Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 140/ШШ2021/00011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч А.*******, түүний өмгөөлөгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ц.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын *******д холбогдох тус ******* сумын Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 23,955,300 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* миний бие 1966 онд төрсөн 1995 оноос хойш ******* сумын *******ээр ажиллаж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай ******* сумын Засаг даргын захирамжаар үндэслэлгүйгээр ажлаасаа чөлөөлөгдсөн. ******* А.******* нь 2019 оны 06-р сард ажлаас чөлөөлсөн бөгөөд ажлаас үндэслэлгүй чөлөөллөө, ажилдаа эргэж ормоор байна гэхэд ...намайг тэтгэвэртээ гарах болчихсон, ажлаа өг, та муу ажиллаж байна гэх мэтээр дарамт шахалт өгсөн тул ажилдаа үргэлжлүүлэн ажиллахын тулд аргагүй байдалд орж 2020 онд тэтгэврээ тогтоолгоод ажлаасаа чөлөөлөгдөнө гэж өргөдөл бичиж өгсөн. Түүнээс өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй. Захирамжийн үндэслэлд дурдагдсан Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, харилцан тохиролцсон зүйл байхгүй.

Иймд ******* сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай ******* сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 01-р сарын 03-ны өдрөөс шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.*******гаас Завхан аймгийн ******* сумын *******д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг ******* А.******* би гардан аваад эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

******* сумын ******* Ц.*******г тус сумын Засаг даргын 2020 оны 01-р сарын 03-ны өдрийн Б/01 тоот Ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.1, 38-р зүйлийн 38.1.1, 39-р зүйлийн 39.2 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн, ажилтны өөрийнх нь санаачилснаар, өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Дээрхи асуудлын талаар бичихээс өмнө дараах тодруулгыг хийх нь зүйтэй юм. Эрүүл мэндийн газрын 2019.05.27-ны өдрийн 1/425 дугаартай албан тоотоор Ц.******* нь удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, албан үүрэгтээ хайнга хандсан нь тогтоогдсон тул ******* сумын Засаг даргын 2019.06.12-ны өдрийн А/30 тоот захирамжаар түүнд Сануулах сахилгын шийтгэл ногдуулсан юм. Үүний дараа Ц.******* ******* сумын *******ээр ажиллаж байхдаа байгууллагынхаа төсөв, эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь Завхан аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 23/45ЗАА-2019/150/СТА-ТШЗ тоот албан шаардлагаар тогтоогдсоноор түүнийг ******* сумын Засаг даргын 2019.06.18-ны өдрийн 05/02 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамжаар албан үүргээс нь чөлөөлсөн юм.

Гэтэл Ц.******* нь ажлаас чөлөөлөх захирамжийг авангуутаа өөрөө санаачлан Сумын Эрүүл төвийн ажилтнуудыг 2019.06.24-ний өдөр хуралдуулан Хэлэлцэх асуудлаар: Байгууллагын дарга Ц.*******г ажлаас чөлөөлөх тухай Засаг даргын Захирамж гарсантай холбогдуулан ажилчдын санал хүсэлтийг авч хэлэлцэх, шийдвэр гаргах гэж өөрийнхөө ажлаас чөлөөлөгдсөн асуудлаа ийн ажилтнуудаар хэлэлцүүлж, өөрөө 2019 оныг дуустал ажиллаад ажлаа өгнө гэдэг санал өгүүлээд, хурлын шийдвэр гаргаад, давхар өөрөө Сумын *******д гараар өргөдлөө бичиж хавсарган авчраад, ажлаас чөлөөлсөн захирамжаа хүчингүй болгочих, би 2019 оныг дуустал ажиллаад тэтгэврээ тогтоолгоно гэж надаас гуйсан.

Ц.*******гийн дээрхи өргөдөл нь 2020 онд тэтгэвэр тогтоолгох арга хэмжээ авна, тэтгэмжээ суулгахаар материалаа өгсөн байгаа, 2019 оныг дуустал ажиллах хүсэлтэйг дэмжиж өгнө үү гэсэн утгатай байсан.

Нийт ажилтнуудаа хуралдуулах, 2019 оныг дуустал ажиллах өргөдөл бичиж өгөхийг хэн ч түүнд тулгаагүй, Ц.******* өөрөө л энэ бүхнийг санаачлан зохион байгуулсан.

Ийнхүү дээрхи өргөдөл, хурлын тэмдэглэлийг барьж ирээд захирамжаа хүчингүй болгочих гээд гуйгаад байхаар нь би түүнд итгэж, 2019 оныг дуустал ажиллах хүсэлтийг нь дэмжин, Сумын Засаг даргын 2019.06.26-ны өдрийн А/37 тоот Захирамж хүчингүй болгох тухай захирамжаар тус сумын байгууллагын дарга эрхлэгч нарын хүсэлт, ийн ажилчдын хурлын тэмдэглэл хүсэлт, өөрийнх нь өргөдөл зэргийг үндэслэн эрхлэгч эмчээр үргэлжлүүлэн ажиллахыг зөвшөөрч, 2019.06.18-ны өдрийн Б/02, 2019.06.19-ний өдрийн А/33 тоот захирамжуудаа тус тус хүчингүй болгосон юм.

Ингээд ажлаас ноцтой зөрчлөөр халагдсан Эрхлэгч эмч Ц.*******г өөрийнх нь хүсэлтээр болон өөрийнх нь санаачилгаар 2019 оныг дуустал ажиллуулахаар болж, Хөдөлмөрийн тухай хуулийн 39-р зүйлийн 39.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас чөлөөлөгдөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон, мөн 2019 оныг дуустал тэрээр дахин өмнө гаргасан өргөдөл хүсэлтээ өөрчлөх талаар ямар нэгэн өргөдөл хүсэлт ирүүлээгүй тул 2020.01.03-ны өдөр өөрийнх нь хүсэлт, ажилтны санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Гэтэл өөрөө энэ бүхнийг анхнаасаа санаачилж, 2019 оныг дуустал ажиллах хүсэлтээ бичиж өгч, ажлаас чөлөөлөх захирамжийг хүчингүй болгуулсныхаа дараа одоо болохоор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дарамт шахалтын улмаас өргөдөл бичиж өгсөн, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй гэж байгаад үнэхээр гайхаж байна.

Намайг дарамт шахалт үзүүлж өргөдөл бичүүлээгүй гэдгийг дараах нөхцөл байдал нотолно. Учир нь Ц.******* нь 2019.06.18-нд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш ажлаа хүлээлгэж өгөх хоорондоо буюу 2019.06.24-ний өдөр өөрөө ийн ажилтнуудыг хуралдуулж 2019 оныг дуустал ажиллах хүсэлтээ дэмжүүлээд, өөрөө 2019.06.25-ны өдөр 2019 оныг дуустал ажиллах тухай өргөдлөө гараар бичиж ирээд 2019 оны дуустал ажиллаад тэтгэвэртэй гаръя, захирамжаа хүчингүй болгочих гэж гуйсан. Энэ байдлаар олон удаа гуйсан. Тийм учраас Ц.*******г нэгэнт 06-р сарын 18-нд ноцтой зөрчлөөр чөлөөлчихсөн байж түүнийг нэхэмжлэлд дурдсан шиг ажлаа өг, муу ажиллаж байна гэж дарамтлах ямар ч шаардлага байхгүй юм.

Надаас шалтгаалахгүйгээр *******, Завхан аймаг дахь , шалгалтуудаар Ц.*******гийн Санхүүгийн болон бусад зөрчлүүд нь илэрсэн учраас түүнийг дээрхи үндэслэлүүдээр нь чөлөөлсөн байсан.

Гэтэл тэрээр заль мэх гаргаж, ноцтой зөрчлөөр ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгуулчихаад дараа нь өргөдлөө өөрийн хүсэлтээр гаргаагүй гэж байгаад гайхаж байна.

Үнэхээр өөрөө зөрчил гаргаагүй, үндэслэлгүйгээр халагдсан гэж үзсэн бол 06-р сарын 18-нд халагдахдаа ажилчдаа хуралдуулж, надад өргөдөл бичиж ирж байхын оронд шүүхэд хандаж болох л байсан. Учир нь Ц.******* нь өмнө нь өөрөө ажилтнаа үндэслэлгүйгээр ажлаас нь халж, хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа оролцож байсан учраас ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа бол шүүхэд хандах боломжтой байдгийг сайн мэдэх учиртай. Гэсэн ч би өөрийг нь бодоод өргөдлийг нь хүлээн авч, 2019 оныг дуустал ажиллах хүсэлтийг нь дэмжиж захирамжаа хүчингүй болгосон. Мөн Ц.******* нь одоо настай, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн учраас 4 жилийн өмнөөс буюу 50 настайгаас нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн, мөн түүний тэтгэвэр тогтоолгоход олгодог нэг удаагийн тэтгэмжийн асуудал нь шийдвэрлэгдсэн байгаа.

Ц.*******гийн хөдөлмөрийн гэрээг 2020.01.03-нд Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.1-д талууд харилцан тохиролцсон, 38-р зүйлийн 38.1.1-д ажилтан санаачилсан, 39-р зүйлийн 39.2-д хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно гэж тус тус заасан үндэслэлүүдээр дуусгавар болгосон.

Ц.******* нь 2019 оны 06-р сард өөрөө л 2019 оныг дуустал ажиллаад ажлаа өгнө гэж санаачлан, хүсэлтээ өгсөн. Нэгэнт түүнийг ажлаас чөлөөлсөн байсан учраас надад түүнийг дарамталж өргөдөл бичүүлэх ямар ч шаардлага байхгүй. нэхэмжлэлдээ ажилдаа үргэлжлүүлэн ажиллахын тулд аргагүй байдалд орж бичиж өгсөн гэсэн нь үндэслэлгүй, учир нь ажилдаа эргэн орохыг хүсвэл шүүхээр яваад эрхээ сэргээлгэх бүрэн боломжтойг Ц.******* мэдэж байсан.

Иймд 2019 оныг дуустал ажиллана гэдгээ ажилтан өөрөө санаачилж, ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон учраас түүний хүсэлтийг хүлээн авч, энэ хугацааг нь дуусангуут ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт: Би Завхан аймгийн ******* сумын ******* *******тай 4 жилийн хугацаанд хамтарч ажиллаж байна. Түүнээс өмнө Засаг даргын орлогч байхад нь хамтран ажиллаж л байсан. ******* дарга сүүлийн 4 жилийн хугацаанд намайг байнга л дарамталж, таны ажил болохгүй байна, танай байгууллагын ажил болохгүй байна гэдэг байдлаар дарамталдаг болсон. ******* дарга намайг өрөөндөө байнга дууддаг, 7 хоногт бараг 2 удаа дуудаж уулздаг байсан. Тэр үед өрөөнд нь надаас өөр хүн байдаггүй байсан учраас надад гэрч гэх зүйл байхгүй. Тэгээд би эгч нь насаараа л энэ ажлыг хийж хамаг залуу насаа сумандаа зарцуулж байна, тийм учраас чи намайг тэтгэврийн насыг минь гүйцтэл ажиллуулж болохгүй юм уу, би төрийн хуульд заасны дагуу эрх үүргээ эдлээд өөрийнхөө санасан хугацаа хүртлээ ажиллах хүсэлтэй байна гэдгээ хэлж байсан. Сүүлдээ  2019 оны 06 сард дараалсан 2 удаа захирамж авсан. Би ажилчиддаа энэ тухайгаа хэлдэггүй байсан. Манай байгууллагын ажил муу байна, яаж ажлаа сайжруулах вэ гэдэг талаар л ажилчидтайгаа ярьдаг байсан. *******асаа 2 удаа захирамж хүлээж аваад би ажилчдынхаа дунд уйлсан. Намайг 2019 он гээд ажлаасаа гар гэж байна гэхэд манай ажилчид ******* ******* дээр Ц.******* эмчийг 2019 оныг дуустал ажиллуулж өгөөч гэж хэлэхээр орсон. Манай ажилчдыг ороход ******* дарга танай эмч өөрөө орж ирж гуйж, ажиллах өргөдлөө бичиж өгөхгүй байна, бид нарыг хүлээж авахгүй байна гэж хэлсэн гэсэн. Тэгээд би хүчээр өргөдөл бичиж өгсөн. Яагаад вэ гэхээр би 2019 оныг дуусгаад 2020 онд өндөр насны тэтгэвэр тэтгэмжээ тогтоолгоод ажлаасаа гаръя гэсэн бодолтой байсан, гэтэл 2019 онд надад дараалаад 2 удаа ажлаас халах захирамж өгсөн учраас би 2019 оныг дуусгахын тулд өргөдөл бичиж өгсөн. Өргөдөл өгөхдөө 2020 онд өндөр насны тэтгэвэр тэтгэмжийн асуудлаа зохицуулъя гэдэг байдлаар өргөдөл бичиж өгсөн. Би 2019 онд ажиллаад ажлаасаа гарна гэсэн утгатай өргөдөл бичиж өгөөгүй. Гэтэл миний бичиж өсгөн өргөдлийн агуулгыг гуйвуулаад намайг ажлаас чөлөөлөх шалтаг шалтгаан болгосон нь өнөөдрийг хүртэл намайг хохироож байна. Би тэтгэвэр тэтгэмжээ аваагүй жил гаруй болж байна. Би ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Намайг ажлаас халагдахаас өмнөхөн манай нөхөр ажилтай болсон. Манай нөхрийн авдаг цалин манай 7 ам бүлд хүрэхгүй шүү дээ. Би 4 залуутай, залуучуудаа гэрлүүлж чадахгүй байдалд байна. Ийм нөхцөл байдалд хүрчхээд би тэтгэвэр тэтгэмжгүй хохироод өнөөдрийг хүртэл явж байна. Би яагаад 2020 онд тэтгэврээ тогтоолгоод ажлаасаа гаръя гэж бодож байсан юм бэ гэхээр насаараа би төрийн алба хаасан, хийж байсан энэ ажлаасаа өөр ажил хийж байгаагүй, өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ тууштай ажиллаж юм чинь сүүлийн 2 жил тэсэж тэвчээд өмнө нь хийж болж байсан юм чинь сүүлийн 2 жил ажлаа сайн хийгээд ажлаасаа гарна л гэж бодож байсан. Миний тэтгэврийн нас арай болоогүй, надад  хөдөлмөрлөх нас байгаа юм чинь ямар ч байсан ажиллана гэсэн зорилготой байсан. ******* дарга та 5 хүүхэдтэй юм чинь ажлаасаа гарахад шууд л тэтгэвэртэй гарна шүү дээ гэж хэлдэг байсан. Миний өөрийн сэтгэл юу вэ гэхээр би улсад залуу насаа зарцуулсан учраас хуульд заасны дагуу тэтгэвэр тэтгэмжийн насандаа өндөр насны тэтгэвэрт гарна гэсэн бодолтой байсан учраас гэнэт ажлаас чөлөөлөгдөх сэтгэл зүйн бэлтгэл байгаагүй.

Хоёрдугаарт: Би өндөр насны тэтгэвэрт гарчихъя гэхээр 2020 он миний тэтгэвэрт гарах жилд ороод мөн хөдөө ажилласан жилийн нэмэгдэл орох ёстой байсан. Тийм учраас би 2020 онд нэмэгдлээ аваад 2020 оныг дуустал ажиллаад тэтгэврээ тогтоолгоод, тэтгэмжээ суулгаад, 3 жил тутмын тэтгэмжээ авах юм байна гэдгээ хэлж байсан. Мөн намайг 2020 оноос өмнө ажлаас чөлөөлөх юм бол миний ажиллаж байсан бүх утга учрыг үгүй хийх гээд байна гэдэг талаараа удаа дараа  хэлж гуйж байсан. Гэтэл намайг 2019 он дөнгөж гараад ажил дээрээ байж байтал  ажлаас гарах захирамжийг чинь гаргасан шүү ажлаа өгөөрэй, хүмүүс одоо очоод ажил хүлээлцэх байх гэж хэлсэн. Тэгээд би аргагүй ажлаа өгсөн. Би тэтгэврээ тогтоолгоогүй юм чинь аймгийн *******т урт хугацааныхаа тэтгэмжийг авах нөхцөл нь бүрдэхгүй байсан, би энэ талаараа ******* *******т хэлж байсан. Би тэтгэврээ тогтоолгоод өргөдлөө *******т өгөөд ******* Сангийн яамд хүргүүлдэг юм байна лээ тэгээд ажлаасаа гаръя гэж хэлж байсан. Ийм учраас намайг ажлаас халсан захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн тайлбартай холбогдуулаад хэлэхэд 2019 оны 06 сарын 18-ний өдөр гарсан захирамжийг ажилтны санаачилгаар хүчингүй болгосон гэж ярьж байна. Тухайн захирамжийг ажилтны санаачилгаар хүчингүй болгосон зүйл харагдахгүй байна. Тухайн эрүүл мэндийн төвийн ажилчид ******* дарга дээр ороод манай эмчийг үргэлжлүүлэн ажиллуулж өгөөч гэж хэлэхэд өөрөө гуйвал болно гэж хэлсэн байдаг. Энэ бол гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Хариуцагч байгууллагын өмгөөлөгч хэлэхдээ Ц.******* үргэлжлүүлэн ажиллах санал зорилготой байсан байна гэж байна. Үүнтэй санал нэг байна. Ц.******* үргэлжлүүлэн ажиллах санал зорилготой байсан. Одоог хүртэл ажиллах санал зорилго байгаа учраас шүүхэд хандсан. ******* *******тай Ц.******* хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээ гэдэг нь ажил олгогчид давуу байдал олгоно гэсэн зүйл биш. Хөдөлмөрийн гэрээ харилцан тэгш эрхийн үндсэн дээр байгуулагддаг. ******* ажилтнаа өрөөндөө дуудаад та тэтгэвэртэй гар, ажлаа өг гэж шахаж шаарддаг зүйл биш. Нэхэмжлэгч Ц.*******гийн *******даа гаргасан өргөдлийг харахад захирамжаа хүчингүй болгож намайг үргэлжлүүлэн ажиллуулж өгөөч гэсэн утгатай нь харагдаж байна. Тэр үйлдлийг ******* хүлээж аваад өөрийн гаргасан захирамжаа хүчингүй болгосон. Одоо ийм тайлбар гаргаж байгаа нь энэ хэрэгт хамааралгүй байна. Өнөөдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаарх асуудал яригдаагүй. 2020 оны 01 сарын 03-ны өдөр гаргасан захирамжийн талаар ярилцаж байна. Өргөдлийн агуулгаас харахад 2020 онд тэтгэвэр тэтгэмжийн асуудлаа суутгуулаад тэтгэвэртэй гарна, тийм учраас 2019 оныг дуустал ажиллуулж өгнө үү гэсэн байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Ц.*******г ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 23,955,300 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.*******д ямар нэгэн байдлаар ажлын байрны дарамт гаргах шаардлага байсан бол надад хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг үндэслээд ажлаас халах эрх байсан. Би хувь хүний зүгээс шаардлага тавьдаг байсан. Дээд газраас хариуцлагагүй ажиллаж байгаа ажилтандаа хариуцлага тооц гэсэн албан бичиг ирж байсан. Түүний дагуу би сануулах арга хэмжээ авсан, дараа нь мөн л санхүүгийн ноцтой зөрчил гаргасан гэсэн албан бичиг ирж байсан. Ц.******* нь өмнө нь шүүхээр удаа дараа асуудлаа шийдвэрлүүлж байсан туршлагатай хүн учраас ноцтой зөрчлөө надаар арилгуулахын тулд тухайн ажлыг санаачилсан. Түүнээс хуулийнхаа дагуу би арга хэмжээ авсан. Тухайн үед үнэхээр намайг ажлаас буруу халсан гээд шүүхэд хандах бүрэн эрх нь байсан. Шүүхэд хандахгүйгээр өөрөө тохиролцоод өргөдлөө өгөөд байгууллагынхаа хурлыг хийгээд над дээр орж ирсэн. Түүнээс биш би Ц.*******г та ажлаа өг, та муу ажиллаж байна гэсэн зүйл яриагүй. 2017 онд намайг ажлаа авч байхад санхүүгийн зөрчил гаргасан гээд аймгийн аудитын газраас арга хэмжээ авсан. Би дээрээс ирсэн албан тоотын дагуу би Ц.*******д тухайн үед нь арга хэмжээ авч байсан болохоос биш, хувийн зүгээс арга хэмжээ авч байгаагүй, ******* өнөөдөр шүүхэд буруу тайлбар гаргаж байна. Ц.******* өөрөө он дуустал ажиллах хүсэлтэй байна гэдгээ хэлээд надад өргөдлөө өгсөн, би Ц.*******г он дуустал ажиллах хүсэлтэй юм байна гэдэг үүднээс гаргасан ноцтой зөрчилд нь авсан арга хэмжээгээ цуцалсан. Шүүхэд өргөдөл гомдол гаргасны дагуу ямар үйл явдал болсон юм бэ гэхээр байгууллагынхаа тодорхой хэмжээний ажилчдын дунд хурал хийсэн гэх нь худлаа болсон. гэдэг хүн тухайн хуралд суугаагүй байхад гэдэг хүнийг гарын үсгээ зураадах бид нар Ц.*******г ажилд нь байлгах санал гаргаж байна гэсэн байгаа, мөн  гэдэг хүнийг ажлын байран дээр нь чи миний ажлыг булааж авах гэлээ гэж дарамталсан, тухайн хурлыг санаачилсан ажилчиддаа миний эсрэг мэдүүлэг өгөх гэлээ гэж утсаар дарамталсан байсан. Би өмгөөлөгчдөө тодорхой хэмжээний мэдээлэл өгсөн учраас тайлбар гаргах байх, миний зүгээс хэлэхэд би Ц.******* гэдэг хүнийг хувийн үзэл бодлоосоо болж ажлаас чөлөөлөөгүй, дээрээс ирсэн албан шаардлагын дагуу ажлаас чөлөөлсөн, Ц.******* өөрөө 2019 он дуустал ажиллая гэдэг өргөдлөө бичиж өгчхөөд дараа нь үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаа талаарх өргөдлөө өгөөгүй учраас би ажилтантай зөвшилцсөн гэдэг утгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Би Ц.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн гаргасан тайлбарыг он сартай нь тайлбарлая, хариуцагч байгууллагын төлөөлөгч ерөнхийдөө болсон үйл явдлыг хэллээ. Нэхэмжлэгч Ц.******* Завхан аймгийн ******* сумын д  1995 оноос хойш ажилласан гэж нэхэмжлэл дээрээ бичсэн байсан. Ц.******* ажиллаж байх хугацаандаа зөвхөн ******* даргын үед ажилтнаа буруу халсан, төрийн байгууллагын хөрөнгийн үндэслэлгүй захиран зарцуулсан гэдэг үндэслэлээр удаа дараа дээд байгууллагаас албан шаардлага ирж байсан, арга хэмжээ авахуулж байсан байна. Хамгийн сүүлд 2019 оны 05 сарын 27-нд /хавтаст хэрэгт байгаа баримтуудыг иш татаж ярьж байна/ аймгийн Эрүүл мэндийн газрын тухайн ажлыг 1/425 гэсэн албан тоотоор дээрээс өгсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүлээгүй учраас арга хэмжээ ав гэсэн бичиг ирсний дагуу 2019 оны 06 сарын 12-ны өдрийн А/30 гэсэн захирамжаар Ц.*******д сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Үүний дараа мөн *******ээр ажиллаж байхдаа аймгийн аудитын газрын 2019 оны албан бичгээр байгууллагын төсөв хөрөнгийг буруу зарцуулж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хувьдаа ашигласан нь тогтоогдсон учраас Ц.*******д арга хэмжээ авч яаралтай хариу ирүүл гэсэн албан шаардлагыг Эрдэнэхайран сумын *******д ирүүлсэн учраас 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 5/02 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамжаар ******* эмч Ц.*******г албан ажлаас нь чөлөөлсөн. Үүний дараа албан үүргээсээ чөлөөлөгдсөн байж тухайн ийн ажилтнууд /тухайлбал гэрч нарын мэдүүлэг дээр байдаг/ нэр бүхий 2-3 хүнтэй уулзаад би 2019 оныг дуустал ажилчихмаар байна, та нар байгууллагын хурлаа хийгээд гарын үсгээ зураад, миний өргөдлийн хамт аваад ******* дээр ороод намайг 2019 оныг дуустал ажиллуулаад өгөөч гээд гуйгаад өгөө, бас хурлын тэмдэглэл гаргаад өгөөчээ гэсэн ажлыг зохион байгуулсан байдаг. Үүний дагуу тухайн ийн гэрчээр асуугдсан ажилтнууд Ц.*******гийн гуйлтын дагуу бид нар Ц.******* эмчийг 2019 оныг дуустал ажиллуулъя гэдэг тэмдэглэл дээр гарын үсэг зурсан, харин энэ талаар байгууллагын ажилтнуудын хурал болоогүй гэдэг асуудлыг гэрч нар ярьсан. Үүний дагуу Ц.******* байгууллагын ажилтнуудын гарын үсэгтэй хурлын тэмдэглэлийг өөрийнхөө бичсэн 2019 оныг дуустал ажиллуулж өгнө үү гэсэн утгатай 2019 оны 06 сарын 25-ны өдөр бичсэн өргөдлийн хамт бариад сумын *******д 2019 оныг дуустал ажиллаад ажлаа өгнө, та өмнө гаргасан ноцтой зөрчлөөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон захирамжаа хүчингүй болгочхооч гэж гуйсан байдаг. Мөн үүний дагуу удаа дараа гуйж байгууллагын ажилчдын гарын үсэгтэй тэмдэглэл, Ц.*******гийн өөрийнх нь бичсэн өргөдөл зэргийг өөрөө биеээрээ барьж орж ирж гуйсан учраас ******* Ц.*******гийн гуйлтыг хүлээн авч, тухайн сумын д 20 гаруй жил ажилласан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд өмнө гаргасан захирамжаа хүчингүй болгож ажилтны өөрийнх нь санаачилгаар 2019 оны 06 сарын 18-ны өдөр гаргасан захирамжаа хүчингүй болгосон. 2019 оныг дуусахад нэхэмжлэгч Ц.******* өргөдлөө өөрчилж 2020 оныг дуустал ажиллах талаараа ямар нэгэн өргөдөл өгөөгүй учраас 2019 оныг дуустал ажиллах хүсэлтийн дагуу ******* 2020 оны 01 сарын 03-ны өдөр ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох захирамж гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нөхцөл байдал ажиглагдсан бэ гэхээр Засаг даргын анх гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас юу харагдсан бэ гэхээр сумын *******ээр ажиллаж байхдаа ноцтой зөрчлөөр ажлаас халагдсан 2019 оны 06 сарын 18-ны өдрийн захирамжийг хүчингүй болгох зорилготойгоор 2019 оныг дуустал ажиллая гэсэн өргөдлийг бичиж өсгөн байна гэдэг нь харагддаг. ******* Ц.*******гийн гуйлтын дагуу ноцтой зөрчлөөр чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгож, 2020 оны 01 сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлсний дараа эргэж би ажиллах байсан, надад дарамт шахалт үзүүлсэн учраас би ажлаас чөлөөлөгдсөн гэж байгаа нь анхнаасаа ноцтой зөрчлөөр ажлаас чөлөөлөгдсөн захирамжийг хүчингүй болгуулах зорилготой. Мөн *******д өргөдлөө барьж орохдоо байгууллагын бүх ажилчид хуралдсан мэтээр ойлголт төрүүлсэн, гэтэл гэрч нарын мэдүүлгээс харахад энэ талаар хурал болоогүй, өөрийнх нь ойр хүрээний 2-3 ажилтан ярилцаж тухайн ажлыг зохион байгуулж гарын үсэг зуруулж ажилчдаас Ц.******* эмч намайг 2019 он дуустал ажиллуулаад өгөөч гэсэн байгууллагын хурлын тэмдэглэлийн бэлдээд өгөөч би ажилламаар байна гэдэг саналаа ажилчиддаа тавьсан нөхцөл байдал ажиглагддаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Завхан аймгийн ******* сумын *******д холбогдуулан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 23,955,300 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гарган, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Шүүхээс хэрэгт авагдсан, бичгийн нотлох баримтууд болон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлахад:

Нэхэмжлэгч Ц.******* нь 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн ******* сумын *******тай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ******* сумын ******* их эмчийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд хариуцагч байгууллагын даргын 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмөгөөлөгч нарын тайлбар, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн өөрийн гаргасан өргөдөл, хүсэлт санаачлагыг үндэслэн ажлаас нь  чөлөөлсөн гэж маргаж байна.

Ажил олгогч нь 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Б/01 дугаартай захирамж гаргаж, Ц.*******г ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.11, 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалтуудыг тус тус үндэслэжээ.

Нэхэмжлэгч нь ажил олгогчид хандаж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй байхад ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байхад ажил олгогч нь ажилтны 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гаргасан өргөдлийг үндэслэж ажлаас чөлөөлөх боломжгүй юм.

Учир нь нэхэмжлэгчийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гаргасан өргөдөл нь 2019 оныг дуустал ажиллуулах тухай хүсэлт гаргаснаас ажлаасаа чөлөөлөгдөх тухай гаргасан хүсэлт гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн хариуцагч Ц.*******г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор талууд харилцан тохиролцсон үндэслэл тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл Ц.******* нь 2019 оныг дуустал ажиллаад ажлаасаа чөлөөлөгдөнө гэж харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохирч дуусгавар болгох тохиолдолд ажил олгогч нь ажилтантай харилцан тохирсон байхаас гадна уг тохиролцоог үндэслэн шийдвэр гаргах учиртай бөгөөд зохигчид харилцан тохиролцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэдийгээр хариуцагч тал Ц.*******г 2019 оныг дуустал ажиллаад ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан гэж гэрчүүд асуулгасан боловч гэрчүүдийн мэдүүлгүүдээр нэхэмжлэгч нь 2019 оныг дуустал ажиллах хүсэлтэй байсныг үгүйсгээгүй бөгөөд харин нэхэмжлэгчийг сайн дураараа ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан болон харилцан тохиролцсон гэх байдлыг нотлоогүй байгааг шүүх анхаарах нь зүйтэй.  

Иймд Ц.*******г ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэлэлтэй гэж шүүх үзлээ.

 Нөгөөтэйгүүр Ц.******* нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл байх тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

Ц.*******гийн дээрх хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Ц.******* нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын байдлаар 2019 оны 10 дугаар сард 1092827, 11 дүгээр сард 1205668, 12 дугаар сард 3680342  төгрөгийн цалин авсан тухай Нийгмийн даатгалын 0204059 дугаартай дэвтэрт бичигдсэн байдлаар нотлогдож байна. 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу дээрх 3 сарын цалин хөлс нийт 5,988,837 төгрөгийн дунджаас ажлын нэг өдрийн цалин хөлсийг бодож, ажилгүй байсан нийт хугацаа болох 247 хоногоор тооцон /5988837 төгрөг : 3 сар 1996279 төгрөг : 21.2 хоног 92850 төгрөг х 247 хоног/ нийт 22,933,950 төгрөгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас гаргаж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,021,350 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 22,933,950 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох шимтгэлүүдийг суутган холбогдох  санд төлж нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагын санхүүд үүрэг болгох нь зүйтэй. 

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд 

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******г Завхан аймгийн ******* сумын ******* их эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 22,933,950 төгрөгийг Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,021,350 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

3Нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 22,933,950 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлхувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын санхүүд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллага болох Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 342,820 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ