Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар  2024/ШЦТ/182  

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч Д.Рэгзэдмаа,

шүүгдэгч Э.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Ө-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208036091785 дугаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны ** дугаар сарын **-ний өдөр **** аймгийн ************ суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, ***** хамт, Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

Б овогт Э-ын Ө(РД:***********).

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ө нь 2022 оны 10 дугаар сарын 30-н өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах замын цагдаагийн хойд талд иргэн У.У-тай үл ялих шалтгааны улмаас маргалдан түүний баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хацар, зүүн зовхины гадна булан, зүүн чамархай хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нурууны баруун хажуу, бүсэлхийн нуруунд зулгаралт, баруун бугуй, шилбэнд зулгаралт, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1320 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой, бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

 

- Шүүгдэгч Э.Ө-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...“Кастле” гэдэг нэртэй бааранд хохирогчтой таарсан. Тэр үед хохирогч эхлээд намайг янз бүрээр хараагаад толгой хэсэг рүү алгадаад байсан. М бид 3 Толгойт руу явах гээд таксинд суугаад явж байсан чинь хохирогч “би чамайг камергүй газарт ороод зодоод хаячихъя” гээд байсан. Би Цамбагаравын ард тэр залуутай буусан. Хохирогч “ахын дүү гай болохгүй биз дээ” гээд өөрөө эхэлж намайг цохисон. Би тэр залуутай зодолдсон. Би гэмтсэн. Би цагдаад хэлээгүй. Тухайн үед би хохирогчийн буруутай үйлдлээс болж маргаан үүссэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Хохирогч У.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байгаад найз М гэх залуутай уулзахаар болоод удалгүй манай гэрийн гадаа М ирсэн. Тэр үед М бид хоёр миний автомашинд 2 том пиво хувааж уугаад машинаа үлдээгээд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээний төвийн орчим байдаг “Цэ” нэртэй пабад ороход М-ын найз нь гэх залуу байж байсан. Ингээд би, М болон түүний найз бид гурав нэг шил архи хувааж ууж дуусгаад тэндээсээ хороолол руу явж “Алмааз” нэртэй бааранд орсон. Тэр “Алмааз” гэх бааранд би, М болон түүний найз бид гурав дахин нэг шил архи хувааж уугаад байж байгаад гараад Өргөө кино театрын хойд талд байдаг “Кастле” нэртэй бааранд орсон. Тэр “Кастле” нэртэй бааранд байж байхад М-ын таньдаг гэх Б гэж дууддаг дүү залуутай тааралдсан. Тухайн үед бид нар пиво ууж байгаад 2022 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 02 цагийн үед “Кастле” нэртэй баарнаас гараад такси бариад би М мөн Б гэх залуу бид гурав суугаад явсан. Тухайн үед таксинд явж байхад Б гэх М-ын таньдаг дүү нь шорон яриад байхаар нь би уурлаад наад яриагаа боль гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу өөдөөс томорч элдэв янз болоод байхаар нь таксигаа Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хажууд зогсоогоод Б гэх залуутай буусан. Ингээд би Б гэх залуутай барьцалдаж авахад тэр Б гэх залуу намайг Нүүр лүү гараараа нэлээн хэдэн удаа цохисон, би тэр Б-г бас нүүр лүү нь цохисон. Тэр үед М дундуур орж Б бид хоёрыг салгаад холдуулж болиулсан. Тэгээд би цемент дээр суугаад байж байхад Б над дээр ирээд арчаагүй зодолдож чадахгүй гэж хэлээд шууд миний нүүр лүү нэг удаа хөлөөрөө өшиглөж газар унагаагаад дээрээс хөлөөрөө бие болон толгой руу өшиглөж, мөн чулуугаар толгой руу нэлээн хэдэн удаа цохисон. Тэр үед бас М ирээд Б гэх залууг боль гэж болиулаад надаас холдуулсан чинь Б гэх залуу өөрөө такси бариад явчихсан. Тухайн үед би босоод Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү М-ын хамтаа явж эмчид үзүүлж эмнэлгийн анхан шатны тусламж авсан. Тухайн үеийн үйл явдлыг М гэх залуу харж байсан Тэр асуудал болж дууссаны маргааш нь над руу Б гэх залуу ******** гэсэн утасны дугаараар залгаад надад хандаж “ахаа уучлаарай муухай юм боллоо, би тань дээр яваад очъё” гэж хэлээд түүнээс хойш надтай огт холбогдоогүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дахь тал),

- Гэрч О.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр найз Утай уулзаад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээний төвийн баруун талд байдаг Цэ нэртэй пабад пиво уусан юм. Тэгээд У бид хоёр Цэ пабаас гараад хороолол Өргөө кино театрын ард байдаг Кастле нэртэй бааранд орсон. У бид хоёр пиво ууж байгаад тамхи татахаар гарсан чинь өмнө нь 2007 онд намайг Толгойтын Цэнхэрт дэлгүүр амьдардаг байхад сагсан бөмбөгийн талбай дээр хамт сагс тоглодог байсан Б гэдэг дүү тааралдсан. Тэгээд би Б-тай тааралдаад юм ярьж сууж байгаад буцаад Кастле баар луу ороод хэсэг сууж байгаад дахин гарсан. Ер нь бол Б Утай хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би болиулсан. Ингээд баар хаах хугацаа болж Би Б, У бид гурав Кастле баарнаас гараад таксинд суугаад явсан. Тухайн үед У замдаа бууж, Б бид хоёр цаашаа гэр, гэр лүүгээ явахаар болсон. Тэгээд таксинд суугаад замдаа явж байхад У, Б хоёр хоёр хоорондоо маргалдаж хэрэлдээд У-ын гэрийн гадаа буюу буюу Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны гадаа буусан. Бид 3 хойшоо зам гарч, Замын цагдаагийн хойд талд хашааны хажууд ирэхэд нохой хуцаад байхад гэрийн эзэн эгч гарч ирэхээр нь би очоод найзуудаа аваад явлаа гэж хэлж ойлгуулаад буцаад Б, У хоёр дээр очсон. Б, У хоёр хоорондоо зодолдоод байж байхаар тэр хоёрыг очоод салгасан. Салгасны дараа Б таксинд суугаад явсан. Дараа нь би У-тай хамт Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү очиж У-ыг үзүүлсэн. Тухайн үед У-ын нүд нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

- Гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед хоёр залуу байсан ба нэг залуу нь зодуулсан байдалтай байсан, дуудлага мэдээллийг шалгахад нэг залуу нь зодуулснаа сайн мэдэхгүй, найзынхаа дүүд зодуулсан гэсэн бөгөөд яг ямар хүнд зодуулсан талаар тодруулахад найзынхаа дүү Б-д зодуулсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 52-55 дахь тал)

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15028 дугаартай шинжээчийн “У.У-ын биед зүүн болон баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хацар, зүүн нүдний зовхины гадна булан, зүүн хацарт зулгаралт, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нурууны баруун хажуу, бүсэлхий нуруунд зулгаралт, баруун бугуй, баруун шилбэнд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-39 дэх тал),

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 9/7725 тоот албан бичиг, иргэн Ц.Е-аас Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, иргэн Э.Ө-с Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, шилжилт хөдөлгөөний бүртгэл (хавтаст хэргийн 69-73 дахь тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), иргэний оршин суух хаягийн бүртгэл (хавтас хэргийн 222 дахь тал), үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 223 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 84 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтас хэргийн 85-202 дахь тал), 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №672 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (хавтаст хэргийн 205 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.Ө нь 2022 оны 10 дугаар сарын 30-н өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах замын цагдаагийн хойд талд иргэн У.У-тай үл ялих шалтгааны улмаас маргалдан түүний баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хацар, зүүн зовхины гадна булан, зүүн чамархай хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нурууны баруун хажуу, бүсэлхийн нуруунд зулгаралт, баруун бугуй, шилбэнд зулгаралт, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч У.У, гэрч О.М, Б.Д нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн 15028 дугаартай дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Шүүгдэгч Э.Ө нь хохирогч У.У-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Э.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч У.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаагүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Харин шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан “Шүүгдэгч Э.Ө-с 2,132,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Г-д олгуулах” саналыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна.

Учир нь, нэхэмжлэгч гэж актив легитимац-материаллаг эрх зүйн үүднээс тухайн шаардах эрхийг эдлэх эрхтэй этгээдийг ойлгох бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, татгалзах зэрэг онцгой эрхийг эдэлдэг этгээдийг ойлгоно.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж,

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Г (хавтас хэргийн 81 дэх тал)-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн буюу иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоогоогүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг тогтоож, хуулийн этгээд нь итгэмжлэлээр ямар эрхийг олгож байгааг тусгайлан зааж, тэрхүү итгэмжлэлийн үндсэн дээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар иргэний нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргахад энэхүү тогтоол саад болохгүйг дурдаж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.Ө нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Э.Ө-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”,

шүүгдэгчээс “Хохирогчийн буруутай үйлдлээс болж  маргалдсан. Гэм буруу дээрээ маргахгүй байна.” гэсэн тус тус санал, дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Э.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч Э.Ө-ын хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлт нь шүүх хуралдаанаар талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилгүй), бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирол төлсөн зүйлгүй), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Э.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч Э.Ө нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор 16 жилийн хорих ял шийтгэгдсэн байх бөгөөд тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Э-ын Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Э.Ө-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 16 жилийн хорих ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгч Э.Ө нь энэ хэрэг дээр цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

            5. Хохирогч У.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            6. Иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Өсөхбаярт сануулсугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ө-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БУЛГАНТАМИР