Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/211

 

2024         02        28                                 2024/ШЦТ/211

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаа,

Хохирогч Б.А,

Шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийж,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ө-д холбогдох эрүүгийн 2309005202275 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1..... оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, ... настай, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ..................................тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

 1.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 960 000 төгрөгөөр торгох ялаар,

 2.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай,  Г.Ө, ....................регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ө нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Ө нь хохирогч Х.Зыг хуурч, Төрийн орон сууцны корпорац болон Нийслэлийн орон сууцны корпорацад таньдаг хүнтэй, орон сууцанд оруулж өгч чадна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 3 сая төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 20-ний өдөр шилжүүлэн авч, "бичиг баримтыг бүрдүүлж тэмдэгтийн хураамжид төлнө" гэж 160 000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлэн авч нийт 3 160 000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 03-аас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрүүдэд хохирогч Б.Ад "Төрийн орон сууцны корпорац болон Нийслэлийн орон сууцны корпорацад таньдаг хүнтэй, орон сууцанд оруулж өгч чадна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж Х банк дахь дансаар нийт 8 160 000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2309005202275  дугаартай хэрэгт авагдсан:

Хохирогч Х.Зын өгсөн: “...Би Ө гэх эмэгтэйтэй 2020 оны 6 дугаар сард танилаараа дамжуулж танилцаж байсан бөгөөд Г.Ө нь өөрөө орон сууцанд оруулж өгч чадна. Төрийн орон сууцны корпораци болон Нийслэлийн орон сууцны корпорацид сонгуулийг далимдуулаад оруулаад өгч чадна гэж хэлж байсан. Ингээд би харилцан тохиролцоод хаана орон сууцанд орохоо тохиролцохгүйгээр эхлээд барьцааны мөнгөө өгчих гэхээр нь Г.Өын хүүхэд гэх Н-Э-ийн 542.......дугаарын дансанд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 3 сая төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш байранд орохоор хөөцөлдсөн боловч Г.Ө нь тайлбарлахдаа "Ковидын цар тахлаас үүдээд хамаг юм хаачихсан, хорьчихсон байгаа" гэж тайлбар хэлдэг байсан. Г.Өд итгэх болсон шалтгаан нь түүний таньдаг хүн Төрийн орон сууцны корпорацид ажилладаг, өөрөө оруулж өгч чадна гэж байсан тул итгэсэн. Ингээд хугацаа өнгөрч 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ө нь тэмдэгтийн хураамж гэж 160 000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн бөгөөд би өөрийн Гбанкны данснаасаа Г.Өын Хбанкны дансанд 160 000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгтэл одоог хүртэл байранд оруулж өгсөн зүйл байхгүй. Намайг дагуулж ТОСК, НОСК дээр очиж баримт бичиг үйлдсэн, очиж хүнтэй уулзсан зүйл огт байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 19-21, 85/,

 “...Би Ө гэх эмэгтэйтэй 2020 оны 6 дугаар сард танилаараа дамжуулж танилцаж байсан бөгөөд Г.Ө нь өөрөө орон сууцанд оруулж өгч чадна, Төрийн орон сууцны корпорац болон Нийслэлийн орон сууцны корпорацад сонгуулийг далимдуулаад оруулаад өгч чадна гэж хэлж байсан. Г.Өд итгэх болсон шалтгаан нь түүний таньдаг хүн Төрийн орон сууцны корпорацад ажилладаг, өөрөө оруулж өгч чадна гэж байсан тул итгэсэн юм. Ингээд хугацаа өнгөрч 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн найз Аг Г.Өтай танилцуулж, А нь мөн орон сууцанд орохоор Өд мөнгө өгсөн." гэх мэдүүлэг /хх-ийн 118-119/,

Хохирогч Х.З ын Х банк, Г банкны дансны хуулга /хх-ийн 9-10/,

Хохирогч Х.Зын шилжүүлсэн мөнгийг Х.Н.Э-ийн Х банк дахь данснаас шилжүүлсэн гэх хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13/,

Х.Н.Э-ийн Х банк дансны хуулганы тэмдэглэл /хх-ийн 14-18/,

Хохирогч Б.Агийн өгсөн: "2022 оны 01 дүгээр сард өөрийн найзаар дамжуулж Г.Ө гэх эмэгтэйтэй танилцсан бөгөөд тус эмэгтэй нь Төрийн орон сууцны корпорац болон Нийслэлийн орон сууцны корпорацид хөнгөлөлттэйгөөр оруулж, түрээсийн төлбөрөө төлж яваад байртай болох боломжтой гэж уулзаж байгаад надад хэлж байсан. Ингээд би Г.Ө гэх эмэгтэйн хэлсний дагуу байрны урьдчилгаанд гэж Г.Өын 50...... дансанд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 160 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 3 000 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 3 000 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2 000 000 төгрөгийг нийт 8 160 000 төгрөгийг орон сууцанд орохын тулд шилжүүлж өгсөн. Г.Ө нь уулзах үедээ гэрээ дараа нь хийчихье, гэрээ хийх үедээ асуудалгүй болгочихно, таньдаг хүн байгаа л гэдэг зүйл хэлж байсан. Тухайн үед Г.Өтай намайг танилцуулсан З нь мөн мөнгө өгчихсөн байсан тул би итгэсэн. Г.Ө мөнгө буцааж өгсөн зүйл огт байхгүй. Төрийн орон сууцны корпорац болон Нийслэлийн орон сууцны корпорацад таньдаг хүнтэй гэж Г.Ө хэлсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 119-121/,

Хохирогч Б.Агийн банкны дансны хуулга /хх-ийн 114-116/,

Гэрч С.Хын өгсөн: “...Өд өмнө нь мөнгөтэй болчихсон байхад ямар учиртай мөнгө талаар асуухад урамшуулал мөнгө зэргээр надад тайлбарлаад, надаас айгаад хэлж байгаагүй байх. Би тухайн үедээ ийм асуудал гаргаж болохгүй хүмүүсийн мөнгийг өг гэж Өд хэлж байсан. 2020, 2021 онд санагдаж байна. Нөхөн сонгууль болох үед сурталчилгааны ажил хийж байгаа гээд 2 сая төгрөгийн цалин авч байна гэсэн. Яг тушаал гарч ажиллаж байсныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

Г.Өын Х банкны 50....... дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 51-58/,

Б.Агийн Х банкны 502........... дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 113-115/,

Яллагдагч Г.Өын өгсөн: “...Зд орон сууцны оруулах ажлыг хөөцөлдөхөд 3 сая төгрөг хэрэгтэй гээд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр охин Н.Э-ийн  Х банкны 54......... дугаартай дансаар 3 сая төгрөгийг авсан. Мөнгийг аваад өөрийн хэрэгцээнд зарцуулсан. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Заас 160 000 төгрөгийг дансаар авсан. Энэ мөнгийг Зын байр хөөцөлдөхөд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхэд хэрэгтэй байна. ТОСК, НОСК-д ажиллаж байгаагүй, өөрийнхөө таньдаг хүмүүстэй холбогдоод орон сууцанд оруулж чадах байх гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 61-68, 122-123/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Эдийн засгийн гэмт хэрэг нь эд хөрөнгөө өмчлөх, эзэмших, захиран зарцуулах аж ахуй бизнесийн ажиллагаа эрхлэх, хөтлөн явуулах иргэдийн эрхэд халдсан, нийгэмд аюултай, эрүүгийн хуульд заасан, гэм буруутай үйлдэл, эс үлдэхүйн цогц бүрдэл.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 17 дугаар зүйлд "Хүн бүр эд хөрөнгийг хувьдаа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй, хэний ч эд хөрөнгийг дураар хураан авч болохгүй." гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь шунахай сэдэлттэй өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарна.

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөрийн болон бусдын эрхшээлд авах замаар өмчлөгчид эд хөрөнгийн хохирол учруулж буй үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд дээрх залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан идэвхтэй үйлдэл байна. Энэ гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй.

 

Шүүгдэгч Г.Өын хохирогч Х.Зыг хуурч, Төрийн орон сууцны корпорац болон Нийслэлийн орон сууцны корпорацад таньдаг хүнтэй, орон сууцанд оруулж өгч чадна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 3 сая төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 20-ний өдөр шилжүүлэн авч, "бичиг баримтыг бүрдүүлж тэмдэгтийн хураамжид төлнө" гэж 160 000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлэн авч нийт 3 160 000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 03-аас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрүүдэд хохирогч Б.Ад "Төрийн орон сууцны корпорац болон Нийслэлийн орон сууцны корпорацад таньдаг хүнтэй, орон сууцанд оруулж өгч чадна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж Х банк дахь дансаар нийт 8 160 000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах”  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй түүнийг хүсэж үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Өын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Зд 3 160 000 төгрөг, хохирогч Б.Ад 8 160 000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул,  

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өаас 3 160 000 төгрөг гаргуулж хохирогч Х.Зд, 8 160 000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ад тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

Улсын яллагч шүүгдэгч Г.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 3 сар 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч 4 хүүхэдтэй, үүнээс 2 хүүхэд нь бага насны хүүхдүүд. 2020 оноос хойш улс төрийн ажилтан хийж байсан. Түүний нөхрийн хувьд Цагдаагийн байгууллагад насаараа ажиллаад 2023 оноос өдөр насны тэтгэвэрт гарсан. Гэр бүлийн хувьд өөрийн өмч хөрөнгө байхгүй, бусдын байрыг үрээслэн амьдардаг. Шүүгдэгч Г.Ө нь 2020 оноос элэгний өвчтэй, элэгний хатуурлын үе шат нь хүндрэх шат руу орсон. Энэ өвчнийг цагдан хорих ангид эмчлүүлэх бүрэн боломжгүй юм. Том охин Австрали улсад ажиллаж ээжийнхээ бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн тул хохирлыг 2024 оны 5-6 сард багтаан төлөхөө илэрхийлж байна. Миний үйлчлүүлэгчид зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү. Энэ ялыг өмнөх ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ..................... тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд:

 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 29, 37-39, 70-77/ зэрэг авагджээ.

 

Өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан ялын саналыг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөөгүй, өөрт ногдох эд хөрөнгөгүй, орлого олдог талаар баримт хэрэгт авагдаагүй зэргийг харгалзан гэмт хэрэг  үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэх эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үндэслэн гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Шүүгдэгч Г.Ө нь өмнөх буюу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэн уг ялаа эдэлж байсан бөгөөд Хорих 407 дугаар ангийн ялын тооцооны тодорхойлолтоор түүний ялын тооцоог 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон  8 сар 20 хоногийн хорих ялыг биеэр эдэлж, 1 жил 3 сарын үлдэгдэлтэй гэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж, мөн зүйлийн 2-т “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан байна.

 

Түүнд энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 02 жил 09 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ЦХШЗ/832 дугаартай захирамжаар (хавтаст хэргийн 133-135 дугаар тал)-аар шүүгдэгч Г.Өыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх бөгөөд түүний 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 103 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн 2309005202275 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.   

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өд энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял дээр өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 /хоёр/ жил 09 /ес/ сар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өд оногдуулсан 02 жил 09 сарын хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өын цагдан хоригдсон 103 /нэг зуун гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өаас 3 160 000 /гурван сая нэг зуун жаран мянга/ төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн .................. тоотод оршин суух хохирогч Х.З /РД:......./-д, 8 160 000 /найман сая нэг зуун жаран мянган/ төгрөг гаргуулж, Сонгинохайрхан дүүргийн .................... тоотод оршин суух хохирогч Г.А /РД:...../-д тус тус олгосугай.

 

            7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

  

            8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ