудын мэтгэлцээгүй асуудлаар шийдвэр гаргасан нь үндэслэлгүй бөгөөд үүнийгээ Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 30 дугаар тогтоолоор үндэслэж зөвтгөсөн агуулгатай дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь хэсэгт заасан ".. шаардлагад ... тайлбар өгөх" замаар мэтгэлцэх хариуцагчийн эрхийг зөрчсөн. Түүнчлэн дүгнэлтийнхээ үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамаарна гэж дүгнэхдээ энэ талаарх хуулийн зохицуулалтыг тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 30 дугаар тогтоолыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон гэж бид үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.2. С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Ө.Э давж заалдах гомдолдоо:
Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас хэтэрсэн талаар,
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаар тогтоол, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 123 дугаар тогтоол, С аймгийн Ерөө сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийн "Т" ХХК-д холбогдох хэсэг нь Д*******-Уул аймгийн Х сумын нутаг дэвсгэрт хамаарах Бичигт хадны бөөр ам гэх газарт мод бэлтгэхийг зөвшөөрсөн нь хариуцагч хуульд заасан нутаг дэвсгэрийн бүрэн эрхийн хүрээнээс хэтэрч гаргасан эдгээр захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль бус байсан болохыг тогтоолгох (Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3) болгон өөрчилсөн.
Гэвч шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.3-д "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актуудын үйлчлэл хэрэгжиж дууссан, газрын мэдээллийн нэгдсэн санд тухайн газрын харьяаллын бүртгэлд өөрчлөлт орсон, мөн захиргааны актын үр дагаврыг бодитоор хүчингүй болгох боломжгүй болсон гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, дээрх актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилсөн тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэлбэрийн хувьд, ш- 2023 хувьд үнэлэх нь зүйтэй гэж үзсэн болно" гэж дүгнэн үндэслэх хэсгийн 1.4-д Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 30-р тогтоолоор тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг илт хууль бус акт болгон өөрчилж шийдвэрлэсэн.
Тухайн тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3, 106.3.2 болон Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 30-р тогтоолыг буруу тайлбарлаж хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасныг зөрчсөн.
Тус нэхэмжлэлийн хувьд илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч "хууль бус акт байсан болохыг тогтоолгох" болгож өөрчилсөн. УДШ-ын 2023 оны 30 тоот тогтоолд "нэхэмжлэгч нь захиргааны актыг "хүчингүй болгох" нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор "захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох" нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий акт хууль бус, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчсөн нь тогтоогдвол нэхэмжлэгчийн "зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээх" үндсэн зорилгыг хангах үүднээс шүүх уг актыг "хүчингүй болгох" боломжтой, энэ нь "шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан" агуулгад хамаарахгүй" гэж тайлбарласан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1 болон 106.3.2-д заасан шаардлагуудын хооронд шаардлагыг өөрчлөн шийдэх боломжтой гэх тайлбар бөгөөд харин 106.3.3-д заасан шаардлагыг мөн хуулийн 106.3.2 гэж шийдвэрлэх боломжтой гэх тайлбар биш юм.
2. Нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар буруу дүгнэлт хийсэн
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.5-д "Нэхэмжлэгч нь Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д "Сум дундын болон сум, дүүргийн ойн анги нь дараах эрх, үүрэгтэй", 18.3.8-д "аймаг, сумын түвшинд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар явуулж байгаа бодлогыг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох", 18.3.14-д "нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах" гэж заасан чиг үүргийн хүрээнд Д*******-Уул аймгийн Х сумын нутаг дэвсгэрт хамаарах улсын ойн сангийн хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээлт, ойн менежментийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд тус ойн сангийн нутаг дэвсгэрт С аймгийн Ерөө сумын эрх бүхий байгууллага ой ашиглуулахтай холбоотой шийдвэр гаргаснаар хуульд заасан нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шууд нөлөөлөх эрх зүйн үр дагавар үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч нь энэхүү маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхолтой этгээд мөн байна" гэж дүгнэсэн байна.
Тус дүгнэлтийн нутаг харьяаллын талаар дүгнэлт нь бүхэлдээ үндэслэлгүй боловч энэ тухай дараагийн хэсэгт жич дурдана. Харин шүүхийн шийдвэрийн тус дүгнэлт хэсэгт нэхэмжлэгч "Д*******-Уул аймгийн Ойн анги" ОНӨААТҮГ-ын актуудтай холбогдуулж нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж дүгнэхдээ мөн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Тухайн нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийг захиргааны байгууллагаас өөрийн нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэх зөрчигдсөн ашиг сонирхлыг хамгаалах нэхэмжлэл гэж дүгнэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3. "нэхэмжлэл".. хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж" заасан бөгөөд энэ тохиолдолд шүүх хуулийн тухайн заалт дах "хуульд тусгайлан заасан бол" гэж заасан урьдач нөхцөл хэрхэн хангагдсан талаар дүгнэлт хийгээгүй. Зүй нь тус төрлийн нэхэмжлэлийг гаргахын тулд бусад хуулиар тухайн захиргааны байгууллагад шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нэрлэн зааж олгосон байх ёстой. Тийнхүү хуулиар нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй тохиолдолд захиргааны байгууллага захиргааны байгууллагатайгаа захиргааны хэргийн шүүхээр маргах эрхгүй юм. Гэвч шүүх Ойн тухай хуулиас нэхэмжлэгч захиргааны байгууллагын бүрэн эрхийг дурдсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий заалтыг дурдаагүй тийм эрхийг Ойн тухай болон бусад хуулиар "ойн ангид" олгоогүй болно.
3. Ажлын хэсгийн дүгнэлтээр газар нутгийн хилийн дээс өөрчлөгдсөн гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.5-д "Дээр дурдсан хуулийн зохицуулалтыг системчлэн тайлбарлавал Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нутгийн өөрөө удирдах байгууллага болон тухайн шатны Засаг даргын бүрэн эрхийг харьяалах нутаг дэвсгэрийн хүрээгээр тодорхойлж, хэрэгжүүлэхээр хуульчилсан байна. Ойн тухай хуулиар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргад ойн санг гэрээгээр эзэмшүүлэх, ой ашиглуулах, мод бэлтгэх хэмжээ, ашиглах хэсгийг тогтоох, гэрээ байгуулах, мод бэлтгэх зөвшөөрөл олгох зэрэг бүрэн эрхийг олгосон боловч эдгээр бүрэн эрх нь тухайн сумын нутаг дэвсгэрт байрлах ойн сантай холбоотой асуудалд хамаарч хэрэгжинэ. Тодруулбал, өөр аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах ойн сантай холбоотой асуудлаар захиргааны акт гаргах эрх хэмжээг хуулиар олгоогүй байна" гэжээ.
Шийдвэрийн тус хэсэгт С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн "Ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг батлах тухай" 123-р тогтоолыг гаргахдаа өөрийн сумын бус өөр сумын нутаг дэвсгэрт байрлах ойн талаар шийдвэр гаргасан гэж буруутгасан агуулгатай байна
Үүнд шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсгийн 5.1-д "Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 24 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг архивын эх баримт, хилийн цэсийн зураглал, геодезийн хэмжилтийн материал болон газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийг харьцуулан судалж, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр "Хын даваа" эргэлтийн цэгийг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байдал архивын эх баримттай нийцээгүй болохыг тогтоож, архивын эх баримтад үндэслэн сэргээн тогтоох шаардлагатай гэж дүгнэжээ" гэсэн дүгнэлт хийснийг үндэслэл болгожээ
Тухайн дүгнэлтийг хийхдээ шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-д "Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 34.3-д "Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй" гэж заасныг ноцтой зөрчжээ.
Учир нь Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 24 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар дүгнэлт шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт дурдсан агуулгаар гараагүй. Тус дүгнэлтийн дүгнэлт хэсэгт "газар зүйн нэр буюу Хын даваа цэг нь Газар шинэтгэлийн үндэсний хорооны 2018 оны 10 сарын 16-ны өдрийн 03 хуралдаанаар тогтоосон газар зүйн хувьд "даваа" дээр байрлалтай байгаа эргэлтийн цэг нь 1490 29'00,5" 1060 40'42,8I цэгээр байгааг хүлээн зөвшөөрсөн. Харин тус цэг нь архивд хадгалагдаж буй АИТХ-ын 1977 оны 75-р тогтоолын калькан зургаас зөрүүтэй" гэж дүгнэгдсэн. Харин тус дүгнэлтэд "архивын эх баримтад үндэслэн сэргээн тогтоох шаардлагатай" гэх шийдэл огт байхгүй.
Мөн тухайн ажлын хэсгийн дүгнэлт гарснаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс шууд өөрчлөгдсөн гэж дүгнэж буй нь бүхэлдээ үндэслэлгүй юм
Монгол Улсын Үндсэн хуулийн тавиннаймдугаар зүйлийн 2-д "Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална" гэж заасан, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 13.1-д "Аймаг, сум, дүүргийг өөрчлөх асуудлыг тухайн орон нутгийн эдийн засгийн бүтэц, чадавх, хүн амын болон газар зүйн байршил тэдгээртэй холбогдох бусад нөхцөлийг харгалзан тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэж заасан.
Гэтэл хилийн цэсийн тус хэсгийг өөрчлөх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоол огт гараагүй.
Монгол Улсын Улсын Их Хурлын 1994 оны 5-р сарын 6-ны өдрийн "Аймаг, сум байгуулах тухай" 32-р тогтоолын 2 дах заалтаар Хуучин Д******* хотын хороодыг дор дурдсанаар өөрчилж Д*******-Уул аймгийг байгуулсугай. 2.г-д "Х, С******* С******* хорооны нутаг дэвсгэрт Д*******-Уул аймгийн Х сум байгуулж төвийг нь Б******* гэж нэрлэсүгэй" гэж зааж тус тогтоолын 1-р хавсралтын 3 дах заалтаар 3. Х сумын хилийн цэс "Засмал замын 245 дугаар шон, ../, Я*******ын даваа /667.4/, Хын даваа, Б******* уул 1262 4; " гэж тогтоосон бөгөөд тус тогтоол өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа.
Монгол Улсын Их хурлын 1994 оны 32-р тогтоолоор аймаг, сумдын хилийг цэсийг тогтоохдоо газар зүйн нэрээр нэрлэн тогтоосон бөгөөд координатыг заагаагүй.
Иймд 2011-2015 оны хугацаанд Газар шинэтгэлийн үндэсний хорооноос Хилийн эцсийн эргэлтийн цэг солилцжуулах ажил зохион байгуулж "Глобус" ХХК-ийн гүйцэтгэсэн гэрээт ажлын тайланд Хын даваа цэгийг "Даваа" буюу өндөрлөг цэгээр тогтооход 49029'00,5" 106040'42,8" гэж тогтоосон.
Тус асуудлаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын "Шийдвэр хүргүүлэх тухай" 2018 оны 05 дугаар 30-ны өдрийн 1/956 албан бичиг Д*******-уул, С аймгуудын Засаг дарга нарт хандсан бөгөөд тус албан бичигт "Монгол Улсын ерөнхий сайдын тушаалаар байгуулагдсан "Зарим аймаг, нийслэлийн хилийн цэсийг тодотгож өөрчлөлт оруулах тухай" ажлын хэсгийн 2015.05.24-ны хуралдаанаас маргаантай асуудалд дүн шинжилгээ хийж хилийн цэсийн зарлиг, тогтоолд өөрчлөлт орохгүй буюу газар дээр байгаа объект нь тодорхой байгаа эргэлтийн цэгүүдийг тодорхойлж нэгдсэн шийдвэрт хүрч шийдвэрлэснийг энэхүү албан бичгээр хүргүүлж байна. Үүнд: 1. Д*******-Уул аймгийн Х сум, С аймгийн Ерөө сумтай хиллэх "Хын даваа эргэлтийн цэгийг одоо хилийн цэс нь мөрдөгдөж байгаа буюу газар зүйн хувьд "даваа"-н дээр байрлалтай байгаа эргэлтийн цэгийн /49 29'00,5" 106 401142,81/ -ийг мөрдөх" хэмээн Ажлын хэсгийн хуралдааны дээрх шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлж малчид ард иргэдэд үнэн зөв мэдээллийг хүргэх, цаашид хилийн цэсийн маргаан гаргахгүй байх тал даар анхаарч ажиллана уу" гэж дурдсан байна.
Улмаар газар шинэтгэлийн үндэсний хорооны 2018 оны 10 сарын 15-ны өдрийн 03 хуралдааны шийдвэрээр Д*******-Уул аймгийн Х сум, С аймгийн Ерөө сумтай хиллэх Хын даваа" эргэлтийн цэгийг одоо хилийн цэс мөрдөж байгаа буюу газар зүйн хувьд "даваа"-н дээр байрлалтай байгаа эргэлтийн цаг гэж тогтоож "Хын даваа" тус нь /4929′00,5" 10640'42,8"/ эргэлтийг баталгаажуулсан.
Өөрөөр Монгол Улсын Их хурлын 1994 оны 32-р тогтоолд нэрлэн заасан "Хын даваа" цэг газар зүйн хувьд хаана байна вэ гэдгийг дээрх байдлаар тогтоосон. Гэтэл шүүхээс дээрх үйл баримтын талаар дүгнэлт хийж дурдалгүйгээр зөвхөн ажлын хэсгийн дүгнэлтийн "архивын зургаас зөрүүтэй" гэх хэсгийг аван тус хэсгийг үндэслэл болгон "архивын эх баримтад үндэслэн сэргээн тогтоох шаардлагатай" гэсэн хэсгийг нэмж өөрөө зохиосноор С аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрийн хэсгийг Д*******-Уул аймгийн Х сумын нутаг дэвсгэр гэж тогтоосон шинж бүхий шийдвэр гаргаж буй нь илт үндэслэлгүй байна.
Мөн шүүхээс Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 24 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг нутаг дэвсгэрийн хилийн цэсийг өөрчлөн тогтоосон эцэслэн шийдсэн шийдэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2018 оны А/209 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Хилийн цэсийн маргаан шийдвэрлэх заавар"-ын 5.1-д "Бодит маргааныг шийдвэрлэх санал боловсруулах" 5.1.1-д "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4-р зүйлийн 4.3-д "Аймаг, нийслэл, сум дүүргийн хилийн цэсийг батлах, өөрчлөх асуудлыг аймаг, нийслэлийн ИТХ-ийн саналыг үндэслэн Засгийн газар өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ" гэж заасны дагуу хилийн цэсийн эргэлтийн цэгт өөрчлөлт оруулах нь тогтоогдсон бодит маргааны Засгийн газрын 2003 оны 28-р тогтоолоор батлагдсан "Газар зохион байгуулалт хийх журмын 2-р бүлэгт заасан үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ" гэж заасан.
Өөрөөр хэлбэл ажлын хэсэг дээрх байдлаар дүгнэлт, санал гаргах эрх бүхий бүтэц бөгөөд хилийн цэсийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх эрх хэмжээгүй байхад шүүх эрх бүхий этгээдээс эцэслэн шийдвэрлэсэн мэтээр дүгнэлт хийх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон үндэслэлгүй байна.
4. Цаг хугацааны хувьд сүүлд гарсан захиргааны актаар өмнөх гарсан захиргааны актыг буруутгасан.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.2-д "Уг дүгнэлтийг Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/4823 тоот албан бичгээр холбогдох байгууллагуудад хүргүүлж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хилийн цэсийг үйл ажиллагаандаа мөрдөх чиглэл авсан байна. Улмаар Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 40 дүгээр тэмдэглэлээр архивын эх баримтад үндэслэн Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн бүртгэлийг шинэчлэхийг үүрэг болгосныг хэрэгжүүлж газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулжээ", 5.3-д Газрын мэдээллийн нэгдсэн сангийн шинэчилсэн бүртгэл, Ойн газрын 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01/524 тоот албан бичиг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар "Т" ХХК-д гэрээгээр эзэмшүүлсэн 112, 116, 165 дугаар хэсэглэлүүд нь Д*******-Уул аймгийн Х сумын нутаг дэвсгэрт, харин 120 дугаар хэсэглэл С аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт тус тус хамаарах нь тогтоогдсон", 5.4-д Гэтэл С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 123 дугаар тогтоолоор дээрх дөрвөн хэсэглэлийг бүгдийг нь Т" ХХК-ийн тухайн жилийн мод бэлтгэх ашиглалтын хэсэгт хамруулан баталж, уг тогтоолыг үндэслэн С аймгийн Ерөө сумын Засаг дарга 2024 оны А/08 дугаар захирамжаар мод бэлтгэх зөвшөөрөл олгосон байна", 5.6-д "Харин 112, 116, 165 дугаар хэсэглэлүүд нь Д*******-Уул аймгийн Х сумын нутаг дэвсгэрт хамаарч байхад эдгээр хэсэглэлд холбогдуулан С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 123 дарга А/08 дугаар захирамжаар тухайн хэсэглэлүүдэд мод бэлтгэх зөвшөөрөл олгосон нь хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнээс хэтэрсэн байна" гэжээ.
Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 40 дүгээр тэмдэглэлээр архивын эх баримтад үндэслэн Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн бүртгэлийг шинэчлэхийг үүрэг болгож улмаар 2025 онд Газрын харилцаа геодези, зураг зүйн газраас газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн бүртгэлд өөрчлөлт оруулсан.
Геодези, зураг зүйн тухай хуулийн 9.1-д "Геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан /цаашид "нэгдсэн сан" гэх/ нь геодезийн сүлжээний, байр зүйн зургийн, агаар, сансрын зургийн, газар зүйн нэрийн болон кадастрын тухай мэдээлэл, тэдгээртэй холбогдох бусад тоон мэдээллээс бүрдэнэ. Нэгдсэн сан нь төрийн өмч байна" гэж заасан.
Мөн хуулийн 5.5-д "Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нууцын зэрэглэлтэй материал үйлдвэрлэж, хадгалж байдгийн хувьд холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн хамгаалалтад байх бөгөөд дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 5.5.2-т геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг бүрдүүлэх, 5.8-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга геодези, зураг зүйн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 5.8.1-д геодези, зураг зүйн үйл ажиллагааны талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах" гэж заасан.
Өөрөөр хэлбэл С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 123 дугаар тогтоол гаргаж байхад газрын мэдээллийн нэгдсэн санд шийдвэр гаргасан газрын хэсэг С аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрээр бүртгэлтэй байсан бөгөөд түүний дагуу нутаг дэвсгэр дээрээ ойн зохион байгуулалтын төлөвлөгөө хувиарь баталсан. Харин хожим 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу 2025 онд Газрын мэдээллийн нэгдсэн санд сумын нутаг дэвсгэрт өөрчлөлт оруулсан бүртгэл хийснээр түүнээс өмнө гаргасан захиргааны актыг "харьяалах нутаг дэвсгэртээ гаргаагүй" хэмээн буруутгаж Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д зааснаар илт хууль бусад тооцох логик үндэслэлгүй юм.
Иймд С аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0016 тоот шийдвэрийн С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 123 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны актад тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
3. Нэхэмжлэгч Д*******-Уул аймгийн Сум дундын ойн ангиас С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаар тогтоол, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 123 дугаар тогтоол, С аймгийн Ерөө сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийн Т ХХК-д холбогдох хэсэг нь Д*******-Уул аймгийн Х сумын нутаг дэвсгэрт хамаарах Б ам гэх газарт мод бэлтгэхийг зөвшөөрсөн захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хуульд заасан нутаг дэвсгэрийн бүрэн эрхийн хүрээнээс хэтэрч гаргасан гэсэн үндэслэлээр маргасан байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актуудын үйлчлэл хэрэгжиж дууссан, газрын мэдээллийн нэгдсэн санд тухайн газрын харьяаллын бүртгэлд өөрчлөлт орсон, мөн захиргааны актын үр дагаврыг бодитоор хүчингүй болгох боломжгүй болсон гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дээрх актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилсөн байна.
5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Улсын газар зохион байгуулах комиссын ******* аймаг дахь отряд, ******* аймгийн газар зохион байгуулах комисс, Д******* сумын захиргаанаас хамтран аж ахуй хоорондын газар зохион байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэн 1959 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар актад[1] маргаан бүхий газар нь ******* аймгийн Д******* сум байсан бөгөөд сумын хилийг ... Я*******, Х*******, Хын даваанууд, дайран М******* баруун хяраар урагш Могойн хөтөлд очоод цаашаа Хүйтний голын эх Ерөөтэй хил нийлнэ гэж тогтоожээ.
6. Мөн Бүгд найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1960 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 142 дугаар зарлигаар[2] Д******* сумын хилийн заагийг ...У*******, Хүйтний голын хойт нуруу х*******, Хын даваа, М******* баруун хяр, Хүйтний голын эх../ гэж, Ерөө сумын хилийн заагийг ".... Хүйтний голын эхийн өндөр, Могойтын даваа, М******* баруун нуруу, Б******* уул, Хын эх, Х*******тын овоо, Я*******ын даваа, ..." гэж тус тус баталсан байна.
7. Бүгд найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 75 дугаар зарлиг[3] болон түүний хавсралт зурагт С аймгийн Ерөө сумын хилийн заагийг ... Бүхлээний баруун уул, Хын даваа, Я*******ын даваа /997,4/ Х*******т ... гэж зурагласан (2хх-ийн 124 дэх тал дүгнэлт 2.2), Ерөө сумын хилийн цэсийг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1978 оны 73 дугаар зарлигаар[4] шинэчлэн баталж, 1977 оны 75 дугаар зарлигийн калькан зурагт хилийн цэсийг шинэчлэн зурсан бөгөөд ... Бүхлээний баруун уул, Хын даваа, Я*******ын даваа /997,4/ гэж тогтоосон байна.
8.Бүгд найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1981 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 280 дугаар зарлигаар[5] С аймгийн Х сумын хилийн цэсийг баталсан бөгөөд ... Я*******ын даваа, Хын даваа, Бүхлээний баруун уул ... гэж, Монгол Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Аймаг, сум байгуулах тухай 32 дугаар тогтоолоор[6] Д*******-Уул аймгийн Х сум байгуулж, хилийн цэсийг ...Я*******ын даваа /667.4/, Хын даваа, Б******* уул 1262.4 ... гэж тус тус тогтоожээ.
9. Мөн Барилга хот байгуулалтын яамны захиалгаар Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, газрын мэргэжлийн байгууллага Глобус ХХК-ийн гүйцэтгэсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн эргэлтийн цэгийг солбилцожуулах, баталгаажуулах ажлыг гүйцэтгэж, Хын даваа эргэлтийн цэгийн солбилцлыг 106 40 42.8, 49 29 00.5 байхаар тодорхойлсон бөгөөд уг дүгнэлтийг С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 32 болон 103 дугаар тогтоолоор[7] тус тус хүлээн зөвшөөрч байсан нь тогтоогдох бөгөөд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/956 тоот албан бичгээр[8] ... Д*******-Уул аймгийн Х сум, С аймгийн Ерөө сумын хилийн цэсийн Хын даваа эргэлтийн цэгийг одоо хилийн цэс нь мөрдөгдөж байгаа буюу газар зүйн хувьд даваа-н дээр байрлалтай 49029II00.5I, 106040II42.8I солбицолтой цэгээр мөрдөх талаар сумдын Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн үйл баримтууд тус тус тогтоогдсон байна.
10. Мөн Д*******-Уул аймаг, С аймгийн хооронд хилийн цэсийн асуудлаар маргаан үүссэний улмаас Хын даваа эргэлтийн цэгийн байршилтай холбоотой маргааныг судалж, шийдвэрлэх санал боловсруулах зорилгоор Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр тушаалаар[9] холбогдох төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулсан байх бөгөөд тус ажлын хэсэг Д*******-Уул аймаг, С аймгийн хилийн цэсийн баримт, архивын эх зураглал, хилийн геодезийн хэмжилтийн материал болон газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийг харьцуулан судалж, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 02 дугаар дүгнэлт гарган газар зүйн нэршлийг үндэслэн хилийн эргэлтийн цэгийг газрын мэдээллийн санд бүртгэсэн нь архивын эх баримттай нийцээгүй, харин 4932′51.997″, 10645′32.014″ солбицол бүхий цэг нь архивын эх баримтад тохирч байна гэж дүгнэжээ.
11. Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/4823 тоот албан бичгээр уг дүгнэлтийг С аймгийн Засаг даргад хүргүүлж, иргэд, олон нийтэд танилцуулах, цаашид архивын эх баримтаар тогтоогдсон хүчин төгөлдөр хилийн цэсийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах чиглэл өгсөн байна.
12. Мөн хэрэгт цугларсан нотлох баримтаар Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт холбогдох байгууллагад хүргүүлсний дараа С аймгийн Ерөө сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 123 дугаар тогтоолоор тухайн жилийн ойгоос бэлтгэх модны төрөл, хэмжээ, ашиглах хэсгийг баталж, уг тогтоолыг үндэслэн С аймгийн Ерөө сумын Засаг дарга 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар Т ХХК-д мод бэлтгэх зөвшөөрөл олгосон, Улмаар Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 40 дүгээр тэмдэглэлээр ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн архивын эх баримтад нийцүүлэн Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн бүртгэлийг шинэчлэхийг даалгасны дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн, Газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийг архивын эх материалтай нийцүүлэн өөрчилсний үр дүнд Т ХХК-ийн ой ашиглах гэрээнд хамрагдсан 112, 116, 165 дугаар хэсэглэлүүд Д*******-Уул аймгийн Х сумын нутаг дэвсгэрт, 120 дугаар хэсэглэл С аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт тус тус хамаарч байгаа болох нь газрын кадастрын бүртгэлийн мэдээлэл болон Ойн газрын 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01/524 тоот албан бичиг түүнд хавсаргасан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, эдгээр хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй үйл баримтуудад анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.
13. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэлбэрийн хувьд бус, агуулгын хувьд үнэлэх нь зүйтэй гэж үзсэн нь зөв байна.
14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-д 3.1.3."нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйл Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, 15.1-д Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 15.1.1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д Сум дундын болон сум, дүүргийн ойн анги нь дараах эрх, үүрэгтэй, 18.3.4-д ойг нөхөн сэргээх, ойжуулах, мод үржүүлэх ажил эрхлэн модны үр, тарьц, суулгац худалдаалах, ойд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох, 18.3.5-д ойн арчилгааны гэрэлжүүлэх, тохируулах огтлолтыг гүйцэтгэх болон сум, дүүргийн ойн хөтөлбөр, ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж хангуулах, 18.3.6-д ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, 18.3.7-д ойн баялгийг ашигласны төлбөр, хураамжийг ногдуулж, тэдгээрийн гүйцэтгэлийг хангах, 18.3.8-д аймаг, сумын түвшинд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар явуулж байгаа бодлогыг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох, 18.3.9-д мэдээллийн санг эрхлэх, 18.3.14-д нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах гэж тус тус заажээ.
15. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, Сум, дүүргийн Засаг дарга болон түүний харьяа мэргэжлийн алба (ойн анги) нь нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах эрхтэй, энэхүү чиг үүргийн хүрээнд нэхэмжлэгч нь Д*******-Уул аймгийн Х сумын нутаг дэвсгэрт хамаарах улсын ойн сангийн хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээлт, ойн менежментийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага байх тул тус ойн сангийн нутаг дэвсгэрт С аймгийн Ерөө сумын эрх бүхий байгууллага ой ашиглуулахтай холбоотой шийдвэр гаргаснаар нэхэмжлэгчийн хуульд заасан нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шууд нөлөөлөх эрх зүйн үр дагавар үүсгэхээр байх тул шүүх тус нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэх үндэслэлтэй, энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн нэхэмжлэгч нь энэхүү маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхолтой этгээд биш ... гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
16. Нэхэмжлэлийн С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 123 дугаар тогтоол, С аймгийн Ерөө сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийн Т ХХК-д гэрээгээр эзэмшүүлсэн 112, 116, 165 дугаар хэсэглэлд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд анхан шатны шүүх хэрэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргаан бүхий захиргааны акт тус бүрийн хууль зүйн үндэслэлийг тухайн актыг гаргах үеийн бодит нөхцөл байдалд үндэслэн тус тусад нь үнэлсэн зөв байна.
17. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх ..., Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д орон нутгийн эрх хэмжээ гэж нэгжийн удирдлагад хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, нутгийн өөрийн удирдлага болон нэгжийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг, 12.1.-д Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдөхийн зэрэгцээ доор дурдсан зарчмыг баримтална, 12.1.4-д нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх, үүний төлөө хариуцлага хүлээх гэж тус тус зааснаар нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэж, үүний төлөө хариуцлага хүлээх этгээд байна.
18. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн, 35 дугаар зүйлийн 35.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 35.1.13-т энэ хуулиар тогтоосон тухайн нэгжийн чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, холбогдох журам батлах, 59 дүгээр зүйлийн 59.1-д Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 59.1.1-д хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх гэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан
19. Мөн Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 18.1.4-д баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх, хяналт тавих, 18.2-т Сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 18.2.6-д энэ хуулийн 18.1.4-т заасан шийдвэрийг үндэслэн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг болзол, хугацаатайгаар эзэмшүүлэх гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих, 18.2.7-д ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хязгаарт багтаан мод бэлтгэх шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хяналт тавих гэж зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь тухайн жилийн ойгоос бэлтгэх хэрэглээний болон үйлдвэрлэлийн модны хэмжээ, ашиглах хэсгийг батлах, ой ашиглуулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх бүхий этгээд байна.
20. Түүнчлэн тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын ойн менежментийн төлөвлөгөө болон иргэдийн хэрэгцээг үндэслэн ... ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг дараах байдлаар тогтооно гэж зааснаас үзвэл Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн жилийн мод бэлтгэх төлөвлөгөө, иргэдийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн ойгоос бэлтгэх модны төрөл, хэмжээг тогтоохоор байна.
21. Анхан шатны шүүх дээр дурдсан хуулийн зохицуулалтыг системчлэн тайлбарлаж ... хуульд нутгийн өөрөө удирдах байгууллага болон тухайн шатны Засаг даргын бүрэн эрхийг харьяалах нутаг дэвсгэрийн хүрээгээр тодорхойлж, хэрэгжүүлэхээр ... байна ... Хурал болон Засаг даргад ойн санг гэрээгээр эзэмшүүлэх, ой ашиглуулах, мод бэлтгэх хэмжээ, ашиглах хэсгийг тогтоох, гэрээ байгуулах, мод бэлтгэх зөвшөөрөл олгох зэрэг бүрэн эрхийг олгосон боловч эдгээр бүрэн эрх нь тухайн сумын нутаг дэвсгэрт байрлах ойн сантай холбоотой асуудалд хамаарч хэрэгжинэ ... өөр аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах ойн сантай холбоотой асуудлаар захиргааны акт гаргах эрх хэмжээг хуулиар олгоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
22. Учир нь, Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон засаг захиргааны нэгжийн харьяалал, орон нутгийн бие даасан байдлын суурь зарчмын дагуу тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын нийтийн эрх зүйн чиг үүрэг, захиргааны акт гаргах эрх хэмжээ нь зөвхөн хуулиар баталгаажсан өөрийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор хүчин төгөлдөр хэрэгжих хууль зүйн хязгаарлалттай юм.
23. Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4, 18.2.7 болон 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасан ойгоос бэлтгэх модны төрөл, хэмжээг тогтоох, мод бэлтгэх зөвшөөрөл олгох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх нь тухайн сумын нутаг дэвсгэрт хамаарах ойн санд л хэрэгжихээр байна.
24. Гэтэл хэрэгт цугларсан Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 02 дугаар дүгнэлт, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл болон Газрын мэдээллийн нэгдсэн сангийн шинэчилсэн бүртгэл зэрэг нотлох баримтуудаар маргаан бүхий захиргааны актад заасан 112, 116, 165 дугаар хэсэглэлүүд нь С аймгийн Ерөө суманд бус, харин Д*******-Уул аймгийн Х сумын нутаг дэвсгэрт хамаарч байгаа нь нэгэнт тогтоогдсон байх тул хариуцагч С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга нь өөрийн харьяалалгүй нутаг дэвсгэрт хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" буюу бүрэн эрхээ хэтрүүлж гаргасан илт хууль бус актын шинжийг агуулсан гэж үзэх үндэслэлтэй.
25. Иймд анхан шатны шүүх хариуцагч нарын гаргасан 2024 оны 123 дугаар тогтоол болон А/08 дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
26. Нэхэмжлэлийн С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ойн санг гэрээгээр эзэмшүүлэх тухай 46 дугаар тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар тогтоолын Т ХХК-д холбогдох, Д*******-Уул аймгийн Х сумын хилийн цэст хамаарах Б ам гэх газарт мод бэлтгэсэнтэй холбоотой хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 46 дугаар тогтоолоор Т нөхөрлөлд ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар 2020 оны 42 дугаар тогтоолоор уг тогтоолд өөрчлөлт оруулан гэрээгээр эзэмшигчийн нэрийг Т ХХК болгон өөрчилсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
27. Анхан шатны шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна.
28. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 46 дугаар тогтоолоор Т нөхөрлөлд ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, харийн 2020 оны 42 дугаар тогтоолоор өмнө гаргасан 46 дугаар тогтоолд өөрчлөлт оруулан гэрээгээр эзэмшигчийн нэрийг Т ХХК болгон өөрчилсөн болох нь тогтоогдсон байна.
29. Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 46, 2020 оны 42 дугаар тогтоолуудыг гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлээр газар нь С аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт бүртгэлтэй байсан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/956 тоот албан бичгээр төрийн байгууллагууд уг бүртгэлийг үйл ажиллагаандаа мөрдөх чиглэл хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, цаг хугацааны хувьд уг шийдвэрүүд гарсны дараа газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэл өөрчлөгдөж, эрх бүхий байгууллагаас өөр дүгнэлт гарсан байх тул эрх бүхий байгууллагын тухайн цаг үеийн хүчин төгөлдөр бүртгэл, мэдээлэлд үндэслэн гаргасан захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
30. Харин шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийг архивын эх баримтад нийцүүлэн өөрчилснөөр Т ХХК-д гэрээгээр эзэмшүүлсэн 112, 116, 165 дугаар хэсэглэлүүд Д*******-Уул аймгийн Х сумын нутаг дэвсгэрт хамаарах болсон байх боловч энэ нь 2019 оны 46 дугаар тогтоолыг гаргах үеийн эрх зүйн болон нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй.
31. Иймд анхан шатны шүүх С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 46 дугаар тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан 2020 оны 42 дугаар тогтоолыг гаргах үед хариуцагч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэл, эрх бүхий байгууллагын албан ёсны мэдээлэлд үндэслэн өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан ... Иймээс эдгээр захиргааны актуудыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнээс хэтэрч гаргасан, эсхүл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй ... гэж дүгнэж, нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
32. Хэрэгт авагдсан Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 24 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг архивын эх баримт, хилийн цэсийн зураглал, геодезийн хэмжилтийн материал болон газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийг харьцуулан судалж, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр Хын даваа эргэлтийн цэгийг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байдал архивын эх баримттай нийцээгүй болохыг тогтоож, архивын эх баримтад үндэслэн сэргээн тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн, тус дүгнэлтийг Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/4823 тоот албан бичгээр холбогдох байгууллагуудад хүргүүлж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хилийн цэсийг үйл ажиллагаандаа мөрдөх чиглэл өгсөн байна. Улмаар Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 40 дүгээр тэмдэглэлээр архивын эх баримтад үндэслэн Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн бүртгэлийг шинэчлэхийг үүрэг болгосноор газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулсан нь тогтоогдсон байна.
33. С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 123 дугаар тогтоолоор дээрх дөрвөн хэсэглэлийг бүхэлд нь Т ХХК-ийн тухайн жилийн мод бэлтгэх ашиглалтын хэсэгт хамруулан баталж, уг тогтоолыг үндэслэн С аймгийн Ерөө сумын Засаг дарга 2024 оны А/08 дугаар захирамжаар мод бэлтгэх зөвшөөрөл олгожээ.
34. Газрын мэдээллийн нэгдсэн сангийн шинэчилсэн бүртгэл, Ойн газрын 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01/524 тоот албан бичиг зэрэг нотлох баримтаар Т ХХК-д гэрээгээр эзэмшүүлсэн 112, 116, 165 дугаар хэсэглэлүүд нь Д*******-Уул аймгийн Х сумын нутаг дэвсгэрт, харин 120 дугаар хэсэглэл С аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт тус тус хамаарах нь тогтоогдсон байх тул анхан шатны шүүх ... 120 дугаар хэсэглэл нь С аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хамаарах тул 2024 оны 123 дугаар тогтоол болон А/08 дугаар захирамжаар 120 дугаар хэсэглэлд мод бэлтгэх зөвшөөрөл олгосон хэсгийг хариуцагч хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан гэж үзэх үндэслэлтэй ... 112, 116, 165 дугаар хэсэглэлүүд нь Д*******-Уул аймгийн Х сумын нутаг дэвсгэрт хамаарч байхад эдгээр хэсэглэлд холбогдуулан С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 123 дугаар тогтоолоор эдгээр хэсэглэлд тухайн жилийн ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээ, хуваарийг баталж, тогтоолыг үндэслэн С аймгийн Ерөө сумын Засаг дарга А/08 дугаар захирамжаар тухайн хэсэглэлүүдэд мод бэлтгэх зөвшөөрөл олгосон нь хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнээс хэтэрсэн ... гэж дүгнэж, С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 123 дугаар тогтоол болон С аймгийн Ерөө сумын Засаг даргын 2024 оны А/08 дугаар захирамжийн Т ХХК-д гэрээгээр эзэмшүүлсэн 112, 116, 165 дугаар хэсэглэлд холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
35. Өөрөөр хэлбэл, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 24 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Засгийн газрын 2024 оны 40 дүгээр тэмдэглэл, түүнийг үндэслэн хийгдсэн газрын мэдээллийн нэгдсэн сангийн шинэчилсэн бүртгэлээр Т ХХК-д гэрээгээр эзэмшүүлсэн 112, 116, 165 дугаар хэсэглэл Д*******-Уул аймгийн Х сумын нутаг дэвсгэрт хамаарах нь тогтоогдсон байх тул С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга эдгээр хэсэглэлд ой ашиглуулах болон мод бэлтгэх шийдвэр гаргасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Ойн тухай хуулиар олгогдсон нутаг дэвсгэрийн бүрэн эрхийн хүрээнээс хэтэрсэн байна.
36. Иймд С аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 123 дугаар тогтоол болон С аймгийн Ерөө сумын Засаг даргын 2024 оны А/08 дугаар захирамжийн 112, 116, 165 дугаар хэсэглэлд холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
37. Нэгэнт илэрхий алдаа бүхий захиргааны акт болох нь тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас хэтэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж шийдвэрлэсэн гэх гомдлыг, мөн хэрэгт авагдсан баримтуудаар тухайн газар нутгийн хилийн цэстэй холбоотой эрх бүхий байгууллагуудын дүгнэлт гарсан, холбогдох албан бичгийг орон нутгийн удирдлагад хүргүүлж байсан нь тогтоогдсон, энэ талаарх үйл баримтыг шүүх зөв дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ... ажлын хэсэг дүгнэлт, санал гаргах эрх хэмжээгүй байхад хилийн цэсийг эцэслэн шийдвэрлэсэн мэтээр дүгнэсэн ... гэх зэрэг агуулга бүхий гомдлуудыг бүхэлд нь хүлээн авах үндэслэлгүй.
Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ