Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар  2024/ШЦТ/121   

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

Улсын яллагч Д.Рэгзэдмаа,

хохирогч Б.Дэлгэрнаран, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж,

өсвөр насны шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

шүүгдэгч А.Н, Б.О, тэдний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт А.Н, Б.А, Б.О нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308028441904 дугаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, ***** хамт, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Т овогт А-ийн Н (РД:********),

 

Монгол Улсын иргэн, ***** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** оюутан, ам бүл 3, ***** хамт, Сонгинохайрхан уургийн ** дүгээр хороо, ** дүгээр байр *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б овогт Б-ийн О (РД:**********).

 

Монгол Улсын иргэн, ***** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, **** оюутан, ам бүл 2, **** хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б овогт Б-ийн А (РД:**********).

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Н нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 байрны 1 дүгээр орц дотор мөн байрны гадна хохирогч Б.Д-г үл ялих шалтгааны улмаас зодож, түүний биед зүүн хоншоор яс, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн 4, 5, 7-р хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушгины бүрэн бус авчилт, баруун дээд, доод зовхи, чамархайн хуйх, мөр, шуу, сарвуу, зүүн мөр, шуунд цус хуралт, дух, баруун тохой, өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүдийг учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.О нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 байрны 1 дүгээр орц дотор мөн байрны гадна хохирогч Б.Д-г үл ялих шалтгааны улмаас зодож, түүний биед зүүн хоншоор яс, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн 4, 5, 7-р хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушгины бүрэн бус авчилт, баруун дээд, доод зовхи, чамархайн хуйх, мөр, шуу, сарвуу, зүүн мөр, шуунд цус хуралт, дух, баруун тохой, өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүдийг учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, 1 байрны 1 дүгээр орц дотор мөн байрны гадна хохирогч Б.Д-г үл ялих шалтгааны улмаас зодож, түүний биед зүүн хоншоор яс, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн 4, 5, 7-р хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушгины бүрэн бус авчилт, баруун дээд, доод зовхи, чамархайн хуйх, мөр, шуу, сарвуу, зүүн мөр, шуунд цус хуралт, дух, баруун тохой, өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүдийг учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1348 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

- Шүүгдэгч Б.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Хохирлыг төлнө” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),  

- Шүүгдэгч Б.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Хохирлыг төлнө” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),  

- Шүүгдэгч А.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Хохирлыг төлнө” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Хохирогч Б.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би өдөр нь 2 пиво уусан байсан. Толгой байнга өвдөж байгаа. Тухайн үеэс хойш 20 кг турсан. Чихний хэнгэрэг хагархай байгаа, үе мөч өвдөж байгаа. Би Австрали руу явж ажиллаж амьдрах гэж бэлдэж байсан ба билетээ авсан байсан. Билет үхвэл мөнгөн торгуультай гээд явсан. Энэ хүүхдүүд шууд дайраад ирсэн. Би маргаан үүсгээгүй. Хэрэг 9 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө болсон. 10 дугаар сарын 04-ний өдөр Австрали явсан. Могул эмнэлэгт 5.965.000 төгрөгийн эмчилгээ 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлээд гадагшаа явтлаа хийлгэсэн. Гэмтлийн эмнэлгээс өгсөн жор баримтыг өгч эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний карт байгаа. Эхлээд хаван буулгах эмчилгээ хийлгэсэн. Австрали Улсад 4 дараалж хатиг гараад түргэнээр эмнэлэгт хүргэгдсэн. Автобусанд суухаас эхлүүлээд бүх баримт байгаа. Байрны түрээс бусад идэж уух зардал орсон. Би байраа барьцаалаад зээл аваад явсан. Би хүнд зодуулаагүй бол тэндээ очоод ажил хийх байсан. Би зодуулаагүй байсан бол онгоцны зардлыг ажил хийгээд олох байсан. Монголоос Австрали улс руу явж эмчилгээ хийлгэ гэсэн баримт байхгүй. Би 11 сард Австралиас Солонгос улс руу эмнэлэг рүү явсан. Нарийвчлан тооцсон зүйл байхгүй. Дунджаар нь тооцоод Солонгос улс руу явсан өдрийн урд өдрөөр тооцсон. Өмнөх жилийн 5 сард миний виз гарсан байсан. 10 дугаар сарын 04-нд нисэх ёстой байсан ба тухайн өдрөөр Австрали улс руу ниссэн. Миний Австрали улс явах талаар хоёр жил бэлдсэн төлөвлөгөө энэ асуудлаас болж нурсан. Би тэнд байхдаа эм уухаас гадна байрны түрээс, хоол унд гэх мэт бүх зардал бичигдсэн. Би эрүүл байсан бол сарын 10,000,000-15,000,000 төгрөгийн цалинтай ажил хийх байсан. Баримтгүй зардлаа дурдаагүй. 12 дугаар сарын 10-нд Монголд буцаж ирэх байсан. Хатигны хагалгаа 10,000,000 доллар болж байсан учир би Солонгос улс руу явсан. Тэндээ эмчилгээ хийлгэсэн. Энхтуяа гэх хүн надад эмчилгээ хийгээд би онгоцны зардлыг өгсөн. Би энэ бүх зүйлийг хохирол гэж харж байгаа. Би нэг бүрчлэн цуглуулж чадаагүй. Ирэх эсэх нь мэдэгдэхгүй байсан. Австралийн эмнэлэг нь тамга дардаггүй шифрээр дардаг байсан. Очоод миний хавирга өвдсөн. Сиднэйн хамгийн том эмнэлэгт үзүүлсэн. Австрали улсад ганц удаа эмнэлэгт очсон. Очих болгонд 2,700 доллар төлж байсан. Нусаа нийхэд чих, нүд дүнгэнээд, шүлсээ хаяхад цус гараад халуураад байсан. Австрали улсын эмнэлэг дархлаа муудсан байсан гэж байсан. Миний нүдний шилийг хагалсан байсан. Хатигны зардал нь 10,000 доллар болсон. Би ганц хоночихоод гарсан. Хагалгаа хийлгээгүй эмчилгээ бичүүлсэн эмний зардал. Хавиргандаа шил үлээгээд барагшуун уусан. Нийт 33,604,052 төгрөг, сэтгэцэд учирсан зардлыг шинжээчээр тодорхойлуулна. Могул эмнэлгийн зардлыг би төлөөгүй байгаа. Эхний билет 6.500.000 төгрөг болоод дараа нь билетээ өөрчлүүлээд 1.700.000 төгрөг, Монголоос эмч дуудсан төлбөр 1.200.000 төгрөг буюу нийт хоёр хүний тийзний мөнгө багтсан. Хоролсүрэн гэх эмчийг би дуудаж авчирсан. Гэмтлийн эмнэлгийн төлбөр болон харааны шил зэрэг багтаж байгаа. Зодуулснаас болоод хамаг юм өвдөөд маш их жин хаясан учир дархлаа муудаж хатиг гарсан...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Хохирогч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2023 оны 9 дүгээр сарын 17-ны шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байрны 1 орцны урд үл таних залуучууд нийлж байгаад намайг зодсон. Намайг газар хэвтүүлж байгаад цохиж зодсон. Миний биеийн толгойн тус газар руу олон удаа хөлөөрөө өшиглөсөн... баруун нүд хөхөрч хавдсан. Нүдний ухархай хугарсан. Зүүн хацарны яс цөмөрсөн. Духны голд хөхөрч хавдсан. Хоёр гарны бугалга улайж хөхөрсөн. Хоёр хөл, мөн мөр зулгарч хавдсан. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгэхдээ бага хэмжээгээр хэрэглэсэн байсан... биеийн бүх хэсэгт хөлөөрөө өшиглөж, гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9 дэх тал),

- Гэрч    Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ... 23 цагийн үед А-ийн гэрээс гараад өвөөгийндөө очоод байж байсан. А, Н, О нар “буцаад хүрээд ирээ” гээд дуудаад байхаар нь шөнийн 02 цагийн үед би буцаад А-ийн гэрийн гадаа очоод... бид нар Хархорин захын GS-25-д очиж юм идчихээд буцаад А-ийн гэр лүү Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байх 1 дүгээр байрны 1 тоотын орц руу орох гэж байсан. Орцны үүдэнд үл таних согтуу хүн зогсож байхаар нь бид нар хажуугаар нь өнгөрч орох гэсэн тэр ах бид нарыг хэл амаар доромжлоод А-ийг барьж аваад заамдаад эхлээд алгадсан. А нүүрээ дараад зогссон. Н, О нар тэр ахыг заамдаж аваад эхлээд Н тэр ахын хацар луу нэг удаа алгадсан. Тэр ах нүүрээ дараад доошоо суусан. О тэр ахын гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Харин А тэр ахын толгой, нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгээд би “одоо болно” гэж хэлсэн. Тэр гурав согтуу ахыг зодохоо болиод А-ийн гэр лүү ороход А “миний хүзүүний зүүлт тасарсан байна, үнэтэй зүүлт” гэж уурлаад буцаад бид нар бөөнөөрөө гарсан. Нөгөө ах орцны хаалга гаднаас нь хаагаад нам дараад зогссон. А “түлхээч ээ, ганц хүн дийлэхгүй байна уу” гэж орилоод байхаар нь би “одоо болно, наад ах чинь бүүр айсан байна, бүгдээрээ оръё” гэсэн А гэр лүүгээ буцаж ороод Н тэр хоёр цонхоор үсрээд буусан. Тэгээд О бид хоёр араас нь шатаар буугаад орцны хаалга онгойсон орцны хажууд нөгөө согтуу ах зогсож байсан... Нөгөө согтуу ах Оын хамар луу мөргөөд цус гарсан. “Ахаа та яаж байгаа юм бэ” гэхэд нөгөө ах цаашаа яваад өгсөн. Тэгээд О бид хоёр А, Н хоёр хайгаад байрны булангаар баруун эргээд зам руу гарсан. Тэнд А нөгөө согтуу ахыг газар унагаасан дээрээс нь дэвсээд зодож байсан. Хажууд нь Н хараад зогсож байсан. Тэгээд хүн бичлэг хийж магадгүй энэ тэнд камер байж магадгүй гээд би нилээн холоос тэр хоёрыг хараад зогсож байсан. Н А-ийг “одоо болно” гээд татсаар байгаад гэр лүү нь дагуулж яваад, О бид хоёр А, Н хоёрын араас А-ийн гэрт буцаж орсон... О, А, Н гурав гэмтлийн эмнэлэг дээр буугаад үлдсэн. Би өвөөгийндөө очсон... Би тухайн өдөр машинтай явж байсан болохоор архи уугаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал),

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11978 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “Б.Д-ийн биед зүүн хоншоор яс, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн 4, 5, 7-р хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушгины бүрэн бус авчилт, баруун дээд, доод зовхи, чамархайн хуйх, мөр, шуу, сарвуу, зүүн мөр, шуунд цус хуралт, дух, баруун тохой, өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг маргаан гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 58-59 дэх тал),

- Шүүгдэгч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед Н-ийн хамт 3 давхрын цонхоор өргөтгөл дамжаад буугаад ирсэн. О хамраа дараад “хамар луу хүн мөргөчихлөө” гээд зогсож байсан. Би бодохдоо тэр ах орцны хаалга таглаж зогсож байгаад онгойлгох үед О урдаас нь гараад мөргүүлсэн гэж бодоод тэр ах зугтааж байхад нь араас нь хөөсөн. Тухайн зодооны асуудал дуусаад манайд орсны дараа нь О тэр согтуу ах мөргөөгүй орцноос гарах гэж явсан урдаас нь гэнэт хүн гарч ирээд хамар тус газар мөргөсөн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 94 дэх тал),

- Шүүгдэгч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 17-ны орой Н, О, Э нартай бөөнөөрөө “манайд хоноё” гээд дэлгүүрээс Сэнгүр нэртэй 2.5 литрийн хэмжээтэй нэг пиво хувааж уучаад бид нар Хархорин захын GS-25-д очиж юм идээд, буцаад А-ийн гэр рүү орох санаатай Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байрны 1 орц руу орох гэж байхад орцны үүдэнд үл таних согтуу хүн зогсож байхаар нь бид нар хажуугаар нь өнгөрөх гэсэн нөгөө согтуу хүн бид нарыг хэл амаар доромжлоод, А-ийг заамдаж аваад орцон дотор оруулж А-ийн нүүр лүү алгадсан. Тэр үед манай найз Н тэр ахын эрүү орчим гараараа 1 удаа цохиод авсан. Нөгөө хүн газар унахаар нь би тэр ахын баруун гар луу нь 2-3 цохьсон. Тэгээд тэр ахыг орцонд хаяад 11 тоотод байрлах А-ийнд орсон. А “хүзүүний зүүлт /гинж/ тасарсан байна” гэж уурлаад гинжээ олох гэж буцаж гэрээсээ гарсан. Нөгөө ах орцны үүд таглаад зогссон бид нарыг гаргахгүй байсан. А, Н хоёр гэр лүүгээ буцаж ороод 3 давхрын цонхоор өргөтгөл дамжиж буусан. Би найз Энхсэтгэлийн хамт орцны үүд рүү очсон. Миний урдаас нэг хүн орж ирээд шууд хамар мөргөсөн. Би хамраа дараад зогсож байсан. Тэр үед нөгөө согтуу ах зугтааж байсан. Тэр хүний араас А, Н хөөж байсан. Миний хамар өвдөөд би А-ийн гэр лүү ороод мөс аваад буцаад гарсан. Манай найзууд харагдахгүй байсан. Хоёр тийшээ харсан байрны урд чимээ гараад тэр зүг рүү явж байсан А, Н хоёр урдаас гарч ирээд “нөгөө ахыг зодчихлоо” гэж хэлээд бид нар Гэмтлийн эмнэлэг явсан. ...Бид нартай маргалдсан согтуу ах намайг цохиж зодоогүй, хувцаснаас зуураад тавихгүй байсан. Тэр согтуу ах миний хамар луу мөргөөгүй. Орцны үүдэнд нөгөө бид нартай маргалдсан ахын хажууд орц руу орох гэж байсан өөр хүн миний хамар луу мөргөсөн. Би тухайн хүнийг огт танихгүй орц руу орж явсан байх миний урдаас гэнэт гарч ирээд мөргөсөн. Тэр ах буржгар үстэй, зуйван толгойтой, шар царайтай, 180 см орчим өндөр, хар бараан өнгийн бэлтгэлийн өмдтэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал),

- Шүүгдэгч А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед А-ийн хамт 3 давхрын цонхоор өргөтгөл дамжаад буугаад ирсэн О хамраа дараад “хамар луу хүн мөргөчихлөө” гээд зогсож байсан. Дараа нь О, А-ийн гэрт ороод тэр согтуу ах мөргөөгүй орцноос гарах гэсэн урдаас нь гэнэт хүн гарч ирээд хамар тус газар мөргөсөн гэж хэлж байсан. Би тэр Оын хамар луу мөргөсөн гэх хүнийг нь танихгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 103 дахь тал),

- Шүүх хуралдаанд хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтууд,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой

- Шүүгдэгч Б.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 111 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 108 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 115 дахь тал), шүүгдэгч Б.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 121 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 116 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 120 дахь тал), шүүгдэгч А.Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 132 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 127 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 131 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын талаас гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч шүүгдэгч Б.А, Б.О, А.Н нар нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, 1 байрны 1 дүгээр орц, байрны гадна хохирогч Б.Дэлгэрнарантай таарамжгүй харилцааны улмаас түүнийг зодож, түүний биед зүүн хоншоор яс, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн 4, 5, 7-р хавирганы зөрүүтэй хугарал, баруун уушгины бүрэн бус авчилт, баруун дээд, доод зовхи, чамархайн хуйх, мөр, шуу, сарвуу, зүүн мөр, шуунд цус хуралт, дух, баруун тохой, өвдөг, зүүн шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Б.Д, гэрч Э.Э нарын мэдүүлэг, шинжээчийн 11978 дугаар дүгнэлт, шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана. Энэхүү гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнээр гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тооцогдоно.

Шүүгдэгч Б.А, Б.О, А.Н нарын хохирогч Б.Д-ийн биед бүлэглэж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.А, Б.О, А.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ. 

Хохирогч Б.Д, түүний өмгөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 33.604.052 (гучин гурван сая зургаан зуун дөрвөн мянга тавин хоёр) төгрөгийг эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлыг шинжээч томилж нэхэмжлэснийг шүүх тодорхой хэсгийг буюу 521.250 (таван зуун хорин нэгэн мянга хоёр зуун тавь) төгрөгийг шүүгдэгч тус бүрээс 173.750 (нэг зуун далан гурван мянга долоон зуун тавь) төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд шүүгдэгч нар нь төлсөн байх тул тэднийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж хуульчилсан бөгөөд хохирогч Б.Д нь Могул клиник эмнэлэг, Австрали улсад эмчлүүлсэн, Австрали улсад гарсан амьжиргааны зардал, Богд банкны зээл, түүний хүү, Австрали, Бүгд найрамдах Солонгос улс руу зорчсон онгоцны тийзний үнэ, эм тарианы төлбөр гэж 33.604.052 төгрөгийг нэхэмжилсэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй, шүүхэд ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1-д зааснаар нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг ач холбогдолтой, хамааралтай талаас нь бүрэн бодитой шинжлэн судалсан бөгөөд хохирогчийн гаргаж өгсөн зарим баримт нь “Монгол хэл” дээр орчуулагдаагүй, орчуулга нь бүрэн гүйцэд хийгдээгүй, мөн шүүгдэгч нарын хохирогчид учруулсан гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн эмчилгээний түүх буюу эмчийн магадлагаа зэрэг баримт байхгүй, цаашилбал Богд банкнаас 6.000.000 зээлийн гэрээ байгуулж, үндсэн зээл, хүү болон Австрали, Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчсон, Монгол Улсаас эмч тээвэрлэсэн зэрэг зардал, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.А, Б.О, А.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Б.А, Б.О, А.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагч “Шүүгдэгч А.Н, Б.О нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3-т зааснаар албадлагын арга хэмжээг тус тус арга хэмжээ авах саналтай байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч “Зөрчигдсөн эрхийг сэргээх талаар заасан ч хохирол төлбөртэй холбоотой анхан шатны шүүхээс сэргээгээгүй учир хохирогчийн зүгээс гомдолтой байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад ялын төрлийг заасан ба ямар байдлаар санал гаргасан талаар ойлгохгүй байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбо “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах тухай саналыг дэмжиж байнагэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.А, Б.О, А.Н нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, А.Н 19 настай, Б.О 19 настай, Б.А 17 настай/, бусдад учруулсан хохирлын хэмжээ /хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан/, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

            Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан яллах, өмгөөлөх талын эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н, Б.О нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох тус тус албадлагын арга хэмжээг тус тус авч,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 (нэг) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх тус тус үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Н, Б.О нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Б.А-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх тус тус албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Н, Б.О, Б.А нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч А.Н, Б.О, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т овогт А-ийн Н, Б овогт Б-ийн О, Б овогт Б-ийн А нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н, Б.О нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох тус тус албадлагын арга хэмжээг авсугай.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 (нэг) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх тус тус үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Н, Б.О нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Б.Ад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх тус тус албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч А.Н, Б.О, Б.А нарт сануулсугай.

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Н, Б.О, Б.А нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

            7.Хохирогч Б.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н, Б.О, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР