Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/106

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

Улсын яллагч Р.Очирсүрэн (томилолтоор),

шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000002073 дугаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр **** аймгийн ****** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ***** боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д жолооч ажилтай, ам бүл *, ******* хамт ****** аймгийн ****** сумын ** дүгээр багийн ** гудамжны ** тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** хорооллын ** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

А овогт Шүүгдэгч-ын Б (РД:*********).

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш-ын Б нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ******* байх “********” ХХК-ний хашаанд хохирогч Я.Н-ийг “машины урдуур дайрлаа” гэх шалтгаанаар маргалдан, нүүр нь тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны12 дугаар сарын 06-ны өдрийн 1402 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

- Шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчтой нэг газарт хамт ажилладаг. Миний буруу. Эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрийг төлсөн. Хохирогчийг цохисон үйлдлээ зөвшөөрч байгаа....” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Хохирогч Я.Н-ийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Би “*********” ХХК авто тээврийн компанид жолоочоор ажилладаг юм. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо ******* байрлах ****** компанийн агуулахаас сайжруулсан түлш ачихаар 11 цагийн үед очсон. Ингээд компанийн ** ** ***улсын дугаартай пусо маркийн ачааны машинтай оочирлож байтал 13 цагийн үед сайжруулсан түлш ачих гээд агуулах руу орох гэтэл Нярав Бархас гэх залуу дотор байгаа машинуудыг эхлээд гаргаадахъя гээд намайг зогсоосон гэтэл ** ** ***улсын дугаартай пусо маркийн ногоон өнгийн ачааны машины жолооч бууж ирэхээр нь дарааллаараа орчих гэхэд би чамаас өрсөөд агуулах руу орох гээд чиглээд зогсож байсан гэж маргаад бид хоёр өөрсдийн машиндаа суусан. Тэгээд би агуулах руу орох машинтайгаа ухарч байтал миний хажуугаар ** ** ***улсын дугаартай ногоон өнгийн пусо маркын ачааны машины жолооч зэрэг агуулах руу орох гэж дайраад миний машины хойд хэсгийг мөргөсөн гэтэл жолооч нь дахин бууж ирээд чи муу оочир дараалал дайрлаа гээд намайг заамдаж машинаас татаж буулгаад миний баруун нүд руу гараараа нэг удаа цохисон энэ үед тэнд байсан хүмүүс ирж салгасан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 07-09, 11 дэх тал),

- Гэрч Г.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо тахилтад байх "***********"-н агуулахын хашаанаас нүүрс авах гээд агуулахын хашаанд дээр оочирлоод агуулахын хашаа руу орчихоод машинаасаа буугаад урд хойдохоо хараад зогсож байсан. Тэр үед миний хойно явж байсан Н хойшоо ухраад агуулахын хаалгаар орж байтал хажуунаас нь ** ** ***улсын дугаартай ногоон өнгийн пусо ачааны машинтай хүн зэрэг хашаа руу орох гэж ухарч байгаад Н-ий машины хажуунаас тэвшээрээ мөргөлдсөн. Тэгээд ** ** ***улсын дугаартай машины жолооч машинаасаа бууж ирээд гараараа Н-ийг машинаас нь татаж буулгаад нүүр хэсэг рүү цохиход Н газар унасан. Тэгэхээр нь би очоод нөгөө залууд хандаж яаж байгаа юм гэж хэлэхэд яадаг юм гэж хэлээд зогсож байсан...нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Ц.Бадралын хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 13652 дугаартай “...Я.Н-ийн биед баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19- 20 дахь тал),

- ********* ХХК-ийн тодорхойлолт, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой баримт (хавтаст хэргийн 35, 36-39 дэх тал),

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар (хавтаст хэргийн 39 дэх тал),

           

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 47 дахь тал), хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 50-74 дэх тал), хаан банкны  депозит 5516058653 дугаартай дансны шилжүүлэг хийсэн хуулга, “****************” ХХК-ийн тодорхойлолт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ш.Б нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ******* байх “********” ХХК-ний хашаанд хохирогч Я.Н-ийг “машины урдуур дайрлаа” гэх шалтгаанаар маргалдан, нүүр нь тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Я.Н, гэрч Г.Ц нарын мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13652 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Шүүгдэгч Ш.Б нь хохирогч Я.Н-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Ш.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Хохирогч Я.Н-э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу эрүүл мэндийн зардалд 428.286 төгрөгийг баримтыг гаргаж өгснийг шүүгдэгч Ш.Б нь төлж барагдуулсан, харин сэтгэл санааны хохирол, 15 хоногийн хугацааны ажилгүй байсан хугацааны төлбөрийг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Хохирогч Я.Н-э нь ажилгүй байсан 15 хоногийн цалин хөлсийг нэхэмжилсэн боловч хавтас хэрэгт хохирогчийг “*********” ХХК-д жолоочийн албан тушаалд ажилладаг талаарх баримт авагдсан, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй талаарх бусад баримт байхгүй нь нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Мөн хохирогч нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэх талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу удаа дараагийн мэдүүлэгт энэ талаар дурдаагүй, хавтаст хэрэгтэй танилцахад “хүсэлт гомдол байхгүй” зэрэг тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Я.Н-ийн сэтгэл санааны болон ажилгүй байсан хугацааны төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ш.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Ш.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “шүүгдэгч Ш.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, түүнийг 2 сарын хугацаанд биелүүлэх...”

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралаас “...улсын яллагчтай эрүүгийн хариуцлагын талаар санал нэг байна...” гэсэн тус тус санал гаргасан.

Шүүгдэгч Ш.Б-ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, ********** ХХК-д жолоочоор ажилладаг), бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг үндэслэлтэй гэж дүгнэн шүүгдэгч Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Ш.Б холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Ш.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А овогт Ш-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Ш.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Анхбаярт сануулсугай.

6. Хохирогч Я.Н-э гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР