Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/105

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308006492143 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ****** аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ******* боловсролтой, ********** мэргэжилтэй, “********” ХХК-ийн **** ресторанд ахлах тогооч ажилтай, ам бүл 4, ****** хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ****** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б овогт Б-ийн М (РД:**********).

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2023 оны 02 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 30 дугаар байрны орцонд иргэн Л.Б-тэй таксины мөнгө илүү авлаа хэмээн маргалдан зүүн хөл рүү өшиглөж, чирч эрүүл мэндэд нь зүүн шагайн гадна хашлага ясны хугарал, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 12 дугаар сарын 13ы өдрийн 1436 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

- Шүүгдэгч Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хохиролд 500,000-600,000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тогооч мэргэжилтэй гэв.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Хохирогч Л.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө өөрийнхөө Приус-20 загварын машинтайгаа таксинд явж байгаад 10 дугаар хорооллын автобусны буудал дээр зогсож байхад 2 залуу ирж такси явахаар болж нэг нь суугаад нөгөөдөх нь миний машины дугаарыг бичиж аваад зураг дараад үлдсэн. Таксинд суусан залуу “авто сургууль орно” гэж хэлсэн. Уг залуу надаас “тамхи байна уу ахаа” гэж асуухаар нь би “тамхигүй байна” гэхэд 3 дугаар эмнэлгийн буудал дээр зогсоогоод өөрөө ТҮЦ орж нэг тамхи, нэг ундаа авч ирээд машинд суугаад унтаад өгсөн. Би авто сургууль дээр ирж нөгөө залууг татаж сэрээгээд ирсэн талаараа хэлж, “6 км гарсан байна, 12,000” гэсэн. “Үгүй, би 1,500-аар явдаг, би 9,000 төгрөг өгнө” гэж хэлээд халааснаасаа 6,000 төгрөг бэлэн гаргаж ирээд надад 4,000 төгрөгийг өгөөд “5,000-ыг мобайлаар шилжүүлж өгье” гэж хэлээд интернет банк руугаа орж чадахгүй утсаа дахин дахин унагаагаад байсан. Намайг “та намайг дагаж ороод авчих, би танд 5,000-ыг л өгнө” гэж хэлээд бид 2 хамт байр луу орж, 5 давхрын хаалгыг нүдэхэд эхнэр нь гэх хүн гарч ирсэн. Эхнэртээ “наад ахдаа 5,000 төгрөг өг, илүү өгвөл ална шүү” гэж хэлээд гэр лүүгээ орсон. Эхнэр нь надаас данс асуухаар нь би “ах нь шөнө нойр, хоолоо хасаад явж байна, би уг нь 8,000 авах ёстой юм” гэж хэлэхэд миний дансыг аваад гэр лүүгээ орсон. Нөгөө залуу гарч ирээд “чи муу надаас илүү мөнгө авчихлаа, 3,000 төгрөг илүү авдаг овоо муу писда вэ” гэж хэлээд шууд нүүр лүү 1 удаа цохиж аваад “би хурандаа ах нартай, чамайг алсан ч яадаг юм” гэж хэлээд миний хөл рүү өшиглөөд, толгой болон цээж рүү цохиод, хуучин гэмтэл байсан зүүн хөлний шагай руу олон удаа өшиглөөд, шатны уруу татаж чирээд намайг цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 37 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10ы өдрийн 2404 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “Л.Б-гийн биед зүүн шагайн гадна хашлага ясны хугарал, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

- Шинжээч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бямбасүрэнгийн биед учирсан зүүн шагайн гадна хашлага ясны хугарал, толгойн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эмзэглэл ихтэй, хаван хавдартай учир хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),

- Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Бид 2 маргалдаад барьцалдаж авсан бөгөөд тухайн үед нэг нэгнийхээ хоолойг боож хананд шахсан тухайн үед толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг би учруулсан байх боломжтой бөгөөд миний подволк урагдаад, урагдсан подволкныхоо мөнгийг төлүүлнэ гэж цагдаагийн байгууллагад хамт ирсэн. Тухайн үед 5 давхарт байсан болохоор шатаар нэг нэгнээсээ бариад доошоо 1 давхар луу буугаад гадаа гарсан юм. Тэр үед зүүн шагайн гадна хашлага ясны хугарал гэмтэл нь учирсан байх. Тэрнээс бол Л.Б бид 2 нэгнээ зодож, цохисон зүйл байхгүй. Бямбасүрэнгийн гэмтэл нь өмнө учраад эдгэрсэн гэмтэл байсныг би сэтрээсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дахь тал),*******”-ийн диплом (хавтаст хэргийн 60-61 дэх тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (63-64 дэх тал), “*******” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 66 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.М нь 2023 оны 02 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 30 дугаар байрны орцонд иргэн Л.Б-тэй таксины мөнгө илүү авлаа хэмээн маргалдан зүүн хөл рүү өшиглөж, чирч эрүүл мэндэд нь зүүн шагайн гадна хашлага ясны хугарал, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Л.Б, шинжээч Б.V нарын мэдүүлэг, шинжээчийн 2404 дугаар дүгнэлт, мөн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Шүүгдэгч Б.М-ын хохирогч Л.Б-гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй, мөн шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлгийн хохирол төлбөр төлсөн талаар мэдүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй.

Иймд хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах” санал гаргасан.

Шүүгдэгч Б.М-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б-ийн М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.М-д сануулсугай.

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.БУЛГАНТАМИР