Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 117/ШШ2022/0018

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэрэнрагчаа даргалж, шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чимэд овогт Маамын Цогзолмаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Долгорсүрэн

Хариуцагч: Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар

Хариуцагч: Л.Доржбат

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтандөш нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Цогзолмаа, түүний өмгөөлөгч Д.Долгорсүрэн, хариуцагч Л.Доржбат, түүний өмгөөлөгч Б.Алтандөш, нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч М.Цогзолмаа нь Дундговь аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан ... Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/85 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил болох Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх гэж анх нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Тушаалын заалт хүчингүй болгож, өөрчлөлт оруулах тухай Б/115 тоот тушаалыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн маргаж байна.

3. Нэхэмжлэгч анх Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн М.Цозолмааг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай Б/30 дугаар тушаалаар Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон.

4. Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/85 тоот тушаалаар ... тус тус тогтоогдсон тул 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулах, М.Цозолмааг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний сул орон тоонд томилон ажиллуулахыг Гэр бүл, хүүхэд залуучуудын Хөгжлийн газрын даргад даалгах,

5. Мөн аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/115 тоот тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Цогзолмааг албан тушаал бууруулах тухай 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/85 дугаар тушаалын 2 дахь хэсгийг хүчингүй болгох, М.Цогзолмааг албан тушаал бууруулж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, үндсэн чиглэл төлөвлөгөөний хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулсугай гэх шийдвэрийг тус тус гаргасан байна.

6. Нэхэмжлэгч маргаан бүхий актуудыг хүлээн авч, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба тус зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 363, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/86 дугаартай албан бичгүүдээр Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн М.Цогзолмааг албан тушаал бууруулах тухай Б/85 дугаар, /2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Тушаалын заалт хүчингүй болгож, өөрчлөлт оруулах тухай Б/115 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан/ тушаалыг М.Цогзолмаагийн гаргасан гомдлын шаардлагын хүрээнд хянан үзээд Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчөөгүй болохыг тогтоосугай, уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй, Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 363 дугаар тогтоол гаргасан. Иймд дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй гэсэн хариуг тус тус авчээ. .

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

... Дундговь аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Доржбатын 2021 оны 08 дугаар сарын 13 өдрийн Б/85 тоот тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 38.1.5, 39.1.4, 48.8, 49.1, 52.2, 61.1, 75.1, 75.2-т заасныг, Засгийн газрын 218 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмын 3.4, 3.5, 4.2, 4.7, 4.12, 4.14.4 заалтуудыг тус тус зөрчин гаргасан хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Гэвч 2021.06.24-нд миний гаргаж өгсөн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн 2021 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт / Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хамт олноос өгсөн санал асуулгын үнэлгээг хавсаргасан болно/, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын 2021 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлж дүгнэсэн талаар 2021.08.11-ний өдрийг хүртэлх хугацаанд нэг ч удаа ярилцлага хийж тодруулга мэдээлэл аваагүй төдийгүй хоёр ч удаа гурван хувь хэвлэж өгсөн үнэлгээний хуудсыг дүгнэж өгөөгүй байж сонсох ажиллагаа явуулахдаа 68,1% үнэлэгдсэн гэж танилцуулан 2021.08.13-ны өдөр дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Г.Жавзмаагаар дамжуулан ЗДТГ-ын даргаас Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргатай зөвшилцөн гарын үсгээр баталгаажуулж дүгнээгүй албан ёсны хүчин төгөлдөр бус үнэлгээний хуудсыг өгсөн. /Энэ хугацаанд би үнэлгээний хуудсаа авах талаар 2 удаа орсон боловч болоогүй байна гээд өгөөгүй./

Дундговь аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Доржбат нь 2021.07.28-ны өдрийн А/172 дугаар тушаалаар миний ажлыг шалгах ажлын хэсэг байгуулан, ажлын хэсгээс 2021.08.06-ны баасан гаригийн 17 цаг дуусч байхад тайлбар өгөх бичиг ирүүлсний дагуу би 2021.08.10-ны өдөр тайлбар бичиж өгсөн. 2021.08.11 -ний өглөө бичиг хэргийн ажилтан Ж.Должин ЗДТГ-ын даргын 2021.08.10-ны өдрийн 2/1199 тоот мэдэгдлийг надад гардуулж мэдэгдэлд заасан хугацаанд ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Доржбатын 2021.08.10-ны өдрийн А/183 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг сонсох ажиллагаа явуулж ажлын хэсгийн дүгнэлт, ЗДТГ-ын даргын тушаалын төслийг танилцуулж ярилцсан энэхүү үйл ажиллагаа нь албан тушаалын давуу байдлаа ашиглан ажлын байрны дарамт шахалт үзүүлж ялгаварлан гадуурхаж буй үйлдэл бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 39.1.4 заалтыг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа гэж үзэж, миний бие тус дүгнэлт, шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй холбогдох дээд шатны байгууллагад гомдлоо гаргах тухай саналаа хэлсэн болно.

Дундговь аймгийн ЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Л.Доржбат нь Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаас хянуулахаар өгсөн, төлөвлөгөө, тайлан, журам, хөтөлбөрийн төслийг хянан дүгнэж арга зүйгээр хангаагүй, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын эрх, албан үүргээ гүйцэтгэх боломжийг хязгаарлан, албан хаагчдын ажлыг дүгнэсэн байдлыг үгүйсгэн, хүний нөөцийн чиг үүргийн үйл ажиллагааг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэнтэй шууд харилцан явуулдаг. Төрийн цахим үйлчилгээг сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг хангах, сайтын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр огт үүрэг даалгавар өгч арга зүйгээр хангаж байгаагүй, аймгийн ЗДТГ-ын даргаас Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргатай зөвшилцөн гарын үсгээр баталгаажуулж дүгнээгүй албан ёсны хүчин төгөлдөр бус 2020 оны 2, 3 дугаар улирал, 2021 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээг үндэслэсэн, ЗДТГ-ын даргаас хэлтсийн дарга нарын манлайлал, ёс зүй, хандлага, ур чадварыг үнэлэх талаар судалгаа аваагүй, томилгооны зөрчилтэй хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Хууль эрх зүйн хэлтсийн дарга Л.Баярсайхан, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Энхтайван нараар ажлын хэсэг байгуулан үүрэг чиглэл өгч үндэслэлгүй дүгнэлт гаргуулж дээрх шийдвэрийг гаргасан ... гэжээ.

8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэлдээ: ... маргаан шалгах хугацаанд нь Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Доржбат нь 2021.11.15-ны өдрийн Тушаалын заалт хүчингүй болгож, өөрчлөлт оруулах тухай Б/115 тоот тушаалыг гаргасан байсан. Энэхүү тушаалын 1 дэх заалтаар 2021.08.13-ны өдрийн Б/85 тоот тушаалын 2 дахь хэсгийг хүчингүй болгохоор, 2 дахь заалтаар намайг албан тушаал бууруулж, аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, үндсэн чиглэл төлөвлөгөөний хэрэгжилтийн хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулахаар заасан байсан. Улмаар миний бие уг тушаалыг эс зөвшөөрч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч урьд нь 2021.08.13-ны өдрийн Б/85 тоот тушаалд гаргасан гомдлыг маргаан үүсгэн хэлэлцэн шийдвэрлэж, 2021.11.30-ны өдрийн 363 дугаар тогтоол гарсан тул дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэсэн утгатай хариуг 2022.01.12-ны өдрийн 01/86 тоот албан бичгээрээ надад хүргүүлсэн. Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь 2 өөр эрх зүйн актад гаргасан гомдлыг нэг эрх зүйн акт хэмээн шийдсэнийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргаж байна ... гэжээ.

9. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Би 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд ажиллахдаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргээ гүйцэтгэж байсан. Хүн л юм болсон хойно алдаа оноо байсан байх. 100 хувь биш ч ажлаа бүрэн гүйцэтгэсэн. Манай хэлтэст 9-11 ажилтан байдаг. Гэвч бүрэн орон тоогоор ажиллаж чадаагүй. Тамгын газрын дарга 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр надаас тайлан хүлээж аваад тухайн сардаа дүгнэж тушаал гарган үр дүнгийн урамшуулал олгогдсон. Миний хувьд өмнөх даргын буруутай үйл ажиллагааны улмаас үр дүнгийн урамшуулал олдоогүй. Тухайн үед дарга өөрөө ч та сахилгын шийтгэлтэй юм байна, тэгэхээр үр дүнгийн урамшуулал олдохгүй гэхэд нь би ойлгож байна, шүүхэд хандсан гэж хэлж байсан. Сая 2021 оны 12 сард 6 сарын цалингийн 20 хувиа нөхөж авсан. Ингээд 7 дугаар сарын 22-ны өдөр болсон хурал дээр өгсөн үүрэг, даалгавар биелэгдээгүй байна, арга хэмжээ авна гэж яригдсан. Хүний нөөцийн сургалтын хөтөлбөрийг гүйцэтгээгүй байсан. Энэ үед манай хэлтсийн мэргэжилтэн Хулан Төрийн албаны зөвлөлийн нарийн бичгийн даргын ажлыг давхар хашиж байгаад 2021 оны 4 сард Мөнхсаруул тухайн ажилд нь томилогдсон. Мөнхсаруулд өдөр тутам арга зүйгээр хангаж, амаар болон цахимаар зөвлөгөө өгч байсан. Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 38 үүрэг даалгавар өгснөөс хоёр нь хэрэгжээгүй. Үүнд шагналын журам боловсруулах ажил байсан. Би хамгийн үнэнчээр 80 хэдэн хувьтай өөрийгөө дүгнэж өгсөн. Тамгын дарга бусад хэлтсүүд ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн байхад ажлыг нь шалгахгүйгээр тэдний гаргаж өгснөөр дүгнэсэн. Дараа нь бусад хэлтсийн үйл ажиллагаа муу байгаа учир хариуцлага хүлээ гэхэд би боломжгүйгээ хэлсэн. Анх тамгын даргыг ширхэг ч бичгийн цаасгүй ганц сейфтэй өрөөндөө сууж байхад нь би өөртөө байгаа Төрийн албаны тухай хууль, гарын авлага, ном товхимлоос өгөөд та ашигла гэж хэлээд гарч байсан. 2019 онд тамгын газрын орон тооны бүтэц батлагдсан. Миний хувьд энэ орон тоогоор ажилламаар байна, ялангуяа манай хэлтэс дээр ажлын давхцал байна гэж хэлсэн. Ажлын үр дүнг тооцоход надтай илт ялгаварлан гадуурхан харьцаж байсан. Олон нийттэй харилцах мэдээллийн ажилтан, хүний нөөц зэргийг өөрөө дуудаж шууд харьцдаг. Уг нь бол надад үүрэг өгч би дамжуулах ёстой. Гэрч Оюунтунгалагийн мэдүүлгээс ч тодорхой харагдаж байсан. Оюунтунгалаг нь сэтгүүлчийн мэргэжилгүй, багш мэргэжилтэй байхад түүнийг томилсон. Тамгын дарга хэлтсийн мэргэжилтнүүдтэй өөрөө шууд харьцаж байгаа нь намайг ажлаа хийх боломжоор хангаагүй. Мөн миний ажлыг шалгаж байгаа хүмүүс нэг ч удаа надаас баримт шаардаагүй. Энхмандал та тайлбар өгөөрэй гээд 3 асуулт өгч байсан. Харин тэр тайлбарыг энэ хүн уншсан ч юм уу бүү мэд. 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдлоо өгөхөд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаас шийдвэр гарсан гэж хариуг ирүүлсэн. Намайг 8 сард ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулах шийдвэр гаргачхаад 11 сард дахин өөрчилсөн байсан. Тамгын даргын албан тушаал гэдэг бол хариуцлагатай албан тушаал. 6 сард ажил дүгнэснээ буруу болжээ гээд 7 сард хүчингүй болгосон. Ингэж ажиллаж болдог юм уу. Төрийн захиргаа удирдлагын хэлтэст ажилтан авахдаа зөвшилцдөггүй, тусгай болон ерөнхий шаардлага хангаагүй хүмүүс авснаас болж ажлын цалгардал үүсч байсан. Стратеги төлөвлөгөөг боловсруулахад тухайн үед журам боловсруулагдаж ирээгүй байсан. Мөн энэ үед том эгч маань нас бараад тодорхой хугацаанд эзгүй байсан. Энэ үед ажлаа хийж чадахгүй болохоор явсан гэж хүртэл ярьж байсан. Энэ хүн өөрөө ч хууль журмаа уншиж судлах үүрэгтэй. Тухайн үед Самданцоодолоор ахлуулсан ажлын хэсэг энэ ажил дүгнэх ажлыг хариуцаж байсан. Тиймээс Самданцоодол арга зүйгээр хангах ёстой байсан байх. Миний зүгээс үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй болохоос арга зүйгээр хангах үүрэггүй.

Л.Доржбат нь өөрөө ч Төрийн албаны тухай хуульд зааснаар эрхэлсэн түшмэлийн шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр одоог хүртэл тамгын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байна. Гадаад харилцааны асуудалтай холбоотой тайланг хүргүүлсэн. Харин ч маш их сайшаагдсан. Төрийн аудитын газраас бусад аймгуудтай харьцуулж зөвлөгөө зөвлөмж өгсөн болохоос ямар нэгэн албан шаардлагыг бол ирүүлээгүй. Миний ажлыг шалгах ажлын комисст томилогдсон хүмүүс бүгд түр томилгоотой байсан учраас тухайн дүгнэлт хууль бус. Тухайн үед албан тушаалын тодорхойлолт боловсруулах ажлын хэсэгт миний бие оролцоогүй. Самданцоодолоор ахлуулсан ажлын хэсэг боловсруулсан. 10 сая төгрөгийг шилжүүлж аваад зарцуулалтыг нь тухайн хүмүүсээр нь тайланг гаргуулсан. Би тамгын даргад Хулан гэдэг хүнээс тайлан, төлөвлөгөө авч байгаагүй. Энэ хүн өмнөх тамгын даргаар шууд дүгнүүлдэг юм билээ. Тантай нэг анги учраас ийм буруу жишиг байж болохгүй шүү гэж хэлж байсан. Хэлтсийн албан хаагч нартай таарамжгүй зүйл байдаггүй. Ажлын шаардлагаар маргаж байсан байх. Харилцаа хандлагын үнэлгээ авсан ажлыг санаатай зохион байгуулсан. 6 хэлтэс байхад яагаад ганц надаас санал авсан юм бэ. Үнэхээр тухайн хүмүүсээс авсан юм уу гэдэгт эргэлзэж байна. Би өөрийнхөө харилцаа хандлагыг сайн гэж дүгнэнэ. 1088000 төгрөгийн цалин сард авдаг байсан. Ээлжийн амралтын дутуу мөнгө болон үндсэн цалин 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн хүртэлх хугацаагаар 11,734,962 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.

Ахлах түшмэлийн сургалтад хамрагдсан, тухайн үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангаж энэ албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдсон. Сургалтад суусан баримт хэрэгт байхгүй. 10 сая төгрөг Замын-Үүдийн консулын мөнгө байсан. Байгууллагын дотоод журамд мэргэжилтнийг ажилд авахдаа хэлтсийн даргатай зөвшилцөх ёстой гэж байгаа болов уу. Өмнө нь зөвшилцөөд явдаг байсан. Албан тушаал бууруулаад байгааг би ойлгохгүй байна. Эсхүл сахилгын арга хэмжээ аваад байгаа юм уу, нэг бол өөр ажилд шилжүүлээд байгаа юм уу. Төрийн албаны тангараг өргөөгүй албан хаагч миний эрхийг зөрчих ёсгүй учраас Л.Доржбат, ажлын хэсгийн хүмүүсийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг 3 удаа 10 сая төгрөгийн асуудлаар гэрчээр асуусан. Өөр надад мэдэж байгаа юм алга. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгээ уншаагүй. Надад энэ 10 сая төгрөгийн асуудлаар эрүү үүссэн зүйл байхгүй ... гэв

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... М.Цогзолмааг албан тушаал бууруулах Б/85 тоот тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 45-р зүйлийн 45.1.1-ийг үндэслэжээ. Ингэхдээ албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг. Гэвч яаж хангалтгүй биелүүлээд байгаа юм бэ, зорилго, зорилтоо хэрхэн хэрэгжүүлээгүй вэ гэдгийг хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл үндэслэл бүхий, эрхтэй этгээдийн гаргасан баримт, нотолгоо алга байна. 2-т Төрийн албаны тухай хуулийн 45.1.2 дахь үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэж заасныг барьсан байна. Үүнийг ямар эрх бүхий албан тушаалтны ямар шийдвэрээр тогтоосон гэдэг зүйл хэрэгт байдаггүй. Харин ч эсрэгээрээ хариуцагч болон нэхэмжлэгч талаас үйл ажиллагаа явуулж байсныг нотолсон маш олон тайлан ирсэн байна. М.Цогзолмаагийн багш, сэтгэл судлаач мэргэжил нь албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын Бусад гэдэгт хамаардаг. Өнөөдрийн байдлаар Бусад гэсэн хэсгийг хассан баримт ирээгүй байна. Тушаал нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.1 дэх заалтыг үндэслэжээ. Гэвч сахилгын шийтгэлийн төрөлд бууруулах гэсэн төрөл байдаггүй. Тушаалаас харахаар сахилгын шийтгэл оногдуулаад байгаа юм уу гэж харагдахаар боловч хариуцагчаас чөлөөлж, албан тушаал бууруулсан гэдэг. Мөн чөлөөлсөн ч юм шиг харагддаг. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлээгүй. Тушаал нь 2021 оны А/172-р тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн байх боловч 2021 оны 7-р сарын 28-ны өдрийн тушаал нь томилгооны зөрчилтэй хүмүүсийг томилж, зөрчлийг тогтоо гэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйл нь нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах заалт. Эдгээр томилгооны зөрчилтэй хүмүүс чинь захиргааны байгууллага юм уу гэдэг асуудал байна. Тэгвэл энэ 4,5 нөхөр байгууллагад хамаарахгүй. Мөн ямар эрх зүйн актыг үндэслэж санал аваад байгаа юм, хэн авсан нь тодорхойгүй эргэлзээтэй зүйлүүд байна. Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн асуудлыг тусдаа хүмүүс шалгана. Байгууллага дотор уг нь зөвлөл гэж байдаг. Ингэхээр хууль бус этгээдүүд дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Иймээс энэ нь шаардлага хангахгүй ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж гарсан тушаал юм. М.Цогзолмаа ажлын үр дүнг ялгаварлаж дүгнэдэг гэдэг. Энэ нь хавтаст хэргийн 24-р хуудсанд байна. Эндээс харахад 88.7 хувиар үнэлэгдсэн байхад урамшуулал байдаггүй. Маргаж байгаа актуудад мөнгөний талаар нэг ч өгүүлбэр ороогүй байна. Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн баримтаас үзэхэд М.Цогзолмааг буруутгасан зүйл алга. Харин ч гэрчээр асуусан баримт байна. Ёс зүйгүй байдлыг шалгасан баримт байхгүй байна. Шат шатны хоёр шүүхэд 2 улсын харилцаанд сэв суулгасан асуудал яригддаг ч энэ нь тогтоогдоогүй. Шүүхийн шийдвэрээр М.Цогзолмаа энэ асуудалд буруугүй болох нь тогтоогдсон. Тиймээс одоо дахин тогтоох шаардлагагүй. М.Цогзолмаагийн дүгнэсэн үнэлгээ гараар зассан засвартай байдаг. Ийм байж болохгүй. Энэ нь төрийн албаны шаардлагад нийцэхгүй. Эндээс харахад Цогзолмаагийн хувьд ялгадаг гэдэг нь үндэслэлтэй харагдаж байна. М.Цогзолмаа Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Харин шалгаж байх явцад Төрийн албаны зөвлөл нөгөө талд нь зөвлөсөн байдаг. Хэн нэгэн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргачхаад байхад шүүх зөвлөгөө өгвөл яах уу. Үүнтэй агаар нэг байна. Энэ нь хариуцагчийн тайлбараар ч нотлогддог. Төрийн албаны тухай хуульд зааснаар Төрийн албаны зөвлөлд зөвлөх бүрэн эрх олгогдоогүй. Мөнгөн гэдэг хүний ажлын хариуцлага алдсан явдлыг М.Цогзолмаад тохох нь үндэслэлгүй. Эдгээр шийдвэрүүд нь М.Цогзолмаагийн Үндсэн хуульд заасан эрхүүдийг зөрчсөн учраас сэргээж өгнө үү. Мөн энэ актууд нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 61.1-т заасныг зөрчсөн. Хариуцагчийн өмгөөлөгч татварын хэлтсээс хийж өгсөн тодорхойлолтын талаар ярьж байна. Энэ тодорхойлолт гол нь энэ мөнгө тухайн дансанд байгааг нотолсон баримт. Иргэний шүүхэд гэж бичсэн нь ажилтны алдаа. Ийм болохоор энэ онц ач холбогдолтой зүйл биш. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 10.3.12-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

11. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Цогзолмаа нь албан тушаалын тодорхойлолтод заагдсан зорилт, чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, өөрийн удирдлагад ажиллаж байгаа албан хаагч нарыг удирдлага арга зүйгээр хангаж ажиллахгүй байгаа талаар албан хаагчдаас амаар ирүүлсэн гомдол санал ирдэг байсан. Иймд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 2.1, 2.2 дахь заалтын дагуу ЗДТГ-ын даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг удирдамжийн дагуу шалган М.Цогзолмаа нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, тухайн ажлын байранд заасан тусгай шаардлагыг хангахгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагаа явуулахаар энэ тухайгаа аймгийн ЗДТГ-ын 2021 оны 08 дугаар сарын 10-ны 2/1199 дугаар албан бичгээр М.Цогзолмаад мэдэгдэн, сонсох ажиллагааг явуулж төрийн жинхэнэ алба хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний гүйцэтгэл хангалтгүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, тухайн ажлын байранд заасан тусгай шаардлагыг хангахгүй байгаа, хамтын ажиллагаатай гадаадын байгууллагаас хандив тусламжаар өгсөн мөнгийг хувийн дансаар авч хэрэглэсэн хувийн ашиг сонирхлын ноцтой алдаа дутагдал гаргасан тул Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 45.1.2 дахь заалтын дагуу М.Цогзолмаагийн албан тушаалыг бууруулах шийдвэрийг гаргасан. Энэхүү гаргасан шийдвэрийг М.Цогзолмаа нь эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан гомдлыг хянан шалгаж байх явцад ЗДТГ-ын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/85 дугаар тушаалын 2 дахь хэсгийг хүчингүй болгосон ба уг тушаалыг төрийн албаны зөвлөлөөс хянаж үзээд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 363 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй болохыг тогтоон М.Цогзолмаагийн ЗДТГ-ын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг хангахгүй орхисон. М.Цогзолмаад ЗДТГ-ын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, үндсэн чиглэл төлөвлөгөөний хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилсон талаар мэдэгдсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй хууль шүүхийн байгууллагад хандах талаараа 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдэж байгаа талаараа бичиг ирүүлснийг хүлээн авсан.

Нэхэмжлэгч М.Цогзолмаагийн албан тушаал бууруулсан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/85 дугаар тушаал нь хууль тогтоомж зөрчөөгүй, хууль зүйн бодит үндэслэлтэй Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д зааснаар Төрийн албаны зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэж заасан байх тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна гэжээ.

12. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч талаас Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/85 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба энэ асуудал шалгагдаж байх явцад Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын семинарыг 2021 оны 11 дүгээр сарын 11-ээс 12-ны өдрүүдэд зохион байгуулж, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг Төрийн албаны шинэчлэлт, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт сэдвээр сургалт хийж, энэ үеэр Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үндэслэлээр төрийн албан хаагчийг албан тушаал бууруулж байгаа үед тухайн байгууллага дотроо сул орон тоо байгаа тохиолдолд албан тушаал бууруулах шийдвэр гаргах талаар зөвлөгөө өгсний үндсэн дээр аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/85 дугаар тушаалын 2 дахь хэсгийг хүчингүй болгосон тушаал гаргасан. ... Нэхэмжлэгч М.Цогзолмаагийн албан тушаал бууруулсан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/115 дугаар тушаал нь хууль тогтоомж зөрчөөгүй, хууль зүйн бодит үндэслэлтэй тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

13. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний бие 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг гүйцэтгэхээр Засаг даргын захирамжаар томилогдсон. 1 сард хэлтсийн дарга нартай уулзаж үйл ажиллагаатай нь танилцсан. Энэ хүн ганцаарчлан уулзах хүсэлт тавьж дараа нь ганцаар уулзсан. Энэ тамгын газар дотор бөөн хов жив ярьсан, бие биеийнхээ бөгсийг ухсан хүмүүс бий. Болгоомжтой байгаарай, надаас зөвлөгөө аваарай гэж байсан. Миний хувьд өмнө нь Улаанбаатар хотод төлөвлөлтийн хэлтсийн даргаар 8 жил ажилласан болохоор ийм зүйл ярихад нь гайхаж, тухайн үед би нээлттэй ажилладаг хүн гэж хэлсэн. Төрийн захиргааны хэлтэс толгой хэлтэс учраас хамгийн гол зүйлүүдийг хийдэг. Ийм чухал хэлтсийг толгойлдог хүн ийм зүйл яриад явж байсныг санаж байна. 2021 оны 1, 2 сард Засгийн газрын журамд нэлээн өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор стратеги төлөвлөгөөг боловсруулах шаардлага гарч төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ахлуулаад агентлагийн дарга нар орсон нэлээн том бүрэлдэхүүн томилогдсон. Ингээд 1 сарын сүүлээр томилоод 3 сарын сүүлээр ажил юу болж байна гэхэд маш удаашралтай явагдаж байсан тул би өөрөө ахлаад дуусгасан. 2019 оноос мөрдөгдсөн Төрийн албаны тухай хуульд зааснаас үзэхэд Төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, сургалт хоёр бол маш чухал зүйлүүд болсон. Дээрх хоёр асуудлаар 1 сараас эхлэн 6 удаа М.Цогзолмаад үүрэг өгөхөд огт хэрэгжүүлээгүй. Ингээд энэ хүнд багаар ажиллах, манлайлал хийх, хандлага ур чадвар дутмаг юм байна гэдгийг анзаарсан. Бусад хүмүүстээ үүрэг өгөөд хаячихдаг юм билээ. Бас дээр нь шагналын журам боловсруулах үүрэг өгсөн. Хүний нөөцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр захиргааны санаачилгаар хийгдэх ёстой. Ийм хөтөлбөр батлуул гэсэн журам байхгүй. Өөрөө санаачилгаараа гаргаад батлуулах ёстой. Хүний хөгжилд төсвийн хөрөнгийн 30 хүртэл хувийг батлуулъя гээд иргэдийн төлөөлөгчдийн хурлаар би батлуулсан. Үүнийг андуураад байна. Дундговио ногооруулъя хөтөлбөрийг би мөн батлуулсан. Нэг хэлтэст шуурхай хурал болгон дээр 10-15 үүрэг, даалгавар өгдөг. 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өгсөн гүйцэтгэлийн үнэлгээ дээр М.Цогзолмаа хийгээгүй ажлаа хийсэн гэж бичээд, нэгжийн даргын өгдөг оноог өөртөө тавиад та өөрчлөхгүй шүү, хэрэв өөрчилбөл маш өчүүхэн хувиар өөрчилж болно гэж хэлж байсан. Мөн математик дунджаа буруу бодсон алдаанууд байсан. Үүнийг гараар засаж дахин үнэлсэн. Энэ хүнд үр дүнгийн төлөвлөгөөний биелэлтийг шинэчилсэн журмын дагуу боловсруулж өг гэсэн үүргийг өгсөн байсан. Гэвч энэ журмыг надад буруу ойлгуулж нэг ёсондоо өөрөө өөртөө дүн тавиад та гарын үсэг зурах үүрэгтэй гэж надад үнэлгээний хуудсаа өгсөн. Ингээд үнэлгээний алдаа гарсан. Анх надад ийм л арга зүй өгч байсан. БНХАУ-аас 70 жилийн ойн арга хэмжээнд хамтын ажиллагааны төсөл гэж бэлтгэл ажиллагааны ажилтай холбоотой зардал орж ирсэн. Үүнийг Цогзолмаа хувийн дансанд авч зарцуулснаас 2 улсын хооронд сэв суулгасан. Ийм ёс зүйн зөрчилтэй асуудал гаргасан. Манай зүгээс энэ талаарх мэдээллийг нөгөө талд өгөөгүй юм билээ. Сая намайг очиход танайх өмнөх мөнгөний тайлангаа дутуу ирүүлж байсан, цаашдаа тайлангаа сайн явуулаарай гэж байсан. Мөн Цогзолмаа нь дарга нарыг залуу албан хаагчтай холбох зэргээр ховын асуудлыг гаргаж байсан. Цогзолмаа хэлтсийн дарга нартайгаа таардаггүй. Коридорт хэрэлдэж байхыг нь сонссон. Ийнхүү ажлын хэсэг байгуулагдаад М.Цогзолмаагийн ажлын байрны зорилго, зорилт болгоноор нь хяналт шалгалт хийгээд 3,4 зорилтод хангалтгүй гэдэг дүгнэлт гарсан. Мөнгөн, Цогзолмаа хоёрын зөрчлөөс болж Дундговь аймгийн цахим ажил гацсан. Шаардлагатай асуудлыг тодруулахаар албан хаагчдыг дуудаж харьцдаг байсан. Үүнийг давж харьцаж байна гэж ойлгож болохгүй. Албан хаагчдаас энэ хүнийг бусад албан хаагчтай таарахгүй байна гэсэн гомдол ирээд байсан учраас сэтгэл ханамжийн судалгаа авсан. Халах хүртэл боломж байсан. Гэвч энэ цаг үеийн байдалтай холбогдуулаад албан тушаал бууруулсан. Тухайн үед Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт сул орон тоо байсан. Би удирдлагатай нь яриад тохирсон байсан боловч Цогзолмаа энэ ажлыг хийгээгүй. Шинэчлэгдсэн Төрийн албаны тухай хуулиар Төрийн албаны зөвлөлд нэлээн эрх олгогдсон. Үүний нэг нь шүүхийн өмнөх шатанд Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгчийн талд шийдвэр гарах юм бол хариуцагч гомдол гаргах боломжгүй юм билээ. Төрийн албаны зөвлөл манайхаас бүх баримтыг татаж үзээд үндэстэй шийдвэр гэж шийдвэрлэсэн. Төрийн албаны зөвлөлийн эрх бүхий албан тушаалтан эхлээд нөөцөд хүн байгаа эсэх талаар судалгаа ав, дараа нь бууруулж байгаа тохиолдолд аль болох дотроо албан тушаалд томил, тэр хүн чинь ажлаа сайн хийвэл шатлан дэвших зарчмаар өөр ажил ч юм уу эсхүл энэ албан тушаал дээр нь буцааж томилох боломжтой гэсэн зөвлөмж өгсөн. Миний бие нөөцөд бүртгэлгүй албан хаагч байсныг чөлөөлөөд энэ хүнийг өөрийнх нь мэргэжилд таарсан дотоод аудитын хэлтэст томилсон. Харилцааны хувьд энэ хүн бардам, хүнийг үг хэлээр доромжлох гэдэг юм шиг байна лээ. Надаас эрүүл мэндийн чөлөө их авч байсан. Сүүлд би энэ хүнийг яагаад ажлаа гүйцэтгэж чаддаггүй юм бол гэж судлаад үзэхэд Архангай аймгийн коллежийг 2 жилээр төгссөн, багш сэтгэл судлаач мэргэжилтэй хүн байсан. 2 жил сураад бакалавр авсан болохоор нь гайхсан. Мөн яагаад энэ ажилд томилогдсон юм бэ гэхэд албан тушаалын тодорхойлолтынхоо Бусад гэдэг хэсэгт энэ мэргэжлийг хамааруулсан байсан. Одоо энэ Бусад гэдэг үг байхгүй болсон болохоор мэргэжлийн асуудал үүссэн. Аль болох ажилтай байлгая гэж албан тушаал бууруулсан. Сүүлд томилсон ажлаа хийгээд шүүхэд хандах боломж байсан. Тэгсэн бол давхар цалингийн асуудал үүсэхгүй, зөв зүйл болох байсан. Энэ шийдвэр ганц миний шийдвэр биш ажлын хэсэг, Төрийн албаны зөвлөлийн зөвлөмж. Цогзолмаа Төсвийн хуулийг мэдэхгүй учир гаднын мөнгийг авсан гэж сонсох ажиллагаандаа хэлсэн байдаг. Цахим ажлыг би мэдэхгүй Мөнгөн мэднэ гэдэг. Өнөөдөр энэ хүн гадаад харилцааны ажлыг сайн хийсэн гэж өөрийгөө магтаж байгаа нь энэ хүний ёс зүйг харуулж байна. Мөнгө өгснийг бид мэдээгүй, төсвөөс мөнгө гаргуулаад яваад байсан гэж тухайн үеийн хүмүүс ярьдаг. Архивд байдаг гадаад харилцааны тайлангаас 3 хуудас баримт алга болсон гэдэг. 10 сая төгрөгийн асуудал, мөн ёс зүйн асуудлууд гарсан учраас захиргааны арга хэмжээ авсан. Урьд нь хэвийн үйл ажиллагаа нь явагдаж байсан хэлтсийн үйл ажиллагаа доголдож, олон тодорхой асуудлууд яригдсан учраас хариуцлагын асуудал гарч ирсэн. Жил бүр 10 сая төгрөг хамтын ажиллагааны хүрээнд ирдэг. М.Цогзолмаагийн ажлыг дүгнэж 68, 67 гэсэн оноог өгч байсан. Хангалтгүй D гэдэгт үүрэг даалгавар гүйцэтгээгүй орж байгаа. Илт удааширсан 2 даалгаврын нотлох баримт хэрэгт бий. Маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 45.1.2 дахь заалтыг агуулгаар нь өөрийнхөөрөө тайлбарлаж Дутагдалтай гэсэн үгийг хэрэглэсэн. Мэргэжлийн хувьд бага ангийн багш, сэтгэл судлаач учраас албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангахгүй гэж үзсэн. Мөн 2 жил сураад бакалавр болсон байсан. М.Цогзолмаад гэрчийн мэдүүлэгтэй холбогдуулан аппаратын хурал дээр өөрт нь Засаг дарга сануулж хэлж байсан. Гомдол гаргагчийг цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөсөн. Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалын тодорхойлолтыг өөрчилсөн баримт одоогоор ирээгүй. Өнөөдөр тамгалж байна гэсэн. Шалгасан зүйл байхгүй боловч 10 сая төгрөгийн асуудал нь ёс зүйтэй холбоотой. Өнөөдөр хавтаст хэргээс Нийслэлийн прокуророос ирүүлсэн баримтыг харсан. Энэ асуудал нь М.Цогзолмаагийн хувьд мэдлэггүйгээс илүү ёс зүйн асуудал болно. Ажлын байрны заалт бүрээр шалгалт явуулсан. Энэ заалтад гадаад харилцааны асуудал тусгагдсан байдаг учраас 10 сая төгрөгийн асуудал багтаж байгаа юм .... Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын шийдвэрүүд хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

14. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хууль зүйн дүгнэлт хэлэхээс өмнө яагаад маргаан бүхий акт гарах болов, яагаад энэ маргаан бий болох болов гэдэг асуултыг гаргая. Ямар эрх ашиг яагаад зөрчигдсөн талаар нэхэмжлэгчээс асуухад хариулт өгч чадаагүй. Аливаа нэгэн байгууллага тэр дундаа захиргааны хэргийн шүүх эрсдэлд орсон нөхцөлийг харах хэрэгтэй. Тэгэхээр энэ хүний ямар эрх зөрчигдөв гэдэг асуудал байна. Төрийн алба тоглоом биш. 2019 оноос мөрдөгдөж ирсэн Төрийн албаны тухай хууль өмнөхөөс шал өөр буюу мэргэжлийн түвшинд байх шаардлагыг тавьсан. Энэ бүх нөхцөл байдлаас болоод маргаан бүхий тушаал гарсан. Удирдах албан тушаалтан бол би мэдэхгүй надад чадвар байхгүй гэж хэлээд аливаа асуудлын цаана суугаад байж болохгүй. Засаг даргын тамгын газар 2 чиг үүрэгтэй. 1-т тухайн орон нутгийн Засаг даргыг мэргэжлийн удирдлагаар хангах. Засаг дарга бол ямар ч боловсролтой мэргэжилтэй хүн байж болно. Түүнийг нь ажлын алба хангах ёстой. 2-т Төрийн албыг тасралтгүй хэвийн явуулах үүргийг хадгалдаг. Тэгэхээр төрийн захиргааны удирдлагын хэлтсийн үйл ажиллагаа 2021 оны 1 дүгээр сараас 7 сарыг хүртэл хэвийн явагдаж чадаж уу гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Маргаан бүхий тушаал 3 агуулгыг агуулж байна. 1-т Төрийн албаны тухай хуулийн 45.1.1, 45.1.2 дахь заалт. 2-т төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журмыг, 3-т 2021 оны А/172 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн байна. Маргаан бүхий актуудыг Төрийн албаны зөвлөл хянаж үзээд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 363 тоот тогтоолоор зөв байна гэж дүгнэсэн учраас энэ дүгнэлт энэ хэргийг шийдэхэд тодорхой ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ бол Төрийн албаны шинэ хуулийн өөрийнх нь онцлог. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарт нэг зүйлийг тайлбарлая. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39-р зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж зааснаас үзвэл бусад тохиолдол гэдэгт Төрийн албаны тухай хуулийн 45.1.1, 45.1.2 дахь заалт хамаарч байна. Ингээд Төрийн албаны тухай хуулийн 45.1.1, 45.1.2-т заасан нөхцөл байдлыг хэрхэн тогтоох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Одоогийн байдлаар энэ тохиолдолд Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын хүрээнд явуулна. Ингэхээр журмын 1.2 дахь хэсгийг барьсан нь зөв байна. Журмын 2.2-т энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно гэж бий. Энэ нь өөрөө эргээд Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 7-р сарын 28-ны өдрийн А/172 тоот тушаал үндэслэлтэй болохыг харуулж байна. Төрийн албаны тухай хуулийн 45.1.1-д хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж заасан. 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Цогзолмаагийн оруулж ирсэн тайланд 64.5 хувийн үнэлгээ өгсөн нь өөрөө Төрийн албаны зөвлөлөөс баталсан төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх аргад зааснаар 70 хувиас доош авсан нь хангалтгүй, 70 хувиас дээш авсан нь хангалттай гэдэгт хамаарна. Тэгэхээр нэхэмжлэгч хуульд зааснаар албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн байна. 2020 оны 12-р сараас 2021 оны 7 сар хүртэлх нийт 7 удаагийн хурлын тэмдэглэл, үзлэг хийсэн баримтаар хэн, хэн ямар үүрэг даалгавар өгч байсан талаар хангалттай нотлох баримт авагдсан. Албан хаагчдын сэтгэл ханамжийн судалгаа, мөн маргаанд чухал үүрэг гүйцэтгээд байгаа шагналын журам батлах, төрийн албан хаагчдын нийгмийн хамгаалал сургалтын асуудал чухал. Энэ ажлууд 2021 оны 10, 2022 оны 3 сард батлагдсан. Гэтэл үүрэг даалгаврыг 2021 оны 1 сард өгсөн. Энэ биелүүлэхгүй асуудал нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй гэдэгт орно. Албан тушаалын тодорхойлолт 1-6 зорилттой ба энэ зорилтын хүрээнд ажлын хэсэг тусад нь шалгаад тогтоосон. 1-р зорилтын 8-т Нутгийн захиргааны байгууллагуудад Төрийн албаны тухай хууль, ёс зүйн дүрэм, байгууллагын дотоод журмыг чанд баримталж, хууль тогтоомжоор олгогдсон эрх үүргээ шударгаар хэрэгжүүлж, хүнд суртал авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж төрийн үйлчилгээг соёлтой шуурхай хүргэхэд дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтэд хяналт тавина гэж байна. Гэтэл сахилга дэг журам хаа байна. 2-р зорилтын хүрээнд 1-т төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлж, нөөцийг бүрдүүлэн мэргэшсэн албан хаагчаар хангах, төрийн албаны стандартыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулах гэж байна. 3-т Төрийн жинхэнэ албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, манлайлах ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг удирдлага арга зүйгээр хангах гэж байна. Үүнд сургалтын хөтөлбөр орно. 3 дугаар зорилтын 2, 3-т мөн тодорхой бий. 4 дүгээр зорилтын 6-т төрийн дээд шагнал, аймгийн шагналын асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэх гэж зааснаар шагналын асуудлыг шийдвэрлээгүй. 5 дугаар зорилгын 1-д гадаад харилцаа хамтын ажиллагааны бодлогыг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдлага арга зүйгээр хангах, 5-ын 2-т гадаадын болон олон улсын байгууллагатай хамтарч ажиллах гэж байна. Үүн дээр аймгийн Төрийн аудитаас үйл ажиллагаа нь болохгүй байна гэж дүгнэлт гарсан. 6-ын 2-т хэлтсийн мэргэжилтнүүдийг өдөр тутмын удирдлага зөвлөмж, арга зүйгээр хангах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцөл бүрдүүлэх гэж зааснаас нь харвал энэ хүн албан хаагчдад ямар үйлчилгээ үзүүлсэн нь тодорхойгүй байна. Эндээс Төрийн албаны тухай хуулийн 45.1.1-т зааснаар хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдож байна. Төрийн албаны тухай хуулийн 45.1.2 дахь заалт нь мэргэжлийн дүгнэлт гарахыг шаарддаггүй. Нэхэмжлэгч сая ахлах түшмэлийн албан тушаалын сургалтад хамрагдаж байсан гэж байгаа боловч баримт байхгүй байна. Тэгэхээр үйл ажиллагааны шаардлага хангаагүй байна. Энэ хүн 2021 оны 6-р сард өөртөө 92.4 гэсэн дүн тавиад ороод ирсэн. Энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтан засварлахаас өөр арга байхгүй. Хэлтсийн ажилтнуудын зарим нэг нь архи уугаад, ерөнхийлөгчийн сонгуульд ажиллаад, ар гэрт шалтгаан гарсан байж болно. Гэхдээ энэ төрийн ажлыг тасралтгүй хэвийн явуулах нь энэ хүний зохион байгуулалтын асуудал.

Улсын тэмдэгтийн хураамжийг шүүх зайлшгүй анхаарч үзэх хэрэгтэй. Ямар ч хүн улсын тэмдэгтийн хураамжийг төлж байж шүүхэд хандах эрхтэй. Төрийн албаны зөвлөлд хандсанаар эрх үүсээд байгаа юм биш. Энэ нь зөвхөн эрхээ олж авч байгаа тул эргэлзээтэй нөхцөл байдал гарч ирж байна гэж үзэж байна. Удирдах албан тушаалтнаас удирдах албан тушаалтанд шилжсэн хүн алдаа дутагдал гарахгүй байх ёстой. Үнэлгээний асуудлын талаар М.Цогзолмаа тамгын даргыг буруу арга зүйгээр хангасан. Гэтэл энэ хүн өнөөдөр хурал дээр өөрөө мэдэх үүрэгтэй гэж байна. Энэ чинь юу болж байна. Прокурорын тогтоолд гэмт хэргийн шинжгүй гэж байгаа боловч энэ бол байж болохгүй асуудал. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.2, 2.1.4, 2.1.5, 3.1-д жагсаасан заалтуудыг зөрчсөн. Мөн 10 сая төгрөгөөс гадна хамт олны дунд ажлын уур амьсгалыг бий болгоогүй. Төсвийн тухай хуульд гэмт хэргийн шинжгүй бол хариуцлага хүлээнэ гэж байна. Одоо ч гэсэн хууль зүйн боломж нь байна. Ажлын хэсгийн дүгнэлт өөрөө хууль зүйн үндэслэлтэй тул Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргаас гаргасан маргаан бүхий хоёр тушаал хуульд нийцсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн М.Цогзолмааг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай Б/30 тоот тушаалаар М.Цогзолмааг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээс 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс чөлөөлж, тус албан тушаалд мөн өдрөөс томилсон байна.

3. Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн М.Цогзолмааг албан тушаал бууруулах тухай Б/85 тоот тушаалаар ... албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, төсвийн шууд захирагчийн 2020-2021 онуудад төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээгээр удаа дараа Дутагдалтай үнэлэгдэж, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангахгүй байгаа нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны А/172 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон тул 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулах, М.Цогзолмааг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний сул орон тоонд томилон ажиллуулахыг Гэр бүл, хүүхэд залуучуудын Хөгжлийн газрын даргад даалгах гэж,

4. Мөн тус газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/115 тоот тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Цогзолмааг албан тушаал бууруулах тухай 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/85 дугаар тушаалын 2 дахь хэсгийг хүчингүй болгох, М.Цогзолмааг албан тушаал бууруулж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, үндсэн чиглэл төлөвлөгөөний хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулсугай гэж тус тус шийдвэрлэжээ.

5. Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн тайлан дүгнэлтэд ... удирдлагаас удаа дараа өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй, 2020, 2021 оны ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшингийн үнэлгээ, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй хэрэгжүүлж байгаа нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул М.Цогзолмааг хууль тогтоомж болон Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэг, зорилтоо хангалтгүй биелүүлж байна гэж ажлын хэсгээс дүгнэлээ гэх дүгнэлтийг гаргасан, мөн гэрч Н.Мөнгөн мэдүүлэгтээ ... 2021 оны 5,6 сард байх. Тайлан хоцроосон талаар нэмэлт мэдээллийг тухайн үед нь удирдлагад өгсөн, ... Засгийн газрын хэрэг эрхлэг газрын тогтоолын хэрэгжилт хангалтгүй гэж тухайн үед нь хэлж байсан, гэрч Г.Оюунтунгалаг мэдүүлэгтээ ... Энэ хугацаанд би яг юу хийх талаар заавар зөвлөмжийг аваагүй. Хэлтсийн даргаас үүрэг чиглэл өгөөгүй, би өөрийн санаачилгаар төрийн албыг тасралтгүй явуулах үүднээс хэвлэл мэдээллийн ажилтны хийх ажлыг хийж эхэлсэн..., гэрч Г.Жавзмаа мэдүүлэгтээ ... Нэг нь төрийн албан хаагчийн сургалт, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангах байсан. 1 сарын хурлаас эхлээд ямар ч байсан 5 удаагийн хурал дээр хэлэлцэгдэж тэмдэглэлд тусгагдсан. Нөгөө нь шагналын журам шинэчлэх байсан. 2021 оны 6,7 сарын үед хэрэгжээгүй байсан ... гэж тус тус мэдүүлжээ. /1-р хавтаст хэргийн 88, 92,93-р, 2-р хавтас хэргийн 10, 13, 15-р хуудас/

6. Шүүх хуралдаанд хариуцагчаас ... Стратеги төлөвлөгөө боловсруулах ажлыг ахлуулж ажлын явцтай танилцахад удаашралтай байсан учир би өөрөө хийж дуусгасан. Төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, сургалт, шагналын журам боловсруулах, хүний нөөцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр зэрэг асуудлаар удаа дараа М.Цогзолмаад хугацаатай үүрэг өгөхөд огт хэрэгжүүлээгүй. Энэ үүрэг даалгавар гүйцэтгээгүй нь хангалтгүй D гэдэгт хамаарна, Төрийн албаны тухай хуулийн 45.1.2 дахь заалтыг агуулгаар нь өөрийнхөөрөө тайлбарлаж Дутагдалтай гэсэн үгийг хэрэглэсэн... гэж, түүний өмгөөлөгчөөс ... 2020 оны 12-р сараас 2021 оны 7 сар хүртэлх нийт 7 удаагийн хурлын тэмдэглэл, үзлэг хийсэн баримтаар хэн, хэн ямар үүрэг даалгавар өгч байсан талаар хангалттай нотлох баримт авагдсан. Шагналын журам батлах, төрийн албан хаагчдын нийгмийн хамгаалал, сургалтын ажлууд 2021 оны 10, 2022 оны 3 сард батлагдсан. Үүрэг даалгаврыг 2021 оны 1 сард өгсөн байхад биелүүлээгүй нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй гэдэгт орно. Албан тушаалын тодорхойлолтын 1-р зорилтын 8-т заасан сахилга дэг журам хаа байна. 2-р зорилтын хүрээнд 1, 3-т сургалтын хөтөлбөр батлуулаагүй орно. 3 дугаар зорилтын 2, 3-т мөн тодорхой бий. 4 дүгээр зорилтын 6-т зааснаар шагналын журам батлаагүй. 5 дугаар зорилтын 1, 2-т заасан ажилд нь төрийн аудитын газраас үйл ажиллагаа нь болохгүй байна гэж дүгнэсэн. 6-ын 2-т зааснаар энэ хүн албан хаагчдад ямар үйлчилгээ үзүүлсэн нь тодорхойгүй байна. Иймээс Төрийн албаны тухай хуулийн 45.1.1-т зааснаар хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдож байна... гэж маргаан бүхий акт гарах болсон шалтгаан, түүний хууль зүйн үндэслэлийн талаар тайлбарлаж маргана.

7. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл М.Цогзолмаа нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Шагналын журам батлах, Сургалтын хөтөлбөр, Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах хөтөлбөр боловсруулах зэрэг үүрэг даалгаврыг нийт 6 удаа авч, түүнийхээ биелэлтийг тооцуулаагүй, М.Цогзолмаагийн удирдлага зохион байгуулалт, хандлага, ёс зүй, ур чадварын талаар хэлтсийн албан хаагчдаас өгсөн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн үнэлгээний нэгтгэлд Муу гэх үнэлгээ өгсөн, энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/84 тоот тушаалын хавсралтаар М.Цогзолмаагийн 2021 оны хагас жилийн ажлыг 68.5, 2020 оны 2 дугаар улиралд 68.8, 2020 оны 3 дугаар улиралд 67.9 оноогоор тус тус дүгнэсэн байна. /1-р хавтаст хэргийн 137, 138, 241, 244-р хуудас/

8. Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, тэдгээртэй холбогдуулан төрийн албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх журмыг Засгийн газар батална гэж заасан ба энэ зохицуулалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр, мэргэшлийн түвшинг үнэлэх журмыг баталсан.

Дээрх журмын 4.14.4-д D буюу Сайжруулах шаардлагатай үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд: 1/сургалтад хамруулах, 2/хугацаатай үүрэг даалгавар өгөх, В/сануулах арга хэмжээ авах гэж заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор гарсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалын 9 дүгээр хавсралтаар батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх аргачлал-ын гуравт: Журмын 4.3-т заасны дагуу нэгжийн дарга албан хаагчийн гүйцэтгэлийн тайланг хянаж, А буюу Маш сайн, В буюу Сайн, С буюу Хангалттай D буюу Сайжруулах шаардлагатай F буюу Хангалтгүй гэсэн үнэлгээг өгч баталгаажуулна. Үнэлгээг онооны харьцаагаар тодорхойлбол:

- 90-100 оноотой бол А буюу Маш сайн гэсэн үнэлгээ

- 80-90 оноотой бол В буюу Сайн гэсэн үнэлгээ

- 70-79 оноотой бол С буюу Хангалттай гэсэн үнэлгээ

- 60-69 оноотой бол D буюу Сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээ

- 59 онооноос доош бол F буюу Хангалтгүй гэсэн үнэлгээгээр үнэлнэ гэж заажээ.

Мөн дээрх аргачлалын Нэгжийн даргын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх хэсэгт: Төсвийн шууд захирагч 6, 12 дугаар сарын 20-ны дотор нэгжийн даргын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, А буюу Маш сайн, В буюу Сайн, С буюу Хангалттай, D буюу Сайжруулах шаардлагатай, F буюу Хангалтгүй гэсэн үнэлгээний аль нэгийг өгнө гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтыг үндэслэн гарсан журам, аргачлалаас үзэхэд 68.8, 67.9, 68.5 буюу D үнэлгээ авсан тохиолдолд албан тушаал бууруулах арга хэмжээ авахгүй, харин сургалтад хамруулах, хугацаатай үүрэг даалгавар өгөх, сануулах арга хэмжээ авахаар заасан байна.

9. Хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар болон маргааны үйл баримтаас дүгнэвэл М.Цогзолмаагийн ажлыг дүгнэсэн D үнэлгээнүүд нь Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй, нөгөөтэйгөөр хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан ... төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх аргад зааснаар 70 хувиас доош авсан нь хангалтгүй, 70 хувиас дээш авсан нь хангалттай гэдэгт хамаарна ... гэх тайлбар үндэслэлгүй байна.

10. Нэхэмжлэгчээс Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Б/84 тоот тушаалтай холбогдуулан маргаан үүсгээгүй тул М.Цогзолмаагийн 2021 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудсанд засвар оруулсан талаарх маргаанд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзээд дээрх тушаалын хавсралтаар үнэлсэн үнэлгээг нотлох баримтаар үнэлсэн болно.

11. Хариуцагчаас 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ажлын хэсгийн тайлан дүгнэлт, маргаан бүхий актадаа /1-р хавтаст хэргийн 9, 84-88, 92-93, -р хуудас/ М.Цогзолмаа нь албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангахгүй байна гэж дурддаг ч чухам ямар тусгай шаардлагыг хэрхэн яагаад хангаагүй талаар тодорхойлдоггүй, мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс ... Нэхэмжлэгч ахлах түшмэлийн албан тушаалын сургалтад хамрагдсан гэж байгаа боловч баримт байхгүй байна. Тэгэхээр энэ нь үйл ажиллагааны шаардлага хангаагүй ... гэх тайлбарыг гаргах боловч уг асуудлыг шалган тогтоох ажиллагааг явуулаагүй байна.

12. Мөн хариуцагч шүүх хуралдаанд ... Архангай аймгийн коллежид 2 жил сураад багш, сэтгэл судлаач мэргэжлээр бакалавр болсон байсан. Үүнийг гайхсан. Мэргэжлийн хувьд бага ангийн багш, сэтгэл судлаач учраас албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангахгүй гэж үзсэн. Албан тушаалын тодорхойлолтын Бусад гэдэг хэсэгт энэ мэргэжлийг хамааруулсан юм билээ. Одоо энэ Бусад гэдэг үг байхгүй болсон. Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалын тодорхойлолтыг өөрчилсөн баримтыг одоогоор ирүүлээгүй, өнөөдөр тамгалж байна гэсэн ... гэж маргах хэдий ч уг тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална, 23.4-т Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.3-т заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална гэж тус тус заасан байх бөгөөд энэ заалтын хүрээнд эрх бүхий этгээдээс төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулсан талаарх баримтаа ирүүлээгүй байна.

Иймээс Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2-т үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэж заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

13. Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн М.Цогзолмааг албан тушаал бууруулах тухай Б/85 тоот тушаалын 2 дахь заалтыг эрх бүхий албан тушаалтнаас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/115 тоот тушаалаар хүчингүй болгосон байх тул нэгэнт эрх зүйн үйлчлэлгүй буюу хүчингүй болсон заалтыг шүүхээс дахин хүчингүй болгох нь үндэслэлгүй юм.

Иймээс дээрх үндэслэлүүдээр Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн М.Цогзолмааг албан тушаал бууруулах тухай Б/85 тоот тушаалын 1, 3 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

14. М.Цогзолмааг албан тушаал бууруулах үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 45.1.2 дахь хэсэгт заасан үндэслэл баримтаар тогтоогдоогүй хийгээд хуульд нийцээгүй тул Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Тушаалын заалт хүчингүй болгож, өөрчлөлт оруулах тухай Б/115 тоот тушаалаар М.Цогзолмааг албан тушаал бууруулж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, үндсэн чиглэл төлөвлөгөөний хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзээд уг тушаалыг бүхэлд нь хүчингүй болгов.

15. Хариуцагч, түүний өмгөөлөгчөөс Төрийн албаны зөвлөл албан тушаал бууруулж байгаа тохиолдолд аль болох дотроо албан тушаалд томилж, шатлан дэвших зарчмаар буцааж томилох боломжтой гэсэн зөвлөмж өгсөн. Иймээс тушаал үндэслэлтэй, бидний зүгээс үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Маргаан бүхий актуудыг Төрийн албаны зөвлөл хянаж үзээд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 363 тоот тогтоолоор зөв байна гэж дүгнэсэн нь хэргийг шийдэхэд тодорхой ач холбогдолтой гэх тайлбарыг гаргадаг ч нэхэмжлэгчийн гомдлоор Төрийн албаны зөвлөл маргаан бүхий тушаалуудад урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлсэн, энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл хариуцагч болохгүй ба уг зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 363 тоот тогтоолын 3 дахь заалтаар нэхэмжлэгчид шүүхэд гомдол гаргах эрх олгогдсон тул шүүхээс эрхийнхээ хүрээнд маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийсэн болно.

16. Мөн хариуцагч талаас ... БНХАУ-аас 70 жилийн ойн арга хэмжээний бэлтгэл ажилтай холбоотойгоор 10 сая төгрөгийг өгөхөд Цогзолмаа хувийн дансандаа авч зарцуулснаас 2 улсын хооронд сэв суулгасан. Дарга нарыг залуу албан хаагчтай холбох зэргээр ховын асуудлыг гаргадаг, мөн хэлтсийн дарга нартайгаа таардаггүй. Прокурорын тогтоолд гэмт хэргийн шинжгүй гэж байгаа боловч энэ бол байж болохгүй асуудал. Энэ нь Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Хамт олны дунд ажлын уур амьсгалыг бий болгоогүй. Төсвийн тухай хуульд гэмт хэргийн шинжгүй бол хариуцлага хүлээнэ гэж байгаа тул одоо ч гэсэн хууль зүйн боломж нь байна ... гэх зэргээр тайлбарлан М.Цогзолмааг албан тушаал бууруулснаа зөвтгөдөг ч Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 6.1-д Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж, шийдвэр гаргах эрх бүхий Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын дэргэд ажиллана гэж зааснаас үзвэл тухайн байгууллагын ёс зүйн зөвлөлийн шийдвэрлэх асуудал байна.

17. Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.1-т Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрт гомдол гаргахад энэ журмыг мөрдөнө гэж заасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ... Тушаал нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.1 дэх заалтыг үндэслэсэн байх боловч сахилгын шийтгэлийн төрөлд бууруулах гэсэн төрөл байдаггүй ... гэх тайлбар үндэслэлтэй байна.

18. Нэхэмжлэгч М.Цогзолмаа нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 100080000941 тоот дансанд 31000, 39200 төгрөгийг тус тус тушаасан болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогддог тул /иргэний болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тэмдэгтийн хураамж төлөх данс нэг / Дундговь аймгийн Татварын хэлтсийн даргын Дундговь аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэх тодорхойлолтоор М.Цогзолмааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

19. Хавтаст хэрэгт авагдсан баримт болон хариуцагч, түүний өмгөөлөгчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийг албан тушаал бууруулах хуульд заасан үндэслэлүүд баримтаар тогтоогдохгүй байх тул Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/85, мөн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/115 тоот тушаалууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж дүгнээд уг тушаалууд болон түүний холбогдох заалтыг хүчингүй болгож, М.Цогзолмааг урьд эрхэлж байсан ажил болох Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаагаар зохих журмын дагуу тооцон олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Маамын Цогзолмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн М.Цогзолмааг албан тушаал бууруулах тухай Б/85 тоот тушаалын 1,3 дахь заалт, мөн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Тушаалын заалт хүчингүй болгож, өөрчлөлт оруулах тухай Б/115 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил болох Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаагаар зохих журмын дагуу тооцон олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч М.Цогзолмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.ЦЭРЭНРАГЧАА