Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2021/00148

 

 

 

 

                        2021         01          14

    101/ШШ2021/00148

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Эх Дарь-Эх, 0 тоотод оршин суух, Мөнхөд тайж овогт Л.Э /рд:0/,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 17 дугаар хороо, Дамбадаржаа 56 дугаар гудамж, Далан 0 тоотод оршин суух, Мандал овогт Д.О /рд:0/,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 9 дүгээр гудамж, 0 тоотод оршин суух, Харчин овогт Д.Б /рд:0/,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Баянхайрхан 4 дүгээр гудамж, 0 тоотод оршин суух, Боржигон овогт Б.Б /рд:0/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 1 дүгээр орц, 0 тоотод оршин суух, Бүргэд овогт П.Х /рд: 0/-д холбогдох

 

14,683,280 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагч П.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г /Ү-0/ нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамханд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний үйлчлүүлэгчид болох Л.Э, Д.Б, Б.Б, Д.О нар нь 2016 оныы 07 дугаар сараас 09 дүгээр саруудын хооронд иргэн П.Х-д хууртан Солонгос улсад гэрээт ажилтнаар 3 жилийн хугацаатай явуулж өгнө гэсэн ярианд нь итгэн урьдчилгаа болгон тус бүр 2,000,000 төгрөгийг П.Х-ийн Хаан банкны 0 тоот дансанд шилжүүлэн өгсөн бөгөөд мөн хүн тус бүр 60 доллар буюу нийт 240 долларыг П.Х-д бэлнээр визний мөнгө хэмээн өгсөн байна.

Улмаар П.Х нь 2017 оны 02 дугаар сард та нарын виз тун удахгүй гарна. Та нарыг Солонгос улсад модны үйлдвэрт ажиллуулахаар боллоо хэмээн үлдэгдэл мөнгө болох 2,000,000 төгрөгийг одоо миний дансанд яаралтай хий гэснээр түүнд итгэсэн Л.Э, Д.Б, Д.О нар П.Х-ийн Хаан банкны 5042045470 тоот дансанд тус бүр 2,000,000 төгрөг шилжүүлэн өгчээ.

Иргэн П.Х нь миний үйлчлүүлэгч нарт 4,000,000 төгрөгөөр та нарыг болон хүүхдүүдийг чинь Солонгос улс явуулж өгнө гэж ярьсан байх бөгөөд урьдчилгаа хэмээн хэлж хүн тус бүрээс 2,000,000 төгрөг, визний мөнгө гэж 240 ам.долларыг бэлнээр 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр авсан болно. Ингээд түүний амласан виз гаргаж өгөх хугацаа дуусч П.Х-д миний үйлчлүүлэгчид хууртаж өгсөн мөнгөө эргүүлэн өгөхийг шаардахад “би ч өөрөө давхар хууртаж хүнд мөнгөө алдаж хохироод байна. Та нар ер нь цагдаад өг гэж хэлэн тэднээр цагдаад хандсан өргөдөл өргүүлж, давхар хууран мэхэлж цаг хожин хохироосон байдаг. Энэ үйлдэл нь Л.Э, Д.Б, Д.О, Б.Б нарын иргэний журмаар шүүхэд хандан хохирлоо гаргуулан авах тэдний эрхийг хойшлуулан хожих явуургүй арга байсан нь нэгэнт тодорхой болсон тул тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд миний зүгээс Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн Цагдаагийн хэлтсүүд болон Прокурорт тус бүр хандан П.Х-д үүсгээд байсан эрүүгийн хэргүүдийг бүгдийг нь хаалгасан болно.

Иргэн П.Х нь сүүлийн үед залилан авсан мөнгөө өгөхийн оронд Л.Энхболд, Д.Батгэрэл нарыг элдвээр дайран доромжлох болсон байна. П.Х нь одоо “Шангрилла” ХХК-д нягтлан бодогчоор ажилладаг. Нягтлан бодогч хүн өөрийн эрх мэдлийн хүрээн гарын үсэг зурсан үйл явдалдаа хуулийн хариуцлага хүлээдэг. Энэ нь хуулийн дагуу өөрийнх нь хүлээсэн үүрэг мөн учраа тэр. Гэтэл миний үйлчлүүлэгчдийн нэг ч удаа харж байгаагүй өөр хэн нэгэн рүү хариуцлага үүрүүлэхээр муйхарлан зүтгэдэг П.Х-ийн зальжин үйлдлийг түр орхин харин түүнд өгсөн санхүүгийн нотлох баримт бүхий өгсөн мөнгөө гаргуулан авахаар иргэний нэхэмжлэл гаргаж байна.

Л.Э-ын өгсөн 4,000,000 төгрөг, визний мөнгө 60 долларыг тухайн өдрийн Монгол банкны долларын ханш болох 2,847 төгрөгөөр үржүүлж 170,820 төгрөг нийт 4,170,820 төгрөг,

Д.О-ын өгсөн 4,000,000 төгрөг, визний мөнгө 60 долларыг тухайн өдрийн Монгол банкны долларын ханш болох 2,847 төгрөгөөр үржүүлж 170,820 төгрөг нийт 4,170,820 төгрөг,

Д.Б-ийн өгсөн 4,000,000 төгрөг, визний мөнгө 60 долларыг тухайн өдрийн Монгол банкны долларын ханш болох 2,847 төгрөгөөр үржүүлж 170,820 төгрөг нийт 4,170,820 төгрөг,

Б.Б-ийн өгсөн 2,000,000 төгрөг, визний мөнгө 60 долларыг тухайн өдрийн Монгол банкны долларын ханш болох 2,847 төгрөгөөр үржүүлж 170,820 төгрөг нийт 2,170,820 төгрөг нийт 14,683,280 төгрөгийг хариуцагч П.Х-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Л.Э нь өөрийн хүү Э.Ч-ыг Солонгос улс руу явуулах зорилгоор 2016 оны 06 сараас 2017 оны 02 дугаар сарын хооронд 2 удаагийн байдлаар нийт 4,000,000 төгрөг, 60 долларыг хүүгийнхээ паспорттай хамт П.Х-д өгсөн байдаг. Одоо хариуцагчаас 4,170,820 төгрөг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч Д.О нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг нийт 2,000,000 төгрөгийг П.Х-ийн 5042045470 тоот дансанд шилжүүлж, 60 доллар өгсөн. Би нэхэмжлэл дээр 4,000,000 төгрөг гэж бичсэн байгаа. Д.О 4,000,000 төгрөг өгсөн гэх боловч холбогдох баримтыг нь олоогүй. 2,000,000 төгрөгийн баримт нотлогдож байгаа учир 2,000,000 төгрөгийг 60 долларын хамт буюу нийт 2,170,820 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт 4,000,000 төгрөг өгсөн гэх боловч 2,000,000 төгрөг нь баримтаар нотлогдохгүй байгаа. Тиймээс баримтаар нотлогдож байгаа 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа Нэхэмжлэгч Д.Б нь 2016 оны 09 сард 2,000,000 төгрөгийг Ц-Ө гэдэг хүний мобайл банкаар шилжүүлсэн байдаг. 2016 онд 2,000,000 төгрөгийг П.Х-ийн дансанд шилжүүлсэн. Мөн 2017 оны 01 дүгээр сард 60 долларыг өгсөн. Нийт 4,170,820 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч Б.Б нь М.Н гэдэг хүний дансанд 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 60 доллар өгсөн. 2,170,820 төгрөг нэхэмжилж байгаа. П.Х нь нэхэмжлэгч нарыг Солонгос улс руу гэрээт ажилтнаар 3 жилийн хугацаатайгаар явуулна гэж мөнгө авсан. Тэгээд Солонгос улс руу явж чадаагүй тул нэхэмжлэл гаргаж байгаа. Өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй Д.Б гэдэг хүний тухай яриа гарч, хариуцагч энэ хүнд шилжүүлсэн гэж хэлсэн. Тиймээс нэхэмжлэгч нар нийт 12,683,280 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагч П.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

П.Х миний бие нь эдгээр нэхэмжлэл гаргасан хүмүүсийн мөнгийг Дашдорж овогтой Болормаад дамжуулж өгсөн. Ингээд миний бие нь мөнгө дамжуулж өгсөн бичиг баримтыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулан баталгаажуулан нотлогдсон. Одоогоор эдгээр хүмүүстэй холбоотой хэргээр анх Сүхбаатар 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаад одоо Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст шалгагдаж эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг нээсэн байгаа тус нэхэмжлэл гарган хүмүүс нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст очин мэдүүлэг өгсөн болно. Энэ асуудлаар Баянзүрх дүүргийн Мөнх-Эрдэнэ байцаагч дээр шалгагдаж байгаа сүүлд прокуророос эдгээр нэхэмжлэл гаргасан хүмүүсийн хамтад нь шалган шийдвэр гарсан.

Иймд миний бие энэ асуудал нь эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа учир анхан шатны иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тус хэргийн тогтоолыг Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст авах гэсэн боловч шүүхээс албан тоот явуул гэсэн хариу байцаагч өгсөн гэжээ.

 

            Хариуцагч П.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би эдгээр хүмүүсийг танихгүй. Би өөрийн танил Эрдэнэсувдаар дамжуулан эдгээр хүмүүстэй уулзсан. Тухайн үедээ нэхэмжлэгч нарт “би Солонгос явуулдаг хүн биш. Энэ мөнгийг чинь хүнд дамжуулж өгнө” гэж хэлээд цааш нь дамжуулж өгсөн. Асуудал удааширч байсан учир би цаад хүнээ Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулаад, тэр хүнд мөнгийг дамжуулж өгсөн гэсэн нотлох баримтаа гаргаж өгсөн. Би мөнгийг өөртөө ашиглаж, хэрэглээгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотлох баримт байгаа учир цаад хүнээ давхар шүүхэд өгч дамжуулж өгсөн хүнээсээ мөнгийг нь гаргуулж өгнө гэж бодож байна гэв. 

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Э, Д.Б, Д.О, Б.Б нар нь хариуцагч П.Х-д холбогдуулан

Л.Э-ын өгсөн 4,000,000 төгрөг, визний мөнгө 60 долларыг тухайн өдрийн Монгол банкны долларын ханш болох 2,847 төгрөгөөр үржүүлж 170,820 төгрөг нийт 4,170,820 төгрөг,

Д.О-ын өгсөн 4,000,000 төгрөг, визний мөнгө 60 долларыг тухайн өдрийн Монгол банкны долларын ханш болох 2,847 төгрөгөөр үржүүлж 170,820 төгрөг нийт 4,170,820 төгрөг,

Д.Б-ийн өгсөн 4,000,000 төгрөг, визний мөнгө 60 долларыг тухайн өдрийн Монгол банкны долларын ханш болох 2,847 төгрөгөөр үржүүлж 170,820 төгрөг нийт 4,170,820 төгрөг,

Б.Б-ийн өгсөн 2,000,000 төгрөг, визний мөнгө 60 долларыг тухайн өдрийн Монгол банкны долларын ханш болох 2,847 төгрөгөөр үржүүлж 170,820 төгрөг нийт 2,170,820 төгрөг, бүгд 14,683,280 төгрөг нэхэмжилжээ.

 

Хариуцагч П.Х нь нэхэмжлэгч нараас авсан визний мөнгийг Д.Б-д дамжуулж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нь Д.О-ын нэхэмжлэлээс 4,000,000 төгрөг өгсөн гэх боловч 2,000,000 төгрөгт холбогдох баримтыг нь олоогүй, 2,000,000 төгрөгийн баримт байгаа тул 2,000,000 төгрөгийг 60 долларын хамт буюу нийт 2,170,820 төгрөгийг нэхэмжилж 2,000,000 төгрөгөөс татгалзаж татгалзсан тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын дүн 12,683,280 төгрөг болсон байна.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

           

            Нэхэмжлэгч Л.Э, Д.О, Д.Б, Б.Б нар нь хариуцагч П.Х-д Солонгос улсад гэрээт ажилтнаар 3 жилийн хугацаатай явуулж өгнө гэсний дагуу хариуцагч П.Х-ийн Хаан банк дахь 5042045470 тоот дансанд,

 

            1.Нэхэмжлэгч Л.Э нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, виз 60 доллар, /хх-ийн-13-16-р хуудас/,

 

            2. Нэхэмжлэгч Д.Б нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, визний 60 доллар /Ц-Ө-н данснаас шилжсэн/ /хх-ийн 19-р хуудас/,

 

            3. Нэхэмжлэгч Д.О нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, визний 60 доллар /хх-ийн 22-р хуудас/,

 

            4. Б.Батбилэг нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, /О-ын нэрээр шилжүүлсэн/ визний 60 доллар /хх-ийн 23-р хуудас/ тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна.

 

            Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5832 дугаар тогтоолд П.Х нь Б-ийн хүү Б-ээс 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өөрийн дансаар 2,000,000 төгрөг авсан буцааж төлөөгүй гэсэн П.Х-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг тусгагджээ. 

 

            Хариуцагч нь уг мөнгийг тухайн иргэдээс хүлээн авсан боловч өөрөө авч ашиглаагүй, виз гаргаж өгнө гэсэн Д.Б-д өгсөн, Д.Б-д мөнгө зээлдүүлсэн баримт байгаа тул түүгээр төлүүлнэ гэж маргаж байна.

 

            Хэрэгт авагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол, Нийслэлийн прокурорын хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтаас үзэхэд П.Х нь Солонгос улсад явуулж өгнө гэж бусдаас мөнгө авсан үйлдэлд шалгагдаж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг прокурорын тогтоолоор хаасан байна.

 

            Хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан прокурорын тогтоолд гомдол гаргаж хэргийг сэргээн шалгасан боловч хамгийн сүүлд Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5832 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн 180602660 дугаартай хэргийг залилах гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаасан болох нь тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч нар нь хариуцагч П.Х-д өгсөн мөнгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар шаардах эрхтэй байна.

 

            Иймд хариуцагч П.Хувьзаяагаас 12,000,000 төгрөг, 240 ам.доллар буюу нийт 12,683,280 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Э-д 4,000,000 төгрөг, 60 доллар буюу нийт 4,170,820 төгрөг, нэхэмжлэгч Д.Б-д 4,000,000 төгрөг, 60 доллар буюу нийт 4,170,820 төгрөг, нэхэмжлэгч Д.О-д 2,000,000 төгрөг, 60 доллар буюу 2,170,820 төгрөг, нэхэмжлэгч Б.Б-т 2,000,000 төгрөг, 60 доллар буюу 2,170,820 төгрөгийг олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч тал визний төлбөрт хүн тус бүр 60 ам.долларыг бэлнээр өгсөн гэх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар Монгол банкны ханшаар тооцсон болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч П.Х-аас 12,000,000 төгрөг, 240 ам.доллар буюу нийт 12,683,280 төгрөгий гаргуулж, нэхэмжлэгч Л.Э-д 4,000,000 төгрөг, 60 доллар буюу нийт 4,170,820 төгрөг, нэхэмжлэгч Д.Б-д 4,000,000 төгрөг, 60 доллар буюу нийт 4,170,820 төгрөг, нэхэмжлэгч Д.О-д 2,000,000 төгрөг, 60 доллар буюу 2,170,820 төгрөг, нэхэмжлэгч Б.Б-т 2,000,000 төгрөг, 60 доллар буюу 2,170,820 төгрөгийг тус тус олгосугай.

 

            2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 217,882 /хоёр зуун арван долоон мянга найман зуун наян хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ЦЭРЭНДУЛАМ